Үйлчлэлийн номлогч
3. Сэтгэлийн тэнхээтэй байх чадварыг хөгжүүлэх


“3. Сэтгэлийн тэнхээтэй байх чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол

“3. Сэтгэлийн тэнхээтэй байх чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Зураг
үйлчлэлийн номлогчийн ажил

3. Сэтгэлийн тэнхээтэй байх чадварыг хөгжүүлэх

Айдас, түгшүүр гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөл нь хэт их сэтгэлийн дарамтад орсноо мэдэхэд бидэнд тусалдаг. “1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх” гэдгийг уншаад, сэтгэл санааны хэрэгцээ шаардлагыг хянаж зохицуулах ерөнхий зөвлөгөөг ав. Үүнээс гадна доорх зөвлөгөөнүүд нь тодорхой сэтгэл хөдлөлүүдэд тусалж болох юм. Хэрэв та сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй эсвэл уг байдлаасаа урт хугацаанд гарч чадахгүй бол мэргэжлийн тусламж авах талаар эцэг эх, үйлчлэлийн номлолын удирдагчтайгаа ярилцаарай.

A. Шинэ үүрэгт ажилдаа дасан зохицох

  • Номлолд үйлчлэх болсон шалтгаанаа эргэж хар. Номлолоо Аврагчид талархал болгон өргөх бэлэг гэж бод. Адислалуудаа жагсаан бич. Удирдагчид болон хайртай хүмүүс тань таны номлогчийн үйлчлэлийн талаар юу гэж хэлэх байсныг өөртөө сануул.

  • Тэвчээртэй бай. Ерөнхийдөө шинэ орчинд дасаж эхэлтэл ойролцоогоор зургаан долоо хоног шаардагддаг. Цаг гарган дасан зохицох хүртлээ шийдвэр гаргахаа хойшлуул. Нэг удаад тухайн өдөртөө л анхаар.

  • Урам зориг өгөх зургуудыг өлгө. Үнэт зүйлсээ санахад тань туслах судар, эшлэл, зураг зэргийг тавь. Тэдгээр нь танд үйлчлэл, зөвт хүсэл эрмэлзэл дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

  • Сэтгэл сэргээх судар, түүхүүдийг авч үз. Танд урам зориг өгөхөд туслах судар, хувийн туршлага, эшлэл, гэр бүлийн түүхийг цуглуул. Та сэтгэл сэргээх судрыг уншихдаа, өөрийнхөө нэрээр орлуул. Та дараахтай адил судруудад өөрийн нэрийг орлуулж үзэж болох юм. Үүнд: Сургаалт үгс 3:5–6; 2 Нифай 4:28–35; Мозая 24:13–14; Алма 36:3; Хиламан 5:12 ба Сургаал ба Гэрээний 4, 6, 31-р хэсэг. (Мөн Итгэлдээ үнэнч байх нь [2004] товхимлын “Саад тотгор” сэдвийг х. 152–156-аас үзнэ үү.)

  • Удирдамж заавар авахын тулд патриархын адислалаа үе үе унш. Таны авьяас бэлэг, давуу тал ажилд тань хувь нэмэр оруулах арга замыг хайж ол.

Зураг
Компьютерын ард сууж буй үйлчлэлийн номлогч

Б. Гуниглах эсвэл сэтгэлээр унах явдлыг даван гарах

  • Бүү хойш тавь! Хойш тавих нь стресст хүргэж болох юм. Том ажлаа жижиг хэсгүүдэд хуваа. Ажил үүргийнхээ нэг л хэсэг дээр ажиллаж эхэл. “Яг одоо би зөвхөн -ийг хийх ёстой” эсвэл “Би үүнийг хэдэн минут хийгээд, дараа нь хүсвэл завсарлана” гэх мэтээр өөртөө сануул.

  • Дуу хөгжим сонс эсвэл дуул. Сэтгэл түгшиж байвал намуухан, тайвшруулах дуу хөгжим сонс. Сэтгэлээр унасан үед сэтгэл сэргээх, хөгжилтэй дуу хөгжим танд тусалж болох юм. (Зөвшөөрөөгүй бол үүрэгт ажлаа хийж байхдаа чихэвч зүүхгүй байхад анхаар.)

  • Та хянаж чадахгүй зүйлээ орхи. Та өнгөрснийг болон бусдын сонголт эсвэл зан аашийг хянаж чадахгүй. Та өөрийнхөө зарим сул талыг хянаж чадахгүй. Хийж чадах ямар нэгэн зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Үлдсэнийг нь Их Эзэнд орхи.

  • Зарим байнга давтагддаг ажил уйтгартай байдгийг хүлээн зөвшөөр. Амьдралд бүх зүйл гүн утга учиртай, сэтгэл хөдөлгөм байдаггүй. Уйтгар гунигтай байдлыг даван туулахын тулд анхаарал татаж, асуудлыг хурцатгаж, хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхий. Оронд нь эргэн тойрондоо байгаа сайн сайхан зүйлд талархан, баярла. Сайжрах, үйлчлэх арга замыг эрж хай.

  • Тархиа эерэг талаас нь хардаг болгон сурга. Эргэн тойрон дахь эерэг зүйлс дээр төвлөр. Орой болгон хэдэн минут зарцуулан, дараах асуултуудын аль нэгэнд хариулан бичиж эсвэл хуваалц. Үүнд:

    • Өнөөдөр ямар сайхан гэнэтийн зүйл тохиолдсон бэ? Үүнийг хийхэд хэн тусалсан бэ? Тэд хэрхэн үүнийг хийсэн бэ?

    • Өнөөдөр Бурхан надад хэрхэн тусалсан бэ?

    • Өнөөдөр би ямар гурван зүйлд талархаж байна вэ?

    • Би эдгээр зүйлийг хэрхэн санаж, талархаж чадах вэ?

    • Өнөөдөр хэн надад тусалсан бэ мөн би хэнд тусалсан бэ?

    • Өнөөдөр миний үйлдсэн ямар эрсдэлтэй зүйл надад өсөж хөгжихөд тусалсан бэ? Би үүнээс юу сурсан бэ? Энэ нь надад ирээдүйд илүү сайн ажиллахад хэрхэн туслах вэ?

    • Өнөөдөр би ямар хүнд хэцүү зүйлийг амжилттай гүйцэтгэж чадсан бэ? Би үүнийг хэрхэн хийсэн бэ? Би үүнийг хийж чадсан болохоор яаж баярлан тэмдэглэж болох вэ?

  • Бодлоо сорьж үз. Санаа зовох, уйтгар гунигт автах нь таны бодлын хэв маягийг өөрчилдөг. Хэрэв та сөрөг сэтгэл хөдлөл мэдэрч байвал өөрөө өөрөөсөө ийн асуу.

    • Миний бодож байгаа зүйл үнэн гэдгийг батлах зүйл байна уу?

    • Аврагч намайг ийн бодоосой эсвэл мэдрээсэй хэмээн хүсэж байгаа юу?

    • Энэ нь нэг бол бүхнийг авна эсвэл бүхнийг алдана, тухайлбал аливаа зүйлийг хар эсвэл цагаан, ялна эсвэл ялагдана, үнэн эсвэл худал гэсэн бодол байна уу?

    • Ийн бодох нь надад тустай юу?

    • Энэ бодол надад ямар мэдрэмж төрүүлж байна вэ?

    • Би энэ нь худал гэдгийг мэдүүлэх юуг өөрийн талаар болон бусдын талаар мэддэг вэ?

    • Хэрэв миний сайн найзууд ийм зүйл бодсон бол би тэдэнд юу гэж хэлэх вэ?

  • Таашаал авч болох зүйлсийг ол. Дуудлагадаа хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ хошигнох мэдрэмжээ сэргээ. Дэлхийн сайн сайхнаас таашаал авч, бусдын сайхан сэтгэлийг олж хар. Амьдралдаа Сүнсийг мэдэрч байгаадаа баяс.

  • Залбирах, судраас судлах, үйлчлэх зэрэг үндсэн зарчмуудаа баримтал. Судар уншиж байхдаа өөрийгөө хэт хатуу шүүмжлэхээ боль. Та Бурханы итгэлт үйлчлэгчийн хувьд танд хамгийн их хамаатай хэсгүүд дээр төвлөр.

  • Алма 26-г уншаад, Аммон урам хугарах үедээ юу хийснийг олж мэд. Мөн Сургаал ба Гэрээ 127:2-ыг уншаад, Иосеф Смит яагаад урам хугараагүй болохыг олж хар. Сэтгэл зовних талаар санаагаа бүү чилээ. Тэгвэл эцэс төгсгөлгүй эргүүлэгт орж ч болох юм. Зарим өдөр урам хугарах, стресстэх, ганцаардах нь ердийн зүйл юм. Ихэвчлэн ийм мэдрэмж өнгөрөн алга болдог.

  • Дасгал хөдөлгөөн болон нойрондоо анхаарлаа хандуул. Айдас, түгшүүрийг хянаж зохицуулахад дасгал хөдөлгөөн нэн чухал. Дасгал хөдөлгөөн хийх дургүй байсан ч энэ нь таны сэтгэл санааг өргөж, илүү бүтээлч болоход тусална. Бага багаар хийж эхлэн, ачааллаа аажим ихэсгэ. Орой бүр тогтсон цагтаа орондоо орж, хангалттай сайн унтаж амрах нь мөн адил чухал.

  • Гэр бүлийн гишүүн, найз эсвэл үйлчлэлийн номлолын удирдагчтай ярилц. Танд санаа тавьдаг хэн нэгэнтэй сэтгэл доторхоо уудалж ярь. Хэн нэгэн таныг мэддэг, таны төлөө санаа тавьдаг гэдгийг ойлгох нь сэтгэлийг тань сэргээнэ. Та шинэ ойлголттой болно. Уг хүн таныг зүгээр л сонсож эсвэл танд оролдоод үзэх зөвлөгөө өгч болох юм.

  • Мэргэжлийн хүнтэй ярилц. Таны уйтгар гуниг хоёр долоо хоногоос илүү үргэлжилж байна уу? Энэ нь таны амьдралд саад болж байна уу? Ийм үед ихэнхдээ мэргэжлийн зөвлөх тус болж чадна. Заримдаа бамбай булчирхайн өвчин, чихрийн шижин зэрэг өвчний улмаас байнгын уйтгар гуниг үүсдэг. Үүнийг эмчийн хяналтан доор эмчлэх шаардлагатай. Заримдаа эм тан хэрэглэх нь сэтгэл гутралыг эмчлэхэд тусалдаг.

  • Амиа хорлох хүсэл төрж байвал тусламж аваарай. Амьдрах хэрэгтэй юм уу гэж та хааяа боддог уу? Өөрийгөө ямар нэгэн байдлаар гэмтээх бодол танд орж ирдэг үү? Заримдаа танд өөрийгөө үхсэн нь дээр гэж бодогддог уу? Иймэрхүү бодол орж ирэх нь хэвийн бус зүйл биш юм. Хэрэв ийм бодлууд таныг сэтгэлээр унагааж, хэдэн өдрийн турш үргэлжилбэл цаг алдан хүлээх хэрэггүй. Энэ талаараа хэн нэгэнд хэлж, тусламж ав. Ялангуяа хэрэв та амиа егүүтгэх төлөвлөгөө гаргаж эхэлбэл дээрхийг дага.

    Зураг
    Үйлчлэлийн номлогч, Сүмийн удирдагч хоёр ярилцаж байгаа нь

В. Өөрийгөө шүүмжлэх мэдрэмжээс салах

  • Хийдэг зөв зүйл дээрээ төвлөрч, өөрийгөө бусадтай харьцуулахаас зайлсхий. Өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг хүмүүс өөрсдийн сул тал, алдаа дутагдал дээр хэт төвлөрдөг. Тэгснээр тэд сайжруулах биш, итгэл найдвараа алдаж болно. Судраас уншиж байхдаа өөрт хамаатай хэсгүүд дээр анхаарлаа төвлөрүүл. Та бол Бурханы хайртай үйлчлэгч юм. Бурханы тэвчээр, ач ивээл, найдвар, нигүүлслийн талаар нотолгоо хайж ол. Тэрээр эдгээр адислалыг Өөрийг нь хайрладаг, Өөрт нь үйлчлэхийг хүсдэг хүмүүст өгдөг.

  • Өөртэйгөө эергээр ярь.Сөрөг бодлыг эерэг болгож ярих” ийг үзнэ үү.

  • Таны хийж буй бүх зүйл үргэлж дунджаас дээгүүр байж чадахгүйг санаарай. Та сайжрахын тулд шаргуу ажиллах хүсэлтэй, зарим зүйлийг маш сайн хийдэг байж болно. Гэхдээ та хийдэг бүх зүйлдээ дунджаас дээр байж чадахгүй. Энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд үүнд санаа зовох хэрэггүй.

  • Өөрийгөө магтаж сайшаа. Сайн хийж чаддаггүй эсвэл тийм ч дуртай биш зүйлээ хийсэнд өөрийгөө магтаж сайшаа. Тэдгээрийг төгс гүйцэтгэж чадаагүй ч орхиж хаялгүй гүйцэтгэсэн гэдгээ сана. Та тэдгээр зүйлээ илүү сайн хийдэг болсноор энэ ажил танд таалагдаж байгааг олж мэдэж болох юм. Гэхдээ тэр цэгт хүрэхэд цаг хугацаа зарцуулж, дадлага хийж, дэмжлэг авч, туршлага хуримтлуулсан байх хэрэгтэй.

  • Амгалан тогтуун байх дадлага хий. Анхаарлаа толгой доторх бодлоосоо холдуулж, амгалан тогтуун байх дадлага хий. Өөрийгөө шүүмжилсэн бодол төрж байгааг хүлээн зөвшөөр. Гэхдээ эдгээр бодол таны үнэхээр хэн бэ гэдгийг төлөөлөхгүй. (Мөн “Стресст эергээр хариу үзүүлэх”-ийг үзнэ үү.)

  • Нэг удаад нэг юм уу хоёр том зорилго дээр ажилла. Амьдралдаа нэг зэрэг хэт олон зүйлийг сайжруулах гэж хичээхээс зайлсхий. Энэ нь давж дийлшгүй мэт санагдаж болох бөгөөд болж бүтэхгүй гэсэн мэдрэмж төрөхөд хөтөлдөг.

  • Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэж найд. Бидний сул тал, хангалтгүй байдал нь нүгэл биш юм. Эдгээр нь биднийг цэвэр байж, Сүнсийг хүлээн авахуйц зохистой байхад саад болдоггүй. Есүс Христ биднийг хүчирхэгжүүлж, өргөн дэмжиж, уучлахын төлөө зовж шаналсан. Аврагчийн хүч бидэнд сул тал, нүглээ ялан дийлэхэд тусалдаг.

  • Сүнслэгээр өдөөх зүйлийг тэмдэглэлийн дэвтэр эсвэл төлөвлөгчдөө бичиж тэмдэглэ. Та дараах зүйлийг бичиж болно. Үүнд:

    • Дуртай судар

    • Биелүүлэхийг хүсэж буй зорилго

    • Бүтэлгүйтэл, зовлон бэрхшээлийг туулан амжилтад хүрсэн хувь хүний болон гэр бүлийн түүх

  • Сөрөг зүйлийг биш, харин Ариун Сүнсийг сонсох. Хэрэв танд өөрийгөө дорд үзэх бодол орж ирвэл тэдгээр нь Их Эзэнээс ирээгүй. Дооглож тохуурхсан, уурлаж уцаарласан, ёжилсон, шүүмжилсэн бодлоос гадна бувтнах, муу муухай нэрээр дуудах ч гэсэн Их Эзэнээс ирдэггүй. Хэрэв танд ийм бодол төрвөл бүгдийг нь бичихийг хичээ. Дараа нь уг цаасыг ур. Аль эсвэл бодлоо нэг нэгээр нь дахин бич. Гэхдээ тэдгээр нь үнэн бөгөөд эерэг санааг илэрхийлсэн байхаар бич. Их Эзэн таны тухай ямар бодолтой байдаг талаар үнэн бөгөөд хайраар дүүрэн мэдэгдэл нэм. “Христ бол миний Өмгөөлөгч. Тэр үргэлж намайг хайрладаг бөгөөд надад итгэдэг” гэж чанга хэл.

  • Сайн зөвлөгөөг эрэлхийл. Та хангалттай сайн хичээж байна уу үгүй юу гэдгээ мэдэхэд туслуулахаар үйлчлэлийн номлолын удирдагчаасаа болон бусдаас асуу. Та хэтэрхий их хичээж байгаа эсэхээ тэднээс бас асуу. Тэдний зөвлөгөөг хүлээн ав. Өөрийгөө шүүмжилдэг олон хүн хангалттай сайн хичээх, хэт их хичээх хоёрыг хооронд нь ялган салгаж чаддаггүй.

    Зураг
    Компьютерын ард сууж буй үйлчлэлийн номлогчид

Г. Сэтгэл түгших эсвэл хангалтгүй санагдах мэдрэмжээс салах

  • Ямар нэгэн шинэ зүйл хийхдээ эхлэн гүйцэтгэгч байгаадаа таашаалтай ханд. Ямар нэгэн зүйлийг сурах үедээ та мэргэжилтэн байх албагүй. Харин сониучирхдаг, сонирхдог, даруу байж, оролдож үзэх хүсэлтэй байх нь хангалттай юм. Ямар нэгэн шинэ зүйл сурч мэдэхэд дурладаг бай.

  • Хийж чадах зүйлээ таашаан хийж, Бурхан үлдсэнийг нь хийнэ гэдэгт найд. Номлогчид заримдаа бусад хүнийг өөрсдөөс нь илүү амжилттай байгааг хараад, өөрсдийгөө хэнд ч хэрэггүй гэж бодож, ичиж зовдог. Сатан биднийг өөрсдөдөө эргэлзэхэд эсвэл өөрсдийгөө бусадтай харьцуулахад уруу татдаг. Энэ бол Бурханы ажил бөгөөд Тэр сул дорой, энгийн хүмүүсээр ажлаа хийлгүүлэх гэж сонгодог гэдгийг санаарай. Тэр таныг сонгосон! Тэр танд итгэдэг шиг та Түүнд итгэ.

  • Амжилтын талаар бод. Буруугаар эргэж болох зүйлсийн талаар санаа зовох нь оюун санааны хувьд бүтэлгүйтэхэд бэлдэж байгаа нэг хэлбэр байж болох юм. Санаагаа чилээхийн оронд сэтгэл санаагаа эерэг үр дүнд төвлөрүүлэхийг хичээ. Юу болох бол гэдэгт санаа бүү зов. Оронд нь амжилтад хүрэх төлөвлөгөө гарга. Хэрэв бүх зүйл таны итгэж найдаж байсан шиг болохгүй бол өөрийгөө саад бэрхшээлээс суралцаж байна гэж төсөөл. Өөрийгөө урагшилж байна гэж бод.

  • Юу ч болсон бай, үнэлдэг чанаруудынхаа дагуу амьдар. Та айдас, түгшүүрээс ангижрах шаардлагагүй. Ямар ч байсан та аз жаргалтай амьдарч чадна. Санаа зовж, айж байсан ч та өөрийн үнэлдэг чанарын дагуу амьдрахыг сонгож болно. Та бүгдийг хянах боломжгүй. Оронд нь та өөрийнхөө үнэлдэг чанаруудын дагуу амьдрахын тулд хийж чадах нэг, хоёр зүйлийн талаар бодоорой. Таны санааг зовоож буй нөхцөл байдалд бусдад хэрхэн үйлчлэх эсвэл эр зориг гаргахаа төлөвлө.

  • Хянаж чадахгүй зүйлээ хянах гэж бүү оролд. Хянаж чадахгүй зүйлээ хянах гэж оролдох нь таныг асуудлыг хяналтдаа авч чадахгүй байна гэсэн бодуулахад хүргэдэг. Ингэвэл улам бүр санаа зовно. Ямар нэгэн байдлаар хийж чадах зүйлдээ эрч хүчээ төвлөрүүл.

  • “Тохиолдож болох хамгийн муу зүйл юу вэ?” гэж асуу. Ихэнхдээ төсөөлж чадах хамгийн муу үр дагавар нь өөрсдийнх нь хүлээн зөвшөөрч болох зүйл байдгийг хүмүүс олонтоо ухаардаг. Тэгээд тэд үүнээс цаашилдаг. Юу ч болсон бай Аврагч айдсыг тань багасгахын тулд үүнийгээ даван туулахад танд тусалж чадна.

  • Хэрэв та хэт яаруу тэвдүү бол азнаж удаашрах гэж оролд. Арай тайвширснаар та илүү үр бүтээлтэй байхын зэрэгцээ аз жаргалтай байж болох юм. Удааширч сурахад дадлага хэрэгтэй. Та ийн үйлдэхийг өөртөө сануулах арга замыг олох хэрэгтэй. Толь эсвэл ханан дээрээ зурвас бич. Утсандаа сэрүүлэг тавь. Эсвэл өглөө бүр яарахгүй байхыг сануулаарай хэмээн тусламж гуйн залбир. Хэдэн долоо хоногийн дараа гаргасан ахицаа шалга.

  • Санаа зовниж байгаадаа бүү санаа зов. Санаа зовох нь амьдралд байдаг л нэг ердийн зүйл юм. Айдсынхаа талаар санаа зовох нь танд тус болохгүй. Санаа зовох нь таагүй боловч өнгөрнө. Санаа зовох үед чимээгүй суугаад, айдас мэдрэхийг өөртөө зөвшөөр. Тэдгээр мэдрэмж ихэнхдээ төд удалгүй аяндаа багасан, алга болдог.

  • Хүнд хэцүү зүйл хийхдээ бүтэлгүйтэхээс бүү ай. Утга учиртай амьдрахын тулд та зарим нэгэн эрсдэлийг үүрэх хэрэгтэй. Заримдаа танд мэдэхгүй зүйл рүүгээ орох хэрэг гардаг. Хамгийн чухал зүйлийг хийхэд хэцүү байж болох ч тэдгээрийг дадлага хийснээр сурч болно. Айдсаасаа болж хүнд хэцүү зүйл хийхээ зогсоож болохгүй. Мөн саад тотгорыг бүтэлгүйтэл гэж харахгүй байхыг хичээ. Айх, бүтэлгүйтэх зэрэг нь та хэцүү зүйл хийхээр зүтгэж, зориг гаргаж байна гэсэн үг байж болно.

  • Түүхийн жагсаалт гарган хөтөл. Түүхийг санаж, бичиж, хуваалц. Эдгээр нь таны эсвэл таны хүндлэн биширдэг хүмүүсийн амьдралын түүх байж болно. Эдгээр түүх нь хүнд хэцүү зүйлтэй учирч эсвэл айж эмээж байсан ч хүмүүс хэрхэн эргэж буцалгүй цааш үргэлжлүүлсэн тухай өгүүлсэн байвал зохино. Тэдгээр түүхэд та болон бусад хүн бүтэлгүйтэл, айдаст хэрхэн хүндэлж бишрэм хандлага гаргаж байсан талаар өгүүлсэн байх хэрэгтэй. Хүмүүс үргэлжлүүлэн хийх юм уу зориг гаргахын тулд жижиг, энгийн зүйлсийг олонтоо үйлддэг.

  • Тодорхой бус байдлыг хүлээн зөвшөөр. Заримдаа хүмүүс тодорхой бус, цаашид юу болохыг мэдэхгүй байдалтай амьдрахыг хүсдэггүй. Тэд амжилтад хүрнэ гэдгээ мэдэлгүйгээр эрсдэл үүрэхийн оронд бууж өгөхийг илүүд үздэг. Та өнөөдөр зорилго, үнэт чанаруудынхаа дагуу төгс амьдарч чадах эсэхээ мэдэхгүй. Ирээдүйд ямар асуудал гарч ирэхийг ч та мэдэхгүй. Гэхдээ та яг одоо зоригтой, талархалтай, энэрэнгүй, даруухан амьдрах шийдвэрийг гаргаж болно. Яг одоо та тавьсан зорилго, мөрөөдөлдөө нийцүүлэн амьдарч чадна. Энэ бол бидний хүн нэг бүрийн хийж чадах зүйл бөгөөд ийм байхад л хангалттай. Цөхрөх, санаа зовних уруу таталтаас өөрийгөө сатааруулахыг хичээ. Энд, яг энэ цаг мөчдөө анхаарлаа төвлөрүүл.

  • Үйлчил. Бусдад үйлчилснээр та өөрийнхөө тухай бага бодож, илүү аз жаргалтай байх болно.

    Зураг
    Ярилцаж буй үйлчлэлийн номлогчид

Д. Амархан бухимддаг, уурладгаа болих

  • Тархинд сэтгэл хөдлөлөө дарах цаг гаргаж өг. Таны тархи учир начрыг тунгааж, зөв дүгнэлт хийж чадна. Хэрэв та уурлаж, бухимдсан бол нөхцөл байдлаас хэдэн минут холд. Хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад, эрүүл ухаанаар харж чадах буюу тархиндаа бодох, учир начрыг тунгаах цаг гаргаж өг. Та 10 хүртэл тоолж, дасгал хийж, гадаа агаарт гарч эсвэл тус болох зүйл бодохыг сонгож болно. Та тайвшруулах дуу хөгжим сонсож, бясалгаж эсвэл залбирч болох юм.

  • Уур хилэнгээ бүү дэвэргэ. Та бусдыг заналхийлсэн, шударга бус хандсан эсвэл үл хүндэтгэсэн гэж үзэж магадгүй. Хэрэв тийм бол уурлах магадлал өндөр. Гэхдээ тэдний гаргасан зан авирт илүү энэрэнгүй тайлбар олж бодохыг хичээ. Магадгүй тэд ядарсан, мэдээгүй байсан, өөртөө итгэлгүй эсвэл туслахыг хичээсэн байж болох юм. Уур хилэнг дэмжихгүй байхыг сонго.

  • Бусдыг ойлгохыг хичээ. Бусад хүн юу бодож, мэдэрч байгааг сонирх. Хүмүүсээс асуу бас тэднийг тайван, анхааралтай сонс. Нөгөө хүндээ сонссон гэж бодож байгаа зүйлээ хэл. Зөв ойлгосон эсэхээ асуу. Ойлгоогүй бол дахин асуу.

  • Өөрийгөө эсвэл бусдыг буруутгах хандлагаас зайлсхий. Хэрэв ямар нэг зүйл буруу болбол асуудал юунд оршиж байгааг олж мэдэхийг хичээ. Асуудал хэний буруугаас болсноос үл хамааран, засаж залруулахын тулд бусдаас тусламж хүс. Асуудлын эзнийг буруутгахгүй байхыг хичээ.

  • Уучлал гуйж, нөхцөл байдлыг зөв тийш эргүүлэхийн тулд юу хийж болохоо асуухад бэлэн бай. Уучлал гуйх нь сул дорой биш, харин сүнслэг хүч чадлын шинж юм. Хэрэв та ямар нэгэн буруу зүйл хийсэн бол үүнийхээ хариуцлагыг хүлээ. Үүнийг хэрхэн зөв тийш эргүүлэх эсвэл ирээдүйд асуудал үүсэхээс хэрхэн зайлсхийх талаар асуу. Нөгөө хүний бодол сэтгэлийг ойлгож байгаагаа харуул.

  • Өөрийгөө шоолж инээхэд бэлэн бай. Өөрийгөө шоолон инээж чаддаг байх нь амьдралд урам хугармаар зүйл болоход үүнийгээ даван туулахад танд тусална. Сэтгэл санааг өргөх хошигнол нь бидний хандлага, харилцаа, эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг. Хэдийгээр байнга инээх нь тохиромжгүй ч хүн бүрд илүү их инээх нь тустай. Уурлаад эхэлмэгц, өөрийгөө болон уурлаж байгаа байдлаа шоолон инээж үзээрэй. Өөрийгөө шоолж инээх нь уурыг анагаах сайн эм ч байж болно!

  • Уурласан хүндээ үйлчил. “Дайснуудаа хайрла” гэсэн Аврагчийн зөвлөгөөг хэрэгжүүл. Тэрээр “Чамайг зүхэх тэднийг адисал, чамайг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах мөн чамайг хавчин гадуурхах тэдний төлөө залбир” (3 Нифай 12:44) хэмээн хэлсэн. Та уурласан хүндээ хэрхэн үйлчилж, түүний төлөө залбирч болох вэ?

  • Өөрийгөө анхаарч халамжил. Сайн идэж, хангалттай унтаж, дасгал хийж, залбирахыг хичээ. Ийн үйлдэх нь танд уур бухимдлыг даван туулах сэтгэл хөдлөлийн нөөцтэй болоход тусална.

  • Шинэ түүх зохио. Бусад хүн яагаад ийм ааш зан гаргаж байгаа талаар аль болох уужим сэтгэлээр хандан тайлбар олохыг бод. Тэдгээрийг бичиж тэмдэглэ.

  • Уучил. Матай 18:23–35-ыг судална уу. Боломжтой бол “Forgive Every One Their Trespasses: The Parable of the Unmerciful Servant” (ChurchofJesusChrist.org) видеог үзнэ үү. Сургаалт зүйрлэлийн захиас тантай хэрхэн хамаатайг бод.

    Зураг
    Үйлчлэлийн номлогч тэрэг түрж байгаа нь

Е. Хүсэл эрмэлзэлгүй мэт мэдрэмжээс салах

  • Давуу тал дээрээ төвлөр. Та номлолдоо ямар үнэт чанар, авьяас чадвар, туршлага болон бэлгүүдийг авчирсан бэ? Энэ долоо хоногт та аль нэг давуу талаа бүтээлч байдлаар ашиглаж болох жагсаалт гарга. Хэрэв та давуу талаа олж харж чадахгүй байвал бусдаас тусламж хүс.

  • Дараа нь алхам алхмаар хий. Хийх хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Дараа нь тэдгээрийг хуанлидаа оруулж тэмдэглэ. “Яг одоо миний хийх хэрэгтэй зүйл бол ” гэж өөртөө сануул.

  • Үүнийг хөгжилтэй болго! Номлогчийн үйлчлэлдээ тус болох сонирхолтой зорилгууд тавь. Зорилгодоо хүрэхэд туслах тоглоом хий. Бүтээлч байж, гаргасан амжилтдаа өөрөө өөртөө баяр хүргэ.

  • Нэг дор хэтэрхий олон хувийн зорилго тавьж, өөрийгөө бүү сандарга. Нэг удаад нэг юм уу хоёр хувийн зорилго тавь (илүү баяр хөөртэй байна эсвэл илүү цэвэрхэн байна гэх мэт). Төгс байхыг өөрөөсөө бүү шаард. Хэцүү өдөр таарвал зам дээрээ хэрхэн буцаж гарах төлөвлөгөөг оруул. Яагаад өөрчлөгдөхийг хүсэж байгаагаа өөртөө үе үе сануул.

  • Зорилгоо эцэг эх эсвэл удирдагчтайгаа хуваалц. Тэд таныг дэмжиж мөн танд тус болох санааг өгөх болно.

  • Үйлдлийг урам зориг дагадаг гэдгийг санаарай. Ихэнхдээ эхлэх нь хамгийн хэцүү хэсэг байдаг. Өөртөө “10-хан минут хий” гэж хэл. Дараа нь хийж эхэл. Ихэнхдээ та илүү их урам авах болно.

    Зураг
    Судар уншиж буй эмэгтэй

Ё. Бэлгийн харьцааны эсвэл хайр дурлалын мэдрэмжээ хянах

  • Өөрийгөө илүү сайн захирч сур. Бэлгийн харьцааны болон хайр дурлалын бодол, мэдрэмжүүд нь хэвийн зүйл бөгөөд Бурханаас өгөгдсөн юм. Гэхдээ бид бодол санаа, харилцаа холбоо, биеэ авч явах байдлаа зохих ёсоор хянах хэрэгтэй. Хэрэв та номлогчийн хувьд үүнийг хийж чадвал хүч чадал тань нэмэгдэж, агуу адислалуудыг авах болно. 1 Коринт 9:24–27; Мозая 3:19; Алма 38:12; Сургаал ба Гэрээ 121:45-ыг залбирч судална уу. Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дээрээс “Ариун журам,” “Ариун явдал” гэсэн сэдвүүдийг үз. Та эдгээр зан чанарыг хөгжүүлэхэд ирэх адислал, ашигтай талыг жагсаа.

  • Өөр бодлоор орлуул. Бэлгийн харьцааны болон хайр дурлалын бодол, мэдрэмжид автахгүй байхыг хичээ. Өөрийгөө сатааруулж, өөр зүйлд анхаарлаа хандуул. Тайвшрахыг хичээ. Сүмийн дуулал дуул. Судруудыг цээжилж, цээжээр унш. Талархдаг зүйлс дээрээ төвлөр. Тухайн өдрийнхөө төлөвлөгөөг бод. Дасгал хөдөлгөөн хий. Өөрийгөө ажилдаа зориул. Цагийг хөгжилтэй өнгөрүүлж, бүтээлч бай.

  • Уруу таталтаас зайлсхий. Уруу таталтад ороход түлхэц өгөх газар, нөхцөл байдал, яриа, хүмүүсээс зайлсхий. Зохисгүй зураг харагдах юм уу ийм зүйл санаанд тань орж ирвэл энэ талаарх бодлыг хадгалах хэрэггүй. Оюун бодлынхоо сувгийг өөр зүйл рүү чиглүүл. Тухайн нөхцөл байдлаас аль болох хурдан холд.

  • Итгэл, найдвар тээн үргэлжлүүл. Та бэлгийн харьцааны мэдрэмжээ сайн хянаж зохицуулж чадахгүй байсан ч Бурхан таныг хайрласаар байх болно. Зохисгүй гэж санагдсанаас болж Бурхантай харилцаагаа хэзээ ч тасалж болохгүй. Эдгээр мэдрэмжээ хянаж чадахгүй байсан ч Тэр танаас татгалзахгүй. Тэрээр таны туулж байгаа зүйлийг ойлгодог. Тэр уруу таталтыг эсэргүүцэж, алдаанаасаа сурч, наманчлахын тулд гаргаж буй хүчин чармайлтыг тань үнэлдэг. Үйлчлэлийн номлолын ерөнхийлөгчөөсөө зөвлөгөө авч, эдгээр бэрхшээлээ үргэлжлүүлэн давж гарахыг хичээ.

  • Хэт их өлсөж, ганцаардаж, ядарч, уйтгарлаж, хямарч болохгүй. Эдгээр нь бүгд уруу таталтыг эсэргүүцэхэд улам хэцүү болгодог. Зууш ав. Хийж байгаа зүйлээ түр орхи эсвэл хэсэг хугацаанд өөр зүйл хий. Сайхан яриа өрнүүлж, тайвшруулах дасгал хий (Тайвшруулах дасгалыг үзнэ үү).

  • Өөрийгөө аюулаас хамгаал. Танд хамаатай бөгөөд хүмүүстэй харилцахтай холбоотой дүрэм, зааврыг ойлго. Хэрэв та хэн нэгэнд бэлгийн дур хүсэл төрж татагдвал бишоп, гадасны ерөнхийлөгчтэйгөө холбоо барьж, тэднээс зөвлөгөө ав.

  • Ойлголцох, хүч чадал олж авахын төлөө мацаг барьж, залбир. Мацаг барихдаа та ердийн хоол унд идэх эрүүл хүслээ дардаг. Та сүнслэг хүч чадал эрэлхийлэхийн тулд үүнийг хэсэг хугацаанд дагаж баримтална. Мацаг барих нь өөрийгөө хянах, Сүнсний нөлөөнд мэдрэмжтэй байх зэрэг чадварыг хөгжүүлдэг (Исаиа 58:6-г үзнэ үү). Энэ нь өлсөж буй хүмүүсийн оронд өөрийгөө тавихад тусална. Эдгээр ур чадвар нь номлогчийн хувьд ердийн бэлгийн болон хайр дурлалын мэдрэмжийг зохих арга замаар хянаж зохицуулахад тань тусална. Мацаг барих нь бэлгийн харьцааны мэдрэмжийг арилгахгүй. Гэхдээ сар бүр мацаг барих нь хүчирхэгжиж, өөрийгөө ухамсарлахад тусалж болох юм. Энэ нь таныг эдгээр мэдрэмжийг зохих ёсоор хянан удирдаж сурахад түлхэц өгнө.

Зураг
үйлчлэлийн номлогч тавиурыг дүүргэж байгаа нь

Ж. Өөрчлөлт, шилжилтийг хянаж зохицуулах

  • Өөрөө өөрийгөө таньж мэд. Өөрчлөлт, шилжилт нь зарим хүнд бусдаас илүү хүнд тусдаг. Хэрэв өөрчлөлт танд үнэхээр хэцүү байвал хүмүүст өөрт тань хэрхэн тусалж болохыг мэдэгд.

  • Өөрт тохиолдсон бусад шилжилтийн талаар бод. Та юу сурч мэдсэн бэ? Өөр үед юу танд дасан зохицоход тусалсан бэ? Өөрийн амжилт ололт, чадварыг хүлээн зөвшөөр. Тэдгээрийн аль нь одоо танд тус болж болох вэ? Та өөр юуг хийж үзэж болох вэ?

  • Шалтгаанаа бичиж тэмдэглэ. Яагаад энэ өөрчлөлт шаардлагатай талаар мэдэх зүйлээ бичиж тэмдэглэ. Жагсаалтаа байнга эргэж хар. Өөрчлөлт хийх болсон шалтгааныг ойлгох нь таны бухимдлыг багасгахад тусалж болох юм.

  • Юу өөрчлөгдөөгүйг сана. Юу өөрчлөгдсөн, юу өөрчлөгдөөгүйг жагсаан бич. Хоёр дахь жагсаалтыг аль болох урт болгохыг хичээ.

  • Төлөвлөгөө гарга. Өөрчлөлтийг хянан зохицуулахад өөртөө хэрхэн туслах тухайд төлөвлөгөө гарга. Төлөвлөгөөнийхөө үе шатуудыг бич. Түүнчлэн таныг сайн мэддэг бусад хүнтэй ярилц. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тэд таныг дэмжин тусална.

  • Хэрхэн тайвшрах талаар бодож үз. Тайван байхын тулд хийж болох зүйлээ жагсаан бич. Өөрчлөлтийн өмнө, дундуур, дараа нь уг жагсаалтаа дахин унш.

  • Алхам алхмаар хий. Та том шилжилттэй тулгарахдаа үүнийг санаарай. Та бүгдийг нэг дор ойлгож мэддэг байх шаардлагагүй. Эхлээд ямар шийдвэр гаргах хэрэгтэй вэ? Эхний алхам юу байж болох вэ? Дараагийн алхам юу вэ?