2010
Би та нарт олдоно
2010 оны нэгдүгээр сар


Биднийг дахин уулзтал

“Би та нарт олдоно”

Миний санаа бодол эхнэр бид хоёр бага насны хүүхдүүдтэйгээ тоглодог байсан нуугдах тоглоомонд чиглэсэн байлаа. Биднийг хайж олохыг эхнэр бид хоёр хүүхдүүдээсээ хүсдэг байсан ч бид тэдэнд олдохыг хүсдэг байж билээ.

Ням гарагийн хичээлийн төгсгөлд Харт эгч Иеремиа 29-ийг гаргахыг биднээс хүслээ. Тэрээр шүлэг 12–14-ийг чангаар уншина гэж хэлээд эдгээр үгсийн утгыг тунгаан бодохыг биднээс хүслээ.

“Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно.

“Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.

“Би та нарт олдоно гэж ЭЗЭН тунхаглаж байна …” гэж тэр уншлаа.

Харт эгч цааш нь 14-р шүлгийг дуусгасан ч, “Би та нарт олдоно” гэсэн аятай сайхан амлалт дээр бодол санаа минь тогтлоо. Эхнэр Эмма бид хоёр бага насны хүүхдүүдтэйгээ нуугдаж тоглодог байсан үеэ би эргэн саналаа. Бидний нуугдах, хүүхдүүдийн эрж олох ээлж болоход бид үргэлж амархан олдохоор нуугддаг байв. Бид хоёр заримдаа чимээ гаргах юм уу биднийг түргэн олохын тулд хөлөө ил гаргаж нуугддаг байлаа. Заримдаа бид хоёр нэг л газартаа дахин дахин нуугддаг байв. Хүүхдүүд биднийг хайгаасай, бас биднийг олоосой гэж бид хүсдэг байлаа. Бид хүүхдүүдээ чанга тэвэрч, тоглоомондоо ялсныхаа төлөө тасралтгүй хи хи гэж баяртайгаар инээхийг нь тэсч ядан хүлээдэгсэн.

Энэхүү дурсамж биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг ойлгох ойлголтыг минь гүнзгийрүүлсэн билээ. Тэрбээр Өөрийгөө хайхыг бас Өөрийгөө олохыг биднээс хүсэн хүлээдэг бөгөөд бид Түүнийг олсон үед хэчнээн их аз жаргалтай байхыг мэддэг билээ. Тэрээр биднийг хуурахыг боддоггүй. Харин Түүнийг хаанаас, хэрхэн хайхыг мэдэхэд бидэнд туслахын тулд Тэрээр чадах бүхнээ хийдэг. Тэрбээр бидэнд судруудыг өгч, бошиглогчдыг дуудан, бидний залбирлыг сонсож, Ариун сүнсний хүчээр биднийг удирдан, ариун сүмүүд, санваарын ёслолууд, гэр бүл болон найз нөхдөөр адисалсан билээ. Хэрэв бид Түүнийг хаа нэгтээ олсон бол бас эрлээ шинэчлэх хүсэлтэй байвал Түүнийг дахин олох бат итгэл бидэнд байх болно.

“Би та нарт олдоно хэмээн Их Эзэн хэлсэн билээ.” Хэчнээн сайхан тайтгаруулагч амлалт вэ! Гай зовлон, уруу таталт бидэнд амархан тохиолддог дэлхийд бид хүч чадлын агуу эх сурвалжийг олох нь амархан гэдгийг мэдэх нь итгэл төрүүлдэг билээ.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер