Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Долдугаар сар: Гэр бүл бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг


Долдугаар сар

Гэр бүл бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг

“Гэр бүл Бурханаас заяагддаг” (“Гэр бүл: дэлхий дахинаа өргөх тунхаг”, 7-р догол мөр).

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Тэнгэрлэг Эцэг намайг гэр бүлд ирэхийг төлөвлөсөн.

Сургаалыг таньж мэд: “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-г хүүхдүүдэд үзүүлж, энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь Өөрийн хүүхдүүдэд дэлхийд ирж, гэр бүлтэй болох боломжийг олгодог гэж заадгийг тайлбарла.

Ойлголтыг урамшуулан дэмж (зураг руу харах нь): Хүүхдүүдийг бүлэг болгон хувааж, бүлэг бүрт гэр бүлийн зургийг өг (жишээлбэл, Адам, Ева хоёр хүүхдүүддээ зааж байгаа [СМЗН, дугаар, 5], Христ Иайрийн охиныг өргөж байгаа [СМЗН, дугаар, 41], Лихайн гэр бүл амлагдсан нутагт ирж байгаа [СМЗН, дугаар, 71], залбирч байгаа гэр бүл [СМЗН, дугаар, 112]). Бүлэг бүрээс зурган дээрх гэр бүлийн гишүүдийг олохыг хүс. Бүлэг бүрээс өөрсдийн зургийг өөр бүлгүүдэд үзүүлж, эцэг, эх, хүүхдүүдийг олж заахыг хүс. Хүүхдүүдээс энэ гэр бүлд хэдэн хүн байгааг хуруугаараа үзүүлэхийг хүс. Тэдний гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг хэл.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж:Хөвгүүдийг босохыг хүс. Тэд нэгэн өдөр зөв шударга гэр бүлийн эцэг болж чадна гэдгийг тайлбарла. Цөөхөн хэдэн хөвгүүнээс сайн эцэг байхын тулд хийх ёстой зүйлийн талаар хэлэхийг хүс. Охидуудыг босохыг хүсч, тэд зөв шударга гэр бүлийн эх болж чадна гэдгийг тайлбарла. Тэдний цөөхөн хэдээс нь сайн эх болохын тулд хийх ёстой зарим зүйлсийн талаар хэлэхийг хүс. Одоо байгаа өөрсдийн гэр бүлд аз жаргал авчрахын тулд хийж чадах зүйлсийнхээ талаар хуваалцахыг тэднээс хүс.

Зураг
зураг барьж буй хүүхдүүд

Хэрэв та зураг болон бусад үзүүлэх материал ашиглавал хүүхдүүд илүү сайн сурч, удаан санах болно.

Хоёрдахь долоо хоног: Гэр бүлийн залбирал хийж, гэр бүлээрээ судар судалж, гэр бүлийн үдшийг хийх нь гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд маань тусална.

Зураг
багц савх барьж буй хүүхэд

Биет үзүүлэнт хичээлийг сонирхолтой хичээл зааж, хүүхдүүдийн анхаарлыг татаж, сайн мэдээний зарчмыг танилцуулахад ашиглаж болно.

Сургаалыг таньж мэд, ойлголтыг урамшуулан дэмж(биет үзүүлэнт хичээлийг үзэх нь): Хүүхдэд багц савх бариул. Тэдгээр савх нь гэр бүлийн гишүүдийг төлөөлж байгааг тайлбарла. Гурван цаасан дээр “гэр бүлийн залбирал”, “гэр бүлээрээ судар судлах”, “гэр бүлийн үдэш” гэж бич. Тэдгээр үйл ажиллагаанууд нь хэрхэн гэр бүлийг хүчирхэгжүүлж, гэр бүлийг хамтад нь байлгадагийг асуу. Хүүхдүүдээс савхнуудыг цаасаар ороохыг хүс. Эдгээр үйл ажиллагаанууд нь бидний гэр оронд болон амьдралд Сүнсийг урьж, биднийг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртуулж, гэр бүлийг илүү хүчирхэг болгодог гэдгийг тайлбарла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж(зураг зурах нь): Хүүхдүүдэд цаас өгч, тэднээс гэр бүлээрээ хамт хийсэн бөгөөд өөрсдийг нь хүчирхэгжүүлсэн үйл ажиллагаануудыг зурахыг хүс. Зурсан зургаа гэрийнхэнтэйгээ хуваалцахад нь тэднийг урамшуулан дэмж.

Гуравдахь долоо хоног: Санваар гэр бүлийг маань адисалж, хүчирхэгжүүлж чадна.

Сургаалыг таньж мэд (тааварт тоглоом тогло): Та тэдэнд гэр бүлүүдийг адисалж, хүчирхэгжүүлдэг ямар нэгэн зүйлийн талаар санаа өгнө гэж хүүхдүүдэд хэл. Хариултыг мэдсэн үедээ гараа өргөхийг тэднээс хүс. “Энэ зүйлтэй эцгүүд гэр бүлээ адисалж чадна”, “12 настай хөвгүүд үүнийг авч болно” зэрэг санваарын талаар зарим санааг өг. Хүүхдүүдийг зөв таасны дараа тэдэнтэй хамт “санваар гэр бүлийг маань адисалж, хүчирхэгжүүлж чадна” гэж хэл.

Ойлголтыг урамшуулан дэмж (санваарын тухай ярилцах нь): Хүүхдүүдээс санваартан хүмүүсийн хийж чаддаг зарим зүйлийг нэрлэхийг хүс (жишээлбэл, баптисм хүртээх, Ариун Сүнсний бэлэг өгөх, өвчтөнийг адислах, ариун ёслолыг түгээх). Тэдэнтэй ярилцах зуураа тэдгээр ёслолууд болон адислалуудын зургийг үзүүлж, хүүхдүүдэд эдгээр нь хэрхэн гэр бүлүүдийг адисалж, хүчирхэгжүүлдгийг ойлгоход нь тусал. Ариун сүмийн зураг үзүүл. Санваарын хамгийн агуу адислалуудын нэг нь ариун сүм орж, гэр бүлээрээ мөнхөд хамтдаа холбогдох гэдгийг тайлбарла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (санаагаа хуваалцах нь): Хэсэг хүүхдүүдээс босч зогсоод санваар тэдний гэр бүлийг адисалж, хүчирхэгжүүлсэн нэг эсвэл хоёр арга замыг хуваалцахыг хүс. Гэртээ гэр бүлийнхэнтэйгээ мөн хуваалцахыг урамшуулан дэмж.

Дөрөвдэх долоо хоног: Тэнгэрлэг Эцэг намайг ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлтэй болоосой гэж хүсдэг.

Сургаалыг таньж мэд (зураг үзэх нь): Хуримын хувцастайгаа ариун сүмийн өмнө зогсож байгаа хосын зургийг үзүүл. Хүүхдүүдээс Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг ариун сүмд гэрлээсэй гэж хүсдэгийг асуу. Биднийг ариун сүмд гэрлэсэн үед бидний гэр бүл мөнхөд хамтдаа байж чадна гэдгийг тайлбарла.

Зураг
хуримынхаа зургийг барьж байгаа хос

Ойлголтыг урамшуулан дэмж (гэрчлэл сонсох нь): Хэсэг багш нарыг гэрлэсэн хосын хамт урьж, ариун сүм болон ариун сүмийн гэрлэлтээс ирсэн адислалуудынхаа талаар хуваалцахыг хүс. Тэднийг санал бодлоо хуваалцах зуур хүүхдүүдээс тодорхой адислалуудыг олж сонсохыг хүс. Тэдгээр адислалуудыг самбар дээр жагсаа.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж: Цөөхөн хэдэн хүүхдээс босч зогсоод яагаад ариун сүмд гэрлэхийг хүсч байгаагаа мөн энэхүү адислалд бэлтгэхийн тулд одоо юу хийж чадахаа хуваалцахыг хүс.