2021
Дуу хөгжмийг шүтлэг бишрэлийн төвд байлгах
2021 оны 3-р сар


Дуу хөгжмийг шүтлэг бишрэлийн төвд байлгах

Сүмд болон гэр оронд дуу хөгжим нь шүтлэг бишрэлийн төвд байсаар ирсэн бөгөөд цаашид ч тийм байх болно.

Зураг
family gathered around piano

Сүм зохион байгуулагдсанаас хойш хэдхэн долоо хоногийн дараа Их Эзэн Эмма Смитэд “миний сүмд байх, … намайг баярлуулах … сүмийн ариун дууллууд[ын] … түүвэр хий” (Сургаал ба Гэрээ 25:11) хэмээн зааварлажээ. Илчлэгдсэн сайн мэдээний үнэнээс суралцаж, Бурханыг магтан дуулахын тулд гэгээнтнүүдэд нэгдэн нийлэх арга зам хэрэгтэй байв. Мөн дууллууд шүтлэг бишрэл, сурч мэдэх явцын төв байх байлаа.

Олон жилийн өмнө манай гэр бүлийг Сүмд нэгдэхэд эцэг эх маань биднийг шинэ шашин шүтлэгийнхээ дуу хөгжмийг сурахад урамшуулан дэмжсэн. Би тэр үеийг тодхон санадаг.

  • “Prayer Is the Soul’s Sincere Desire” (Hymns, д. 145) гэдэг дууллыг бид гэр бүлээрээ хамт цээжилж байв.

  • “O My Father” (Hymns, no. 292) дууллыг сонсоод, би Тэнгэрлэг Эцэг, Эх байдаг юм байна, мөн Тэднийг хэзээ нэгэн өдөр харах юм байна гэдгийг ойлгож мэдсэн.

  • Хэдийгээр би цөлд амьдардаг, голт борыг огт харж байгаагүй ч Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16–17) дууг дуулахдаа Бурханы хайрыг мэдэрдэг байсан!

Хэдэн сарын өмнө буюу 2020 оны 2-р сарын сүүлээр ариун ёслолын цуглаан болж байлаа. Тойргийн маань хэдэн гишүүн хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд тойргийн найрал дууныхан “Бөт бөх суурь” (Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном, х. 6) дууллыг дуулахад би гүн тайтгарлыг мэдэрч билээ. Хэдэн долоо хоногийн дараа хорио цээр тогтоож, сүмийн үйл ажиллагаа цуцлагдан, газар хөдлөлт, доргилт зэрэг олныг цочроосон үйл явдлууд ар араасаа болж өнгөрсөн юм. Тэр мөчид дээрх сүмийн дуулал толгойд минь ахин орж ирэв.

Бүү ай! Бүү зов! Би чамтай хамт байх болно.

Чиний Бурхан би чамайг энэрэн ивээнэ.

Чамайг би ивээн, тусалж, зоригжуулна.

Миний шударга хүчит гараас хөтлөөрэй.

Заримдаа дэлхийг хамарсан болон хувийн бэрхшээл зовлон өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байгаа мэт санагддаг. Сүнслэг дуулал, Хүүхдийн хэсгийн дуу болон бусад ариун нандин дуу хөгжмийн сүнслэг тэжээл урьд урьдынхаас илүү их бидэнд хэрэгтэй болоод байна.

Зорилго, ач холбогдол нь өөрчлөгдөөгүй

Гэхдээ Сүмийн цуглааныг хоёр цагийн хуваарьт оруулан өөрчлөх үед зарим хүн шүтлэг бишрэлд дуу хөгжмийн оруулдаг хувь нэмэр багассан болов уу гэж бодсон байх. Үүнд “үгүй” гэж хариулмаар байна.

  1. Ариун нандин дуулал бол ариун ёслолын цуглаан бүрийн нэгэн хэсэг төдийгүй бидний зүрх сэтгэлийг ариун ёслолд бэлтгэхэд тусалдаг. Найрал дууг болон цугларагсдын дуулахыг мөн өөр бусад ариун нандин дуу хөгжмийг цуглааныг баяжуулах зорилгоор урьдынх шигээ цаашид хэвээр үлдээн төлөвлөж болно. КОВИД-19 цар тахлын үеэр ариун нандин дуу хөгжим нь дан хөгжмийн зэмсгийнх байсан ч богиносгосон ариун ёслолын цуглааны чухал хэсэг хэвээр байсан.

  2. Хүүхдүүд маань одоо Хүүхдийн хэсэгт өнгөрүүлдэг байсан цагийнхаа талыг нь дуу хөгжмөөр дамжуулан сайн мэдээг сурахад зарцуулдаг болов.

  3. Хоёр дахь цагаар насанд хүрэгчдийн болон өсвөр үеийнхний ангид нээлтийн эсвэл хаалтын дуу дуулахаа больсон. Гэхдээ зааж, сүнслэгээр өдөөхийн тулд дуу хөгжмийг цаашид ч хэрэглэж болно.

  4. Сүмийн Sacred Music аппликэйшныг ашиглан цахим төхөөрөмжөөр ариун нандин дуу хөгжмийг сонсох нь хэзээ хэзээнээс илүү амархан болоод байна.

Арай бага зааварчилж, арай илүү санаа тавих

Гэсэн хэдий ч зарим буруу ташаа ойлголт гарсан. Христийн амилсны баярын ням гарагт нэгэн багш Сайн мэдээний сургаалын ангидаа “Бид Ням гаргийн ангид дуу дуулах ёсгүйг би мэднэ л дээ, гэхдээ “Аврагч маань амьдыг мэднэ” дууллыг хамт дуулахыг би үнэхээр хүсэж байна” гэж хэлсэн. Тэр багш ганцаараа буруу ойлгоогүй байх.

Үнэндээ дуу хөгжим нь урьдын адил бидний шүтлэг бишрэлийн чухал хэсэг хэвээр байгаа. Сүмийн дууллын болон хүүхдийн дууны цуглуулгад гаргах гэж байгаа түүхэн шинэчлэлтийг хараарай. Тэрхүү ажлын нэгэн хэсэг болгон дэлхий даяарх гишүүд маань 16000 шинэ дуулал, дуу болон дууны үг явуулжээ.

Гэхдээ ням гаргийн цуглааны зарим хичээлд дуу дуулах цаг бага болсон тул бид дуу хөгжмийг төлөвлөж, ашиглахдаа илүү бодолтой, зорилготой байх хэрэгтэй.

Зураг
group of children singing

Дараах хоёр түлхүүр зарчим бидэнд дуу хөгжмийг шүтлэг бишрэлийнхээ төвд байлгахад тусална. Үүнд:

1. Заахад юугаар ч орлуулах боломжгүй зүйл

Бид гэртээ болон сүм дээр сайн мэдээний захиасыг хүргэх үндсэн арга зам бол яриа, хэлэлцүүлэг хоёр гэж бодож байж болох юм. Бид мөн ихэнх цагаа энэ хоёр хэсэгт зарцуулж байж болно. Гэхдээ дуу хөгжим бол чимэх төдий зүйл биш ээ. Энэ нь хүч эрх мэдлээр мөн Сүнсээр заах үйл явцын гол цөм юм.

Төлөөлөгч Паул эртний гэгээнтнүүдэд “Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай” (Колоссай 3:16) хэмээн зөвлөсөн байдаг.

Дуу хөгжим нь хичээл, цуглаанд Сүнсийг тэр даруй авчирч чадна. Ням гаргийн ангийн эсвэл Ирээд, Намайг дага гарын авлагаас заах хичээлийн хэлэлцүүлгийн үеэр дуулах дууг аль судрыг уншихаа эсвэл хичээлийн аль хэсгийг хуваалцахаа сонгодогтой адил бодож, залбирч байж сонговол зохино. Залбирч байгаад сонгосон дуу хөгжим зүрх сэтгэлийг хөндөж, амьдралын туршид мартагдахгүй сүнслэг сэтгэгдлийг үлдээж болох юм.

2. “Надад хандсан залбирал бөлгөө”

Заримдаа цөхөрч, өмнөх зам маань тодорхойгүй байх цаг үе бид бүхэнд тулгарч болох юм. Харин заримдаа тэнгэр өөд хандан, яаралтай тусламж хэрэгтэй байгаагаа илэрхийлээд байхад ямар ч хариулт, шийдэл өгөхгүй байгаа мэт бидэнд санагдаж болох юм. Ийм үед Бурхан бидэнд санаа тавьдаггүй эсвэл бид Түүний хайр халамжийг хүртэх зохистой биш юм байна гэсэн бодолд уруу татагдах нь амархан байж болно. Тэр ч бүү хэл, заримдаа залбирахаа болимоор ч санагдаж магадгүй.

Тэнгэртэй сүнслэг байдлаар холбогдохгүй байгаа үедээ, ариун нандин дуу хөгжим нь үнэндээ залбирлын нэг хэлбэр байж болох юм гэсэн тайтгарал авчрах үнэнийг санаарай. Их Эзэн манай Сүмийн анхны дууллын номыг хийх ажлыг Өөрийн биеэр Эммад даалгахдаа, “Зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай; тийм ээ, зөв шударгыг үйлдэгчдийн дуу нь надад хандсан залбирал бөлгөө” (Сургаал ба Гэрээ 25:12; тодотгол нэмэгдсэн) гэдгийг тайлбарласан.

Биднийг зүрх сэтгэлийнхээ дууг Их Эзэнд чин сэтгэлээсээ өргөх үед Тэрээр үргэлж адислалаар хариулахаа ийн амлажээ. “Мөн энэ нь тэдний тэргүүн дээр адислалаар хариулагдах болно. Иймийн тул, зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун” (Сургаал ба Гэрээ 25:12–13).

Амьдралынхаа нэгэн хэцүү цаг үед би чин сэтгэлийн угаас өргөсөн залбирлынхаа хариултыг маш удаан хугацааны туршид ялган таньж чадахгүй байсан юм. Дотнын найз минь бас л өөрийн гэсэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байлаа. Гэхдээ бид хоёр дуулал болон сайн мэдээний тухай дуунуудыг хамтдаа тоглож, дуулах үедээ хэмжээлшгүй их тайтгарал, гэрчлэлийн мэдрэмжийг авдаг байсан. Би Их Эзэн амлалтаа биелүүлж байсныг нь одоо ойлгодог. Тэр миний зүрх сэтгэлийн дуугаар ахин дахин хариулж байсан. Энэ нь үнэхээр надад өөдрөг байж, урагш явахад тусалсан билээ.

Зураг
young woman visiting a cemetery

Photograph by Robert Casey

Аль ч ням гарагт

Аль ч ням гарагт, манай цуглаанд ирсэн болон ангид сууж байгаа зарим хүн мөн гэр бүлийн маань зарим хүн хувийн асар их зовлон бэрхшээлд унасан сууж байгаа гэдэгт баттай итгэж болно. Зарим нь амар амгалангийн хөндийд адислалаар бялхаж байж болно. Харин зарим нь сайн мэдээний үндсэн үнэнүүдийг дөнгөж сурч байх болно.

Бид дуу хөгжмийг шүтлэг бишрэлийнхээ төвд, байх ёстой байранд нь байлгах юм бол Сүнсийг мэдэрч, сайн мэдээний үнэнүүдээс суралцаж, сайн сайхных нь төлөө Их Эзэнийг магтан дуулах боломж олоход нь бүх хүнд тусалж чадна. Зөвхөн биднийг хайрладаг, мөнхийн Эцэгийн чадах арга замаар зүрх сэтгэлийн дуугаараа хариултаа авахад нь бид бүх хүнд туслах боломжтой.