Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Арваннэгдүгээр сар: Бид бүх зүйлд Бурханд талархалтай байх ёстой


Арваннэгдүгээр сар

Бид бүх зүйлд Бурханд талархалтай байх ёстой

“Өдөр бүр тэд Их Эзэн Бурхандаа талархлаа илэрхийлэх ёстойг тэрээр тэдэнд зарлиг болгов” (Мозая 18:23).

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Би бие махбодтой байгаадаа талархдаг. Энэ бол ариун сүм гэдгийг би мэднэ.

Сургаалыг таньж мэд (зураг үзэж, судар унших нь): Хүүхэд болон ариун сүмийн зургийг үзүүл. 1 Коринт 3:16-г хамтдаа чанга унш. “Бид өөрсдийнхөө бие махбодын талаар судраас юу сурдаг вэ” гэж асуу. “Миний бие бол ариун сүм” гэж самбар дээр бич.

Ойлголтыг урамшуулан дэмж (судар судлах нь): Бид бие махбодтой байгаадаа талархалтай байгаагаа Тэнгэрлэг Эцэгт харуулах арга замуудыг ярилц; жишээлбэл, бид бие махбодоо халамжилж, цэвэр ариун байлгадаг. Бошиглогчид бидэнд тамхи татахгүй, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэхгүй, шивээс хийлгэхгүй байснаараа бие махбодоо халамжлахыг зөвлөсөн. Хүүхдүүдийг бүлэг болгон хувааж, бүлэг бүрээс дараах судруудын нэгийг эсвэл үүнээс илүүг уншиж, ярилцахыг хүс: Сургаал ба Гэрээ 88:124; 89:7, 8, 9, 10–11, 12, 16–17. Бие махбодоо халамжлах талаар эдгээр судраас юу сурснаа хуваалцахыг бүлэг бүрээс хүс.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (зорилго тавих нь): Хүүхдүүдээр долоо хоногийн турш бие махбодоо халамжлахын тулд хийх ямар нэгэн зүйлийг зурж эсвэл бичүүл.

Хоёрдахь долоо хоног: Би түр зуурын адислалуудад талархалтай байдаг.

Сургаалыг таньж мэд: “Би түр зуурын адислалуудад талархалтай байдаг” гэж бич. Хүүхдүүдээс өгүүлбэрийг хэлэхийг хүс. Түр зуурын адислалууд гэдэг нь харж, барьж, сонсож, амталж, үнэрлэж болдог адислалууд гэдгийг тайлбарла.

Ойлголтыг урамшуулан дэмж (тааварт тоглоом тоглох нь):Түр зуурын адислалуудын талаарх зарим зураг эсвэл биетийг үзүүл (жишээлбэл, бие махбод, гэр орон, хоол хүнс, ус, хувцас, эрүүл мэнд, нар, сар, од, дэлхий, амьтан, ургамал, гэр бүл, найз нөхөд, тоглоом, ном, сургууль). Адислалуудын нэгийг нь тодорхойлох санааг өгч, хүүхдүүдээс ямар адислал гэдгийг нь асуу. Ахимаг насны хүүхдүүдэд зориулж өөр өөр цаасан дээр адислалуудыг бичиж, хайрцганд хий. Нэг хүүхдээс нэг цаасыг сонгож, бусад хүүхдүүдэд үүний талаар санаа өгөхийг хүс. Хүүхдүүд адислалыг таасны дараа самбар дээр бичиж, нэг хүүхдээс яагаад энэ адислалд талархалтай байдгийг нь асуу.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (санаа хуваалцах нь): Ярилцсан адислалуудынхаа төлөө талархлаа илэрхийлэхийн тулд юу хийж болохыг тэднээс асуу. Өөрсдийн бодлыг хуваалцахыг хэдэн хүүхдээс хүс.

Зураг
тоглоом тоглож буй хүүхдүүд

Олон төрлийн заах арга замыг ашиглах нь хүүхдүүдийг илүү үр дүнтэй суралцахад нь тусалдаг. Бүх хүүхдүүдийг оролцуулсан заах арга зам, үйл ажиллагааг сонго.

Гуравдахь долоо хоног: Би сүнслэг адислалуудад талархалтай байдаг.

Сургаалыг таньж мэд, ойлголтыг урамшуулан дэмж (судар унших нь): Аврагчийн зураг болон дараах судрын эшлэлийг дотор нь хийсэн бэлэг бэлтгэ: Моронай 10:8–17. “Би сүнслэг адислалуудад талархалтай байдаг” гэж самбар дээр бич. Их Эзэн бидэнд өгдөг маш олон сүнслэг адислалууд байдаг бөгөөд Тэрээр Ариун Сүнсний хүчээр бидэнд тэдгээр адислалуудыг өгдөг гэдгийг тайлбарла. Нэг хүүхдээр бэлгийг задлуулж, дотор нь байгаа зүйлийг харуул. Хүүхдүүдээс судрыг олж, Их Эзэн бидэнд өгч болох сүнслэг адислалуудыг тодорхойлохыг хүсч, тэдгээрийг самбар дээр бич. Зарим адислалуудын тухай ярилцаж, бид тэдгээрийг бусдад туслахын тулд ашиглах ёстой гэдгийг тайлбарла.

Зураг
бэлэг онгойлгож буй хүүхэд

Дөрөвдэх долоо хоног: Бид бүх адислалуудынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт талархах ёстой.

Сургаалыг таньж мэд: Хэн нэгэн танд өгсөн нэг юм уу хоёр зүйлийг хүүхдүүдэд үзүүл. Эдгээр бэлэг нь танд маш чухал бөгөөд та эдгээрийн төлөө “баярласан сэтгэлээ” илэрхийлсэн гэж хэл. Хүүхдүүдээс хүлээн авсан бэлгийнхээ төлөө талархал илэрхийлэх өөр арга замуудыг хуваалцахыг хүс. Хүүхдүүдээс өөрсдийн бүх адислалын төлөө хэнд талархал илэрхийлэх ёстойг асуу. Бүх адислалынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлэх ёстой шалтгаануудын талаар ярилц.

Зураг
жижиг бүлгүүд

Хүүхдүүдийг жижиг бүлгүүдэд хувааснаар илүү олон хүүхдэд оролцох боломж өгч байгаа юм. Багш нар хүүхдүүдийн оролцоо хийгээд хүндэтгэлтэй байдлыг хадгалахад нь тусална.

Ойлголтыг урамшуулан дэмж (жагсаалт гаргах нь): Таван өөр сагсанд цаас, харандаа, дараах зүйлсийн нэгийг нь хий: Сүмийн цуглааны байрын зураг, хувцаслалтын тухай тунхаг, судар, гэр бүлийн зураг, Аврагчийн зураг. Хүүхдүүдийг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрт нэг сагсыг өг. Бүлэг бүрээс сагсанд байгаа зүйлийг харж, цаасан дээр үүний төлөө талархал илэрхийлэх нэг арга замын талаар бичихийг хүс. Дараа нь тэднээс цаас, харандаа зэрэг зүйлсээ сагсанд буцааж хийгээд өөр бүлэгт өгөхийг хүс. Бүлэг бүрт бүх сагс ээлжилж очтол үргэлжлүүлж, бүлэг бүрийг сагсанд байгаа жагсаалтан дээрх зүйлсийг хуваалцахыг хүс.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (санааг хуваалцах нь): Хэдэн хүүхдээс энэ үйл ажиллагаанаас сурсан зүйлсээ болон сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийхийг хуваалцахыг хүс.