2021
“Би диваажин руу явахыг хүсэж байна”
2021 оны 3-р сар


“Би диваажин руу явахыг хүсэж байна”

Би энэхүү шинэ замын тухай асуухаар Бурханд хандан залбирч байхдаа, олж мэдсэн үнэнийхээ талаар илүү их итгэл үнэмшлийг мэдэрсэн.

Зураг
sun breaking through clouds

Загвар өмсөгчдийн оролцоотой авсан гэрэл зургийг Getty Images-ээс авав

Би өөр сүмийн итгэлтэй гишүүн байсан бөгөөд гэмээ цагаатгах ертөнцийн тухай сургаалыг судалж эхэлсэн байв. Энэ нь хүний бодгаль биеэ үхсэний дараа шоронтой адил газар шороонд ордог бөгөөд диваажинд очихынхоо өмнө тэндээ ариусгагдсан байх ёстой гэсэн санааг заадаг.

Би гэмээ цагаатгах ертөнц дэх бодгалиудын зовлон шаналлын талаар бодох үедээ өөрийн сүнслэг ирээдүй, Есүс Христ бид хоёрын хоорондын харилцааны талаар эргэцүүлэн бодсон юм. Би эхлээд “Гэмээ цагаатгах ертөнцөд очихгүйн тулд юу хийх ёстой вэ? Би диваажин руу орохыг хүсэж байна” гэж залбирч билээ.

Хамгийн эхлээд Арван зарлигийн дагуу амьдрах хэрэгтэй гэсэн бодол санаанд орж ирэв. Хэрэв би тэдгээрийн дагуу амьдарвал Их Эзэний ач ивээл гэмээ цагаатгах ертөнцөд очихоос зайлсхийх боломж олгоно гэж надад бодогдсон. Би зарлигуудын дагуу амьдрах шийдвэр гарган, хэсэг хугацаанд маш эрчимтэй мацаг барьж, залбиран, судраас суралцаж, бясалгаж эхэлсэн юм.

Энэ үеэр би ерөнхий нягтлангаар ажилладаг байсан эмнэлгийнхээ нэг эмчид хачирхалтай асуулт тавь гэсэн өдөөлтийг мэдэрч билээ.

“Тибаут эмч ээ, танай сүмд Их Эзэн Есүс Христ байдаг уу?” гэж би асуув.

Тэрээр өөрийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд явдаг гэж хэлсэн юм. Тэр мөчөөс эхлэн Сүнс бидний яриаг удирдан хөтөлсөн. Намайг түүний болон өөрийн сүмийн хоорондын ялгааны талаар асуухад тэр надад Мормоны Номын тухай ярив. Ярилцлага цааш өрнөх явцад зүрх сэтгэл минь асар их баяр баяслаар дүүрч билээ. Би залбирлынхаа хариултыг хүлээн авч байгаагаа мэдэрсэн.

Хоёр өдрийн дараа номлогчид надад Мормоны Ном өгсөн бөгөөд би уг номыг тэдэнтэй хамт уншиж, судлав. Судраас шинэлэг зүйл сурч байгаа маань гайхалтай сайхан зүйл болохыг би олж мэдсэн. Би бас мэргэн ухааны үгийг дагах болов.

Маш идэвхтэй оролцдог байсан сүм маань сонирхол татахаа больсныг ухааран ойлгохдоо би юу болж байгаа талаар бодож үзэв. Би энэ шинэ замын талаар Бурханаас залбиран асуусан юм. Ийн залбирснаар би олж мэдсэн үнэнийхээ талаар илүү их итгэл үнэмшлийг мэдэрсэн. Хавчлага гадуурхалтай тулгарна гэдгээ мэдэж байсан ч би Сүмд нэгдэхээр шийдэв.

Хавчлага гадуурхалтай тулгарсан ч Их Эзэн намайг хүчирхэгжүүлсэн. “Би диваажин руу явахыг хүсэж байна” гэсэн залбирлын маань хариу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байсан гэдгийг би мэднэ. Би Бурханы зарлигуудад үнэнч хэвээр үлдвэл, нас барсныхаа дараа тэнд очно гэдгээ мэднэ.