2010
Бид юу хийхээ мэдэхгүй байгаа үед яах ёстой вэ?
2010 оны нэгдүгээр сар


Тэд бидэнд хандан ярьдаг

Бид юу хийхээ мэдэхгүй байгаа үед яах ёстой вэ?

Их Эзэн, бидэнд төгс мэдлэг дутагдсан үед асууж, судлан, ажиллахыг хүсдэг.

Зураг
Elder Stanley G. Ellis

Нифай болон түүний ах нар гуулин ялтсуудыг Лебенээс салгаж авах гээд удаа дараа бүтэлгүйтсэний дараа Нифай “[өөрийн] хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй” (1 Нифай 4:6) байсан ч эцсийн удаа оролдоод үзэхээр шийдсэн билээ.

Бошиглогчид олон эрин зууны туршид ийнхүү итгэлээр үйлдэхтэй холбоотой сорилттой тулгарсаар ирсэн юм. Адам учрыг нь мэдэхгүй өргөл өргөхөөр зарлиг хүлээн авч байсан шүү дээ (Moсе 5:5–6-г үз). Абрахам өвийн шинэ нутаг нь хаана байгааг мэдэхгүй атлаа унасан газар угаасан усаа орхин аян замд гарсан билээ (Еврeй 11:8; Aбрахам 2:3, 6-г үз). Паул Иерусалимд очсон хойно өөрт нь юу тохиолдохыг мэдэхгүй байсан ч тийшээ явсан шүү дээ (Үйлс 20:22-ыг үз). Иосеф Смит аль сүмд нэгдэхээ мэдэхгүй байсан учраас ойн цоорхойд өвдөг сөгдөн залбирсан билээ (Иoсеф Смит—Түүх 1:19-ийг үз).

Бид ч бас юу хийхээ мэдэхгүйгээр үйлдэл хийхийг шаардсан нөхцөл байдалтай тулгарч болно. Дээрх туршлагууд юу хийхээ мэдэхгүй байгаа үед яах ёстойг бидэнд зааж байгаа нь баярлууштай юм.

Нифай ах нараа Их Эзэний зарлигуудыг итгэлтэйгээр сахихад урамшуулан дэмжиж байсан билээ (1 Нифай 4:1-ийг үз). Тэгээд тэрээр тэрхүү итгэлээрээ үйлдсэн шүү дээ. Нифай “хотод сэм гэтэж ороод, “Сүнсээр удирдагдан Лебений гэрийг чиглэн явав” (1 Нифай 4:5–17). Сүнс түүнд зөвхөн юу хийхийг төдийгүй бас тэрээр яагаад үүнийг хийх нь чухал болохыг хэлсэн ажээ (1 Нифай 4:12–14-ийг үз).

Адам “Их Эзэний зарлигуудад дуулгавартай байснаар” хариулсан юм (Moсе 5:5). Абрахам итгэлээр үйлдсэний үр дүнд “амлалтын нутагт амьдарч байсан билээ” (Еврeй 11:9). Паул “хүлээс болон зовлонгоос” айгаагүй харин “Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхээр” (Үйлс 20:23–24) сонгосон билээ. Иосеф Смит судруудыг тунгаан бодож, “Бурханаас асуух” (Иoсеф Смит—Түүх 1:13)урилгыг дагахаар шийдсэн юм.

Үйлдэх бидний үүрэг

Мэдэхгүй байх нь хийхгүй байхын шалтаг биш гэдгийг судрууд бидэнд сануулдаг билээ. Нифай “эцгийнхээ үзсэн тэр зүйлийг мэдэхийг хүссэний дараа” эдгээр зүйлсийг зүрх сэтгэлдээ тунгаан бодоод “Их Эзэний Сүнсэнд автагдан алсад одсон билээ” (1 Нифай 11:1). Гэтэл Лемен, Лемүел хоёр [Лихайн] “тэдэнд ярьсан зүйлүүдийн талаар өөр хоорондоо маргалдахад” (1 Нифай 15:2) цаг заваа зориулж байв.

Хэдийгээр энэ амьдралд бидний хэзээ ч мэдэж чадахгүй зүйлс байдаг ч Их Эзэн асууж, судлан, итгэлээрээ үйлдэхийг хүсэн хүлээдэг билээ. Тэдгээр зүйлсийн нэг нь Түүний Хоёр дахь Ирэлтийн цаг юм. “Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай” хэмээн Тэрээр хэлсэн байдаг (Maтай 24:42). Энэхүү тодорхой бус байдлын улмаас Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф (1807–98) бэлтгэлтэй байхыг Сүмийн гишүүдэд зөвлөсөн юм. Тэрээр ирээдүйгээ төлөвлөж, ирээдүйнхээ төлөө ажилласаар байх болно гэдгээ батлан хэлжээ.1

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Ричард Г.Скотт: “Та нар зөв зохистой амьдарч, сонголт чинь Аврагчийн сургаалуудтай нийцэж байгаа үед, итгэлээрээ үйлдэж урагш ахь” хэмээн хэлжээ. Хэрэв бид Сүнсний өдөөлтүүдэд сонор сэргэг байх юм бол, “нэг бол буруу сонголтыг харуулах дүйнгэ санаа бодол ирэх болно” эсвэл сонголт чинь зөв гэдгийг нотлон амар амгалангийн буюу цээжин дотор чинь шатах лугаа адил мэдрэмж төрөх болно хэмээн Ахлагч Скот нэмж хэлжээ” [С ба Г 9:8–9-ийг үз]. Та нар зохистой амьдарч, итгэлээр үйлдсэн цагт, буруу шийдвэр гаргалаа ч, Бурхан та нарыг сэрэмжлүүлэх мэдрэмжгүйгээр алдааг лавшруулахгүй.2

Их Эзэнийг шалга

Юу хийхээ мэдэхгүй байсан үеийн хоёр туршлага надад байдаг юм. Би коллежид байхдаа мөнгөгүй болчихоод хагас цагийн ажил олж хийв. Анхныхаа цалинг аваад дараагийн цалин хүртэл хүрэх эсэхийг мэдэхгүй байлаа. Харин: “Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарыг төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар … Намайг одоо үүгээр шалга” (Maлахи 3:10) хэмээн Их Эзэн аравны нэгийн талаар амласныг саналаа.

Би Их Эзэнийг шалгахаар шийдэв. Би эхлээд аравны нэгээ төлөхөд Тэрээр намайг хангалттай адисалсан билээ. Ийнхүү би Түүний амлалтуудад итгэдэг болсон.

Хэдэн жилийн дараа Эллис бид хоёр хүүхдүүдтэй болж, намайг шинэ ажилд ороход ажил олгогч маань эрүүл мэндийн даатгалын гэрээг өөрчлөв. Хуучин гэрээ 6-р сарын 1-нээр дуусгавар болж, шинэ гэрээ 7-р сарын 1-нд хүчин төгөлдөр болох учир бид нэг сар эрүүл мэндийн даатгалгүй байлаа. Бид яахаа мэдэхгүй байлаа. Гэвч, Сүмийн гишүүд үргэлж эрүүл мэндийн даатгалтай байх хэрэгтэй гэж зөвлөсөн Ерөнхийлөгч Н. Элдон Таннерын (1898–1982) хэлсэн нэг үгийг би тэр үед саналаа.3

Би компанитай ярилцаж, 6-р сарыг дуустал эрүүл мэндийн даатгалын гэрээг үргэлжлүүлэхээр хэлэлцэн тохиров. 6-р сарын 28-нд манай ууган хүү Матт зэргэлдээх цөөрмийн өндөр дээрээс усанд шумбах тавцангаас бетонон шалан дээр унаж бэртэв. Түүний гавлын яс нь цуурч, тархи нь хөдөлсөн байлаа. Түүнийг эмнэлэг уруу нисдэг тэргээр аваачиж, мэргэжилтнүүд эмчилсэн юм. Эмчилгээний зардал тэнгэрт тулам өндөр байсан нь биднийг санхүүгийн хувьд сүйрэлд хүргэж мэдэхээр байв. Аз болоход, эрүүл мэндийн даатгалаар түүний эмчилгээний ихэнх зардлыг төлөв.

Бид яах ёстой вэ?

Бид юу хийхээ мэдэхгүй бол яах ёстой вэ? Хариу олохын тулд бошиглогчид, судрууд болон Аврагчид хандахаас өөр зам бидэнд байхгүй. Эдгээр үнэ цэнэтэй эх сурвалжууд бидэнд дараах зүйлсийг заадаг:

  1. Суралцах болон залбирлаар дамжуулан хариуг эрж хай.

  2. Зарлигуудыг дуулгавартай дага.

  3. Их Эзэн болон Түүний амлалтуудад итгэ.

  4. Бошиглогчийг дага.

  5. Итгэлтэйгээр урагш яв, бүү ай.

  6. Номлолоо дуусга.

Эдгээр бүх алхмуудад: “Сүнсний өдөөлтүүдийг үргэлж, үргэлж дага” гэсэн Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч, ерөнхийлөгч Боид K.Пакерын зөвлөгөөг бид үргэлж дагаж болно.4

Эшлэл

  1. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 250-ийг үз.

  2. Ричард Г.Скотт, “Using the Supernal Gift of Prayer,” Лиахона, 2007 оны 5-р сар, 10.

  3. Н.Элдон Таннер, “Constancy amid Change,” Лиахона, 1982 оны 2-р сар, 46.

  4. Боид К.Пакер, “Restoration,” Worldwide Leadership Training Meeting, 2003 оны 1- сарын 11, 2.

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер

Абрахам өвийн шинэ нутаг нь хаана байгааг мэдэхгүй атлаа унасан газар, угаасан усаа орхин аян замд гарсан билээ. Тэрбээр итгэлээр үйлдсэний үр дүнд “амлалтын нутагт амьдарч байсан билээ.”

Бид хариуг олохын тулд бошиглогчид, судрууд болон Аврагчид хандахаас өөр зам байхгүй.

Зүүн талд: Aбрахам Хараныг орхин явж байгаа нь, Ж.Бернард Бентон; баруун талд: Грегг Торкелсоны зураг чимэглэл