Найз
Хэзээ ч ганцаардахгүй
Баптисм ба гишүүний баталгаа


“Хэзээ ч ганцаардахгүй” Найз, 2023 оны 8-р сар, 22–23.

Хэзээ ч ганцаардахгүй

Хэрэв Итан хэн ч хажууд нь байхгүй үед бэртвэл яах вэ?

Энэ түүх АНУ-д болсон юм.

Зураг
alt text

Итан савлуур дээр савлаж байлаа. Улам илүү өндөрт савласаар байв. Салхи түүнд нисэж буй мэт мэдрэмж төрүүлэв!

Удалгүй хонх дуугарлаа. Итан санаа алдаад, завсарлага дуусахыг хүсэхгүй байлаа.

Хүүхдүүд дотогш орохоор жагссан байв. Итан бага багаар савлахаа болив. Тэгээд тэр анги руугаа орохоор савлуураас буув.

Гэтэл Итан газарт хөлөө тавих үед хөл нь маш хүчтэй өвдөж, шороон дээр уналаа. Тэрээр босохыг хичээсэн ч хөл нь шатаж буй мэт үнэхээр их өвдөв.

“Туслаарай!” гэж Итан хашхирав. Түүний нулимс хацрыг нь даган урслаа. Хүүхдүүд болон багш нар түүнд туслахаар гүйж ирэв.

“Юу болов?” гэж багш нь асуухад,

“Би хөлөө хугалчихлаа!” гэв.

Энэ нь Итаны яс хугарч байгаа анхны тохиолдол байсангүй. Тэр ч бүү хэл хоёр, гурав дахь тохиолдол ч биш байв. Итан яс нь маш амархан хугардаг ясны сийрэгжилт өвчинтэй байв. Үйрмэг дээр гишгэх, хэн нэгэнтэй шүргэлцэх зэрэг жижиг зүйлд хүртэл яс нь хугардаг байлаа.

Багш нь “Эцэг эх рүү чинь залгаж, эмч рүү чамайг аваачна. Бүх зүйл сайхан болно” гэлээ.

Итанд туслах хүмүүс байсанд тэр баяртай байв. Хөл нь маш их өвдсөн ч аюулгүй байна гэдгээ мэдэж байлаа.

Аав ээж нь сургууль дээр ирж Итанг эмч рүү авч явав. Тэр хөлдөө цэнхэр өнгийн гипс тавиулж, гэртээ амрахаар явлаа.

Хөл нь хугарсан учир Итан орондоо ихэнх цагийг өнгөрүүлэх болов. Түүнд унших олон ном байлаа. Заримдаа хамт тоглохоор найзууд нь ирдэг байв. Тэгсэн ч гэсэн тэр уйддаг байлаа.

Нэгэн шөнө Итан сэрээд буцаж унтаж чадсангүй. Тэр амрах хэрэгтэй байсан ч санаа нь зовсоор байв. Хэрэв би шөнө дунд хэн ч байхгүйд аль нэг ясаа хугалбал яах вэ? Итан тэр тухай бодоход л зүрх нь хүчтэй цохилж, айж сандрав.

“Аав аа!” гэж Итан хашхирав.

Аав нь Итаны өрөөнд гүйн орж ирээд, “Юу болоо вэ?” гэж асуулаа.

Итан “Би айж байна. Хэрэв би шөнө дунд надад туслах хэн ч байхгүйд өөр нэг ясаа хугалбал яах вэ?” гэв.

Аав нь түүний хажууд орон дээр сууж, “Наадах чинь их аймаар бодол байна шүү. Бид хэдий болгоомжтой, аюулгүй байхыг хичээсэн ч муу зүйлс тохиолдоно. Гэсэн хэдий ч Тэнгэрлэг Эцэг чамайг харж хандаж байгаа” гэж тайвшруулав.

“Энэ нь Тэр үргэлж надтай хамт байна гэсэн үг үү?” гэж Итан асуув.

“Яг зөв!” гээд аав нь Итаныг зөөлөн тэврэв.

Итан аав нь түүнд ямар хурдан туслахаар ирснийг саналаа. Аав нь түүнд хайртай, түүнд туслахыг үргэлж хүсдэг байв. Магадгүй Тэнгэрлэг Эцэг ч мөн адил байх.

Маргааш нь Итан Найз сэтгүүл дээр байсан судрыг уншив. “Зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсож байх болно.”*

Итан судар унших үедээ аавтайгаа ярилцахад мэдэрсэн шигээ тайван, аюулгүй мэдрэмжийг мэдэрлээ. Ариун Сүнс түүнийг тайтгаруулж байгааг тэр мэдэж байв. Энэ нь түүнд яг л аавыгаа дахин тэвэрч байгаа юм шиг санагдав.

Миний яс дахиад хугарах л байх, гэхдээ би айх шаардлагагүй гэж Итан бодлоо. Тэр хэзээ ч ганцаардахгүй гэдгээ мэдсэн юм.

Зураг
alt text
Зураг
alt text here

Зураг чимэглэлийг Симини Блокэр