2010
Асуулт, хариултууд
2010 оны дөрөвдүгээр сар


Асуулт, хариултууд

Миний эргэн тойронд даруу бус байдал ийм их байхад би санаа бодлоо яаж цэвэр ариун байлгаж чадах юм бэ?

Өнөөдөр хаа сайгүй хувиараа ч, мэдээллийн хэрэгслээр ч, даруу биш хувцасласан хүмүүсийг харахгүй байхын аргагүй юм шиг санагдаж болно. Та орчноо үргэлж хянаад байж чадахгүй ч, бодол санаагаа хянаж чадна шүү дээ.

Та даруу бус хувцасласан хүнийг харвал, тэр даруй өөр тийшээ харах буюу өөрийгөө тийм нөхцөл байдлаас холдуул. Цэвэр ариун биш санаа бодол орж ирвэл, энэ тухай бодох хэрэггүй, харин цэвэр ариун бодол санаагаар шахан зайлуул. “Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг; тэгвэл … Ариун Сүнс чиний байнгын хамтрагч байх болно” (С ба Г 121:45-46). Бодол санаагаа цэвэр ариун байлгах нь илүү аз жаргалтай байж, Сүнсний нөлөөг өөртөө байлгахад тань тусална.

Бодол санаагаа үргэлж цэвэр ариун байлгахыг зуршлаа болго. Даруухан хувцасладаг хүмүүстэй хамт байхыг хичээж, даруу бус хувцсыг харах нөхцөл байдлаас зайлсхийж бай. Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсч залбир. Уруу татагдсан үедээ сайн сайхан юмсын тухай бодохын тулд дууллуудын үг буюу судруудыг цээжил. Судруудыг тогтмол уншиж, боломжтой бол ариун ариун сүмд орж бай. Даруу бус хувцасласан хэн нэгэн харагдвал, ямар нэг сайн юмны тухай бодож болно.

Бид дэлхийнх биш

Бид дэлхий дээр байгаа ч дэлхийнх биш гэдгээ санах ёстой. Бид бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн онцгой охид, хөвгүүд. Энэ шалтгааны улмаас дайсан биднийг улам ихээр уруу татахыг хичээдэг. Гэвч бид уруу таталтаас илүү хүчтэй байх ёстой. Дэлхийн хүмүүс биеэ ариун сүм гэдгийг мэддэггүй учраас даруу бус хувцаслаж болох юм. Харин Хожмын Үеийн Гэгээнтнүүд энэ тухай мэдлэгтэй байдаг. Тиймээс бид өөрсдийгөө ариун журамтай, цэвэр байлгах ёстой. Муу бодол санаа бидний оюун ухаанд орж ирвэл, бид тэр даруй Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тусламж гуйх хэрэгтэй. Учир нь бидэнд Түүнээс илүү сайн тусалж чадах өөр хэн ч байхгүй.

Дейана Х., 19 настай, Сро Пауло, Бразил

Найзуудаасаа тусламж хүс

Би сургууль дээрээ зургадугаар ангийн цорын ганц Хожмын Үеийн Гэгээнтэн болохоор бүдүүлэг үг хэллэг, даруу бус байдал, олныг дагах дарамт шахалттай тулгардаг. Гэвч би хичээлийн жилийн эхэнд жишгүүдийнхээ талаар найз нартаа тайлбарлаж, ямар ч нөхцөлд эдгээр жишгүүдийг дагах болно гэдгээ хэлдэг. Хэдэн сар өнгөрөхөд тэд Сүмийн талаар миний эрхэмлэдэг үнэт зүйлсийг мэддэг болсон байлаа. Хэрэв та нар өөрсдийн эрхэмлэдэг үнэт зүйлс, баримталдаг жишгүүдээ тайлбарлах юм бол найз нар чинь туслах болно. Миний найз нарын хандлага, хувцаслалт, хэл яриа сайн болж өөрчлөгдсөн. Хэрэв тэд үнэхээр чиний найзууд юм бол, цэвэр ариун санаа бодолтой байхад, нарийн бөгөөд шулуун зам дээр байхад чинь туслах болно.

Селиа Н., 12 настай, Виржини, АНУ

Залбирал тусалдаг

Цэвэр ариун бодол санаатай байхыг хичээх үед залбирал үнэхээр хариу болдог гэдгийг би олж мэдсэн. Цэвэр бодол санаатай байж, хаана ч явсан Сүнсний нөлөөг өөртөө байлгахад залбирал тусалдаг. Өглөө бүр Тэнгэрлэг Эцэгтээ хандан цэвэр ариун бодолтой байхад минь туслахыг, өдрийн турш удирдамж өгөхийг хүсэн залбирч, орой нь Түүнд талархаж байх нь Түүнтэй илүү сайн харилцаатай байхад, даруу бус байдлаас эрс шийдэмгий зайлж, жишгүүдээ сахихад тусалдаг билээ. Өглөө, оройн залбирал нь дэлхийн сорилт бэрхшээлтэй тулгарах үед Сүнсийг өөртэйгөө хамт байлгахаар урихад тань тусалж чадна. “Хичээнгүй мөн гуйвшгүй байж, сайн үйлүүдээр үргэлж бялхаж бай” (Moзая 5:15).

Гуннар Р., 16 настай, Висконсин, АНУ

Бид бол ариун сүм

Эргэн тойронд чинь хүмүүс даруу бус хувцасласан байвал тэднийг бүү шүүмжил. Учир нь чи цэвэр ариун бодол санаатай байх хэрэгтэй шүү дээ. Сүмийн жишгүүдийг баримталдгаа тэдэнд харуулж, үлгэр дууриал үзүүл. Хүмүүсийг хайрлах замаар, Тэнгэрлэг Эцэг тэднийг хайрладаг бөгөөд үйл хэрэг, үг хэл аль алинаар нь цэвэр ариун байхыг тэднээс хүсэн хүлээдгийг ярих замаар хүмүүст тусал. Бид бол Бурханы ариун сүм учраас цэвэр ариун байдал бидний авралд зайлшгүй чухал.

Марикрис Б., 19 настай, Квиезон, Филиппин

Сайн мэдээний сургаалуудаар амьдар

Судруудыг судалж, сургаалуудыг нь амьдралд хэрэгжүүлснээр бид цэвэр ариун бодол санаатай байж чадна гэдгийг би мэднэ. Бид сүмд заадаг бүх үнэт зүйлсийг амьдралд хэрэгжүүлснээр, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг уншсанаар, ариун сүмд явснаар цэвэр ариун бодол санаатай байж чадна.

Хосси О., 16 настай, Антиоквиа, Колумб

Оюун ухаан тайзтай адилхан

Миний сайн мэдээг номло удирдамжид ариун журмын тухай өгүүлдэг хэсэг байдаг. Бидний оюун ухаан театрын тайзтай адилхан гэдэг. Энэ тайзан дээр нэг дор зөвхөн ганцхан хүн тоглож болно. Цэвэр зүйлсийг бодож, ариун журам санаа бодолтой байвал бидний оюун ухаан эдгээр бодлууд дээр төвлөрч, зохисгүй бодол оюун ухааны тайзыг эзэлж чадахгүй. Ариун журам бол Есүс Христийн зан төлөвийн шинж чанар юм. Энэ шинж чанарыг хөгжүүлэхийг биднээс хүсдэг билээ. Үргэлж цэвэр ариун зүйлсийн тухай бодож байхыг бид сүм дээр сурдаг. Гэвч ямар нэг цэвэр ариун бус зүйл биднийг уруу татахад бид дуртай дууллаа дуулах юм уу дуртай судрынхаа тухай бодож болно. 2 Нифай 32:9: “Үргэлж залбир, бүү шантар”

Ахлагч МкИйчрон, 21 настай, Бразилын Хоро Пессоа Номлол

Бусад хүмүүсийг Бурханы хүүхдүүд гэж бод

Харсан зүйлдээ хэрхэн хариулж байгаадаа хяналт тавь. Оюун ухааны тань тайзан дээр ямар нэг зүйл байгаа л бол түүнийг бүү хөхүүлэн дэмж. Бодол санаагаа сонго. Сонгосон бодол санаагаа цэвэр ариун байлга. Даруу бус байдлыг харахаас аль болохоор зайлсхийж, үргэлж даруу хувцаслаж бай. Тэнгэрлэг хэтийн төлөв бүхий Бурханы хүүхдүүдийнх нь хувьд хэлхээ холбоотой байдаг хүмүүсийн тухай, бидний Тэнгэрлэг Эцэг тэднийг нэгбүрчлэн хайрладаг тухай бодож бай. Бусад хүмүүсийг Бурханы хүүхдүүд гэж бодсон үед даруу бус байдалтай тулгараад гуниглахгүй байх нь хэцүү л дээ.

Ами С., 19 настай, Юта, АНУ