2010
Нийгмийн халамжийн бүлгийн ажилд суралцах нь
2010 оны нэгдүгээр сар


Нийгмийн халамжийн бүлгийн ажилд суралцах нь

Сарын эхний ням гарагт Нийгмийн халамжийн бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл Нийгмийн халамжийн бүлгийн эгч нар бид ариун үүргээ хэрхэн биелүүлж болох тухай ярилцлагыг явуулдаг билээ.

Зураг
Julie B. Beck

Манай ерөнхийлөгчийн зөвлөл анх дуудагдахад, олон жилийн турш түүвэрлэж цуглуулсан Нийгмийн халамжийн бүлгийн түүхийн тухай зарим материалыг бидэнд өгсөн билээ. Бид эдгээр материалыг залбирч судлахдаа Нийгмийн халамжийн бүлгийн зорилго болон бидний үйлчлэлийн үед Их Эзэн биднээс юу хүсэн хүлээж буйг мэдэхийг хүссэн билээ.

Бид уг түүхийг анхааралтай судалснаар, Их Эзэний үндэслэн байгуулсан Нийгмийн халамжийн бүлгийн зорилго нь Түүний охидыг мөнх амьдралын адислалуудад бэлтгэхэд нь зохион байгуулах, заах, сүнслэгээр нөлөөлөх явдал мөн. Нийгмийн халамжийн бүлэг Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүдийн амьдралд бүх талаар оролцдог билээ. Үйл ажиллагаа, айлчлагч багшийн заалт, үйлчлэл, ням гарагийн хичээлээр дамжуулан эгч нарт зааж, сүнслэгээр нөлөөлдөг. Нийгмийн халамжийн бүлгийн ням гарагийн зорилт бол зорилгодоо хүрэхэд туслах сургаал болон зарчмуудыг судлах явдал мөн. Нийгмийн Халамжийн хичээлийн ачаар эгч нар гэр бүлээрээ болон гэр орондоо сайн мэдээгээр агуу итгэл үнэмшилтэйгээр амьдрах боломжтой болдог.

Нэг дэх ням гараг өөр байна

Сарын хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх ням гарагт бид Сайн мэдээний зарчмууд болон ерөнхий чуулганы сургаалуудыг судалдаг нь биднийг мөнх амьдралын адислалууд уруу удирдах нэг арга зам болж байна. Харин сарын нэг дэх ням гарагт Нийгмийн халамжийн бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн Нийгмийн халамжийн бүлгийн гишүүд ариун үүргээ хэрхэн биелүүлж болох тухай ярилцлага явуулж, заавар өгдөг билээ.

Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүд бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ, авралын төлөвлөгөөний тухай гэрчлэлтэй. Бид тэрхүү төлөвлөгөөний эмэгтэйчүүдэд холбогдох хэсгийн төлөө үүрэг хүлээдэг билээ. Энэ үүргийг бусдад тохоож болохгүй шүү дээ. Бид үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаараа Их Эзэний өмнө хариуцлага хүлээх ёстой. Иймээс сарын нэг дэх ням гараг бол Их Эзэнээс бидэнд өгсөн цаг хугацааны бэлэг бөгөөд энэ өдөр Нийгмийн халамжийн бүлгийн эгч нар үүргээ хэрхэн биелүүлэхэд суралцдаг.

Бид цаг хугацааны энэхүү бэлгийг Нийгмийн халамжийн бүлгийн гишүүдийн насан туршийн гурван үүрэг болох: (1) хувийн итгэл, зөв шударга байдлаа өсгөн нэмэгдүүлэх, (2) гэр бүлээ бэхжүүлэх, (3) тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олон туслах үүргээ биелүүлэхэд ашиглах болно гэдэгт би найддаг.

Эдгээр үүргүүдээ биелүүлэх болон хожмын өдрүүдийн бэрхшээл сорилтуудыг даван туулж сурахад бидэнд туслах үлгэр жишээ, зарчим, сургаалуудын төлөө судрууд болон Сүмийн зөвшөөрөгдсөн эх сурвалжуудыг ашиглах болно гэдэгт найдаж байна. Манай Нийгмийн халамжийн бүлгийн анхны ерөнхийлөгч Эмма Хейл Смитэд “Миний Сүнсээр чамд өгөгдсөний дагуу судруудыг тайлбарлах, мөн сүмд ухуулахыг” (С ба Г 25:7) хэлжээ. Бид түүний үлгэр жишээг дагаж чадна.

Хэрэв би энэ ажлыг Нийгмийн халамжийн бүлгийн эхний ням гарагийн цуглаан дээр хийх боллоо гэхэд бид юу мэдэх ёстойгоо залбирч шийдсэнээр эхлэх болно. Дараа нь тэр сэдвээр судрууд бидэнд юу заадгийг мэдэхийн тулд судруудыг судлах болно. Бошиглогчид болон Сүмийн удирдагчид уг сэдвээр юу заасныг олж мэднэ. Дараа нь би Сүнсний удирдамжийн төлөө залбирч, эхний ням гарагийн цуглаан дээр ярилцах асуултуудыг тэмдэглэж авна. Эгч нарын итгэл нь илүү бат бөх болж сурсан зүйлсээ гэртээ заах болно гэдэгт би найдаж байна.

Итгэл, хувийн зөв шударга байдлаа нэмэгдүүлэх нь

Миний эмэг эх Изабелл Бооден Бангертер агуу итгэлтэй эмэгтэй байсан гэдэг. Эмээ маань хүүхэд ахуй насандаа итгэлтэй болж, итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд насан туршдаа ажиллажээ. Тэрээр Нийгмийн халамжийн бүлэгт олон жил багшилсан бөгөөд эгч нарын дунд шашны номлогч эмэгтэй хэмээн нэрлэгддэг байсан гэдэг. Шашны номлогч гэдэг нь сайн мэдээг гаргуун мэддэг бөгөөд үүнийг судруудаас зааж чаддаг хүн гэсэн утгатай ажээ. Эмээ маань 97 настайдаа өөд болох хүртлээ судруудыг судалсаар байсан ажээ. Бангертер эмээ мөнхийн үүрэг хариуцлагадаа итгэл төгс эмэгтэй байсан юм. Би залуу ээж байхдаа бусармаг явдлаар дүүрсэн дэлхийд зөв шударга үр удмаа өсгөн хүмүүжүүлэх боломж байна уу гэж эмээгээсээ асууж билээ. Тэрээр цэх зогсож, над уруу заагаад, сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, “Байлгүй яахав! Чи үүнийг хийх ёстой! Үүний төлөө л чи энэ дэлхий дээр байгаа шүү дээ!” хэмээн хэлж билээ. Үүрэг хариуцлагадаа буурь суурьтай байж, амьдралд зөв хандахад эмээгийн маань заасан зүйлс надад сүнслэгээр нөлөөлсөн юм. Энэхүү шууд бөгөөд сүнслэг нөлөө бүхий хичээл Нийгмийн халамжийн бүлэгт долоо хоног бүр байх хэрэгтэй.

Эгч нар мөнх бус энэ амьдралын туршлагаар дамжуулан итгэл төгс байдлаар хэрхэн амьдрах тухай асуултуудыг байнга асуудаг байлаа. Сарын эхний ням гараг хамтын нэгдмэл итгэлийг бий болгох боломжийг бидэнд олгодог билээ. Оролцогчдын мэргэн ухаан асуултуудад хариулж, сүнслэг нөлөө бүхий хариулт өгч чадна.

Бид итгэл, хувийн зөв шударга байдлаа өсгөн нэмэгдүүлэхийн тулд сарын эхний ням гарагт юу судалж болох тухай бусад зарим жишээг доор харуулав:

  • Гэрээнүүд хийж сахих нь.

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхаар зохистой амьдарч, ариун сүмд үе үе орж байх.

  • Ариун Сүнсний нөлөөг таньж, дагадаг байх.

  • Есүс Христийн сайн мэдээг зааж, хамгаалдаг байх.

  • Хувийн болон гэр бүлийн залбирлыг чин сэтгэлээсээ хийдэг байх.

  • Гэр бүлийн үдэш хийдэг байх.

  • Бие даах чадварын болон арвич хямгач амьдралын зарчмыг хэрэгжүүлэх.

Гэр бүлээ бэхжүүлэх нь

Намайг Нийгмийн халамжийн бүлгийн залуу эгч байхад “ээж ба боловсрол хүмүүжил” хичээлийг сард нэг удаа явуулдаг байлаа. Би чадварлаг, сайн ээж байсан ч хэрхэн улам сайн байхыг, гэр ороноо хэрхэн өөд татахыг эгч нараас сурсаар байлаа. Бид гэрийн ажлаа сайн хийж, ур чадвараа дээшлүүлэхэд, яаж улам сайн эцэг эх байхад, гэрлэлт, гэр бүлээ хэрхэн бэхжүүлэхэд суралцдаг байлаа.

“Ээж ба боловсрол хүмүүжил” хичээлийг дахин хэзээ явуулах вэ гэж залуу ээжүүд надаас байнга асуудаг байж билээ. Хийнэ ээ, хийнэ гэж би хариулдаг байсан. Бид сар бүрийн эхний ням гарагт гэр бүлээ өргөн, тэтгэж, хамгаалах тухай суралцаж болно.

Сарын эхний ням гарагт бид гэр бүлээ бэхжүүлэхийн төлөө юу судалж, юунд суралцаж болох тухай зарим жишээг доор өгөв:

  • Эмэгтэйчүүдийн бурханлиг үүргийг ойлгож, хамгаалах.

  • Санваарын адислалуудыг баяртайгаар хүлээн авах.

  • Мөнхийн гэр бүлүүдийг бий болгох.

  • Бат бөх гэрлэлтийг дэмжих.

  • Хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх.

  • Гэр бүлийн гишүүдээ хайрлаж, халамжлах.

  • Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүдийн зөв шударга залуу халааг бэлтгэх үүргийг хүлээн зөвшөөрөх.

  • Гэр бүлийн ач холбогдлыг өндөрт өргөдөг сургаалыг мэдэж, үүгээр амьдран, хамгаалах.

  • Гэр бүлийнхээ нас барсан гишүүдийг эрж сурвалжлан, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх.

Тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олон, туслах

Эхний ням гарагийн хичээлүүд бол бидний хувьд бие биеэ бэхжүүлж, амьдралын хүнд бэрхшээлүүдэд хариу олох боломж юм. Ямар ч үед ихэнх эгч нарт хүнд сорилт, сэтгэл санаагаар унах явдал тохиолддог. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч, Ерөнхийлөгч Боид К.Пакер, тойрог бүрийн Нийгмийн халамжийн бүлгийн “эгч нарын нэгдмэл тойрог” байхыг уриалсан билээ. Тэрээр хэлсэн нь:

“Эгч бүр энэхүү тойрогт ямар байр суурь эзэлдгээс үл хамааран, хоёр тал уруугаа харж, тэнд байгаа эгч нартаа энэрлийн ялдамхан гараа сунгах үед сүнсний нөлөө эргэн ирж байгааг мэдэрч чадна.

“… Та нар өөрсдийнхөө байгууллагад үйлчилж, зорилго тэмүүлэл тань—эгч нарын энэхүү агуу тойрог—Нийгмийн Халамжийн Бүлэг байх болно. Хэрэгцээ бүр чинь одоо ч, үүрд мөнхөд ч биелэгдэнэ. Дутагдсан болгон тань гүйцэлдэнэ. Буруу болгон тань залруулагдах болно. Та бүгд бие сэтгэл бүхнээ Нийгмийн халамжийн бүлэгт зориулбал энэ бүхэн та нарт ирнэ, ирэх ирэхдээ бүр түргэн ирнэ.”1

Тойрог бүрийн Нийгмийн халамжийн бүлэгт, хэрэгтэй дэмжлэг, хүч чадлыг эгч нар бие биедээ өгөх чадвартай байдгийг би туршлагаасаа мэднэ. Бид Ариун Сүнсийг эрэлхийлж, тусламжийг нь хүлээн авах юм бол, бүх хариуг олж чадна.

Бид ядуурал, өвчин, эргэлзээ, хоцрогдлыг даван туулахад туслах, эмэгтэйчүүдийн баяр баясал, өсөлт хөгжилтөд саад учруулагч аливаа бүхнийг хөнгөвчлөх үүрэгтэй билээ. Нийгмийн халамжийн бүлэг бусдад туслах ажилд үргэлж оролцдог.

Бид хожмын өдрүүдэд аж төрж байгаа учраас хувь хүмүүсийн хувьд ч гэр бүлийн хувьд ч олон бэрхшээл сорилт тулгарна гэдгийг мэддэг. Эдгээр бэрхшээлд зүй бус харьцаа, донтолт, идэвхгүй байдал, өр, санаа сэтгэлээр унах, дуулгаваргүй байдал, ажилгүйдэл, гэр бүл салж сарних, өвчин эмгэг, хавчлага, ядуурал, хүчирхийлэл багтана. Энэ бүхэн 2 Tимот 3:1–7, 13-т Төлөөлөгч Паулын бошиглосон зүйлтэй маш адилхан байгаа юм. Гэвч бид айх хэрэггүй. Есүс Христийн сайн мэдээ бидэнд байгаа шүү дээ. Төлөөлөгч Паул шийдлийг бас бидэнд өгсөн юм:

“Харин чи хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай.

“Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон.

“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай” (2 Tимот 3:14–16).

Эхний ням гарагт Нийгмийн халамжийн бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн Нийгмийн халамжийн бүлгийн ажлыг хүн бүрт нарийвчлан даалгаж болно. Тэрээр энэрлийн үйлсийг тухайн тойрог буюу салбарынхаа хэрэгцээг хангах шийдэл болгоход анхаарал төвлөрүүлж болно. Бусдын хэрэгцээг олж мэдэхэд тэрээр айлчлагч багш нарыг сургаж болно. Тэрээр тусламж хэрэгтэй хүмүүст туслах даалгавар өгч болно.

Эхний ням гарагт

Нийгмийн халамжийн бүлгийн удирдагчид Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлсэн үед эхний ням гарагийн цуглаан дээр юу судалж, юу заах тухайд сүнсээр нөлөөлөгдөх болно гэдэгт би итгэдэг. Их Эзэний ажил дэлхий даяар урагш ахин үргэлжлэх болно гэдгийг Сүмийн сайн эмэгтэйчүүд энэ ажлыг юуны өмнө гэр орон, гэр бүлдээ дараа нь өөрсдийнхөө нөхөрлөл, танил талын хүрээнд урагш ахиулахын төлөө чадах бүхнээ хийх учраас эл ажил үлэмж ихээр цэцэглэн хөгжинө гэдгийг би мэднэ.

Эшлэл

  1. Боид К.Пакер, “The Circle of Sisters,” Ensign, 1980 оны 11-р сар, 109, 110.

1 Итгэл, хувийн зөв шударга байдлаа өсгөн нэмэгдүүл. Эхний ням гарагийн хичээл нь хожмын өдрүүдийн бэрхшээл сорилтуудыг даван туулахад туслах сургаалуудыг судлах боломжийг олгодог билээ.

2 Гэр бүлүүдийг бэхжүүл. Сарын эхний ням гарагт бид гэр бүлүүдийг хэрхэн өргөж, халамжлах, хамгаалахад суралцаж болно.

3 Тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олон тусал. Бид ядуурал, өвчин, эргэлзээ, хоцрогдлыг арилгаж, эмэгтэйчүүдийн баяр баясал, хөгжил дэвшилд саад учруулагч бүхнийг даван туулахад туслах үүрэгтэй.

Гэрэл зураг чимэглэлийг Роберт Кэйси; Бек эгчийн гэрэл зургийг “Бусат” гэрэл зэргийн газар авав.

Бусад гэрэл зургийг Томпсон эгч, Оолред эгч нар; гэр бүлийн гэрэл зургийг Кристина Смит

Зүүн талд: Гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд