Судрууд
Мозая 5


Бүлэг 5

Гэгээнтнүүд итгэлээр дамжуулан Христийн хөвгүүд, охид болцгоодог—Тэгээд тэд Христийн нэрээр нэрлэгддэг—Сайн үйлүүдэд гуйвшгүй мөн хөдөлшгүй байхыг Бенжамин хаан тэдэнд ухуулав. Ойролцоогоор МЭӨ 124 он.

1 Мөн эдүгээ, улиран тохиох дор Бенжамин хаан өөрийн ард түмэнд тийн ярьсныхаа дараа, тэд түүний өөрсдөд нь ярьсан үгэнд итгэсэн эсэхийг мэдэхийг тэрээр хүсэн тэдний дунд илгээсэн бөлгөө.

2 Мөн тэд бүгд нэгэн дуугаар хашхирч, өгүүлсэн нь: Тийм ээ, бидэнд ярьсан тэр бүх үгэнд тань бид итгэнэ; мөн түүнчлэн тэдгээрийн гарцаагүйг мөн үнэнийг бид мэднэ, бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгож, харин үргэлж сайныг хийх хүсэлтэй болгон, бидэнд буюу бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг авчирсан Төгс Хүчит Их Эзэний Сүнсний улмаас буюу.

3 Мөн бид өөрсдөө, түүнчлэн Бурханы хэмжээлшгүй сайн сайхнаар, мөн түүний Сүнсний айлчлалуудаар, ирэх тэр зүйлсийн агуу мэдлэгийг авлаа; мөн зохист байсан бол бид бүх зүйлийн тухай бошиглож чадахсан билээ.

4 Мөн манай хааны ярьсан зүйлсийн тухайд бидэнд байсан тэрхүү итгэл нь энэ агуу мэдлэгт биднийг авчирсан, иймээс бид ийм үлэмжийн агуу баяраар баярлах болой.

5 Мөн бид тэнгэр элчээр яригдсан шиг төгсгөлгүй тарчлалыг өөрсөд дээрээ авчрахгүй байж болохын тулд, бид Бурханы хилэнгийн аяганаас уухгүй байж болохын тулд, бид үлдсэн бүх өдрүүддээ бидэнд түүний зарлиглах бүх зүйлд, түүний зарлигуудад дуулгавартай байж, түүний тааллын дагуу үйлдэх гэрээг Бурхантайгаа хийхэд бэлэн байна.

6 Мөн эдүгээ, эдгээр нь Бенжамин хааны тэднээс хүссэн үгс байв; мөн тиймийн тул тэрээр тэдэнд хэлэв: Та нар миний хүссэн үгсийг ярилаа; мөн та нарын хийсэн тэрхүү гэрээ бол зөв шударга гэрээ болой.

7 Мөн эдүгээ, та нар хийсэн гэрээнийхээ улмаас Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгдэх болно; учир нь болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг сүнслэг байдлаар тань төрүүллээ; учир нь та нарын зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэллээ; тиймийн тул, та нар түүнээс төрсөн мөн түүний хөвгүүд мөн түүний охид болсон бөлгөө.

8 Мөн энэ нэрэн дор та нар эрх чөлөөтэй болгогдсон, мөн үүнээс өөр та нар чөлөөт болгогдож чадах нэр үгүй билээ. Аврал дамжин ирэх үүнээс өөр нэр гэж үгүй; тиймийн тул, би та нарыг, амьдралынхаа төгсгөлийг хүртэл дуулгавартай байхаар Бурхантай гэрээнд орсон та нар бүгдийг Христийн нэрийг өөрсөд дээрээ хүлээн аваасай хэмээнэ.

9 Мөнхүү улиран тохиох дор үүнийг хийдэг нь Бурханы баруун гар талд олдох болно, учир нь тэрээр өөрийн нэрлэгдсэн нэрээ мэдэх болно; учир нь тэрээр Христийн нэрээр нэрлэгдэх болно.

10 Мөн эдүгээ улиран тохиох дор, Христийн нэрийг өөр дээрээ авахгүй хэн боловч өөр ямар нэгэн нэрээр нэрлэгдэх ёстой; тиймийн тул, тэрээр өөрийгөө Бурханы зүүн гар талд олох буюу.

11 Мөн энэ бол та нарт миний өгнө гэж ярьсан, зөрчлөөс бусдаар бол хэзээ ч арилгагдахгүй нэр гэдгийг түүнчлэн та нар санаасай хэмээнэ би; тиймийн тул, уг нэр та нарын зүрх сэтгэлээс арилгагдахгүйн тулд, зөрчил гаргахгүй байхад анхаарагтун.

12 Би та нарт хэлнэ, та нар Бурханы зүүн гар талд олдохгүйн тулд, харин та нар өөрсдийн дуудагдах дуу хоолойг, мөн түүнчлэн та нарыг дуудах нэрийг сонсож бас мэдэхийн тулд уг нэрийг зүрх сэтгэлдээ үргэлж бичээстэй хадгалахыг та нар санаасай хэмээнэ би.

13 Учир нь өөрийн үйлчилж байгаагүй, өөрийн танихгүй нэгэн болох, мөн зүрх сэтгэлийн бодол болон зорилтоос нь хол байх эзнийг хүн хэрхэн мэдэх билээ?

14 Мөн түүнчлэн, хүн хөршид нь харьяалагдах илжгийг авч өөртөө үлдээх үү? Би та нарт хэлнэ, Үгүй; тэрээр үүнд сүргийнхээ дунд тэжээл идэхийг ч зөвшөөрөхгүй, харин түүнийг гадагш тууж, зайлуулах болно. Би та нарт хэлнэ, хэрэв та нар нэрлэгдэх нэрээ эс мэдвээс та нарын хувьд ч энэчлэн байх болно.

15 Тиймийн тул, тэнгэр дэх мөн дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, бүхний дээрх Бурхан болох түүний мэргэн ухаан болон хүч, мөн шударга ёс, мөн нигүүлслээр дамжуулан та нар үүрдийн аврал болон мөнх амьдралыг авч болохын тулд, та нар тэнгэрт авчрагдаж болохын тулд, Христ, Төгс Хүчит Их Эзэн Бурхан та нарыг өөрийнх байлгахаар лацдаж болохын тулд, та нарыг гуйвшгүй мөн хөдөлшгүй байж, сайн үйлүүдээр үргэлж бялхаасай хэмээнэ би. Амен.