2010–2019
Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!

Их Эзэн “үүлтэйд ч, нартайд ч” бидний дэргэд үлдэнэ мөн бидний “зовлонгуудыг маань … Христийн баясалд авт[уулна]” гэдгийг би гэрчилж байна.

Бидний хамгийн дуртай нэг дуулалд “Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!”1 хэмээх гуйлт гарсан байдаг. Хүчтэй салхи айсуй үед би нэг удаа онгоцонд явж байв. Бидний доор битүү үүлс хуралдсан байгаа нь цонхоор харагдаж байлаа. Жаргаж буй нарны туяа ойсон үүлс хурц тод гялалзаж байв. Тун удалгүй онгоц доошилсоор битүү үүлэн дундуур ороход гэнэт бид тас харанхуйгаар хүрээлэгдэж, хэдхэн мөчийн өмнө харагдаж байсан хурц гэрэл бүхэлдээ халхлагдаж билээ.2

Зураг
Жаргаж буй нарны туяа
Зураг
Бараан үүлс

Хар үүлс бидний амьдралд ч үүсэж, Бурханы гэрлээс биднийг халхалж, бүр тийм гэрэл байдаг эсэхэд эргэлзэхэд ч хүргэж болно. Тэдгээр үүлсийн зарим нь сэтгэл гутрах ба түгших эмгэг болон бусад төрлийн сэтгэл санааны болон сэтгэцийн өвчин зовлон юм. Тэдгээр нь бидний өөрсдийгөө болон бусдыг, бүр Бурханыг харах өнцгийг гуйвуулдаг. Тэдгээр нь дэлхийн өнцөг булан бүрд байх бүхий л насны эрэгтэй, эмэгтэйчүүдэд нөлөөлдөг.

Ийм саад бэрхшээлтэй тулгарч байгаагүй хүмүүс үүнийг үл тоомсорлон ханддаг бөгөөд ингэх нь мөн адил хор нөлөөтэй. Тархи нь хүний биеийн ямар ч эрхтэнтэй адил өвдөж, гэмтэж мөн химийн найрлагын тэнцвэртэй байдал нь алдагддаг. Оюун ухаан маань зовж шаналж байхад бид Бурханаас болон эргэн тойрныхоо хүмүүсээс мөн эмч болон сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнээс тусламж авах нь зүйтэй.

“Бурхан бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлиг шинж чанар, хувь тавилантай юм.”3 Бид өөрсдийн Тэнгэрлэг Эцэг Эх, Аврагчийн адил бие махбодтой4 бөгөөд сэтгэл хөдлөлийг мэдэрдэг.5

Хайрт эгч нар аа, хааяа нэг гуниглах, санаа зовох нь ердийн зүйл. Гуниглах, сэтгэл түгших зэрэг нь хүний төрөлхийн сэтгэл хөдлөл юм.6 Гэхдээ хэрэв бид үргэлж гуниглаж, өвчин зовлон маань Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Түүний Хүүгийн хайрыг мөн Ариун Сүнсний нөлөөг мэдрэх чадварыг маань хааж байгаа бол бид гутрал, сэтгэлийн түгшүүр юм уу өөр бусад сэтгэл санааны өвчинд нэрвэгдсэн байж магад.

Охин маань нэг удаа: “Надад үргэлж … дэндүү гунигтай байсан [үе] бий. Гуниглах нь ичгүүртэй зүйл бөгөөд сул дорой байдлын илрэл гэж би үргэлж боддог байсан. Тиймээс би гуниглаж байгаагаа хэнд ч хэлдэггүй, … өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог байлаа”7 гэж бичсэн байсан.

Нэг найз маань энэ талаар: “Бага байхаас минь л надаас мухардмал байдал, харанхуй, ганцаардал, айдас болон гэмтэл согогтой гэсэн мэдрэмж салдаггүй байв. Би зовлонгоо нууж, амжилттай, хүчтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд бүхнийг хийдэг байсан”8 гэж дүрслэн ярьж билээ.

Хайрт найзууд аа, ийм зүйл бидний хэнд ч тохиолдож болно. Ялангуяа аз жаргалын төлөвлөгөөнд итгэгч бид яг одоо төгс болох ёстой хэмээн бодож, өөрсөд дээрээ хэрэггүй ачаа дарамт авчрах үед энэ нь хэнд ч тохиолдож болно. Ийм бодол дааж давшгүй хүнд байдаг. Төгс болох нь мөнх бус амьдралын туршид болон дараа мөнхөд, зөвхөн Есүс Христийн ач ивээлээр дамжин үргэлжлэх үйл явц юм.9

Харин бид сэтгэл санааны асуудлынхаа талаар нээлттэй ярьж, төгс биш гэдгээ хүлээн зөвшөөрснөөр бусдад асуудлаа хуваалцах зөвшөөрөл өгдөг. Найдвар байгаа юм байна, ганцаараа зовж шаналах хэрэггүй гэдгээ бид хамтдаа ухааран ойлгодог.10

Зураг
Хоёр дахь ирэлтэд найдах найдвар

Есүс Христийн шавийн хувьд бид Бурхантай “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэхэд,” “гашуудах тэдний хамт гашуудахад бэлэн”11 байх гэрээ байгуулдаг. Үүнд сэтгэл санааны өвчний талаар илүү ихийг олж мэдэх, тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслах эх сурвалж олох, эцэст нь өөрсдийгөө болон бусдыг Эдгээгч Эзэн болох Христэд авчрах зэрэг нь орж болох юм.12 Хэдийгээр бид бусдын туулж буй зовлонг хэрхэн ойлгохоо мэдэхгүй байж болох ч тэдний зовлон шаналал бодит гэдгийг хүлээн зөвшөөрөх нь ойлголцох, эдгэрэх явцад хийгдэх анхны чухал алхам байж ч магадгүй.13

Зарим тохиолдолд сэтгэл гутрах,түгших эмгэгийн шалтгааныг тодорхойлж болдог байхад заримдаа тодорхойлоход хэцүү байх үе бий.14 Бидний тархи стресс15 эсвэл архаг ядаргаа16 зэргээс болж өвдөж болох ба тэдгээрийг заримдаа хоол унд, нойр, дасгал хөдөлгөөнөөр сайжруулж болдог. Өөр үед туршлагатай мэргэжлийн хүмүүсийн хяналтан доор эмчилгээ хийлгэж, эм уух хэрэгтэй байж болно.

Сэтгэцийн юм уу сэтгэл санааны өвчинг эмчлүүлэхгүй явах нь бусдаас хөндийрөх, үл ойлголцох, харилцааны асуудал гарах, өөрийгөө гэмтээх, бүр амиа хорлоход ч хүргэж болно. Аавыгаа олон жилийн өмнө амиа хорлох үед би үүнийг өөрийн биеэр үзэж туулсан. Түүний үхэл манай гэр бүлийнхнийг болон намайг цочирдуулж, бидэнд сэтгэлийн гүн зовлон авчирсан билээ. Уй гашуугаа даван туулахад минь олон жил шаардагдсан бөгөөд амиа хорлолтын талаар зөв зохистой арга замаар ярих нь амиа хорлолтыг хөхиүлэн дэмжихийн оронд урьдчилан сэргийлэхэд үнэхээр тусалдаг талаар би саяхан олж мэдлээ.17 Харин одоо би аавынхаа амиа хорлосон талаар хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцсан бөгөөд хөшигний хоёр талд Аврагч эдгээдгийг биеэрээ мэдэрсэн.18

Харамсалтай нь, гүн сэтгэл гутралд орсон хүмүүс өөрсдийн төсөөлсөн тэрхүү хэвэнд өөрийгөө таарахгүй байна гэж боддог тул бусад гэгээнтнээс зайгаа барьдаг. Тэднийг бидний нэг гэдгээ мэдэж, мэдрэхэд бид тусалж чадна. Сэтгэл гутрал бол сул дорой байдал биш төдийгүй, тэр болгон нүгэл үйлдсэнээс болдоггүй гэдгийг ойлгох нь чухал.19 Энэ нь “нууж хаахад томорч, зовлонг нь ойлгоход багасдаг.”20 Бид хамтдаа ганцаардал, ичгүүрийн үүлсийг нэвтэлснээр ичгүүрийн ачаанаас салж, эдгэрэлтийн гайхамшгийг авчирч болно.

Мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Есүс Христ өвдөж, зовсон хүмүүсийг эдгээж байсан ч хүн бүр эдгэрэхийн тулд Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэн, үйлдсэн байх ёстой байсан. Эдгэрэхийн тулд зарим нь алс холоос алхан ирсэн байхад зарим нь гараа сунган хувцсанд нь хүрч, зарим нь бусдаар өргүүлэн Түүн дээр ирж байсан.21 Эдгэрэхэд маань Тэр бидэнд юунаас ч илүү хэрэгтэй биш гэж үү? “Бид бүгд гуйлгачид бус уу?”22

Бүгдээрээ Аврагчийн замыг дагаж, бусдын зовлонг ойлгох чадвараа хөгжүүлж, бусдыг шүүмжлэх хүслээ даран, бусдын сүнслэг байдлыг шалгагч байхаа больцгооё. Хайраар сонсох нь бидний өгч чадах хамгийн агуу бэлэг бөгөөд хайртай хүмүүс, найз нөхдийг маань боомилж буй хүнд үүлсийг өргөлцөх эсвэл сарниулахад нь тусалж болох юм.23 Ингэснээр бидний хайраар дамжуулан тэд Ариун Сүнсийг ахин мэдэрч, Есүс Христээс цацрах гэрлийг харж чадах болно.

Хэрэв та “харанхуй мананд”24 байнга хүрээлэгдэж байгаа бол Тэнгэрлэг Эцэгт ханд. Танд тохиолдсон ямар ч зүйл та Түүний хүүхэд бөгөөд Тэрээр таныг хайрладаг хэмээх мөнхийн үнэнийг өөрчлөхгүй.25 Христ бол таны Аврагч, Гэтэлгэгч бөгөөд Бурхан таны Эцэг гэдгийг бүү март. Тэд таныг ойлгодог. Тэд танд ойрхон байж, таныг сонсож мөн дэмжлэг үзүүлж байгаагаар төсөөл.26 “[Тэд] та нарыг зовлонд чинь тайтгаруулна.”27 Та чадах бүхнээ хийж, Их Эзэний цагаатгагч ач ивээлд итгэ.

Зовлон бэрхшээл тань таны хэн болохыг тодорхойлохгүй, харин таныг цэвэршүүлж чадна.28 “Маханбод [дахь] өргөс[нөөсөө]”29 болж та бусдын зовлонг илүү сайн ойлгох чадвартай болсон байж болох юм. Ариун Сүнсээр удирдуулан, “сул доройчуудад тус[лан], доош унжсан гарнуудыг өргө[ж], мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болго[хын]”30 тулд өөрийнхөө түүхийг хуваалц.

Яг одоо зовж байгаа эсвэл зовж байгаа хэн нэгнийг харж хандаж байгаа хүмүүст хандан бүгдээрээ Бурханы Сүнстэй хамт байхын тулд Түүний зарлигийг дагахад бэлэн байцгаая хэмээн хэлье.31 Бидэнд сүнслэг хүч өгөх “өчүүхэн мөн энгийн зүйлүүд[ийг]”32 хийцгээе. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Өсөн нэмэгдсэн цэвэр ариун байдал болон ягштал дуулгавартай дагах, үнэн сэтгэлээсээ эрэлхийлэх, Мормоны Номд байгаа Христийн үгэн дээр өдөр бүр найрлах, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд тогтмол цаг гаргаж байх зэрэгтэй адил тэнгэрийг нээх өөр юу ч байдаггүй”33 хэмээн хэлсэн билээ.

Зураг
Эдгээж буй Аврагч

Бүгдээрээ бидний Аврагч Есүс Христ “зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр … [биднийг] сул байдлууд[ын маань] дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ бидний сул дорой чанаруудыг [авсан]”34 гэдгийг санацгаая. Тэрээр “шаналсан зүрхтэйг нь эдгээн, … бүх гашуудагчийг тайвшруулан, … үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд”35 ирсэн.

Зураг
Хоёр дахь ирэлт

Их Эзэн “үүлтэйд ч, нартайд ч” бидний дэргэд үлдэж, бидэнд “зовлонгуудыг маань … Христийн баясалд авт[уулж]”36 мөн “ач ивээлээр л бид аврагдана …, бидний хийж чадах бүхний дараа буюу”37 гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ энэ дэлхий рүү “жигүүртээ эдгээх чадлыг эзэмд[сээр]”38 эргэж ирнэ гэдгийг би гэрчилж байна. Эцэст нь Тэрээр “[бидний] нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид гашуудах … гэж үгүй болно.”39 “Христэд ир[ж], мөн түүгээр төгөлдөрж[их]”40 бүх хүний хувьд “хойшид нар [нь] шингэхгүй … Учир нь Их Эзэн [бидний] үүрдийн гэрэл болж, гашуудлын [маань] өдрүүд төгсөнө.”41 Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Abide with Me!” Hymns, no. 166.

  2. Үүлсийн дээр байхдаа бид хэдхэн метрийн доор байх харанхуйг төсөөлөн харж чадахгүй байсан бөгөөд доорх харанхуйд хүрээлэгдсэний дараа хэдхэн метрийн дээр гэрэлтэх нарны гялбааг төсөөлөн харахад хэцүү байсан юм.

  3. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2017 оны 5-р сар, 145.

  4. “Сүнс хийгээд мөн бие нь хүмүүний бодгаль бөлгөө” (Сургаал ба Гэрээ 88:15). “Таны бие бол сүнсний чинь ариун сүм юм. Биеэ хэрхэх чинь шууд сүнсэнд чинь нөлөөлнө” (Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 124).

  5. Жишээлбэл, Исаиа 65:19; Лук 7:13; 3 Нифай 17:6–7; Moсе 7:28-ыг үзнэ үү. Сэтгэл хөдлөлөө тодорхойлж, үнэлж сурах нь Аврагч Есүс Христтэй илүү адил болохын тулд тэдгээрийг үр бүтээлтэй ашиглахад бидэнд тусална.

  6. “Sadness and Depression,” kidshealth.org/en/kids/depression.html-ийг үзнэ үү.

  7. Hermana Elena Aburto blog, hermanaelenaaburto.blogspot.com/2015/08. Түүнчлэн тэрээр:

    “Уг сорилт бэрхшээл надад авралын төлөвлөгөөнд итгэлээ үнэхээр хэрэгжүүлэх боломж олгосон юм. Учир нь Тэнгэрлэг Эцэг маань намайг хайрладаг мөн Түүнд зөвхөн надад зориулсан төлөвлөгөө бий бөгөөд миний амьдралдаа яг юу туулж байгааг Христ ойлгодог.

    “Чадвар дутлаа гэхэд Бурхан танд дургүйцэхгүй. Тэр сайжирч, наманчлахад тань дуртайяа тусална. Тэрээр танаас бүх зүйлийг нэгмөсөн засаж залруул гэж хүсдэггүй. Та үүнийг ганцаараа хийх шаардлагагүй” гэж бичсэн байна (iwillhealthee.blogspot.com/2018/09).

  8. Хувийн захидалдаа Тэр бас “Аврагчийн маань Цагаатгалын эдгээгч гавар аяллын маань туршид үргэлж миний амар амгалангийн эх сурвалж, орогнох байр минь болж байсан. Ганцаараа зовж байгаа мэт санагдах үед Тэрээр миний өмнөөс энэ бүхнийг аль хэдийн үзэж туулсан гэдгийг би санадаг. … Энэхүү мөнх бус амьдралын [зовлон зүдгүүр] ирээдүйн төгс, амилсан биед минь хүрч чадахгүй гэдгийг мэдэх нь маш их найдварыг надад өгдөг” хэмээн бичжээ.

  9. Russell M. Nelson, “Perfection Pending,Ensign, Nov. 1995, 86–88; Жэффри Р.Холланд, “Тиймээс та нар эцэст нь төгс бай,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–30; Ж.Дэвн Корниш, “Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22; Cecil O. Samuelson, “What Does It Mean to Be Perfect?New Era, Jan. 2006, 10–13-ыг үзнэ үү.

  10. Эдгээр асуудлын талаар хүүхдүүдтэйгээ болон гэр бүлийнхэнтэйгээ мөн тойрог, хамт олныхоо дунд найз нөхөдтэйгөө ярилцах нь чухал.

  11. Moзая 18:8–9

  12. Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,Liahona, Nov. 2005, 85–88; Кэрол М.Стэфэнс, “Эдгээгч Эзэн2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129–132-ыг үзнэ үү.

  13. Өөрсдөөсөө болон бусдаас өвчний шинж, тэмдгийг хэрхэн таньж сурах нь тус болж болох юм. Бид бас буруу, эрүүл бус бодлын загварыг олж харж, тэдгээрийг хэрхэн зөв, эрүүл бодлоор солих талаар сурч болно.

  14. Хүүхэд төрүүлэх, шинэ ажилд орох гэх мэт эерэг үйл явдал тохиолдоход мөн хувийн амьдралд бүх зүйл сайн сайхан байхад ч гутрах нь бий.

  15. Understanding Stress,” Adjusting to Missionary Life (2013), 5–10-ыг үзнэ үү.

  16. Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49-ийг үзнэ үү.

  17. Dale G. Renlund, “Understanding Suicide” (video), ChurchofJesusChrist.org; “Talking about Suicide” (video), ChurchofJesusChrist.org; Kenishi Shimokawa, “Амиа хорлох явдлыг ойлгох нь: Сэрэмжлүүлгийн шинж тэмдгүүд ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ,Лиахона, 2016 оны 10-р сар, 35–39-ийг үзнэ үү.

  18. “Эдгэрэлтийн эхэнд Тэнгэр дэх Эцэг тань таныг хайрладаг бөгөөд эдгэрч илаарших арга замыг өгсөн гэсэн хувиршгүй үнэнд хүүхдийн адил итгэлтэй байхыг шаарддаг. Түүний Хайрт Хүү, Есүс Христ тэрхүү эдгэрэлтийг өгөхийн тулд Өөрийн амийг өгсөн. Гэхдээ эдгээх ид шидийн шийдэл, энгийн гавар гэж байдаггүй мөн бүрэн эмчлэх амархан зам ч гэж байхгүй. Эмчлэгдэхийн тулд Есүс Христэд болон Түүний эдгээх хязгааргүй чадавхад гүн гүнзгий итгэдэг байх шаардлагатай” (Richard G. Scott, “To Heal the Shattering Consequences of Abuse,Liahona, May 2008, 42). Асуудал гарахад бид шийдвэрлэх гэж оролддог. Гэхдээ өөрсдийгөө болон бусдын асуудлыг цор ганцаараа шийдэх албагүй. Бид бүхнийг өөрсдөө хийх шаардлагагүй. Амьдралд тохиолдсон хүнд хэцүү үеэ даван туулахын тулд би хэд хэдэн удаа эмчээс тусламж авч байсан.

  19. Иохан 9:1–7-г үзнэ үү.

  20. Jane Clayson Johnson, Silent Souls Weeping (2018), 197.

  21. Матай 9:2–7, 20–22; 14:35–36; Марк 1:40–42; 2:3–5; 3 Нифай 17:6–7-г үзнэ үү.

  22. Мозая 4:19-ийг мөн ахлагч Жэффри Р.Холландын “Бид бүгд гуйлгачид бус уу?Лиахона, 2014 оны 11-р сар, 40–42-ыг үзнэ үү.

  23. Ром 2:19; 13:12; мөн Jeffrey R. Holland, “Come unto Me” (Brigham Young University devotional, Mar. 2, 1997), speeches.byu.edu-ийг үзнэ үү.

  24. 1 Нифай 8:23–24-ийг мөн 1 Нифай 12:4, 17; 3 Нифай 8:22-ыг үзнэ үү.

  25. Дуулал 82:6; Ром 8:16–18; Сургаал ба Гэрээ 24:1; 76:24; Мосе 1:1–39-ийг үзнэ үү.

  26. Adjusting to Missionary Life, 20-ийг мөн Mика 7:8; Матай 4:16; Лук 1:78–79; Иохан 8:12-ыг үзнэ үү.

  27. Иаков 3:1-ийг мөн Ефес 5:8; Колоссай 1:10–14; Мозая 24:13–14; Алма 38:5-ыг үзнэ үү. Тэнгэрлэг Эцэг таныг хэрхэн хайрладаг мөн адислахыг хэр их хүсдэгийг сонсож, санахын тулд патриархын адислалаа унш эсвэл санваарын адислал ав.

  28. 2 Коринт 4:16–18; Сургаал ба Гэрээ 121:7–8, 33; 122:5–9-ийг үзнэ үү.

  29. 2 Коринт 12:7.

  30. Сургаал ба Гэрээ 81:5-ыг мөн Исаиа 35:3-ыг үзнэ үү.

  31. Моронай 4:3; Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү.

  32. Aлмa 37:6.

  33. Рассэлл М.Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119.

  34. Алма 7:12-ыг мөн Исаиа 53:4; 2 Нифай 9:21; Мозая 14:4-ийг үзнэ үү.

  35. Исаиа 61:1–3-ыг; мөн Лук 4:18-ыг үзнэ үү.

  36. Aлмa 31:38-ыг мөн Aлмa 32:43; 33:23-ыг үзнэ үү.

  37. 2 Нифай 25:23.

  38. Малахи 4:2; 3 Нифай 25:2.

  39. Илчлэл 21:4.

  40. Moронай 10:32.

  41. Исаиа 60:20.