Үйлчлэлийн номлогч
Стрессийг ойлгох


“Стрессийг ойлгох,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол (2020)

“Стрессийг ойлгох,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Зураг
Компьютерын ард сууж буй үйлчлэлийн номлогч

Стрессийг ойлгох

Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянаж сурах чадварыг хөгжүүлэх

Шинэ үйл явдлууд (Сүмд нэгдэх эсвэл шинэ сургуульд суралцах гэх мэт) сэтгэл догдлуулдаг. Гэхдээ тэдгээр нь бас таны санааг зовоож болно. Юу таныг хүлээж байгааг та сайн мэдэхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам та эдгээр асуудалтай нүүр тулж сурах ба явц дунд нь өсөж хөгждөг. Стресст эерэг арга замуудыг ашиглан дасан зохицох нь сэтгэлийн тэнхээг нэмдэг.

Үйлчлэлийн номлолууд ч мөн ялгаагүй. Заримдаа үйлчлэлийн номлол нь гайхалтай сүнслэг үйл явдал мэт санагддаг. Энэ нь даван туулж чадах сорилт юм шиг танд санагдаж болох юм. Та итгэлтэйгээр тайван урагшилна. Таны мэдэрсэн бухимдал, түгшүүрийн ихэнх нь түр зуурынх гэдгийг та ухааран ойлгоно. Цаг хугацаа өнгөрөхөд дасан зохицно гэдгийг та мэдэж байгаа тул зоригтой байна. Та сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, шинэ ур чадваруудыг эзэмших боломжтой байх болно. Өмнө нь айж эмээж байсан үйл явдлууд ихэнхдээ хянаж зохицуулж болохуйц болсон байна. Өмнө нь хэцүү санагддаг байсан номлогчийн үйлчлэлийн асуудлуудад ч та дуртай болж эхэлдэг. Та Сүнсэнд найдна. Өөртөө итгэлтэй болж, үйлчлэлээсээ баяр баясгаланг олох болно.

Гэвч заримдаа та гэнэтийн асуудалтай тулгарч болох юм. Зарим үйл явдал таны бодож байснаас ч хүнд хэцүү эсвэл таагүй байдаг. Та хэрхэн амжилтад хүрч болох талаар эргэлзэж байж болох юм. Туршаад үзье гэсэн урам зориг мэдрэхийн оронд та түгшиж, бухимдаж, ядарч, туйлдаж магадгүй. Мөн танд өвдөх, гэдэс эвгүйрхэх, нойргүйдэх гэх мэт ямар нэгэн биеийн өвчний шинж тэмдэг илэрч болно. Танд сурч мэдэх эсвэл хүмүүстэй харилцахад бэрхшээлтэй байж болно. Таны урам хугарч, номлолоосоо буумаар санагдах ч үе гарч магадгүй.

Стрессийн дөрвөн түвшин

Стрессийн шинж тэмдэг нь машины хяналтын самбар дээрх хэмжигчтэй адил юм. Тэдгээр нь хурдаа сааруулах, түлш авах эсвэл хөдөлгүүрээ шалгахыг сануулдаг. Тэдгээр нь танд сүнслэг “саваа” дүүргэж, шинэ шийдэл олохыг сануулдаг. Дараах хүснэгтээс харахад, номлогчид стресстэйгээ сайн тэмцэж байгаа бол “ногоон” түвшинд байна гэсэн үг. Түгшүүртэй эсвэл асуудалтай болох үед тэд “шар” түвшинд орно. Хэрэв тэд стрессээсээ гарч чадахгүй байвал “улбар шар” түвшинд байна гэсэн үг. Стрессээс болж ажиллаж чадахааргүй болсон үед тэд “улаан” түвшинд очсон байна.

Та номлолынхоо туршид өөр өөр цаг үед стрессийн өөр өөр түвшинд байсан байж болох юм. Өнөөдөр “улбар шар” түвшинд байсан бол маргааш нь “ногоон” түвшинд орж болно. Энэхүү товхимолд танд ногоон түвшинд байх эсвэл буцаж очиход тань туслах зөвлөгөө, арга хэрэгсэл багтсан.

Тухайн түвшинд танд илрэх шинж тэмдэг

Юу хийх

Ногоон

Зураг
Инээмсэглэсэн ногоон царайны шигтгээ зураг

Тухайн түвшинд танд илрэх шинж тэмдэг

Өөртөө итгэлтэй, баяр хөөртэй

Сорилт бэрхшээлтэй тулгарахад бэлэн

Бүтэлгүйтлээс хурдан гарч хөл дээрээ зогсдог

Удирдагчидтайгаа сайн харилцаатай

Сүнсийг мэдэрдэг

Юу хийх

Энэ түвшинд байх нь маш сайн. Энэ түвшинд та номлогчийн үйлчлэлийн ажлаас болж ирдэг өдөр тутмын стрессээ хянан зохицуулж чадаж байна гэсэн үг. Та сурч, өсөж хөгжиж байна гэсэн үг.

Их Эзэнд найдаж, үргэлжлүүлэн шаргуу хөдөлмөрлө.

Шар

Зураг
Сэтгэл хөдлөлгүй шар царайны шигтгээ зураг

Тухайн түвшинд танд илрэх шинж тэмдэг

Түгшүүртэй, санаа зовнисон, өөртөө итгэлгүй, сандарсан, бэлтгэлгүй, нойр сайн авч чадахгүй

Бусадтай сайн харилцаатай байж чадахгүй

Сүнсийг мэдрэхэд хэцүү

Юу хийх

Шар түвшинд нэг хэсэг байх нь энгийн зүйл.

Асуудлаа шийдвэрлэх явцдаа өөрөө өөртөө эелдэг ханд.

Анхаарал мэдрэмжтэй байх гэх мэт шинэ ур чадвар сурахдаа тэвчээртэй бай. Эдгээр ур чадвар нь танд илүү хүчирхэг болж, үйлчлэх чадвараа сайжруулахад тусална. Үргэлжлүүлэн итгэлтэйгээр залбирч, үйлчил. Судар, чуулганы үгс, үйлчлэлийн номлолын удирдагчдаас болон энэхүү товхимлоос тусламж ав.

Улбар шар

Зураг
Гунигтай улбар шар царайны шигтгээ зураг

Тухайн түвшинд танд илрэх шинж тэмдэг

Ядарч туйлдсан (бие махбод, сэтгэл санааны хувьд)

Өвдсөн (гэдэс өвдөх эсвэл өөр ямар нэгэн шинж тэмдэг илрэх)

Түргэн уурладаг

Маш их урам хугарсан

Сүнсийг мэдэрч чадахгүй

Юу хийх

Хэнд ч улбар шар түвшинд байх нь таалагдахгүй ч энэ нь өөрчлөгдөшгүй нөхцөл байдал биш юм.

Судраас судалж, энэхүү товхимол дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэхдээ удирдамж заавар эрэлхийлэн залбир. Улбар шар түвшинд гурваас илүү хоног байвал үйлчлэлийн номлолын ерөнхийлөгчтэйгөө холбогд. Тэд танд тусална.

Улаан

Зураг
Ууртай улаан царайны шигтгээ зураг

Тухайн түвшинд танд илрэх шинж тэмдэг

Байнга сэтгэлийн гүн гутрал, сандрал эсвэл сэтгэлийн түгшүүрийг мэдрэх

Итгэл найдвараа алдсан мэт санагдах

Идэж эсвэл унтаж чадахгүй байх (улмаар өвдөхөд хүргэж болно)

Дааж давшгүй, цааш нь үргэлжлүүлэх боломжгүй мэт санагдах

Бурхан таныг орхисон мэт санагдах

Юу хийх

Хэрэв та энэ түвшинд байвал үйлчлэлийн номлолын удирдагчид, гэр бүлийн гишүүд, гадасны ерөнхийлөгчтэйгөө холбогдож тусламж ав.

Санваарын адислал хүс. Цаг гарган тэмдэглэлийн дэвтэртээ бичих эсвэл энэ номон дээр өгсөн зөвлөгөөнүүдийг тунгаан бод. Тэдгээрийн талаар залбир. Та ажлынхаа хамгийн хэцүү гэж үзэж байгаа зүйлээ түр хийхээ болих хүсэлт гаргаж болно. Танд тохирох үйлчлэлийн ажлыг олох, солиулахад тусламж авахын тулд үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа ярилц.

Таны асуудал ямар байхаас үл хамааран та Их Эзэний ашигтай үйлчлэгч болж чадна. Энэ товхимол дахь санаануудыг ашиглаж, итгэлтэйгээр урагшлахыг хичээ. Сан Диэгогийн үйлчлэлийн номлолд үйлчилсэн Сочил Отэо эгчийн туршлагыг бодож үзээрэй.

Зураг
Калифорнийн Сан Диэго ариун сүм

“Би Католик шашны буяны байгууллагад үйлчилж эхлэхдээ баяртай байсан ч эмээж байв. Биднээс цагаачид болон дүрвэгчдэд англи хэл бичгийн анхан шатны хичээл заахыг хүссэн юм. Би өөрийгөө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст англи хэлний хичээл заах ямар ч чадваргүй гэж бодож байлаа.

Манай ангид орчуулагч байхгүй байсан тул хязгаарлагдмал харилцаа холбоотой байв. Пэннокк эгч бид хоёр зураг, дохио зангаагаар ярьдаг байлаа. Эхний хичээл ороход би ямар их айж байсан гээч! Би юу хийхээ ч мэдэхгүй байв. Харин ангиа цуглуулах үед намайг амар амгалан мэдрэмж нөмрөн авсан юм.

Би Их Эзэний Сүнсийг мэдэрсэн. Минийх маш энгийн ажил байв. АНУ-д ирэхийн тулд байгаа бүхнээ ардаа орхин ирсэн суралцагч бүрд үйлчилж, тэдэнд нэр, ерөнхий мэдээллээ хэрхэн бичих, англиар энгийн яриа өрнүүлэхэд нь тусалж байлаа.

Бид үргэлжлүүлэн ажилласаар байв. Хэдэн сарын дараа бид үүрэгт ажлынхаа хүрээнд Сан Диэго ариун сүмд байхдаа, тэр өдөр баптисмын санд ирэх дүрвэгчдийн талаар эгч нарын ярьж байхыг сонслоо. Баптисм хүртэх гэж ирсэн хүмүүсийн нэг нь миний хуучин суралцагчдын нэг байсан нь намайг туйлын их баярлуулав. Сүмд нэгдсэнийг нь бид мэдээгүй байлаа.

Бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр, нүд маань нулимсаар дүүрсэн байв. Пэннокк эгч бид хоёр үйлчлэлийн номлогчийн хувьд суралцагчдынхаа амьдралыг адислахын тулд өөр өөрийн хүлээсэн үүргийг гүйцэтгэсэн гэдгээ ойлгосон.”

Номлогчийн үйлчлэлийн шаардлага

Зураг
Шаардлага, эх сурвалж хоёрыг тэнцвэртэй байлгах

“Бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (Сургаал ба Гэрээ 4:2) үйлчлэх нь таны амьдралыг адислах гэсэн Их Эзэний урилга юм. Гэвч номлогчийн ажил амаргүй. Номлогчийн үйлчлэлийн хэрэгцээ шаардлагыг хэд хэдэн төрөлд хуваадаг.

Ерөнхий (“1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх”). Номлогчийн үйлчлэлийнхээ явцад та олон өөрчлөлт, шилжилттэй тулгарч болно. Асуудлыг даван гарахдаа хэвшил болгосон таны арга зам номлолд тань таарахгүй байж магад. Заримдаа эв дүйгээ олохгүй, хэцүү байж ч магад. Та асуудалтай тулгарсан үйлчлэлийн бусад номлогчид хэрхэн тусалж болох талаар бодож байж болох юм.

Бие махбодын (“2. Эрүүл чийрэг байх чадварыг хөгжүүлэх”). Та өдрийн ихэнх цагийг зогсоогоороо өнгөрүүлж болох юм. Таны ажил биеийн хүч шаарддаг байж ч болно. Зүгээр шинэ орчинд орсноос болж ядарч ч магадгүй.

Сэтгэл санааны (“3. Сэтгэлийн тэнхээтэй байх чадварыг хөгжүүлэх”). Та бүх сурах эсвэл хийх ёстой зүйлээсээ болж санаа зовж байж магад. Та амарч чадахгүй байж ч болох юм. Та шантарч, уйдаж эсвэл ганцаардаж магад.

Нийгмийн (“4. Нийгэмтэй зохицож амьдрах чадварыг хөгжүүлэх”). Танд шинэ хүмүүстэй хурдан танилцаж сурах хэрэг гарч магад. Үйлчлэх газартаа та танихгүй хүмүүстэй ярилцаж, шинэ удирдагчидтай харилцаж болох юм.

Суралцах ба ажиллах (“5. Оюуны бядтай байх чадварыг хөгжүүлэх”). Танд ажил үүргээ гүйцэтгэхийн тулд шинэ ур чадварт суралцах хэрэг гарч мэднэ. Та төлөвлөгөө гарган, зорилгоо зохицуулах хэрэгтэй болно. Та мөн өөрчлөлтөд дасан зохицож, өдөр тутмын янз бүрийн асуудлыг шийдвэрлэх хэрэг гарна.

Сүнслэг байдлын (“6. Сүнслэг байдлаа хадгалах чадварыг хөгжүүлэх”). Та гэрчлэлээ бэхжүүлж, уруу таталтаас зайлсхийхийн тулд шаргуу хөдөлмөрлөх ёстой. Сүнсийг мэдэрч, ялган танихыг эрэлхийл. Заримдаа танд засаж залруулах, наманчлах мөн сул тал, харамсаж байгаа зүйлтэйгээ нүүр тулах хэрэг гарна. Даруу байж, Их Эзэнд урьд өмнөхөөсөө илүү найд. Ингэснээр та өсөж, дэвжих болно.

Үйлчлэлийн номлолд сорилт бэрхшээлтэй тулгарах

Үйлчлэлийн номлолд тохиолдох олон сорилт бэрхшээлийг цөөлөх боломжгүй. Танд шинэ зүйл сурах хэрэг гарна. Та дүрэм журмыг дагаж мөрдөн, бусадтай эвтэй найртай байж сурах ёстой. Та даалгасан ажлыг чадварлаг гүйцэтгэж, шинэ зүйл туршиж үзэхийн тулд дасаж сурсан орчноосоо гарах ёстой.

Гэхдээ танд шинэ үйлчлэлийн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах олон эх сурвалж өгөгдөх болно. Энэхүү товхимол нь тэдгээр эх сурвалжийг олж, ашиглахад тань тусална. Мөн залбирах, судраас судлах, Ариун Сүнсээр удирдуулах, бусдад туслахын ач холбогдлыг сана. Таны хийж чадах хамгийн чухал зүйл бол Аврагчид болон Түүний Цагаатгалд найдах явдал юм. Тэр бол үйлчлэлийн номлогчийн амьдралын стресстэй тэмцэхэд туслах хамгийн хүчирхэг эх сурвалж юм.