2021
Жэйн аян замынхаа туршид баяр баясгалантай байв
2021 оны 3-р сар


Сэргээлтийн ҮЕИЙН АНХДАГЧ эмэгтэйчүүд

Жэйн аян замынхаа туршид баяр баясгалантай байв

Бид Жэйн Маннинг Жэймсийн адилаар аяллаа итгэл төгс дуусгахаар шийдсэн үү?

Зураг
illustration of Jane Manning James

Зургийг Тони Ока

Жэйн Маннинг Жэймс алхаж явахдаа эцэж цуцсан байсан ч зогсохыг хүсээгүй.

Түүний том хүү Силвэстр тэрэгний хажууд дагаад алхаж чадахуйц том болсон байв. Харин аян замд төрсөн нялх хүү Сайласыгаа тэвэрч явахаас өөр арга байсангүй. Энэ нь 1847 он байсан бөгөөд Жэймсийн гэр бүлийнхэн Агуу Солт Лэйкийн хөндийд ирэх анхдагчдын дунд удахгүй зогсох болно.

Жэйн хол аялж байсан туршлагатай нэгэн байв.

Дөрвөн жилийн өмнө түүний гэр бүлийнхэн баруун хилийн заагт байх Наувугийн гэгээнтнүүдтэй нэгдэхийн тулд зүүн бус нутаг дахь гэр орноо орхин иржээ. Уг аялал нь голоор цөөн хэдэн өдөр явж хүрэх ёстой байв. Гэхдээ тэр үед Америкийн Нэгдсэн Улсад олон хар арьстай хүн боол байсан тул Жэйний гэр бүлийнхэнд эрх чөлөөтэй гэдгээ батлах бичиг баримтыг байнга үзүүлэх хэрэг гарч байлаа. Мөн зарим бүс нутагт өнгөт арьстай хүмүүсийг газар нутгаараа аялуулахыг хориглосон хатуу хуультай байдаг байсан бөгөөд зөрчсөн хүн бүрийг 500 хүртэлх доллараар торгодог байв.

Магадгүй ийм өндөр торгуулийн улмаас эсвэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болж усан онгоцны багийнхан Жэйнийг болон түүний гэр бүлийнхнийг цааш авч явахаас татгалзжээ. Тэд шантралгүй, ихэнх эд хөрөнгөө орхиод, дааж чадах хэмжээгээрээ авч яван, явган алхах болов.

Жэйний гэр бүл 800 гаруй бээр (1287 км) алхсан юм. Тэд чийглэг өдрүүдэд ч тас харанхуй шөнөөр ч алхаж байв. Нэг өдөр бүр ой шугуйгаар алхаж, задгай тэнгэрийн доор унтжээ. Сэрэхэд хувцас нь цантаж цагаан болсон байлаа.

Жэйн “Гутал маань элэгдэж, хөл маань өвдөж, хагаран, цус гартал бид алхсан. … Бид Бурхан Мөнхийн Эцэгээс хөлийг маань эдгээхийг гуйсан бөгөөд залбирлыг маань хариулсан”1 гэж дурсан өгүүлжээ.

Энэ хүнд хэцүү аян замыг туулахдаа Жэйн эцэг эх, ах эгч, дүү нартайгаа хамт сүмийн дуулал дуулж, Бурханыг магтан дуулж байсан. Эцэст нь, тэд гурван сар шахам алхсаны дараа Наувуд иржээ. Олон жилийн дараа итгэлтэй гэгээнтнүүдийг тал газрыг туулахаар явах үед Жэйн уг аян замыг тавьсан эхний анхдагчдын дунд байв.