Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Зургаадугаар сар: Би баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагана


Зургаадугаар сар

Би баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагана

“Та нар нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, мөн Ариун Сүнсээр дүүргэгдэж болохын тулд, мөн надад ирж, мөн миний нэрээр баптисм хүрт” (3 Нифай 30:2).

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Би баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагана

Хүүхдийн хэсгийн хичээлийн өмнө өөр өөр өнгийн цаасан дээр зурсан том хөлийн мөрийг хайчилж ав. Нэгэн дээр нь “баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар” нөгөөх дээр нь “баптисмын гэрээгээ сахиснаар” гэж бич. Мөн том хөлийн мөртэй адил өнгөөр хэд хэдэн жижиг хөлийн мөр бэлтгэ. Дараах үгсийн аль нэгийг нь нэгдэх өнгийн хөлийн мөр бүр дээр бич: найман нас, наманчлах, бишоптой ярилцах, ангижрал, санваарын эрх мэдэл, гэрээ, цагаан хувцас, Ариун Сүнс. Хоёрдахь өнгийн жижиг хөлийн мөр бүр дээр “Миний сайн мэдээний жишгүүд” дээрх жишгүүдийн аль нэгийг нь бич. Жижиг хөлийн мөр бүрийг ангид тарааж тавь.

Сургаалыг таньж мэд: Самбар дээр “Би … Есүс Христийг дагана” гэж бич. Том хөлийн мөрүүдийг нэг нэгээр нь самбар дээр байрлуулж, өгүүлбэрийг хамтдаа унш. Эдгээр алхмууд нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд шаардлагатай алхмууд гэж тайлбарла. Хэрэв шаардлагатай бол хүүхдүүдэд баптисмын гэрээ гэж юу болохыг ойлгоход нь тусал.

Зураг
самбар

sharingtime.lds.org вэб сайтаас хөлийн мөрүүдийг олж үзээрэй.

Ойлголт болон хэрэгжүүлэлтийг урамшуулан дэмж (тохируулах тоглоом тогло): Нэг хүүхдээс нэгдэх өнгийн хөлийн мөрийн аль нэгийг нь олохыг хүс. Түүнээс хөлийн мөр дээрх үгийг уншиж, тохирох том хөлийн мөрийн доор самбар дээр тавихыг хүс. Хүүхдүүдээс энэ нь баптисм, гишүүний баталгаанд ямар үүрэгтэйг асуу. Нэгдэх өнгийн үлдсэн хөлийн мөр бүр дээр үүнийг давтан хий.

Нэг хүүхдээс хоёрдахь өнгийн хөлийн мөрийг олохыг хүс. Түүнээс хөлийн мөр дээрх үгийг уншиж, тохирох том хөлийн мөрийн доор самбар дээр байрлуулахыг хүс. Хөлийн мөр дээрх сайн мэдээний жишгээр амьдрах нь хэрхэн хүүхдүүдэд баптисмын гэрээгээ сахихад тусалдаг тухай ярилц. Энэ мэтээр бусад хөлийн мөр дээр ажилла.

Хоёрдахь долоо хоног: Хэрэв би зохистой амьдрах юм бол Ариун Сүнс надад зөвийг сонгоход тусална.

Сургаалыг таньж мэд (дуу дуулах): Баптисм хүртсэний дараа бидэнд ямар бэлэг өгдөг вэ гэж хүүхдүүдээс асуу. “Ариун Сүнс” (ХДН, 105) дууллын хоёрдахь мөрийг дуул. Дуулахынхаа өмнө хүүхдүүдээс дараах асуултын хариултыг олж сонсохыг хүс: Ариун Сүнс бидэнд юу хийхэд тусалдаг вэ? Энэ намуухан, зөөлөн дуу хоолой нь Ариун Сүнс бөгөөд Тэрээр бидэнд зөвийг сонгоход тусалдаг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

Ойлголтыг урамшуулан дэмж (биет үзүүлэнт хичээлийг үзэх нь): Бид өөрсдийн оюун санаан дахь бодол болон зүрх сэтгэл дэх мэдрэмжинд анхаарал хандуулснаар Ариун Сүнсний өдөөлтийг сонсож сурах ёстой гэдгийг тайлбарла (С ба Г 8:2). Нэг хүүхдээс зоосыг шилэн саванд хийж, сэгсрэхийг хүс. Хүүхдүүдээс энэхүү дуу авиаг хэр тод сонсож байгааг нь асуу. Хүүхдүүдээс халбага дүүрэн шороо, будаа, элс эсвэл даавуун бөмбөгийг шилэнд хийхийг хүс. Эдгээрийг хийсний дараа нэг хүүхдээс шилийг сэгсрэхийг хүсч, хүүхдүүдээс эдгээр зүйлс нь дуу авианд хэр нөлөөлж байгааг асуу. Хүүхдүүд дуу авиаг сонсож чадахгүй болтол нь шилэн дотор тэдгээрээс нэмж хий. Үүнийг бидний амьдрал нүгэл, буруу зүйлсээр дүүрэх үед Ариун Сүнсийг сонсоход хэцүү болдогтой адилтга. Шилийг хоосолж, зоос дахин тод сонсогдож байгааг харуул. Зарлигуудыг дагаж, нүглүүдээ наманчлах нь бидэнд Ариун Сүнсийг сонсоход тусалдаг гэдгийг гэрчил.

Зураг
муухай зүйлсээр дүүрсэн шилийг сэгсэрч буй хүүхэд

Сургаалыг биет үзүүлэнт хичээлтэй холбох нь хүүхдүүдэд хичээлийг санахад тусалдаг.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (санаагаа хуваалцах нь): Хүүхдүүдийг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрээс “Ариун Сүнс” дууллыг дуулах эсвэл үгийг нь хэлэх зуураа жижиг биетийг бие биендээ дамжуулахыг хүс. Гэнэт зогсоож, биетийг барьж байгаа хүүхдүүдээс Ариун Сүнсийг илүү тод сонсохын тулд хийх нэг зүйлийг хэлэхийг хүс. “Ариун Сүнс” дууллыг хамтдаа дуулж хичээлийг төгсгө.

Гуравдахь долоо хоног: Би ариун ёслолоос хүртсэнээр баптисмын гэрээнүүдээ шинэчилдэг.

Сургаалыг таньж мэд (зураг руу харах): Баптисм болон ариун ёслолын зургийг үзүүлж, энэ хоёр зураг хоорондоо хэрхэн холбогдож байгааг асуу. Бид баптисм хүртэхдээ Тэнгэрлэг Эцэгтэй гэрээнүүдийг хийдэг гэдгийг хүүхдүүдэд сануулж, бид ариун ёслолоос хүртэх үедээ баптисмын гэрээгээ шинэчилдэг гэдгийг тайлбарла.

Ойлголтыг урамшуулан дэмж (сонсох мөн ярилцах нь): Таныг ариун ёслолын залбирлын дараах өгүүлбэрүүдийг унших зуур өөрсөд рүүгээ эсвэл тэнгэр рүү зааж, амлалтыг хэн өгдөгийг тодорхойлохыг хүүхдүүдээс хүс (С ба Г 20:77-г үз): “өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авч”; “үргэлж түүнийг санаж”; “түүний зарлигуудыг дагаж”; “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж”. Өгүүлбэр бүрийн утгыг ярилц.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж(үйлдэл үзүүлэх нь): Хүүхдүүдээс ариун ёслолын залбирал дээр гардаг гэрээ бүрийг тэдэнд сануулах үйлдлийн тухай бодохыг хүс. Жишээлбэл, гараа зүрхэн дээр тавих (өөрсдөдөө Таны хүүгийн нэрийг авч); толгой руугаа заах (үргэлж түүнийг санаж); гараа ном шиг дэлгэх (түүний зарлигуудыг дагаж); өөрийгөө тэврэх (түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж). Дөрвөн амлалт бүрийг үйлдэлтэй нь хэд хэдэн удаа давт. Хүүхдүүдийг ариун ёслолын залбирлыг сонсохдоо тэдгээр үйлдлүүдийг оюун санаандаа бодож байхыг урамшуулан дэмж.

Зураг
үйлдэл хийж буй хүүхдүүд

Дөрөвдэх долоо хоног: Би наманчлах юм бол уучлагдаж чадна.

Сургаалыг таньж мэд (үгийг ойлгомжтой болгох нь): Наманчлах, уучлах гэдэг үгсийн утгыг тайлбарлахыг хүүхдүүдээс хүс. Анги бүрт дараах үгсийг тусад нь цаасан дээр бичиж, дугтуй дотор хийж өг: Би, наманчлах, юм, бол, уучлагдаж, чадна. Анги бүрийг тэдгээр үгсийг зөв байрлалд нь оруулахыг урь. Тэднийг дууссаны дараа хүүхдүүдээс өгүүлбэрийг хамтдаа хэлэхийг хүс.

Ойлголтыг урамшуулан дэмж (судрын түүхийг жүжиглэж үзүүлэх нь): Үрэлгэн хүүгийн (Лук 15:11–24-г үз) тухай түүхийг аль болох их үйлдэл хийж өөрийн үгээр ярьж өг (жишээлбэл, хоёр хүүг дүрсэлж хоёр хуруугаа өргөх, өлсгөлөн байдлыг дүрсэлж гэдсээ илэх). Хүүхдүүдээс түүхийг сонсож, таны үйлдлийг дагаж хийхийг хүс. Үрэлгэн хүүг төлөөлсөн зургийг үзүүлж, энэ түүхэн дээр гарч буй эцэг Тэнгэрлэг Эцэгтэй хэрхэн адил байгааг асуу. Энэхүү эцэгийн адил бидний Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд Өөр дээр нь эргэж ирэхийг биднээс хүсдэг төдийгүй хэрэв бид наманчлах юм бол бидний хийсэн буруу зүйл бүрийг уучлана гэдгийг тайлбарла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан (судар унших нь): Мозая 26:30-г уншихыг нэг хүүхдээс хүс. Хүүхдүүдээс хэн нэгэн хэр их уучлагддагийг олж сонсохыг хүс. Дараагийн удаа ямар нэгэн буруу зүйл хийсэн үедээ юу хийхээ бодохыг тэднээс хүс.