2010
Зоригтой бай: Ариун журмын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө үлгэр жишээчээр удирд!
2010 оны нэгдүгээр сар


Ариун журамтай байж жишээ үзүүлэх зоригтой бай!

Зураг
Young Women General Presidency

Дэлхийд ямар нэг өөрчлөлт хийхийг хүсэвч, чухам яаж эхлэхээ мэдэхгүй байсан үе та нарт тохиолдож байсан уу? Ямар нэг зөв зүйлийн төлөө тэмцсэн ч, үе чацуутнууд чинь шоолох байх гэж айснаас зориг дутсан үе та нарт тохиолдож байсан уу? Энэ жил бол та нар удирдагч байхаар дэлхийд илгээгдсэн тэр жил чинь шүү дээ. Эдүгээ бүр өмнөхөөс ч илүүгээр та нарын гэрэл, удирдлага дэлхийд хэрэгтэй байна. Та нар өөрчлөлт гаргаж чадна!

2010 оны сэдэв та нарыг “тууштай бөгөөд зоригтой байхад урьж байна” (Иошуа 1:9). Хүч чадал ба зориг бол удирдагч хүнд байх шинж мөн. Сүмийн гишүүн та бол ариун журам, зөв шударга байдал өөд хөтлөх удирдагч мөн.

Бидний бошиглогч Ерөнхийлөгч Томас С.Монсон биднийг зоригтой байхад уриалан дуудсан билээ:

Цаг үеийн хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэлгээний дунд ариун явдал, эрхэм ариун журмаа хадгалж үлдэхэд та нараас их зориг шаардагдана.

“Дэлхийн үзэл бодлоор бол залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд гэрлэхийн өмнө ёс суртахуунаар цэвэр ариун байх нь тийм ч чухал биш зүйл аж. Энэхүү ёс суртахуунгүй үзэл бодлыг хүлээн зөвшөөрч болох уу? Хэрхэвч болохгүй!”1

Та нар жишгүүдийн дагуу амьдарч, зөв сонголт хийн, бошиглогчийг дагах юм бол удирдан дагуулах зориг төлөвшин бий болно. Залбирч, Мормоны Номыг уншсанаар гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлэхийг өдөр бүр хичээн чармайвал та нарт хүч чадал ирэх болно. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдээр амьдарсан үед та нарт бусдыг удирдах хүч чадал ирнэ. Та нар эдгээр зүйлсийг хийх юм бол, өөрсдийнхөө талаар сэтгэл хангалуун байх болно. Итгэлтэй байж, сүнсний хүч чадал тань өсөн нэмэгдэнэ.

Инээмсэглэхээ бүү март! Аливаад нааштай хандаж бай. “Өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг зоригтойгоор хийцгээе; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна” (С ба Г 123:17). Зөв, бурууг ялган таних нь үргэлж боломжтой байдгийг мэдсэнээр (Moронай 7:16-г үз), Ариун Сүнс “та нарын хийвэл зохих бүх зүйлийг” хэлж өгөх болно хэмээн та нарт амлагдсан билээ (2 Нифай 32:5). Судлах үедээ намуун, зөөлөн дуу хоолойн удирдамжийг сонс. “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” гэсэн баттай амлалт та нарт байгаа билээ” (Moронай 10:5).

Нөхцөл байдал чинь ямар ч байлаа гэсэн, та нар бол гэр бүлдээ, сургууль дээрээ, хамт олон нийгмийнхээ дунд удирдахаар төрсөн хүмүүс шүү дээ. Иймээс энэ жил тууштай, зоригтой байж, дэлхийд өөрчлөлт гаргагтун! Чи ганцаараа биш. Залбирлыг тань Тэнгэрлэг Эцэг сонсож, хариулан, Ариун Сүнсний байнгын нөхөрлөлд тэнцэхүйцээр зохистой байх юм бол ажил үйлсийг тань удирдах болно.

Та нар бол бидний Тэнгэрлэг Эцэгийн хайртай охид нь шүү дээ. Өнөө үе бол та нарын үе мөн. Бид та нарт хайртай мөн жишгүүдийн дагуу амьдрах болон бусдыг ариун журмын зорилго өөд удирдахдаа та нарыг тууштай бөгөөд зоригтой байхын төлөө залбирдаг билээ. Та нарын зөв шударга жишээ өөрчлөлт гаргаж чадна!

Эшлэл

  1. Томас С.Монсон, “May You Have Courage,” Лиахона, 2009 оны 5-р сар, 125.