2010
Илүү итгэлтэй байгтун
2010 оны нэгдүгээр сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Илүү итгэлтэй байгтун

Көртландийн энэ үеийн нэг сургамжтай туршлага бол бидний сүнсэнд байнгын тэжээл хэрэгтэй байдгийг харуулсан явдал мөн. Бид тулгарах бэрхшээлийг амжилттай даван туулахыг хүсвэл Их Эзэний сургаалуудыг дагаж Түүнд ойр байх хэрэгтэй.

Зураг
President Dieter F. Uchtdorf

Өнгөрсөн зун гэргий бид хоёр ихэр ач хөвгүүдтэйгээ Огайогийн Көртланд уруу явлаа. Бидний хувьд энэ нь ихэр ач нараа номлолд явахаас нь өмнө хамт байх сайхан боломж байлаа.

Бид тэнд байхдаа Бошиглогч Иосеф Смит болон Көртландад аж төрж асан Гэгээнтнүүдийн нөхцөл байдлыг бүр сайн ойлгосон юм. Энэ үеийг бид Сүмийн түүхэн дэх хүнд сорилтуудын үе, бас агуу адислалуудын үе гэдгийг мэддэг билээ.

Их Эзэн Көртландад дэлхийд урьд өмнө тохиож байгаагүй хамгийн гайхамшигтай тэнгэрлэг адислалууд болон сүнсний бэлгүүдийг соёрхсон юм. Хоёр дахь Ирэлт, гачигдагсдыг анхааран халамжлах, авралын төлөвлөгөө, санваарын эрх мэдэл, мэргэн ухааны үг, аравны нэг, ариун сүм, өргөлийн хууль зэргийн талаар шинэ ойлголт, шинэ мэдлэгийг авчирсан илчлэлтүүд буюу Сургаал ба Гэрээний 65 хэсгийг Көртланд болон зэргэлдээх нутгуудад хүлээн авчээ.1

Энэ үе бол сүнслэг байдлын хосгүй өрнүүн өсөлт хөгжилтийн үе байв. Чухамдаа, Бурханы Сүнс галын дөл лүгээ адил бадарч байсан юм. Мосе, Елиа болон бусад олон тэнгэрлэг хүмүүн биес, түүний дотор Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү, дэлхийн Аврагч Есүс Христ хоёр энэ үеэр хүрч ирсэн билээ.2

Иосеф Смит Көртландад хүлээн авсан олон илчлэлтийнхээ нэгийг: “Диваажингийн Модноос таслан авсан чидуны навч лугаа адил бидэнд хүрч ирсэн Их Эзэний амар амгалангийн захиас” хэмээн нэрлэжээ (С ба Г 88-р хэсгийн оршил). Энэхүү гайхамшигтай илчлэлт “Надад ойр байгтун тэгвэл би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, тэгвэл та нар намайг олох болно; асуу, тэгвэл та нар хүлээн авах болно” (С ба Г 88:63) гэсэн сэтгэл догдлом урилгыг агуулдаг. Көртландийн Гэгээнтнүүд Их Эзэнд ойртохын хэрээр Тэрбээр үнэхээр тэдэнд ойртож, итгэлтэй хүмүүсийн тэргүүн дээр тэнгэрийн адислалуудыг юүлж байлаа.

Сүнсний юүлэлт

Сүнсний энэхүү илэрхийлэлтийн оргил үе 1836 оны 3-р сарын 27-нд Көртландийн Ариун Сүмийг онцгойлон адислах үеэр тохиосон юм. Тэнд байсан хүмүүсийн нэг болох 28 настай Виллям Дрейпер тэр өдрийг “Пентекостийн өдөр” (Төлөөлөгчид дээр Ариун Сүнс бууж ирсэн өдөр) шиг байлаа хэмээн дүрсэлжээ. “Тэр үе бол, үзэг минь бүрэн дүрсэлж, хэл минь бүрэн илэрхийлж чадахааргүйгээр Их Эзэний Сүнс юүлэгдсэн үе байлаа” хэмээн тэрээр бичжээ. Сүнс хүрхрэн хуйлрах хүчит салхи лугаа адил юүлэгдэн, өргөөг дүүргэхэд тэнд байсан олон хүн олон янзын хэлээр ярин, үзэгдэл болон тэнгэр элчүүдийг харж, бошиглон, энэ үеийнхний сонсож, дуулаагүй агуу баяслыг эдэлж байлаа.3

Сүнсний энэхүү илэрхийлэл зөвхөн ариун сүмийн дотор байсан хүмүүсээр хязгаарлагдсангүй. “Ойр орчимд байсан хүмүүс (ер бусын чимээг сонсож, Ариун сүм дээр галан багана шиг хурц гэрэл тогтсон байхыг хараад) гүйлдэн ирж, юу болоод байгааг гайхан харж байлаа”.4

Хожим нь Сүмийн Ерөнхийлөгч болсон Лорензо Снөү (1814-1901) энэхүү агуу адислалын үеэр Көртландад амьдарч байсан ба “Ийм гайхамшигтай илэрхийлэлт хүлээн авсны дараа ямар ч уруу таталт Гэгээнтнүүдийг унагаж чадахгүй” хэмээн өгүүлжээ.5

Гэвч сүнсний агуу туршлага биднийг эсэргүүцэл, хүнд сорилтуудаас чөлөөлөхгүй нь мэдээж юм. Ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш эдийн засгийн хямрал Нэгдсэн Улсыг бүхэлд нь доргиож, үр дагавар нь Көртландад хүндээр туссан билээ. Банкууд дампуурч, олон хүнийг санхүүгийн хүнд байдалд оруулав. Көртландад цагаачилж ирсэн гэгээнтнүүд эд хөрөнгө гээд байх юмгүй байсан нь байдлыг бүр ч дордуулсан аж. Тэд нэгэнт энд хүрээд ирсэн болохоор юу хийх, цаашид яаж амь зуух вэ? гэдгээ мэдэхгүй байлаа.

Удалгүй мөрдлөг хавчлага эхэлж, гэгээнтнүүдийн эсрэг танхайрагч бүлгүүд бий болов. Сүмийн гишүүд, тэр ч байтугай Бошиглогчдод хамгийн ойр байсан хүмүүс, ариун сүмийг онцгойлон адислахад оролцогчдоос олон нь урваж, Иосефийг унасан бошиглогч хэмээн зэмлэн буруутгаж байв.

Би эхнэр, ач нартайгаа Көртландийн Ариун сүмийн дэргэдүүр явж өнгөрөхдөө, сүнсний тийм агуу илэрхийлэлтийг гэрчилснийхээ дараа зарим хүн итгэлтэй хэвээр үлдэж чадаагүй тэрхүү эмгэнэлт явдлыг тунгаан бодож байлаа. Тэд шүтлэг бишрэлгүй хүмүүсийн доог тохуу, шүүмжлэлийг тэсвэрлэж чадаагүй нь хэчнээн харамсалтай билээ. Тэд санхүүгийн хүнд сорилт болон бусад бэрхшээлтэй тулгарсан үедээ сэтгэлийн тэнхээ, итгэлтэй хэвээр үлдэх хүч чадлаар дутагдсан нь хэчнээн харамсалтай билээ. Ариун сүмийн онцгойлон адислалтын үеэр харж, гэрчилсэн сүнсний гайхамшигт илэрхийлэлт алга болсон нь хэчнээн харамсалтай билээ.

Сургамжууд

Сүмийн түүхэн дэх энэхүү гайхамшигт үеэс бид юу сурч болох вэ?

Көртландийн энэ үеийн нэг сургамжтай туршлага бол бидний сүнсэнд байнгын тэжээл хэрэгтэйг харуулсан явдал мөн. “Гэрчлэл гэдэг бол өнөөдөр олоод авчихвал үргэлж байгаад байдаггүй зүйл” хэмээн Ерөнхийлөгч Харольд Б.Лий (1899–1973) сургажээ. Гэрчлэл бол бид үүн дээр хэрхэн ажиллахаас хамаарч, нэг бол өсч улам томорсоор хүч чадал болдог, эсвэл улам багассаар алга болдог болдог зүйл мөн. Өдөр бүр бидний шинэчилж байдаг гэрчлэл бол биднийг дайсны урхи занганаас авардаг зүйл мөн.6 Бид тулгарах бэрхшээлийг амжилттай даван туулахыг хүсвэл Их Эзэний сургаалуудыг дагаж Түүнд ойр байх хэрэгтэй.

Өнөөдөр манай дэлхий 1830-аад оны үеийн Көртландтай зарим талаараа адил байна. Бид ч бас санхүүгийн хүнд сорилтын үед аж төрж байна. Сүм болон түүний гишүүдийг хавчиж, саад тотгор учруулдаг хүмүүс байсаар байна. Хувь хүмүүст болон хамт олонд учирч байгаа хүндрэл бэрхшээл зарим үед дааж давшгүй мэт санагдаж байна.

Чухам иймээс, Их Эзэнд улам ойр байх нь бидэнд юу юунаас илүү чухал болж байна. Ингэснээр, Их Эзэн бидэнд ойр байна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгох болно. Бид Түүнийг илүү шаргуугаар хайх юм бол, Түүнийг баттайяа олох болно. Их Эзэн Сүмээ болон итгэл бишрэлтэй гишүүдээ орхихгүй гэдгийг бид тод томруунаар харах болно. Бидний мэлмий нээгдэж, Тэрээр тэнгэрийн цонхыг нээж, Өөрийнхөө гэрлээр биднийг улам ихээр гэрэлтүүлэхийг бид харах болно. Бид түнэр харанхуй шөнө ч гэсэн сүнсний хүч чадлыг олох болно.

Көртландийн зарим Гэгээнтнүүд сүнслэг туршлагынхаа хүч чадлыг алдсан ч ихэнх нь итгэлтэй хэвээр үлдсэн юм. Гэгээнтнүүдийн ихэнх нь, түүний дотор Виллям Дрейпер, Бурхан өөрсдөд нь өгсөн сүнсний мэдлэгээс чанга зууран, Бошиглогчийг дагахаа үргэлжлүүлсэн юм. Тэд цаашдаа бүр илүү хүнд сорилтуудтай тулгарсан ч, сүнслэг байдлын хувьд “төгсөшгүй аз жаргалын байдалд … хүлээн авагдахын” (Moзая 2:41) тулд эцсээ хүртэл тэвчих чадвартай хүмүүс болж өсч хөгжсөн юм.

Та нар итгэлтэй байж чадна

Сэтгэл санаагаар унах юм уу итгэл алдарч уруу татагдвал Көртландад итгэлээ хадгалж үлдсэн Гэгээнтнүүдийг сана. Илүү итгэлтэй бай. Та нар үүнийг хийж чадна! Та нар бол нэгэн онцгой үеийнхний хэсэг юм. Та нар бол манай үзэсгэлэнт сайхан гараг дээр энэхүү онцгой чухал үед аж төрөхөөр бэлтгэгдэж, хадгалагдсан хүмүүс. Та нар бол селестиел хувь тавилантай хүмүүс. Тиймээс амьдралаа мөнхийн түүх болгоход шаардлагатай бүхий л авьяас чадвар та нарт байгаа.

Их Эзэн та нарыг үнэний гэрчлэлээр адисалсан юм. Та нар бол Түүний нөлөөг мэдэрч, Түүний хүчийг гэрчилсэн хүмүүс. Та нар Түүнийг эрж хайхаа үргэлжлүүлбэл, Тэрбээр ариун туршлагуудыг та нарт соёрхсоор байх болно. Та нар сүнсний болон бусад бэлгүүдтэй байх юм бол, зөвхөн амьдралаа дээшлүүлэхэд өөрчлөлт гаргаад зогсохгүй гэр орноо, тойрог болон салбараа, нийгэм хамт олноо, хот, муж, улс орноо нинжин сэтгэлээрээ адисалж чадна.

Энэ нь заримдаа хэцүү байж болох ч, улам илүү итгэлтэй бай. Учир нь “нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” (1 Кoринт 2:9; мөн С ба Г 76:10; 133:45-ыг үз).

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ үнэнийг, Түүний энэ Сүм үнэнийг би гэрчилж байна. Бурхан амьд гэдгийг, Есүс Христ бол Түүний Хүү бөгөөд энэхүү аугаа Сүмийн тэргүүн мөн гэдгийг би бүх зүрх сэтгэлээрээ гэрчилж байна. Бид дэлхий дээр дахин бошиглогчтой болсон билээ. Энэхүү бошиглогч бол Ерөнхийлөгч Томас С.Монсон юм.

Көртландийн сургамжийг санаж, юмс бараан баргар мэт байвч илүү итгэлтэй байцгаая. Их Эзэн та нарыг хайрладгийг мэд бас сана. Тэрбээр та нарыг санадаг. Мөн Тэрбээр “итгэлээр эцсийг хүртэл тэвчсэн”(С ба Г 20:25) хүмүүсийг үүрд дэмжих болно.

Эшлэл

  1. Жишээ нь: 45; 56; 76; 84; 89; 97; 104-р хэсгийг үз.

  2. С ба Г 76:23; 110:2–4, 11–13-ыг үз.

  3. Виллям Дрейпер, “A Biographical Sketch of the Life and Travels and Birth and Parentage of William Draper” (1881), машиндсан хувь, Сүмийн түүхийн номын сан 2; зөв бичгийн дүрэм, том үсгээр бичих дүрмийг стандартын дагуу болгосон.

  4. History of the Church, 2:428.

  5. Лорензо Снөү, “Discourse,” Deseret Weekly News, 1889 оны 6-р сарын 8, 26.

  6. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 43.

Их Эзэн Көртландийн Ариун сүмд ирсэн нь Дел Парсон; гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит

Зүүн талд: гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд; зураг чимэглэлийг Стийв Кропп; баруун талд: гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер

Велден Андерсений авсан Көртландийн Ариун сүмийн гэрэл зураг; гэрэл зураг чимэглэлийг Роберт Касей