2021
Дэлхийн зүйлсэд зовнихоо ялан дийл
2021 оны 3-р сар


Сургаал ба Гэрээ 37–40

Дэлхийн зүйлсэд зовнихоо ялан дийл

Дэлхийн зүйлсэд зовних нь Бурханы үгийг дагахад анхаарлыг маань сарниулах ёсгүй.

Зураг
man riding a bicycle in the city

Би дугуйгаа унан, бүхэл өдрийг ажил хайн, нэг бизнесээс нөгөө рүү орж өнгөрөөв.

Зургийг Лиам О’Фаррелл

Бидэнд агуу адислалууд амлагдсан ч Их Эзэний тааллыг эрэлхийлэхийн оронд дэлхийн зүйлсэд зовних аваас бид тэдгээр адислалаа алдах болно. Үүнийг Сэргээлтийн эхний үед амьдарч байсан нэгэн хүний туршлага тодорхой харуулдаг.

Дөч орчим жил өөр шашны тохинуулагч байсан Жеймс Ковилл сэргээгдсэн сайн мэдээг сонссоныхоо дараа “бошиглогч Иосефоор дамжуулан Их Эзэнээс түүнд өгч болох аливаа зарлигийг тэрээр дагах болно хэмээх гэрээнд Их Эзэнтэй оржээ” (Сургаал ба Гэрээ 39, хэсгийн оршил). Их Эзэн Иосефоор дамжуулан “Босогтун мөн баптисм хүрт, мөн миний нэрийг дуудан, нүглүүдээ угааж арилгагтун мөн чи миний Сүнсийг, мөн чи хэзээ ч мэдээгүй тийм агуу адислалыг хүлээж авах болно хэмээн хэлэх миний дуу хоолойг [сонс]” (Сургаал ба Гэрээ 39:10) хэмээн Ковиллд хэлсэн.

Гэвч удалгүй Ковилл “Их Эзэний үгийг эсэргүүцэж, мөн өөрийнхөө урьдын зарчмууд хийгээд хүмүүст эргэж [очжээ]” (Сургаал ба Гэрээ 40, хэсгийн оршил). Их Эзэн Ковиллын талаар ярихдаа “тэрээр үгийг баяртайгаар хүлээн авсан билээ, гэвч Сатан тэр даруйд түүнийг уруу татжээ; мөн мөрдлөг хавчлагаас айсан хийгээд дэлхийд санаа тавьсан нь үгийг эсэргүүцэхэд түүнийг хүргэжээ” (Сургаал ба Гэрээ 40:2) хэмээсэн байдаг. Дэлхийн зүйлсэд зовнисон учраас Ковилл Их Эзэний өөрт нь амласан адислалуудыг алдсан юм.

Би явах уу, үлдэх үү?

Дэлхийн зүйлсэд зовних нь Их Эзэнийг дуулгавартай дагахаас анхаарлыг маань сарниулах боломжийг олгох ёсгүй гэдгийг би амьдралдаа ухаарч мэдсэн. Би эцэг эх маань сайн мэдээг бидэнд маш сайн зааж, биднийг хайрлаж байсан нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ гэсэн хайрыг харуулдаг байсан гайхалтай, хайраар дүүрэн гэрт өсөж торнисон юм.

16 настай байхдаа би Нэгдсэн Улсын нэгэн эдлэнд, хэзээ нэгэн өдөр өөрийн гэсэн байшингаа барих боломж олгоно гэсэн нөхцөлтэйгөөр ажиллах урилга авав. Төрсөн нутаг Нидерланд маань жижигхэн, хүн ам ихтэй улс байсан тул энэ нь надад маш их таалагдаж билээ.

Үнэндээ, аавын талын өвөг дээдэс маань бүгд өөр газар амьдрах гэсэн надтай адил хүсэлтэй байсан. Тэд Голландын колони байсан Индонез рүү нүүсэн бөгөөд би яагаад гэдгийг нь бүрэн ойлгож байлаа. Индонези цаг агаар сайтай, байгаль нь үзэсгэлэнтэй бөгөөд газар нутаг нь өргөн уудам. Миний генд эцэг өвгөдийг маань өдөөсөн аялах хүсэл тэмүүлэл байв. Би ч бас амжилт, адал явдлыг хөөн, төрсөн нутгаа орхин явах уу?

Шийдвэрлэх тэр мөчид аав минь олон жилийн өмнө номлолынх нь ерөнхийлөгч Донован ван Дамын өөрт нь болон өөрийнх нь эгч дүү нарт хандан бичсэн захидлын хуулбарыг надад өгсөн юм. Ерөнхийлөгч ван Дам тэднээс Нидерландад үлдэж, тэнд Сүмийг өсгөн бэхжүүлэхийг хүссэн байв. Аав маань яг хэлснээр нь хийхээр шийдсэнээ хэлж билээ. Бүүмийн гэр бүлийн нэр уг захиан дээр байсан болохоор одоо юу хийхээ шийдэх миний ээлж болсон байв.

Дэлхийн 2-р дайны дараах он жилүүдэд Сүмийн олон гишүүн Америк, Канад руу цагаачилсан байжээ. Гишүүдийг төрсөн нутагтаа үлдэн, амьдарч байгаа газартаа Сүмийг хүчирхэгжүүлэхийг Сүмийн удирдагчид уриалсаар байхад хүртэл энэ явдал 1970-аад онд ч үргэлжилсээр байв. Би залбиран, энэ нь ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг бүрэн ойлгоогүй ч Нидерландад үлдэж, Сүмийг өсгөн бэхжүүлэхээр шийдсэн юм.

Шийдвэрүүд ба шийдвэрүүд

1970-аад оны сүүлээр ахлах сургуулиа төгсөх үед Нидерландын эдийн засаг хямралд орсон байв. Ажилгүйдлийн түвшин өндөр байсан. Ерөнхийдөө бүх зүйл бүүдгэр харагдаж байв. Сургууль төгсөгчдөд дараа нь юу хийхээ шийдэх их хэцүү байсан юм.

Аав маань салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байлаа. Тэр надтай хааяа бүрэн цагийн номлолд үйлчлэх боломжийн талаар ярьдаг байсан. Мэдээж, энэ нь хийж болох гайхалтай сайхан зүйл байв. Би бүхий л амьдралынхаа туршид үүнийг хүсэн хүлээж байсан.

Гэхдээ номлолд үйлчлэх нь ирээдүйд гэр бүлээ тэжээхэд хэрхэн тус нэмэр болохыг би харж чадахгүй байв. Би хүүхэд байхаасаа л амьдралынхаа ханийг нэгэн өдөр олж, хамтдаа гэр бүл зохиохыг маш их хүсдэг байсан.

Би тэр үед 17 настай байсан бөгөөд дараа нь юу хийхээ сайн мэдэхгүй байсан ч боловсролоо дээшлүүлэхээр шийдэв. Харин хэдэн долоо хоногийн дараа энэ чиглэлээр сурах нь намайг аз жаргалтай болгохгүй юм байна гэдгийг би олж мэдсэн. Тэр ч бүү хэл энэ нь намайг тогтвортой ажилтай болгох эсэхэд би эргэлзэж байлаа. Би сургуулиа хаях талаар бодов.

Гэвч аав, ээж хоёр минь үүнд дургүй байв. Хэрэв намайг ажилтай болбол сургуулиас гарч болно гэж тэд хэлж билээ. Санхүүгийн хямралаас болж, надад ажил олдохгүй гэж тэд бодсон байх л даа. Би дугуйгаа унан, бүхэл өдрийг нэг бизнесээс нөгөө рүү орон өнгөрөөдөг байв. Эцэст нь нэг компани намайг агуулахад ажиллуулахаар авсан юм.

Миний төлөвлөгөө

Би хэдийгээр түр зуурын ажилд орсон ч өөрийн гэсэн төлөвлөгөө надад байв. Би цагдаа болохыг хүсдэг байлаа. Төрийн байгууллагад ажилд орох нь ирээдүйд гэр бүлээ тэжээх тогтвортой ажилтай байх арга зам байсан бөгөөд бүх зүйл сайхан болох байв.

Би цагдаагийн сургуульд орох шалгалт өгөхөөр явсан өдрөө санаж байна. Би өглөө эрт галт тэргэнд сууж, өдөржингөө янз бүрийн шалгалт өгч билээ. Тэр өдрийн эцэст тэд намайг албан тасалгаандаа дуудав. Тэд надад бүх шалгалтыг давсан бөгөөд авахыг хүсэж байгаа ч 17 настай болохоор дэндүү залуухан байна гэж хэлсэн. Тэд надаас дараа жил ахиад шалгалт өгөхийг хүсэв.

Миний мөрөөдөл нурж, гэртээ харих замынхаа туршид “Одоо яах вэ?” гэж бодсоор явж билээ. Гэрт очиход аав минь миний сэтгэлээр унасан үгсийг сонсоод, надад адислал өгөхийг хүссэн юм. Их Эзэн надад бүх зүйл сайн сайхан болж, гайхамшиг тохион, намайг цагдаагийн сургуульд авна гэж хэлэх байх гэж би бодож байлаа. Харин тэгтэл оронд нь, хэрвээ намайг Өөрийг нь нэгд тавих сонголт хийх аваас үргэлж ширээн дээрээ талхтай, ирээдүйд гэр бүлээ тэжээх боломжтой байх болно гэж Их Эзэн хэлсэн юм.

Илүү сайн төлөвлөгөө

Зураг
map showing parts of Europe

Залбирлынхаа хариуд би хариултаа олж авсан бөгөөд Их Эзэнийг нэгд тавина гэдэг нь миний хувьд бүрэн цагийн номлолд үйлчлэх явдал байсан. Би үргэлж үүнийг хийхийг хүсдэг байсан ч энэ алхам хэрхэн дараагийн зам руу хөтлөхийг харж чадахгүй л байв. Нэгэнт номлолд үйлчлэх нь миний хийх ёстой зүйл байсныг мэдсэн тул би аль болох хурдан үйлчлэхийг хүсэж байлаа.

Тэр үед номлолын зардал голланд мөнгөөр 10000 гилдерс буюу нэг жилийн цалинтай тэнцэж байв. Би агуулахдаа үргэлжлүүлэн ажиллаж, 1981 оны зун гэхэд 10000 гилдерстэй болж билээ. Мөн 18 нас ч хүрэв. Салбарын ерөнхийлөгч байсан аав маань мөн дүүргийн болон номлолын ерөнхийлөгчид номлолд үйлчлэхэд дэндүү залуухан байна гэж надад хэлсэн. Тэр үед 19 нас хүрсэн байх ёстой байв. Гэхдээ би 18 насныхаа төрсөн өдрөөр эмч, шүдний эмч хоёр дээр ганцаараа очиж, тэднээр номлолын өргөдөл дээр бөглөх ёстой хэсгийг нь бөглүүлсэн.

Ямар ч байсан би удирдагчдын ярилцлагад орж, өргөдлөө өгч чадсан юм. Үүний дараа бид хүлээв. Аав минь салбарын ерөнхийлөгчийн хувьд захидал хүлээн авсныг би мэдээгүй байв. Намайг нас нь хүрээгүй гэсэн шалтгаанаар өргөдлийг маань түүн рүү буцаасан байлаа. Гэхдээ тэр үүнийг надтай хуваалцахыг хүсээгүй бөгөөд надад хэлэлгүй, хүрэмнийхээ халаасанд олон долоо хоног хадгалан авч явсан байжээ. Аз болоход тэр хооронд тэрээр өөр нэг захидал хүлээн авав. Үүнд хэрвээ залуу эрэгтэйчүүд сайн бэлтгэгдсэн бол Ах нар зарим нөхцөлд тэднийг эрт номлолд явуулахыг зөвшөөрнө гэж өгүүлсэн байлаа. Удалгүй би үйлчлэхээр дуудагдсан бөгөөд Английн Лондон Зүүн Номлолд хуваарилагдсан юм. Номлол маань миний амьдралын адислал болсон билээ.

Их Эзэнээс ирсэн адислалууд

Би номлолоосоо ирснээс хойш гурван сарын дараа амьдралынхаа ханьтай танилцсан. Жилийн дараа бид хоёр гэрлэж, Английн Лондон ариун сүмд лацдан холбуулсан юм. Эдийн засаг сайжраагүй байсан ч би ямар ч үед ажилтай байж, гэр бүлээ тэжээх боломжтой байв. Үргэлж ширээн дээр тавих талх, толгой хоргодох орон гэртэй байдаг байлаа.

Номлогч байхад “Учир нь та нар Бурханы зарлигуудыг дагахын хэрээр та нар уг нутагт дэгжих болно” (Алма 36:1) хэмээх судар миний хамгийн дуртай шүлгийн нэг болсон юм. Үүнийг удирдамжаа болгосноор би эцгийнхээ адил Нидерландад үлдэн, төрсөн нутагтаа Сүмийг өсгөн бэхжүүлэхээр шийдсэн.

Зураг
photograph of Elder Boom’s family

Ахлагч Бүүм болон Бүүм эгчийн гэр бүл 2019 онд. Үүнээс хойш бас нэгэн зээ охин төрсөн.

Өнөөдөр өсөж торнисон жижигхэн салбар маань миний ач зээ, хүүхдүүд олон найз нөхөдтэйгөө уулзаж, Хүүхдийн хэсгийн том ангид цуглардаг гайхалтай тойрог болж өсөв. Хөвгүүд маань сайн ажил мэргэжилтэй болж, ширээн дээрээ идэх талхтай байхаар адислагдсан. Миний гаргасан шийдвэр дараа дараагийн үед маань нөлөөлж, тэд ч бас өөрсдийн амьдралд Их Эзэнийг нэгд тавихыг хүсэж байгааг би хардаг.

Зөв шийдвэр бол дэлхийн зүйлсэд зовнихоо ялан дийлж, Тэнгэрлэг Эцэгийг эн тэргүүнд тавих явдал юм гэдгийг бага залуудаа сурсандаа би талархдаг. Тэрээр өөр ямар ч арга замаар олж авч чадахгүй байх байсан адислалуудыг надад өгсөн.