2010
Итгэлийн сорилт: Гэрлэх шийдвэр гаргахад айдсаас итгэлд шилжсэн нь
2010 оны дөрөвдүгээр сар


Итгэлийн сорилт Гэрлэх шийдвэр гаргахад айдсаас итгэлд шилжсэн нь

2007 оны есдүгээр сарын 25-ны Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс.

Зураг
Elder Lance B. Wickman

1964 онд коллеж төгссөний дараа би Нэгдсэн Улсын Армид офицер болов. Тэгээд Нэгдсэн Улсын Армид тулалдаан зохион байгуулагчийн сургалтад сайн дураараа хамрагдав. Тулалдаан зохион байгуулагчийн сургалт нь тулалдаан болон гэнэтийн дайралт хийх тактик боловсруулах яггүй хэцүү ажил юм. Зорилго нь өндөр ур чадвартай офицер, бэлтгэл офицеруудыг сурган бэлтггэх явдал мөн.

Тулалдаан зохион байгуулагчийн сургалтад энэ бүлгийнхний нэрлэснээр “итгэлийн сорилт” хэмээн нэрлэсэн бие бялдар, тэсвэр хатуужил, эр зоригийн цуврал дасгалууд ордог байлаа. Саад бэрхшээлийг давах дасгал нь 30 метр буюу түүнээс өндөр, мөс хөлдсөн эгц ханан хад өөд татлага хэрэглэн авирах, матар, хорт могойтой намаг дундуур шөнөөр явж өнгөрөх, луужин ашиглан бартаа ихтэй, хадархаг 16 км газрыг шөнөөр туулах зэрэг нь бидний хийдэг дасгал сургуулилтын зөвхөн нэг хэсэг нь юм. Тэсвэр хатуужлын сорилтын нэг зорилго бол тулалдаан зохион байгуулагчдыг тулалдааны хүнд хатуу нөхцөлд сурган дадлагажуулах явдал байлаа. Бид бодож чадахаасаа хавьгүй илүүг хийх чадвартай болсон юм. Манай удирдагчид өөртөө болон сургалтандаа итгэлтэй байхыг бидэнд зааж сургасан юм. Тулалдааны хүнд сургууль дадлагын үеэр би тэсвэр хатуужлын хичээлүүдээс өөртөө итгэх итгэлийг олон удаа олж авсан билээ.

Цэргийн бэлтгэл сургуулилтанд миний хийдгээс илүү чухал итгэлийн өөр нэг сорилт бидэнд насан туршид учирдаг. Энэ бол хүний өөртөө итгэх итгэл биш, харин Бурханы Сүнсээр бидний хүлээн авдаг итгэл юм. Бидний мэдэх ёстой зүйл бол Их Эзэнд итгэх итгэлээ хадгалах явдал мөн гэдгийг бүх бошиглогчид бидэнд зөвлөсөөр ирсэн билээ. Иаков өөрийн хүмүүсийн итгэлийг сэргээхийн тулд “Та нарын мэддэгийг би мэднэ” хэмээн тэдэнд дахин давтан тунхаглаж байв (2 Нифай 9:4, 5; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Паул бүр илүү шулуунаар: “Агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун” (Еврeй 10:35; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Бид бүгдийн ирээдүй тодорхой биш юм. Гэвч ирээдүйтэй тулгарсан үед бид өмнө нь мэддэг байсан юмаа санаж, ирээдүйг итгэлээр угтдаг. Бид ирээдүйг зоригтойгоор угтдаг. Бид ирээдүйг итгэлтэйгээр угтдаг.

Ёс суртахууны талаарх итгэлийн хамгийн чухал нэг сорилт нь амьдралд ихэвчлэн залуу насанд хүрэх үед тохиолддог. Энэ бол гэрлэх шийдвэр мөн. Энэ үеийнхний залуу насанд хүрэгчдийн хувьд гэрлэх шийдвэрээс өөр илүү чухал шийдвэр байхгүй. Энэ бол туйлын анхаарал болгоомжтой хандвал зохих сэдэв юм.

Гэрлэлтэд тулгардаг айдас

Энэ бол гэрлэхээс айдаг бүх шалтгаан биш боловч, зарим нь мөн гэдэгт би итгэдэг:

  • Найз нартайгаа зүгээр л цагийг хамт өнгөрүүлэх нь болзохоос хавьгүй амархан л даа. Олон залуу хүмүүс хэтэрхий их цагийг бүлгээрээ хамтдаа өнгөрүүлэхэд зориулж, зөв ханиа олох “тоглоомоос гарах” буюу түүнийг хийхээ больдог. Цагийг хамт өнгөрүүлдэг бүлэгт эрэгтэй, эмэгтэйчүүд аль аль нь байдаг учраас мөнхийн ханиа тэдний дундаас олохын тулд шилэн сонголтын явцад зохих ёсоор оролцдог гэж зарим хүмүүс буруу боддог. Гэвч энэ нь тийм бус юм. Нийтийн үйл ажиллагаанд хамт оролцдог бүлэг нь хэн нэгэнд онцгой учир холбогдолтой өөр нэг хүний мөс чанар, зан төлөвийг нарийн судалж, танин мэдсэний үндсэн дээр амин чухал, ухаалаг сонголт хийх боломжийг олгодоггүй.

  • Алдаа гаргахаас сэрэмжил. Гэр бүл салалтын статистик мэдээг хүн бүхэн мэднэ. Зарим залуус эцэг эхийнх нь болон найз нарынх нь гэрлэлт бүтэлгүйтсэнийг сэтгэл шимшрэн харсан, эсвэл өөрсдөө гэр бүл салсан байдаг. Тэд гэр бүл салалтаас үүдэлтэй сэтгэл санааны эмзэг шархтай болсон байдаг. Үүний уршгаар заримдаа тэд буруу хүн сонгочихвий хэмээн гэрлэх шийдвэр гаргахаас эмээдэг байна.

  • Идэр насныхан хариуцлагаас бултдаг. Наад тал нь л өөрийн хүсэл эрмэлзэл, ашиг сонирхлыг өөр хэн нэгнийхтэй нийлүүлэхэд дургүй цөөхөн хүн байдаг. Иймэрхүү хувиа хичээсэн үзэл нь зарим хүмүүст гэрлэх шийдвэр гаргахаа хойшлуулах далим болдог.

Эндүү ташаа бодол санаа

Гэрлэх шийдвэр гаргахаас айдаг шалтгаан ямар ч байлаа гэсэн, энэ нь хүний итгэлийг “үгүй болгодог” ташаа бодол уруу хөтөлдөг. Энэ нь гэрлэх шийдвэр гаргахад тухайн хүний хүлээх хувийн хариуцлагыг үгүй болгоход хүргэдэг. Ийм айдас нь гэрлэлтийг хойшлуулах эсвэл гэрлэлтээс зайлсхийхэд нөлөөлдөггүй боловч бусад алдаа уруу хөтөлж болно. Жишээ нь, зарим хүмүүс гэрлэх шийдвэр гаргахыг бүхэлдээ сүнслэг асуудал гэж үзэх хандлагатай байдаг. Тэд энэ талаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй мөртлөө, “үүрдийн хань болох хүнийх нь” тухай бурханлиг гар гэнэт гарч ирэн, ханан дээр дурайтал бичих эсвэл нэгд нэгэнгүй тодорхой хэлж өгөх, эсвэл далайн ус хуваагдах лугаа адил ямар нэгэн далдын хүчийг хүсэн хүлээдэг.

Зарим хүмүүс өөрсдийнх нь төлөө өөр хэн нэгэн шийдвэр гаргахыг хүлээж суудаг. Зарим эмэгтэйчүүд “үүрдийн хань нь болох” эрэгтэй найзынхаа саналыг хойшлуулах нь нийтлэг байгаа тухай Бригам Янгийн Их Сургуулийн нэг гадасны ерөнхийлөгч надад ярьсан юм. Зарим хүмүүс эцэг эхийнхээ, ялангуяа өнгөрсөн үед өөрсдийнх нь өмнөөс шийдвэр гаргасан эцгийнхээ саналыг хойшлуулдаг. Аль ч тохиолдолд, тухайн хүн энэ амьдралд хийдэг хамгийн чухал сонголтын төлөө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг.

Эцэг эх, бишоп болон бусад зохистой хүмүүсийн зөвлөгөө үнэ цэнэтэй байж болно. Гэвч эцсийн эцэст, юу хийж болох эсвэл юу хийх ёстойг чинь өөр хэн ч чамд хэлж өгч чадахгүй эсвэл хэлж өгөх ёсгүй. Хэнтэй гэрлэх вэ гэдгийг шийдэх нь зөвхөн хувь хүний өөрийнх нь асуудал шүү дээ.

“Тиймээс агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун!” Бид ярих, хайрлаж дурлах байгалийн зөн билэгтэй энэ амьдралд ирсэн гэдгээ санагтун. Хайр дурлалыг байх ёстойгоос нь илүү ярвигтай болгох хэрэггүй! Мэддэг юмаа санаж, Тэнгэрлэг Эцэгтээ итгэх итгэлтэйгээр, Түүний хүү буюу охин гэдэг нэр төрөө эрхэмлэн урагш ахигтун.

Дотносон танилцах зөвлөгөө

Хоёр хүн дотносон танилцах нь бие биенийхээ ааш зан, ашиг сонирхол, дадал зуршил, амьдрал болон сайн мэдээний талаарх үзэл бодлыг танин мэдэх цаг үе мөн. Энэ бол хүсэл эрмэлзэл ба мөрөөдөл, итгэл найдвар болон айж цэрвэдэг зүйлсээ хуваалцах цаг мөн. Энэ бол хэн нэгний сайн мэдээгээр амьдрах шийдвэр төгс байдлын сорилтын цаг юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар нэгэн онцгой залуу эмэгтэйтэй болздог байсан буцаж ирсэн нэг номлогчийн тухай өгүүлсэн байдаг. Тэрээр залуу бүсгүйг их анхаарч халамжилдаг байсан бөгөөд гэрлэх тухай саналаа түүнд буурь суурьтай илэрхийлэхээр бодож байжээ. Энэ явдал Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008) зөвхөн нэг хос ээмэг зүүж байхыг эмэгтэйчүүдэд зөвлөсний дараахан болжээ. Сайхь залуу, болздог бүсгүй нь олон ээмгээ авах болов уу гэж нэлээд хүлээсэн тухай Ахлагч Беднар өгүүлжээ. Гэтэл тэр нөгөөх олон ээмгээ авсангүй. Энэ болон бусад шалтгааны улмаас сайхь залуугийн сэтгэл санаа хүнд байсан ч нөгөөх бүсгүйтэй болзохоо больжээ.

Ахлагч Беднар энэхүү үйл явдлын тухай ярихдаа: “Та нарын зарим нь … энэ залуу хэтэрхий хатуу хүн байна, эсвэл ийм өчүүхэн асуудал дээр тулгуурлан мөнхийн ач холбогдолтой шийдвэр гаргах нь зарим талаар тэнэг эсвэл хэтэрхий нэг талыг барьсан хэрэг хэмээн хэлнэ гэж би бодно. Энэ жишээ сайхь залуу эр дээр биш, харин бошиглогчийн зөвлөгөөнд хариулаагүй залуу эмэгтэй дээр анхаарал төвлөрүүлэх ёстой гэж та нар хэлж болох юм. [Гэвч та нарт гэж хэлэхэд] уг асуудал нь ээмгэнд биш юм!” гэжээ.1

Энд өөр нэг санаа байна. Хүнтэй танилцахдаа түүний тухай юм бүхнийг ултай сайн таньж мэдэхийн оронд аль нэг зүйл дээр хэт анхаарал төвлөрүүлж, нэг талыг барьсан дүгнэлт хийхээс болгоомжлох ёстойг дээрх хоёр залуугийн танилцсан туршлага харуулж байна. Үүгээр би, танилцах гэж байгаа хүн чинь зөвхөн бүрэн цагийн номлолд үйлчилсэн үү, эсвэл өөрийн чинь тойрогт ямар нэг дуудлагатай юу гэдэг дээр л шийдвэрээ бүү тулгуурлаж бай гэж хэлэх гэсэн юм. Эдгээр зүйлс нь бие сэтгэл бүхнээ зориулсан чанар, итгэл бишрэл, зарчимч байдлын хэмжүүр байж чадна, байх ч ёстой. Гэхдээ дандаа биш шүү. Энэ бол хүнтэй танилцахад та нарт хэрэгтэй учир шалтгаан юм. Хүнийг таньж мэдэхийн тулд зөвхөн “ямар дуудлага буюу албан тушаалуудтай байсныг” нь биш, харин тэр ямархуу мөс жудаг, зан төлөвтэй хүн бэ гэдгийг хангалттай сайн мэдэж ав.

Үүнтэй маш төстэй нэг санаа бол: Танилцах хүнээ бүх талаар сайн мэдэх хүртэл түүнд хэтэрхий хатуу чанга хандахаас зайлсхий гэсэн санаа юм. Эндүү ташаа, буруу ойлголт өгч болох сөрөг бодол санааг тэр дор нь таягдан хаяж, зөв бодол санааг хөхүүлэн дэмж. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг болсон хүнээс эсвэл ийм зүйлээс болгоомжилж, зайлсхийж яв.

Энэ талаар залбирах нь

Хангалттай хугацаа өнгөрсний дараа харилцааныхаа байдалд хувийн үнэлэлт дүгнэлт өгч, үүнийгээ батлахын тулд та залбирах ёстой. Аливаа бусад шийдвэрийн нэгэн адил гэрлэлт бол өөрийн чинь сонголт гэдгийг санагтун. Их Эзэн та нараас өөрсдийнхөө бoдол дүгнэлтийг ашиглахыг хүсэн хүлээдэг. Тэрээр Оливер Каудерид, “Болгоогтун, чи ойлгосонгүй, чи надаас асуухаас өөрөөр санаа тавиагүй байхад чинь, би үүнийг чамд өгөх юм шигээр чи бодсон байна” (С ба Г 9:7). Хэн нэгэнтэй танилцаж, түүнийг бүх талаас нь таньж мэдэх талаар өөрийнхөө хийх ёстойг хийж, урьдчилсан шийдвэр гаргасны дараа, Тэнгэрлэг Эцэг даруухан залбиралд тань хариулах болно гэдэгт итгэлтэй бай.

Их Эзэн та нараас ашиг тустай бодол санаагаа хэрэглэхийг хүсэн хүлээдэг. Төрөхөөс байдаг эрэгтэй, эмэгтэй хоёрын бие биедээ татагдах байгалиас заяасан мэдрэмж дээрээ түшиглэхийг Тэрбээр та нараас хүсэн хүлээдэг. Та эсрэг хүйсийн хүнд татагдаж, нөхөрлөл, дотносон танилцах гайхалтай үеийг туулж өнгөрүүлэн, тэр хүн чинь таны эрхэмлэдэг зүйлсийг хуваалцдагт сэтгэл хангалуун байгаа бол, тэр хүнтэй харилцах нь танд аз жаргалын дээд байдаг бол, одоо асуудлыг Тэнгэрлэг Эцэгт даатга. Санаа бодолд тань үл нийцэх ямар нэг мэдрэмж төрөөд байвал энэ нь Тэрээр таны сонголтыг зөвшөөрөхгүй байгаагаа өөрт чинь хэлж буй Түүний арга зам байж болно.

Их Эзэнд итгэлтэй бай

Армид миний бие тулалдаан зохион байгуулагчийн хүнд хэцүү үүрэг бүхий сургалт хийснээс хойш олон жил өнгөрчээ. Цэргийн алба хаасан үеэсээ хойш би амьдралдаа олон үйл явдлыг үзэж өнгөрүүллээ. Гэвч тэрхүү цэргийн албаны тухай ой дуртгал, сургамж удаан хугацаанд сэтгэлд хоногшин үлдсэн юм. Бид амьдралын хүнд сорилт бэрхшээлүүдийг даван туулах чадвартай байснаар, бодсоноосоо илүү үр ашигтай ажиллаж чадна. Энэ бол бид мэддэг юмаа ердөө л үргэлж санаж байх тухай асуудал мөн.

“Тиймээс агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун.” Мэдэж байгаа юмандаа итгэлтэй бай! Тэгвэл та зориг, ач ивээлийн талаарх хувийнхаа итгэлийн сорилтыг даван туулж, Их Эзэн замыг тань бат найдвартайгаар чиглүүлэх болно.

Эшлэл

  1. Давид A. Беднар, “Quick to Observe,” Лиахона, 2006 оны 12-р сар, 17.

Зураг чимэглэлийг Диллийн Марш

Нийтийн үйл ажиллагаанд хамт оролцдог бүлэг нь хэн нэгэнд онцгой учир холбогдолтой өөр нэг хүний мөс чанар, зан төлөвийг нарийн судалж, танин мэдсэний үндсэн дээр амин чухал, ухаалаг сонголт хийх боломжийг олгодоггүй.

Та хэн нэгэнтэй дотносон танилцах хэрэгтэй. Хүнийг таньж мэдэхийн тулд зөвхөн “ямар дуудлага буюу албан тушаалуудтай байсныг” нь биш, харин тэр ямархуу хүний мөс жудаг, зан чанартай хүн бэ гэдгийг хангалттай сайн мэдэж ав.