Судрууд
Мозая 7


Бүлэг 7

Лимхай хаан нь болох, Лихай-Нифайн нутгийг Аммон олов—Лимхайн хүмүүс леменчүүдийн боолчлолд байв—Лимхай өөрсдийн түүхийг өгүүлэв—Бошиглогч (Абинадай) Христ бол Бурхан мөн бүх зүйлийн Эцэг хэмээн гэрчилсэн байв—Бузрыг тарьдаг тэд хар салхийг хурааж авна, мөн Их Эзэнд найдлага тавьдаг тэд чөлөөлөгдөх болно. Ойролцоогоор МЭӨ 121 он.

1 Мөн эдүгээ, улиран тохиох дор Мозая хаан гурван жилийн турш үргэлжилсэн энх амгаланг эдэлсний дараа, тэрээр Лихай-Нифайн нутаг өөд буюу Лихай-Нифайн хотод оршин суухаар явсан хүмүүсийн талаар мэдэх хүсэлтэй байв; учир нь түүний ард түмэн Зарахемлагийн нутгийг орхисон цагаас нь хойш тэднээс ямар ч сураг сонссонгүй; тиймийн тул, тэд байнгын асуултаараа түүнийг ядраасан ажээ.

2 Мөнхүү улиран тохиох дор Мозая хаан хүчит эрсээс арван зургааг нь Лихай-Нифайн нутаг өөд, ах дүүсийнхээ талаар сураглахаар явж болохыг зөвшөөрөв.

3 Мөнхүү улиран тохиох дор тэд маргааш нь өгсөн явж эхэлсэн аж, тэдэнтэй Аммон гэгч нэгэн байв, тэрээр хүчтэй мөн чадалтай эр, мөн Зарахемлагийн удам байв; мөн тэрээр түүнчлэн тэдний удирдагч байлаа.

4 Мөн эдүгээ, тэд Лихай-Нифайн нутаг өөд очихын тулд аглаг буйдад аялах ёстой замаа мэдэхгүй байв; тиймийн тул тэд олон өдөр аглаг буйдад бэдрэв, бүр дөчин өдөр тэд бэдэрсэн ажгуу.

5 Мөн тэд дөчин өдөр бэдрээд Шиломын нутгийн умардад байх нэгэн гүвээн дээр ирэв, мөн тэнд тэд майхнуудаа босгов.

6 Мөн Аммон ах дүүсээсээ гурвыг нь авч, тэдний нэрийг Амаликай, Хелем, Хем гэдэг байв, мөн тэд Нифайн нутагт уруудан одлоо.

7 Мөн болгоогтун, тэд Нифайн нутагт мөн Шиломын нутагт байсан хүмүүсийн хаантай дайралдав; мөн тэд хааны харуулуудаар бүслэгдэн, баривчлагдаж, мөн хүлэгдэж, мөн шоронд хоригдсон ажээ.

8 Мөнхүү улиран тохиох дор тэд шоронд хоёр өдөр байсны дараа дахин хааны өмнө авчрагдаж, мөн тэдний хүлээс нь тайлагдав; мөн тэд хааны өмнө зогсож, мөн түүний өөрсдөөс нь асуух асуултад хариулахаар зөвшөөрөгдсөн, эсвээс зарлиглуулсан болой.

9 Мөн тэрээр тэдэнд хэлсэн нь: Болгоогтун, би бол Лимхай, эцэг өвгөдийнх нь нутаг асан, энэ нутгийг өвлөхөөр Зарахемлагийн нутгаас гарч ирсэн тэр, хүмүүсийн саналаар хаан болгогдсон тэрхүү Зенифийн хүү асан Ноагийн хүү билээ.

10 Мөн эдүгээ, та нар намайг, өөрийн биеэр, харуулуудтайгаа хэрмийн гадна байхад хотын хэрмэнд ойртон ирэх зориг гаргасны шалтгаан нь юу вэ? гэдгийг мэдэхийг би хүснэ.

11 Мөн эдүгээ, би та нараас асууж болох энэхүү шалтгааны учир би та нарыг хадгалахыг зөвшөөрсөн юм, эс бөгөөс би та нарыг үхүүл хэмээн харуулууддаа тушаах байсан. Та нарт ярих нь зөвшөөрөгдлөө.

12 Мөн эдүгээ, Аммон ярихыг зөвшөөрөгдсөнөө хараад, тэрээр дөхөж очин хааны өмнө бөхийв; мөн дээш өндийгөөд тэрээр хэлэв: Ай хаантан, би амьд байж, мөн ярихаар зөвшөөрөгдсөний учир энэ өдөр Бурханы өмнө ихэд талархана; мөн би зоригтойгоор ярихыг хичээх болно;

13 Учир нь хэрэв та намайг мэддэг байсан аваас та намайг ингэж хүлээсээр хүлэхийг зөвшөөрөхгүй байсныг би лавтайяа мэднэ. Учир нь би Аммон, мөн Зарахемлагийн удам, мөн Зарахемлагийн нутгаас Зенифийн гарган авчирсан ах дүүсийнхээ талаар сураглахаар тэр нутгаас гарч ирсэн бөлгөө.

14 Мөн эдүгээ, улиран тохиох дор Лимхай, Аммоны үгсийг сонссоны дараа, тэрээр үлэмж баярлан, мөн хэлэв: Эдүгээ, Зарахемлагийн нутагт байсан ах дүү нар минь одоо болтол амьд гэдгийг би лавтайяа мэдлээ. Мөн эдүгээ, би баясах болно; мөн маргааш би өөрийн хүмүүсийг түүнчлэн баясгана.

15 Учир нь болгоогтун, бид леменчүүдийн боолчлолд байж, мөн үүрэхэд хүнд татвараар татварлуулж буй. Мөн эдүгээ, болгоогтун, ах дүүс маань биднийг дарангуйллаас буюу леменчүүдийн гараас чөлөөлөх болно, мөн бид тэдний боолууд байх болно; учир нь бид нифайчуудын боол байх нь леменчүүдийн хаанд алба төлөхөөс хавьгүй дээр болой.

16 Мөн эдүгээ, Лимхай хаан өөрийн харуулуудад тэд Аммоныг бас түүний ах дүүсийг нь ч ахин хүлэх ёсгүйг зарлиглав, харин тэд Шиломын умардад байх гүвээ рүү явж, мөн тэдний ах дүүс идэж, ууж, мөн аяны алжаалаа тайлж болохын тулд тэднийг хотод авчрахыг тушаав; учир нь тэд олон зүйлийг туулсан байв; тэд өлсгөлөн, цангааг мөн зүдрэлийг туулсан буюу.

17 Мөн эдүгээ, улиран тохиох дор маргааш нь Лимхай хаан өөрийн бүх хүний дунд зар бичиг илгээв, тэгснээр өөрийнх нь тэдэнд ярих үгсийг сонсохоор тэд ариун сүмд өөрсдөө нэгдэн цугларцгааж болохын тулд билээ.

18 Мөнхүү улиран тохиох дор тэднийг цуглармагц тэрээр тэдэнд хандан энэ маягаар ярьж, өгүүлсэн нь: Ай та нар, хүмүүс минь, тэргүүнээ өргөгтүн мөн тайтгар; учир нь болгоогтун, бидний олон тэмцэл үр дүнгүй байсан хэдий ч, бид дайснуудынхаа эрхшээлд байхаа болих тэр цаг ойртлоо, өөрөөр хэлбэл холгүй боллоо; гэсэн ч үр дүнд хүрэхүйц тэмцэл хийх нь үлдлээ хэмээн бодно би.

19 Тиймийн тул, тэргүүнээ өргөцгөө, мөн баяс, мөн Бурханд, Абрахам, мөн Исаак, мөн Иаковын Бурхан байсан тэрхүү Бурханд найдлагаа тавь; мөн түүнчлэн, Израилын хүүхдүүдийг Египетийн нутгаас гаргаж авчирсан, мөн тэднийг Улаан Тэнгисийг гатлан хуурай газар дээгүүр алхах болгосон, мөн тэд аглаг буйдад мөхөхгүй байж болохын тулд, тэднийг маннагаар хооллосон тэрхүү Бурханд буюу; мөн тэрээр илүү олон зүйлийг тэдний төлөө хийсэн билээ.

20 Мөн түүнчлэн, тэрхүү Бурхан бидний эцэг өвгөдийг Иерусалим нутгаас гарган авчирсан, мөн өөрийн хүмүүсийг бүр өдий болтол хамгаалж мөн хадгалсан болой; мөн болгоогтун, бидний алдсууд мөн жигшүүрт хэргүүдийн учир тэрээр биднийг боолчлолд оруулсан болой.

21 Мөн энэ өдөр та нар бүгд үүний гэрчүүд, энэ хүмүүсийн дээр хаан болгогдсон тэр Зениф, тэрээр эцэг өвгөдийнхөө нутгийг өвлөх дэндүү их хүсэлтэй байсан учир, тиймийн тул Лемен хааны зальт мөн башир аргад мэхлэгдсэн байв, мөн тэрээр Зениф хаантай хэлэлцээр хийхдээ нутгийн нэг хэсгийн эзэмшлийг, бүр Лихай-Нифай хотыг, мөн Шилом хотыг мөн эргэн тойрны нутгийг гарт нь өгсөн болой—

22 Мөн энэ хүмүүсийг эрхшээлдээ буюу боолчлолд оруулах цорын ганц зорилгын учир тэрээр энэ бүхнийг хийсэн болой. Мөн болгоогтун, бид энэ цагт леменчүүдийн хаанд алба гувчуур болгон өөрсдийн эрдэнэ шишийн тэн хагасыг, мөн өөрсдийн арвайн, мөн бүр өөрсдийн төрөл бүрийн үр тарианы, мөн бог болон бод малынхаа үржсэнийх нь тэн хагасыг төлдөг; мөн леменчүүдийн хаан бүр бидэнд байгаа бүх эзэмшлийн маань тэн хагасыг эсвээс бидний амийг биднээс шаарддаг.

23 Мөн эдүгээ, энэ нь үүрэхэд хүнд бус уу? Мөн бидний энэ зүдгүүр агуу бус уу? Эдүгээ болгоогтун, бидний гашуудах шалтгаан хэчнээн агуу билээ.

24 Тийм ээ, би та нарт хэлнэ, бидний гашуудах шалтгаанууд нь агуу болой; учир нь болгоогтун бидний ах дүүсийн хэчнээн нь алагдсан билээ, мөн тэдний цус дэмий асгарсан, мөн бүгд алдсын учир болой.

25 Учир нь хэрэв энэ хүмүүс зөрчилд унаагүйсэн бол энэ агуу хилэнц тэдний дээр ирэхийг Их Эзэн зөвшөөрөхгүй байсан буйза. Гэвч болгоогтун, тэд түүний үгсийг анхаарсан нь үгүй; харин тэдний дунд зөрчилдөөн их гарснаас, бүр тэд өөрсдийнхөө дунд цус урсгахад хүрсэн болой.

26 Мөн Их Эзэний бошиглогчийг тэд хөнөөсөн; тийм ээ, Бурханаар сонгогдсон хүнийг, тэдний ёс бус мөн жигшүүрт хэргүүдийнх нь талаар тэдэнд хэлсэн, мөн тохиох олон зүйлийг, тийм ээ, бүр Христийн ирэлтийг бошиглосон түүнийг буюу.

27 Мөн тэрээр тэдэнд Христ бол Бурхан, бүх зүйлийн Эцэг гэдгийг хэлж, мөн тэрээр өөрийн дээр хүний дүрийг авна, мөн энэ нь эхлэлд хүмүүн дуурайлган бүтээгдсэн тэрхүү дүр төрх болохыг хэлсний учир буюу; эсвээс өөрөөр хэлбэл, тэрээр хүмүүн нь Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэнийг хэлж, мөн Бурхан хүмүүсийн үрсийн дунд доош ирэхийг, мөн өөр дээрээ маханбод болон цусыг авахыг, мөн дэлхийн гадаргуу дээр урагшлан явахыг хэлсэн учир—

28 Мөн эдүгээ, тэрээр үүнийг хэлсэн учир, тэд түүнийг үхэлд хүргэжээ; мөн тэд Бурханы хилэнг доош өөрсдийн дээр авчирсан илүү олон зүйлийг үйлдсэн билээ. Тиймийн тул, тэд боолчлолд байгаад, мөн тэд зовлонт зүдгүүрүүдээр цохигдсонд хэн гайхширах билээ?

29 Учир нь болгоогтун, Их Эзэн хэлсэн нь: зөрчлийнхөө өдөрт буй өөрийн хүмүүсийг би халамжлахгүй; харин тэд хөгжин дэвшихгүйн тулд тэдний замд би саад тавих болно; мөн тэдний үйлүүд өөрсдийнх нь өмнө тээглэх чулуу адил байх болно.

30 Мөн түүнчлэн тэрээр хэл: Хэрэв миний хүмүүс бузрыг тарих аваас түүнийхээ хаягдлыг хар салхинд хурааж авах болно; мөн үүний үр дүн нь хор байх буюу.

31 Мөн түүнчлэн тэрээр хэлэв: Хэрэв миний хүмүүс бузрыг тарих аваас устгалыг даруй авчрагч дорно зүгийн салхийг хураан авах болно.

32 Мөн эдүгээ, болгоогтун, Их Эзэний амлалт биелсэн, мөн та нар цохигдсон бас зовоогдсон болой.

33 Гэвч хэрэв та нар зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар Их Эзэнд эргээд хандвал, мөн найдвараа түүнд тавибал, мөн оюуныхаа бүх чармайлтаар түүнд үйлчилбэл, хэрэв та нар үүнийг хийвэл, тэрээр хүсэл мөн тааллынхаа дагуу, та нарыг боолчлолоос гарган чөлөөлөх болно.