2021
Христийн дүүрэн чанарыг эрэлхийлэх нь
2021 оны 3-р сар


Христийн дүүрэн чанарыг эрэлхийлэх

2020 оны 2-р сарын 9-нд АНУ-ын Калифорниа мужийн Стэнфордод болсон олон бүсийн залуучуудад зориулсан онцгой хуралдаанд хэлсэн “The Measure of the Stature of the Fulness of Christ” үгээс авав.

Христийн амилсны энэхүү баярын үеэр Есүс Христэд очиж, амар амгалангийн үгсийг шивнэн урамшуулах дуу хоолойг эрэлхийл.

Зураг
Jesus with arms outstretched

Бүү ай, Майкл Моом

Та нарын хүн нэг бүрийн Христийн “дүүрэн” чанарыг (Ефес 4:13-ыг үзнэ үү) эрэлхийлэхдээ туулах аян замын талаар бодож явдаг цөөн хэдэн зүйлээ хуваалцах боломжийг надад олгоно уу. Эдгээр нь амьдралаа босгож байгаа энэ цаг мөчид тань төдийгүй та нарын нөхцөл байдалд ашиг тусаа өгөх байх хэмээн би найдаж байна.

Та нарын зарим нь хүсэж байгаа газраа очсон буюу ядаж л амьдралдаа хаана хүрэхийг хүсэж байгаагаа мэднэ. Та нарын зарим нь маш ихээр адислагдсан мөн өмнө тань гайхалтай сайхан сонголтууд байгаа нь харагдаж байна. Харин зарим нь яг энэ цаг үед ямар нэгэн шалтгаанаар бусдаасаа азгүй, өмнөх замд нь сайхан боломж бололцоо бага байна гэж бодож байгаа.

Гэхдээ та нараас хаашаа ч явж, хүрэх газраа хүрэх замдаа саад бэрхшээлээ яаж ч даван тууллаа гэсэн зорьсон газартаа хүрч; Аврагч, Есүс Христэд ирэхийн тулд хувийн аз жаргал, хүчтэй талаа олон; эцсийн зорилго, амжилтад хүргэх анхны чухал алхмаа хийнэ үү хэмээн би гуйж байна (1 Нифай 10:18; 2 Нифай 26:33; Омнай 1:26; Сургаал ба Гэрээ 18:11-ийг үзнэ үү).

Хэрвээ “Чи хааччихав аа?” гэдэг асуултад (Moсе 4:15) “Их Эзэн, таны байгаа газарт” гэж хариулах аваас энэ бүхэн таных болох боломжтой.

Амьдрал хүнд хэцүү байж болно. Бидэнд зовлон, харуусал гуниг, бодит асуудлууд тулгардаг. Бидэнд сэтгэлээр унах, шаналах, сайн муу төрөл бүрийн үйл явдал тохиолддог. Гэхдээ Их Эзэн болон бошиглогчид эдгээр бэрхшээлтэй хэрхэн нүүр тулах талаар хангалттай их урам өгөх үгс хэлсэн.

“Амар амгалангаа Би та нарт үлдээнэ”

Аврагч Гетсеманид болон Калварид шаналал, зовлонг туулахаар явах байсан ч шавь нараа ерөөн хэлсэн үгс нь сэтгэлийг хамгийн их хөнддөг. Тэрхүү, дэлхийн түүхэнд тохиож байсан мөн ахин хэзээ ч тохиохгүй хамгийн агуу зовлон шаналлыг амсах тэр орой Аврагч “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амгалангаа та нарт өгнө. … Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иoхан 14:27) хэмээн хэлсэн билээ.

Хамгийн их зовж шаналсан үедээ амьдралыг ямар гайхалтайгаар харсан байна вэ! Тэр Өөрт нүүрлэж байгаа зүйлийг мэдсээр байж яаж ингэж хэлж чадсан бэ? Тэр Өөрөө Сүм бөгөөд сайн мэдээ аз жаргалтай төгсдөг учраас Тэр ингэж хэлж чадсан юм. Бидний хувьд аль хэдийн ялсан. Тэр алсыг харж, том зургаа хуваалцаж байгаа юм.

Гэхдээ бидний заримд ямар нэгэн байдлаар тайтгарал, тусламж авах нь буруу, ямар нэгэн зүйлийн талаар үргэлж зовж байх ёстой гэсэн пуританчуудын бодол өвлөгдөн үлдсэн бололтой. “Христийн дүүрэн чанарын хэмжээг” (Ефес 4:13) олж авах замдаа “зоригтой байгтун” (Иохан 16:33) гэсэн зарлигийг бусад талаараа итгэлтэй байдаг хожмын үеийн гэгээнтнүүд ч гэсэн бараг бүгд зүрх сэтгэлдээ дагадаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин Их Эзэний нигүүлсэнгүй сэтгэлийг үүнээс илүү шаналгах зүйл байхгүй биз ээ.

Хүүхдүүдийн маань нэг нь амьдралдаа ямар нэгэн байдлаар хэрэг түвэгт холбогдож, зовбол эсвэл дуулгаваргүй байвал би маш их зовох ч гэлээ тэр үед хүүхэд маань намайг тусална гэдэгт итгэхгүй юм уу миний хувьд өөрийнх нь ашиг сонирхол чухал биш эсвэл надад даатгаж болохгүй гэж бодож байгааг мэдэх юм бол би бүр ч их сэтгэлээр унах байсан.

Иймээс хүмүүс Бурхан Эцэг, Түүний Хүү, дэлхийн Аврагчийн хайр халамжид итгэдэггүй, мутарт нь аюулгүй байгаа гэж боддоггүй эсвэл зарлигуудад нь итгэж найдахгүй байгааг харах нь Тэдний хайр энэрлээр дүүрэн зүрх сэтгэлийг ямар гүн шархлуулдгийг бидний хэн нь ч төсөөлж чадахгүй гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Найзууд аа, гагцхүү энэ шалтгааны улмаас л бид баяр хөөртэй байвал зохино!

Түүний “ач ивээл хангалттай”

Христийг болон Түүний дүүрэн чанарын хэмжээг эрэлхийлэх талаарх өөр нэгэн зөвлөгөөг Есүс 5000 хүнийг таван талх, хоёр загасаар хооллосон гайхамшгийн дараа өгдөг. (Дашрамд хэлэхэд, та нарт туслах Христийн гайхамшиг дуусна гэж бүү санаа зов. Түүний “ач ивээл хангалттай” [2 Коринт 12:9]. Энэ нь энэхүү гайхамшгаас авах сүнслэг хийгээд мөнхийн сургамж юм. Тэрээр адислалуудаа харамгүй тараасан ч цаана нь олон сагс үлдэнэ! Итгэж, Түүний өгөх “амийн талхнаас” хүрт! [Иохан 6:35].)

Есүс цугларсан олныг хооллосныхоо дараа тэднийг явуулж, Галилын тэнгисийн нөгөө тал руу гатлахаар шавь нараа загасчны завинд суулгав. Тэгээд Тэр “залбирахаар уул өөд ганцаараа явжээ” (Матай 14:23).

Шавь нарыг нь завинд сууж явах үед орой болж байсан бөгөөд шөнө нь шуургатай байв. Салхи эхнээсээ л хүчтэй байсан бололтой. Салхитай байсан тул тэд далбаагаа босголгүй дан ганц сэлүүрээрээ сэлүүрдэж, маш их хөдөлмөрлөсөн байх.

“Шөнийн дөрөвдүгээр манааны үед” (Матай 14:25) буюу шөнө 3:00-аас 6:00 цагийн хооронд тэд цөөн хэдхэн бээр явсан байсан тул бид энэ талаар мэднэ (Иохан 6:19-ийг үзнэ үү). Яг тэр үед усан онгоц жинхэнэ хүчтэй шуурганд өртсөн.

Гэхдээ Христ тэднийг үргэлж харж хандаж байв. Тэдний бэрхшээлийг хараад, Аврагч завь руу шууд хүрч очин туслахаар давалгаан дээгүүр алхсан.

Зураг
Jesus Christ helping Peter up out of the stormy seas

Итгэлийг Төгсгөгч, Ж.Алан Баррэтт

“Бүү ай”

Хамгийн хүнд бэрх мөчдөө шавь нар нь толгойгоо өндийлгөөд, тэнгисийн толин дээгүүр гайхамшигт нэгэн хүмүүн хүрмээ салхинд хийсгэсээр тэдэн рүү дөхөн ирж байгааг харанхуйд харав. Давалгаан дээр хий үзэгдэл байна гэж айсандаа тэд дуу алджээ. Тэгээд шуурга, харанхуйн дунд—далай тэнгис асар том, завь нь өчүүхэн жижигхэн мэт санагдах үед—Эзэний: “Би байна; бүү ай” (Матай 14:27) гэх тайвшруулах эцсийн, амар амгаланг айлдсан үгсийг сонсов.

Судрын энэ түүх Христэд ирж, Түүний дүүрлийг эрэлхийлэхийг эсвэл Тэрээр уг дүүргэлтийг авчрахаар бидэнд ирснийг сануулдаг тул энэхүү анхны алхам нь асар их айдас төрүүлж болох юм. Ийм байх ёсгүй ч заримдаа айдас төрдөг. Сайн мэдээний хамгийн агуу логик зөрчилдөөний нэг бол бидний хүлээн авдаг тусламж дэмжлэг, аюулгүй байдлын эх сурвалж нь мөнх бус амьдралд сул дорой байдлаасаа болж зугтаж байж болох зүйл маань байдаг явдал юм.

Сонирхогчид ямар нэг шалтгаанаар баптисм хүртэхээс зугтаж байхыг би харсан. Би ахлагчид номлолын дуудлагаас, хосууд гэрлэлтээс, гишүүд хэцүү дуудлагаас зугтаж байхыг харж байсан. Бас би хүмүүс Сүмийн гишүүнчлэлээсээ зугтаж байхыг харсан.

Чухамхүү биднийг аварч, тайвшруулах тэр зүйлээс бид ихэвчлэн зугтдаг. Түүнчлэн сайн мэдээний дагуу хийнэ хэмээн амладаг зүйлийг айж явах ёстой зүйл хэмээн бодож, яваандаа орхиж байхыг бид олонтоо хардаг.

Ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) “Насанд хүрсэн хүн бүрийн амьдралд өөдөөс сөрөн шуурах салхи, аюулт тэнгис далайн шуурганд шидэгдэх завиар аялагчдад тохиолддогийн адил үйл явдал тохиолддог. Ихэнх тохиолдолд тэд зүдэргээт, аюулт шөнө дөлөөр тусламж ирэхэд хэт оройтсон гэж үзэх, дараа нь аврах тусламж ирэх үед үүнийг бүр ч аюултай зүйл хэмээн харах нь олонтоо. [Гэхдээ,] ширүүн давалгаат усан дунд [эдгээр шавьд] ирсний адилаар, итгэлтэй хөдөлмөрлөсөн бүх хүнд Чөлөөлөгчийн—‘Би байна; Бүү ай’ хэмээх дуу хоолой сонсогддог”1 гэж хэлсэн.

Түүнд ирэгтүн

Аврагчийг хүлээн авч, Түүнд ирж мөн Түүний дүүрэн чанарыг эрэлхийл хэмээх энэхүү урилгыг хэн ч хүлээн авч, үйлдэж чадах нь үүний нэг гайхалтай тал юм. Энэ нь таны мэдэх хүн бүр зарлигуудыг сахихыг хүсдэг эсвэл тантай тааралдах хүн бүр зарлигуудыг сахина гэсэн үг биш ээ. Харин энэ нь ямар нэгэн онцгой бэлгийг эсвэл тусгай өвийг залгамжилж авалгүйгээр зарлигуудыг сахих боломжтой гэсэн үг юм.

Христ “[бидний] соёл уламжлалд бүрэн нэвчиж,”2 амьдралыг маань Христийн дүүрэн чанарын хэмжээнд хүргэхийн (Ефес 4:13-ыг үзнэ үү) тулд “гэрэлтэй, хурц, ариун нандин, бадруун” итгэлтэй байхыг би уриалан дуудаж байна.

Амьдрал таныг сорих болно. Зовлон бэрхшээл тохиож, уй гашуу тулгарах болно. Хайртай хүмүүс тань нас барах болно. Тиймээс та хаашаа ч явж байсан гэсэн, эхлээд Есүс Христэд оч. Түүний зовлон шаналал болон Амилалт зовлон бэрхшээл, үхлийг ялан дийлэх боломжийг бидэнд олгодгийг санаарай. Түүнтэй гэрээ байгуулж, аялах замдаа гэрээгээ сахь.

Би сул талуудаа эргэлзэлгүй хүлээн зөвшөөрдөг бөгөөд “Христийн дүүрэн чанарын хэмжээнд” хүрэхийг тэсэн ядан хүлээдэг. Би Түүн дээр очихыг хүсдэг. Боломжтой бол би Түүнийг над дээр ирээсэй хэмээн хүсдэг. Би мөн энэхүү адислалыг та бүхнийг хүлээн аваасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Эх сурвалж

  1. James E. Talmage, Jesus the Christ (1916), 337.

  2. Eric Metaxas, Bonhoeffer: Pastor, Martyr, Prophet, Spy (2010), 248.