2021
Шалаа шүүрдэх нь надад эх хүн байх талаар юу заасан тухай
2021 оны 3-р сар


Эцэг эхчүүдэд өгөх тусламж

Шалаа шүүрдэх нь надад эх хүн байх талаар юу заасан тухай

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Хүүхдүүдийн маань хийдэг гэрийн ажил залбирлынхаа хариултыг авахад надад тусалсан юм.

Зураг
children cleaning a floor with brooms and a mop

Зургийг Дэвид Грийн

Би нэг өглөө ихэд сэтгэлээр унасан байдалтай сэрлээ. Эх хүний хувьд үүрэх миний үүрэг хариуцлага хүнд байсан бөгөөд би өөрийнхөө сул талыг маш сайн мэддэг байв. Ийм л эх хүн болно доо гэсэн миний төсөөлөл, бодит амьдрал дээрх байгаа байдал хоёр маань хоорондоо асар их ялгаатай санагдаж байлаа.

Би өвдөг сөгдөн залбирч, Тэнгэрлэг Эцэгийг хэчнээн их хайрладгаа Түүнд хэлэв. Манай гэр бүлийг адислан, бидэнд заяасан хүүхдүүдэд нь би хэчнээн их хайртайгаа бас Түүнд хэлсэн. Харин дараа нь би сайн эх байхыг хичээж байгаа ч хангалттай сайн байж чадахгүй байгаа юм шиг санагдаж байгаагаа Түүнд хэлж эхэлсэн юм. Залбирч байхдаа би Бурхан энэ хүүхдүүдийг Өөрөө өсгөчихдөг бол тэд ямар сайн хүүхдүүд болох талаар бодлоо.

Тэгтэл нэгэн дүр зураг бодолд маань орж ирэв. Би хүүхдүүдээ гал тогооны шалаа шүүрдэж байгаагаар төсөөллөө. Энэ нь гэр орны ажилд туслан хийх ёстой олон ажлын нэг байв. Тэд дөнгөж шал шүүрдэж сурч байгаа бөгөөд олон хэсгийг шүүрдэлгүй орхидог тул шал шүүрдэхийг нь харах заримдаа хэцүү байсан. Надад тэдэнд зориулсан алсын хараа байгаа учраас би тэднээр энэ ажлыг төдийгүй өдөр тутмын гэрийн бусад ажлыг ч хийлгэж байв. Эдгээр төгс биш ч гэлээ бүх дасгал сургуулилтаар тэд олон зүйл сурч мэдэн, өсөн хөгжинө гэдгийг би мэднэ. Яваандаа тэд яг над шиг хурдан, сайн хийж чаддаг болно. Бүхнийг өөрөө хийхийн оронд тэдний хариуцлагатай, биеэ даасан байхыг ийнхүү төсөөлөн бодоход надад асар их сэтгэл ханамж өгч байлаа. Би хүүхдүүдээ богино хугацаанд амжилт олоход нь биш, харин урт удаан хугацаанд амжилттай явахад нь туслахыг хичээн, өсгөн хүмүүжүүлж байгаа.

Бидний тэнгэрлэг эцэг эх ч гэсэн надтай адил боддог болов уу гэсэн бодол надад орж ирсэн. Тэнгэрлэг Эцэг маань биднийг төгс эцэг эх байж чадахгүй гэдгийг мэддэг. Бидний хийдэг зарим зүйл Түүнийг толгой сэгсрэхэд хүргэдэг байж магадгүй ч Тэр сурч мэдэн, өсөж хөгжиж байгааг маань мэддэг тул эцэг эх байх боломжийг бидэнд олгодог. Түүнд эцсийн, урт хугацааны алсын хараа бий. Тэр хэзээ нэгэн цагт Өөртэй нь адил эцэг эх болж, бүрэн дүүрэн хайрлаж, үр өгөөжтэй заан, төгс үлгэр жишээ үзүүлж чадна хэмээн биднийг төсөөлөн хардаг. Биднийг бүдчин унахдаа тэвчээр, энэрэл зэрэг зан чанарыг хөгжүүлж байгааг Тэр мэддэг. Тиймээс Тэр Өөрийн мэргэн ухаанаар биднийг үүргээ гүйцэтгэж, алдаж онон, дахин оролдож үзэх боломжийг олгодог.

Би төгс эх хүн болохыг ямар их хүсдэг гээч! Иосеф Смитийн бичсэнээр, “удаа дараа олон мунхаг алдаа” (Иосеф Смит—Түүх 1:28) гаргаж байгаагаа би ухаардаг. Гэвч Бурхан миний зүрх сэтгэлийг ойлгодог гэдгийг мэдэх нь намайг тайтгаруулдаг. Энэ нь Тэрээр сурах гэж хичээж байгааг маань мэддэг гэсэн үг юм. Хүүхдүүд маань “Би үүнийг яаж илүү сайн хийх вэ?” гэж асуун, сайжрахыг хүсэж байгааг нь харахдаа би баярладаг. Би ч гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хувьд ийм байж чадна.

Эдгээр бодол толгойд орж ирэхэд надад сэтгэлээр унах өөр нэг зүйл гарч ирэв. “Эх хүний хувьд гаргасан алдаа маань хүүхдүүдэд маань хор уршиг үзүүлбэл яах вэ?” гэж би асуусан. “Би энэ үйл явцын дунд гайхалтай сайхан нэгэн болох байсан ч тэднийг доош татаж чангаахыг бас хүсэхгүй байна” гэж би хэлж билээ.

Тэр үед хүүхдүүдийн маань цэвэрлэгээ хийж байгаа дүр зураг миний бодолд дахин орж ирэв. Охин маань шалаа чадлынхаа хэрээр сайн гэгч угаасныхаа дараа тоглохоор эсвэл өөр нэг юм цэвэрлэхээр яаран явсан хойгуур би түүний цэвэрлээгүй орхисон халтар хэсгүүдийг угааж байгаагаар бодсон. Тэр үед би амьдралын ярвигтай асуудал бүрийг барагдуулдаг Цагаатгалыг үйлдсэн, Есүс Христийн дуусашгүй нигүүлсэл, хүчийн талаар бодож билээ. Түүний ач ивээл эх хүний хувьд миний гаргасан алдаа дутагдлыг нөхдөгийн адил миний алдаа дутагдлаас болж үүрэх хүүхдүүдийн маань зовлон шаналлыг ч гэсэн нөхдөг. Бидний хэн ч ухааран ойлгох боломжгүй тийм арга замаар Түүний Цагаатгал тэр бүхнийг эдгээж чадна.

Би тэр өдөр хүлээн авсан хувийн илчлэлтээсээ асар их тайтгарлыг хүлээн авсан. Их Эзэнтэй хамтран, чадлынхаа хэрээр гаргасан хичээл зүтгэл маань хангалттай болохыг Сүнс надад заахыг би мэдэрсэн. Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдийн минь амьдралд бага багаар үргэлжлүүлэн оролцож, миний хийсэн төгс бус зүйлсийг төгс төгөлдөр болгоно гэдгийг би мэднэ. Түүний тусламжтайгаар миний хүүхдүүд хэзээ нэгэн цагт анхнаасаа л Тэнгэрлэг Эцэг Эхээр өсгүүлсэн мэт өөрсдийнхөө гэрлийг хурц тод гэрэлтүүлж чадна. Харин энэ үйл явц дунд Түүний төлөвлөгөө намайг өөрчилсөн байх буюу Түүнтэй илүү адил болгохын тулд ариусгаж, хэвэнд оруулсан байх болно. Бурханы маань мэргэн ухаан хэчнээн агуу билээ!