2010
Амтат үр жимс нь ирээдүйд ирнэ
2010 оны нэгдүгээр сар


Амтат үр жимс нь ирээдүйд ирнэ

2009 оны 1-р сарын 13-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс Хэлсэн үгийн бүрэн бичлэгийг англи хэлээр сонсохыг хүсвэл http://speeches.byu.eduхаягаар орж үзнэ үү.

Урагшаа харж, итгэл бол үргэлж ирээдүй өөд тэмүүлдэг гэдгийг санагтун.

Зураг
Elder Jeffrey R. Holland

Шинэ жилийн эхлэл бол бид амьдралдаа үнэлэлт дүгнэлт өгч, хаашаа явж байгаагаа хаана ирээд байгаатайгаа харьцуулж хардаг уламжлалт үе юм. Би Шинэ жилийн талаар ярихыг хүсэхгүй байна. Харин өнгөрсөн болоод ирээдүйн тухай бидний амьдрал дахь шилжилтийн болон өөрчлөлтийн үеийнтухай, бараг л өдөр бүр тохиодог өөрчлөлтийн тухай ярихыг хүсч байна.

Би энэ ярилцлагын сэдэв болгон Лук 17:32-ыг сонголоо. Аврагч энд “Лотын эхнэрийг санагтун” хэмээн сэрэмжлүүлсэн байдаг шүү дээ. Энэхүү учир битүүлэг богинохон өгүүлбэрээр Тэр юу хэлэх гэсэн юм бол? Үүнийг мэдэхийн тулд бид Түүний зөвлөмж болгосныг хийх хэрэгтэй. Лотын эхнэр гэж хэн байсныг санацгаая.

Уг түүх Содом, Гоморрагийн үеэс бидэнд хүрч ирсэн нь мэдээж билээ. Их Эзэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хийж болох хамгийн муу муухай бүхнийг чадахынхаа хэрээр хүлцэн тэвчиж байсан тэр үед дээрх хоёр хотыг яалт ч үгүй устгах гэж байсан учраас Лот болон түүний гэр бүлийг зугт хэмээн хэлсэн билээ. “Зугтаа, амиа хамгаалагтун. “Бүү эргэж хар … ; Уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно” (Эхлэл 19:17; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн Их Эзэн хэлсэн юм.

Лот гэр бүлийнхээ хамт тэр дороо дуулгавартай дагасангүй, юу авч явах, хэзээ явахаа тодруулах санаатай байсан ч сүүлдээ арай хийж амжиж хотыг орхин явсан ажээ. Тэднийг зугатсаны маргааш өглөө нь нар мандах үеэр юу болсныг судрууд бидэнд өгүүлдэг билээ.

“ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ;

“Тэгээд Тэрээр тэдгээр хотыг сүйрүүлжээ” (Эхлэл 19:24-25).

Миний ярих сэдэв дараагийн шүлэгт нь байгаа. “Бүү эргэж хар” гэсэн Их Эзэний зөвлөгөө Лотын эхнэрийн чихэнд тодхон хангинаж байсан нь мэдээж хэрэг. Харин тэрээр “эргэж хараад” давсан багана болсон тухай сударт өгүүлдэг билээ (шүлэг 26-г үз).

Ингэхэд Лотын эхнэр ямар буруу юм хийсэн юм бэ? Би түүхийн ангийн оюутан байхдаа тэр тухай бодож бүрэн бус ч гэсэн нэг хариу олсон юм. Чухамдаа, Лотын эхнэр ямар буруу зүйл хийсэн бэ гэвэл тэр зүгээр л эргэж харах гэсэн биш харин зүрх сэтгэлдээ бол буцахыг хүсч байсан ажээ. Бүр хотын захаас гарахаас өмнө тэрээр Содом, Гоморра хоёрын өөрт нь өгсөн зүйлийг санагалзаж байсан бололтой. Ийм хүмүүс ихэнх тохиолдолд Сүмийн сургаалуудыг дагадаг боловч заримдаа дэлхийн үйл ажиллагаануудад оролцсон хэвээр байхыг боддог хэмээн Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Нийл A.Максвелл (1926-2004) нэг удаа хэлсэн юм.1

Лотын эхнэр орхи хэмээн Их Эзэний хэлсэн зүйлд дургүйцсэн учраас эргэж харсан байж болзошгүй. Лихай болон түүний гэр бүлд Иерусалимыг орхин яв гэж зарлиг болгоход Лемен, Лемүел хоёр дургүйцэж байсныг бид тодорхой мэднэ шүү дээ. Ийм болохоор Лотын эхнэр зүгээр л нэг эргэж харсан биш харин хуучнаа саналгалзан эргэж харжээ. Товчоор өгүүлбэл, хуучнаа санагалзсан нь ирээдүйдээ итгэх итгэлээс давжээ. Тэгэхлээр энэ нь, адаглаж л түүний нүглийн нэг хэсэг байсан нь лавтай.

Итгэл ирээдүй өөд чиглэдэг

Шинэ он эхлэх үеэр бид өнгөрснийг зохих ёсоор үнэлэхээс ашиг тусыг олох гэж хичээдэг болохоор өнгөрсөн үетэйгээ зууралдахгүй байхыг эсвэл өнгөрсөн юмны араас дэмий санагалзахгүй байхыг би та нараас хүсч байна. Гэвч өнгөрсөн үед бас сайн юмс байж болно л доо. Өнгөрсөн үеэс суралцаж болно. Харин түүгээр амьдрах ёсгүй. Бид үеэ өнгөрөөсөн зүйлсээр нь амьдрах гэж биш, харин сайн сайхан зүйлсээс нь суралцах гэж өнгөрсөн үеийг эргэж хардаг. Бид сурах хэрэгтэй юмаа сурч, үр дүнг нь биеэрээ үзсэн үед, урагш харан, итгэл нь ямагт ирээдүй өөд чиглэдгийг санадаг билээ. Итгэл нь бидний амьдралд хүссэн үр дүнг авчрах адислалууд, үнэн болон үйл явдлуудтай үргэлж холбоотой байдаг.

Итгэл бишрэлийн үүднээс Лотын эхнэрийн тухай ярих юм бол түүнд итгэл байгаа гэсэн үг юм. Тэрээр өөрт нь байгаа юмсаас илүү сайн зүйлсийг өгөх Их Эзэний чадварт эргэлзэж байсан ажээ. Өмнө нь байгаа юуг боловч ардаа орхиж байгаа зүйл шиг нь сайн байж чадахгүй гэж тэр бодож байсан бололтой.

Бид эдүгээ эргээд түүнд амьдарч болохгүй дэлхийг санагалзан, одоогийнхоо байдалд сэтгэл ханамжгүй байж, ирээдүйг бараан баргараар төсөөлөн, тухайн үед болж байгаа эсвэл ирээдүйд тохиох бодит байдлыг эс олж харан, өнгөрсөн үйл явдлуудад хамаг анхаарлаа хандуулдаг нь Лотын эхнэрийн нүглээс гаралтай юм.

Төлөөлөгч Паул амьдралынхаа эхэн үеийн гаргуун боломж, онцгой өгөөжтэй үе, өв залгамжлах эрх, боловсрол, Иудейн нийгэм дэх байр сууриа эргэн харж, дүгнээд энэ бүхэн нь Христийн итгэлд хөрвөсөнтэйгөө харьцуулахад “баас” шиг байлаа хэмээн Филиппойд өгүүлжээ. Түүний хэлснийг би өөрийн үгээр, “Би ‘өнгөрсөн үеийн сайн цагийг’ санан дурсахаа нэгэнт болиод, одоо ‘миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон үзэх’ ирээдүйг тэсч ядан хүлээж байна” хэмээн илэрхийлье (Филиппой 3:7-12-ыг үз). Дараа нь доорх шүлгүүд үргэлжилдэг билээ:

“Би нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж,

“Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг” (Филиппой 3:13-14).

Паул Лотын эхнэртэй адилгүй юм. Тэрээр өнгөрсөн үеэ санагалзан шүүрс алддаггүй байлаа. Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг бид авахын тулд тэнгэр биднийг дээш аваачих тэр үе ирээдүйд тохионо гэдгийг Паул мэдэж байлаа.

Уучлаад март

Бидэнд өнгөрсөн үед гарсан алдаа дутагдлыг өөрсдийнх ч байна уу, өрөөл бусдынх ч байна уу, уучилж чаддаггүй, мартдаггүй нэг гэм байдаг. Энэ бол сайн биш. Энэ бол Христэд итгэгч хүнд байх ёсгүй чанар. Энэ нь Христийн аугаа, цог жавхлант Цагаатгалын эсрэг чиглэсэн байдаг. Өнгөрсөн үеийн алдаа дутагдалтай зууралдах нь нэгэнт улиран одсон өнгөрсөн үеэр амьдрах гэсэн хамгийн олиггүй санаа юм.

Олон жилийн турш сургууль дээрээ зүсэн зүйлийн хошин шогт өртдөг байсан нэгэн залуугийн тухай надад хэн нэгэн нь ярьж билээ. Түүнд зарим таагүй зүйл байсан нь үе чацуутнууд нь түүгээр тоглоом тохуу хийх аян шалтаг болдог байж. Хожим нь түүний амьдралд өөрчлөлт гарчээ. Тэр цэрэгт орж, боловсролтой болох талаар суралцаж ерөнхийдөө өнгөрсөн үеэсээ урагш хол ахьсан аж. Хамгийн чухал нь, цэрэгт ирсэн олон хүний адилаар тэр Сүмийн сайн сайхан болон хүч чадлыг ойлгож, сүмд идэвхтэй, өөрөө аз жаргалтай болжээ.

Тэгээд хэдэн жилийн дараа бага залуу үедээ амьдарч байсан хотдоо эргэн иржээ. Түүний үе чацуутнуудын ихэнх нь нүүн шилжсэн байж. Түүнийг өнгөтэй өөдтэй болж, гайгүй өөрчлөгдөн шинэчлэгдэж эргэж ирэхэд нөгөөх өмнө нь байсан хуучин сэтгэлгээ хэвээрээ, түүнийг эргэж ирэхийг хүлээж байжээ. Түүний төрөлх хотын хүмүүст бол тэр “нөгөөх чинь” гэхээс өөр нэргүй нэгэн. Нөгөөх чинь гэдэг нь дандаа л бүтэлгүйтэж, юм юманд ороолцолдож явдаг, гаж зан авиртай хүн гэсэн утгатай аж. Тэр бүхэн зүгээр л хөгжилтэй байсан хэрэг үү?

Өнгөрсөн үеэ орхиж, Бурхан түүний өмнө тавьсан шагналаас бага багаар барьж авах гэсэн энэ хүний Паулынхтай адил хүч чармайлт идэр залуу үедээ амьдарч байсан нөгөөх байдалд нас эцэслэх хүртэл аажмаар буурсан гэдэг. Тэрээр хуучин амьдарч байсан нөхцөл байдалдаа эргэж ирэн, идэвхгүй, аз жаргалгүй болж, шинэ үеийнхний онигооны бай болсон гэнэ. Гэвч өнгөрсөн үеэ даван туулж, өөрийгөө хэн бэ гэдгийг, юу хийж чадахаа үнэхээр ойлгосон гэрэл гэгээтэй, сайн сайхан үе дунд насанд нь тохиосон юм. Харин түүний ирээдүйг биш өнгөрсөн үеийг нь илүү сонирхдог Лотын эхнэр шиг бөөн хүмүүсээр дахин хүрээлэгдсэн нь юутай харамсалтай, юутай тусгүй хэрэг билээ! Христ түүнийг аварсан бол харин тэд үүнийг нь түүнээс булаан авсан байлаа. Тийнхүү тэрээр бага сагахан дутагдалтай байсан хэрнээ хорвоог харамсалтайгаар орхисон юм.

Ийм явдал бас гэрлэлт болон хүмүүний бусад харилцаанд тохиолддог. Бие биедээ ихэд гомдсон тэр байтугай санаа сэтгэлээр унаж цөхөрсөн хэчнээн гэр бүлийн хосуудад зөвлөгөө өгснөө, гэрлэлтийг нь нураахад хүргэсэн өнгөрсөн асуудлыг үргэлж санасаар шархаа улам сэдрээсэн хэчнээн хүмүүстэй учирч явснаа би тоогоор хэлж чадахгүй. Ямар нэг зүйл болж өнгөрсөн бол, үүний талаар бүрэн наманчилсан буюу наманчилж болохоор байвал, амьдрал зохих голдрилоороо урагшилж, бусад олон сайн сайхан зүйлс тохиож байгаа үед, өнгөрсөн үе уруу ухарч, Бурханы Хүү Өөрөө эдгээхийн төлөө амиа өргөсөн, өнгөрсөн үеийн алдаа дутагдлыг сөхөх нь буруу юм.

Хүмүүст наманчлах боломж олгоё. Хүмүүст өсч хөгжих боломж олгоё. Хүмүүс өөрчлөгдөж, төгөлдөржиж чадна гэдэгт итгэгтүн. Энэ нь итгэл мөн үү? “Тийм ээ, мөн! Энэ найдвар мөн үү? “Тийм ээ, мөн.” Энэ чинь энэрэл мөн үү? “Тийм ээ, мөн!” Хамгийн гол нь энэ бол энэрэл, Христийн цэвэр хайр юм. Ямар нэг зүйл өнгөрсөн үед булшлагдсан бол, түүнийг булшилсан чигээр нь орхи. Элсний жижигхэн хувингаа хүрзтэй авч очоод газар ухан хэн нэгэн уруу элс цацаж, “Хөөе! Чи нөгөө явдлаа санаж байна уу?” хэмээн өнгөрснийг бүү сөх.

Ингэснээр нөгөө хүнээ өнгөрсөн үеийн аймшигтай хэргийг сөхөн, “тийм ээ, би санаж байна. Чи өөрөө санаж байгаа биз дээ.” гэж хэлэхэд хүргэх вий.

Тэгээд хоёул бие биеэ үзэшгүй муухайгаар дайрч, муухай царайлан, баяр баясалгүй, гомдохын ихээр гомдон гутрах болно. Гэтэл Тэнгэр дэх бидний Эцэг цэвэр ариун, өрөвч нинжин сэтгэлтэй, аз жаргалтай, эдгэрч сайжирдаг байхыг биднээс хүсэн хүлээдэг шүү дээ.

Ийнхүү өнгөрсөн үеэр, түүний дотор өнгөрсөн алдаа дутагдлаар амьдрах нь буруу төдийгүй Есүс Христийн сайн мэдээ биш. Зарим талаар энэ нь Лотын эхнэрийн нүглээс долоон дор юм. Учир нь Лотын эхнэр зөвхөн өөрийгөө л хөнөөсөн шүү дээ. Бид гэрлэлт, гэр бүл, тойрог, салбар, орон байрны хөршүүдийн сэтгэл санаагаар хөнөөх явдалд цэг тавьж чадна.

“Нүглүүдээ наманчилсан тэрээр мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн бибээр тэдгээрийг санах нь үгүй” (С ба Г 58:42) хэмээн Их Эзэний Өөрийнх нь захисны дагуу үйлдэхээс илүү агуу шаардлага шинэ жилийн энэхүү эхэн үед бидэнд байхгүй билээ.

Чин сэтгэлээсээ наманчлах нь чухал нөхцөл хэдий ч энэ нь хэзээ байх ёстой юм, шударга хүч чармайлт хэзээ үр дүнгээ өгч ахиц дэвшилд хүргэдэг тухайд гэвэл, хэрэв бид хэн нэгнийг эсвэл хэн нэгэн нь бидний өнгөрсөн үеийн алдаа дутагдлыг ухаж гарган, байнга сануулсаар байвал, илүү их нүглийн гэм бурууг бид өөрсдөө үүрэх болно. Бид бусдад ханддагаасаа өөрсдөдөө илүү хатуу хандаж чадна шүү дээ!

Эдүгээ, Мормоны Номон дахь Антай-Нифай-Лихайчуудын адил дайны зэр зэвсгээ булшлаад, булшилсан чигээр нь орхи (Aлма 24-ийг үз). Уучилсны дараа заримдаа хэцүү байдаг нэг зүйлийг хий. Энэ бол мартах явдал. Нөгөөх зүйл санаанд чинь дахин ороод ирвэл, дахиад март.

Амтат үр жимс нь ирээдүйд ирнэ

Та зөвхөн алдаагаа давтахаас зайлсхийхэд л хангалттайг санахад л болно. Харин үлдсэн бүгдийг Филиппойд хандан хэлсэн Паулын үгсэд холбогдуулан орхи. Сэтгэл санаанд хор хөнөөл учруулагч хүмүүсийг үл тоомсорло. Христийн эрхэм ариун Цагаатгал гэрэлт ирээдүйг тань, гэр бүл, найз нөхөд, хөршүүдийн чинь гэрэлт ирээдүйг өөрт чинь илчлэх хүртэл тэднийг үл тоомсорло. Та нарын хаана байсан, одоо хаана байгаа, хаашаа явах хүсэлтэй байгаа чинь Бурханд тийм чухал биш юм. Үүнийг Лотын эхнэр ч, Лемен, Лемүел хоёр ч, бас судрууд дахь бусад олон хүн ойлгоогүй юм.

Энэ бол шинэ жил эхлэх үеэр сайтар тунгаан бодвол зохих чухал асуудал мөн бөгөөд өдөр бүхэн шинэ жил, шинэ амьдралын эхлэл байгаасай. Итгэл, наманчлал, Есүс Христийн сайн мэдээний гайхамшиг ийм бөлгөө.

Английн яруу найрагч Роберт Браунинг ийн бичжээ:

Нас дээр гарч өтөлждээ би!

Нарт дээр сайхан цаг ирэхдээ л ирнэ,

амьдралыг би үхэлд нь бүтээсэн юм хэмээн өгүүлэх

Аугаа Бурханы мутарт бидний амь, амьдрал байдаг юм шүү.

Амьдралын зах зухыг л үзэж яваа залуус минь,

ай даа, Түүнд итгэ, бүү ай; тэгвэл бүгдийг үзнэ!”2

Та нарын зарим нь: Надад ер нь ирээдүй бий болов уу? гэж бодож болох юм. Шинэ жил, эсвэл хичээлийн шинэ жил, шинэ хичээл юм уу шинэ дурлалын адал явдал, шинэ ажил эсвэл шинэ гэр орон надад юу авчрах вэ? Би аюулгүй байж чадах уу? Амьдрал тогтвортой байж чадах уу? Их Эзэнд бас ирээдүйд би итгэж болох уу? Эсвэл өнгөрсөн үеэ харж, өнгөрсөн үедээ эргэж очих нь дээр үү?

Эдгээр асуултуудыг асуух бүхий л үеийн хүн бүрд би, “Лотын эхнэрийг санагтун” хэмээн хариулна. Итгэл ирээдүй өөд чиглэдэг. Итгэл өнгөрсөн зүйл дээр төлөвшдөг ч тэндээ хэзээ ч үлддэггүй. Бурхан бидний хүн нэг бүрд зориулан агуу зүйлсийг төлөвлөснийг, Христ бол “ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч” (Еврей 9:11) гэдэгт итгэл биднийг үнэмшүүлдэг билээ.

Алс холын байлаа ч, мөрөөдөл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Наманчлал болон уучлалын гайхамшгийг, амьдралыг тань өнөөдөр, маргааш, үүрд мөнхөд өөрчилж чадах итгэл болон бурханлаг хайрын гайхамшгийг үзэхийн төлөө амьдрагтун. Энэ бол шинэ жилийн зорилт болгон та нарыг сахин биелүүлээрэй хэмээх миний захих үг.

Эшлэл

  1. Нийл A.Максвелл, A Wonderful Flood of Light (1990), 47-г үз.

  2. Роберт Браунинг, “Rabbi Ben Ezra”(1864), бадаг 1.

“Би нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг.”

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер

Зураг чимэглэлийг Пол Манн