Үйлчлэлийн номлогч
6. Сүнслэг байдлаа хадгалах чадварыг хөгжүүлэх


“6. Сүнслэг байдлаа хадгалах чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол

“6. Сүнслэг байдлаа хадгалах чадварыг хөгжүүлэх,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Зураг
Залбирч буй номлогч

6. Сүнслэг байдлаа хадгалах чадварыг хөгжүүлэх

Заримдаа хэт их стресстэй үед номлогчид сайн мэдээ үнэн эсэхэд эргэлзэх байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Номлогчид стрессээ давж гарахад туслах эх сурвалжгүйгээс болж ийм хариу үйлдэл үзүүлэх нь элбэг. Хэрэв танд ийм мэдрэмж төрвөл доорх зөвлөгөөг дагаж үзнэ үү. Өөрт тохирохыг сонго. Та “1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх” хэсгээс нэмэлт санаа ав.

А. Гэрчлэлээ хүчирхэгжүүлэх

  • Асуух нь эрүүл хандлага гэдгийг ухааран ойлго. Бошиглогч Иосеф Смит чин сэтгэлээсээ асуусан учраас хариуд нь маш олон илчлэлт хүлээн авсан. Таны хувьд сайн мэдээний талаар асуух нь эрүүл хандлага юм. Хариултаа олохыг хичээхдээ судрууд, бошиглогчид, багш нар болон таны өөрийн учир начрыг тунгаан ойлгох чадвар тусална гэдгийг санаарай. Гэхдээ зөвхөн Сүнс л үнэнийг баталж чадна. Сүнс бидэнд Есүс бол Христ, Сүм бол үнэн гэдгийг гэрчилдэг.

  • Итгэл гэж юу болохыг ойлго. Итгэлтэй байх гэдэг нь Бурханы төгс сайн сайхан, хайр, мэргэн ухаан, шударга байдалд итгэх явдал юм. Энэ нь бид төгс ойлгохгүй байгаа үедээ ч найдахыг хэлж байгаа юм. Алма “итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус юм; тиймийн тул хэрэв та нар итгэлтэй аваас та нар үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах болно” (Алма 32:21) хэмээн заасан. Итгэлтэй байхын тулд та “төгс мэдлэгтэй” байх шаардлагагүй. Итгэлээ бэхжүүлэхэд туслахын тулд Алма 32-ыг судал.

  • Аливаа зүйл хяналтаас тань гарсан мэт санагдах үед итгэлтэй бай. Та зарим нөхцөл байдал эсвэл үр дагаврын талаар санаа зовж байж магад. Ийм зүйл тохиолдоход тэмцэлдэхгүй байж, одоо байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүл (“1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх” гэсэн сэдвийг үзнэ үү). Бүх зүйл хяналтаас гарсан мэт санагдах үед сэтгэл санаа ямар байгаагаа анзаараарай. Хэдийгээр эдгээр мэдрэмж нь таагүй байж болох ч танд хор хөнөөл учруулж чадахгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та улам бүр их итгэлтэй байж сурах болно. Тодорхойгүй байдал, бэрхшээлтэй тулгарахдаа та итгэлтэй байж чадна.

  • Зарлигуудыг сахь. Бид Их Эзэний сургаалын үнэ цэнийн талаар сурч мэдсэнээр Түүнд итгэх итгэлтэй болдог. Түүний итгэлийг олж авахын тулд бид Түүний тааллын дагуу үйлдэх хэрэгтэй. “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” (Иохан 7:17).

  • Тэвчээртэй бай. Одоо ойлгогдохгүй байгаа зүйлсийг цаг хугацаа, хуримтлуулсан туршлага тань ойлгоход тусална. Нифайн “[Бурхан] хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би, тийм боловч бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би” хэмээх сургаалыг сана (1 Нифай 11:17). Бурханы талаар Сүнсээр дамжуулан үнэн болохыг мэдсэн зүйлс дээрээ тулгуурла.

Б. Наманчилж сурах

Наманчлал гэдэг нь өөрийн хүслийг Аврагчийн таалалд нийцүүлэх явдал юм. Дараах зарчмууд наманчлахыг эрэлхийлэх явцад тань тусална.

  • Гадасны ерөнхийлөгчдөө нууж хаалгүй ярь. Хэрэв танд шийдэж амжаагүй ноцтой нүгэл байвал гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилц. Нээлттэй, шударга бай. Тэр танд эдгээр зүйлийг зөв болгоход туслах болно.

  • Наманчилсныхаа дараа өөрийгөө уучил. Заримдаа хүмүүс наманчилсныхаа дараа гэм буруутай гэсэн мэдрэмжээсээ салахгүй, ичиж зовсоор байдаг. Бид бүгд өмнөх нүгэл, алдаандаа харамсдаг гэдгийг санаарай. Христийн Цагаатгал танд ч хангалттай гэдэгт итгэ. Наманчлал бол нөөц төлөвлөгөө биш, харин хүн бүрд зориулсан аз жаргалын төлөвлөгөө гэдгийг санаарай.

  • Үнэхээр чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүл. Өдөр бүр наманчлахын тулд чадах бүхнээ хий. Дараа нь санаа зовж буй зүйл тань үнэхээр чухал зүйл үү гэдэгт анхаар. Жишээлбэл:Энэ нь хайраар үйлчлэх явдал байж болно. Бусад хүн таны талаар юу гэж боддог вэ гэх мэт хувийн бардамналтай холбоотой асуудалд санаа зовох хэрэггүй.

  • Гэм нүглээ хүлээхийн ач холбогдлыг ойлго. Та жижиг сажиг нүглээ наманчлах эсвэл нэг нүглээ дахин дахин хүлээх шаардлагагүй. Санваарын удирдагчид хэзээ нүглээ хангалттай наманчилсныг тань хэлэх болно. Өмнө нь үйлдсэн нүгэлдээ харамсаж, гуниглах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ энэ нь нэг зүйлээ ахин дахин наманчлах хэрэгтэй гэсэн үг биш. Ийм бодлуудыг өөр үйл ажиллагаануудаар сатааруул. Их Эзэний өршөөлд итгэхийг урьдаас тооцоолон сонго. Сэтгэл түгших эсвэл ичих зэрэг уруу таталтыг анзаарах хэрэггүй.

  • Хэцүү байвал гадасны ерөнхийлөгч, бишоптойгоо ярилц.

В. Чин хүсэлтэйгээр залбирч сурах

  • Шивнэх төдий байсан ч чангахан залбирах гэж оролд. Асуулт болон асуудлаа бичин, залбирахдаа бэлдэхийг хичээ. Бурхан дэргэд чинь байна гэж төсөөлөн бод. Өнөөдөр та Түүний төлөө юу хийж чадахаа Түүнээс асуу. Дараа нь орж ирсэн санаануудынхаа дагуу үйлд. Заримдаа зөвхөн Бурханд талархахын төлөө залбир. Түүний танд өгсөн олон сайн сайхан зүйлийн төлөө баярлаж таларх.

    Зураг
    Залбирч буй үйлчлэлийн номлогч

Г. Судрыг хайрлаж сурах

  • Судрыг ойлгож, үүнээс таашаал авч сурахад туслуулахын төлөө тодорхойлон залбир. Суралцах зарим цагаа судрын талаарх бодол санаа, хандлагаа бичихэд ашигла. Сурсан зүйлээ эсвэл хүлээн авсан сүнслэг сэтгэгдлээ бич.

Д. Сүнсэнд найдаж сурах

  • Тэвчээртэйгээр дадлага хий. Сүнсний дуу хоолойг таньж сурах нь хэл сурахтай адил юм. Үүний тулд дадлага хийх, тэвчээр гаргах, даруу байх хэрэгтэй. Бууж өгөлгүй алдаанаасаа сурахыг хичээ.

  • Ерөнхий чуулганаас суралц. Хувийн илчлэлт хэрхэн хүлээн авах тухай санаа авахын тулд энэ сэдвээр өгөгдсөн, Ерөнхий чуулган дээр хэлсэн үгийг судална уу.