Судрууд
Мозая 4


Бүлэг 4

Бенжамин хаан айлтгалаа үргэлжлүүлэв—Аврал Цагаатгалын улмаас ирдэг—Аврагдахын тулд Бурханд итгэгтүн—Үнэнч байдлаар нүглүүдийнхээ ангижралыг хадгалагтун—Хөрөнгөөсөө ядуустай хуваалц—Бүх зүйлийг мэргэн ухаанд мөн эмх цэгцэд үйлдэгтүн. Ойролцоогоор МЭӨ 124 он.

1 Мөн эдүгээ, улиран тохиох дор Бенжамин хаан Их Эзэний тэнгэр элчээр түүнд хүргэгдсэн үгсийг ярихаа төгсгөл болгоод, цугласан олон хүний дээр харц бэлчээж, мөн Их Эзэнээс эмээх айдас тэдний дээр ирсэн учир тэд газарт унасан байхыг болгоов.

2 Мөн тэд өөрсдийгөө зуурдын байдалд буйгаа, бүр газрын тоосноос ч өчүүхнээ цэгнэн бодсон ажгуу. Мөн тэд бүгд нэгэн дуугаар чанга хашхирч, хэлсэн нь: Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүдийнхээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг бидэнд хамааруулаач; учир нь бид Есүс Христэд, тэнгэр ба газар, мөн бүх зүйлийг бүтээсэн Бурханы Хүүд, хүмүүсийн үрсийн дунд доош ирэх түүнд итгэдэг.

3 Мөнхүү улиран тохиох дор тэд эдгээр үгийг ярьсны дараа Их Эзэний Сүнс тэдний дээр ирж, мөн тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, мөн тэд ухамсрын амар амгаланг хүлээн авсан учир тэд баяр хөөрөөр дүүргэгдсэн байв, Бенжамин хааны тэдэнд ярьсан үгсийн дагуу, ирэх ёстой Есүс Христэд итгэх үлэмж итгэл тэдэнд байсны улмаас бөлгөө.

4 Мөн Бенжамин хаан дахин амаа нээж мөн тэдэнд ярьж эхлэв, хэлсэн нь: Нөхөд минь бас ах дүүс минь, миний үндэстэн мөн ард түмэн минь, би та нарын анхаарлыг дахин хүсье, та нарт миний ярих үгсийн үлдсэнийг та нар сонсож мөн ойлгож болохын тулд бөлгөө.

5 Учир нь болгоогтун, хэрэв Бурханы сайн сайхны мэдлэг энэ цагт та нарын юу ч бишийн мөн та нарын зохисгүй бөгөөд унасан байдлын мэдрэмжинд сэрээсэн бол—

6 Би та нарт хэлнэ, хэрэв та нар Бурханы сайн сайхан, мөн түүний зүйрлэшгүй хүч, мөн түүний мэргэн ухаан, мөн түүний тэвчээр, мөн түүний хүмүүсийн үрсэд хандсан тэсвэр тэвчээрийн тухай; мөн түүнчлэн, дэлхийн үүслээс бэлтгэгдсэн цагаатгалын тухай мэдлэгт ирсэн бол, тэгснээр Их Эзэнд найдлага тавьсан мөн түүний зарлигуудыг сахихдаа хичээнгүй байсан, мөн үргэлж, бүр өөрийн амьдралын, би зуурдын биеийн амьдралыг хэлж байна, төгсгөл хүртэл итгэлтэй байсан тэр хүнд аврал ирж болох буюу—

7 Тэр нь Адамын уналтаас хойш байсан, эсвээс байгаа, эсвээс бүр энэ дэлхийн төгсгөлийг хүртэл байх, бүх хүн төрөлхтөнд зориулж дэлхийн үүслээс бэлтгэгдсэн тэрхүү цагаатгалаар авралыг хүлээн авах тэр хүн юм гэдгийг би хэлнэ.

8 Мөн энэ нь аврал дамжин ирэх арга зам билээ. Мөн энд яригдсанаас өөр аврал гэж үгүй; бас та нарт миний ярьсан тэр нөхцөлүүдээс өөр хүмүүн аврагдаж болох ямар ч нөхцөлүүд үгүй.

9 Бурханд итгэ; тэр байдаг гэдэгт мөн тэр, тэнгэрт болон газарт аль алин дээрх бүх зүйлийг бүтээсэнд итгэ; тэр бол тэнгэрт мөн газарт аль алинд нь бүх мэргэн ухааныг, мөн бүх хүч чадлыг эзэмшдэг гэдэгт итгэ; Их Эзэний ухаарч чадах тэр бүх зүйлийг хүмүүн ухаардаггүйд итгэ.

10 Мөн үүнчлэн, та нар нүглүүдээ наманчилж мөн тэдгээрийг орхих ёстойд, мөн Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах ёстойд итгэ; мөн тэрээр та нарыг өршөөгөөсэй хэмээн чин зүрхнээсээ гуй; мөн эдүгээ, хэрэв та нар эдгээр бүх зүйлд итгэдэг бол тэдгээрийг өөрсдөө үйлдэхэд анхаарагтун.

11 Мөн би урьд хэлснийхээ адил дахин би та нарт хэлье, хэрэв та нар Бурханы сүр жавхлангийн мэдлэгт ирсэн бол, өөрөөр хэлбэл хэрэв та нар түүний сайн сайхныг мэдэж мөн түүний хайрыг амталсан бол, мөн та нарын бодгалиудад үлэмж агуу баясал авчрах, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсан бол, тэрчлэн Бурханы агуу ихийг мөн өөрсдийнхөө юу ч биш болохыг, мөн түүний сайн сайхныг мөн зохисгүй бүтээлүүд болох та нарт хандсан тэвчээр тэсвэрийг нь та нар үргэлж санаандаа хадгалж мөн санаасай хэмээнэ би, мөн Их Эзэний нэрийг өдөр тутам дуудан, мөн тэнгэр элчийн амаар яригдсан тэрхүү ирэх зүйлд итгэх сүсэг бишрэлд гуйвшгүйгээр зогсон, та нар өөрсдийгөө бүр даруу байдлын гүнд даруусгаасай хэмээнэ.

12 Мөн болгоогтун, хэрэв та нар үүнийг хийвээс та нар үргэлж баясна, мөн Бурханы хайраар дүүргэгдэж, мөн нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах болно хэмээн би та нарт хэлнэ; мөн та нарыг бүтээсэн түүний сүр жавхлангийн мэдлэгт буюу шударга бөгөөд үнэн болох түүний мэдлэгт та нар өсөх болно.

13 Мөн бие биеэ гэмтээх биш, харин амар амгалангаар амьдрах, мөн хүн бүрд зохих хэмжээгээр өгөх хүсэл та нарт бий болно.

14 Мөн та нар хүүхдүүдээ өлсгөлөн, эсвээс нүцгэн явахыг зөвшөөрөхгүй болой; бас тэд Бурханы хуулиудыг зөрчихийг, мөн нэг нэгэнтэйгээ муудалцан мөн хэрэлдэхийг, мөн нүглийн эзэн болох, өөрөөр хэлбэл бидний эцэг өвгөдөөр яригдсан тэрхүү хилэнцэт сүнс болох чөтгөрт үйлчлэхийг зөвшөөрөхгүй, учир нь тэр бол бүх зөв шударгын дайсан билээ.

15 Харин үнэний мөн чанд байдлын замуудаар алхахыг та нар тэдэнд заах болно; бие биеэ хайрлах, мөн нэг нэгэндээ үйлчлэхийг та нар тэдэнд заах болно.

16 Мөн түүнчлэн, та нарын халамжаар гачигдах тэднийг та нар өөрсдөө халамжлах болно; та нар гачигдаж байгаа түүнд өөрсдийн хөрөнгөөс өгөх болно; мөн та нар гуйлгачны хүсэлтийг хоосон буцаахыг зөвшөөрөхгүй, мөн түүнийг мөхөл рүү нь хөөхгүй байх болно.

17 Магад та нар хэлнэ: Тэр хүн өөр дээрээ зовлонгоо авчирсан; тиймийн тул би гараа татаж, мөн тэрбээр зовохгүй байж болохын тулд түүнд хүнснээсээ өгөхгүй, бас хөрөнгөөсөө ч түүнд хүртээхгүй, учир нь түүний эдлэх шийтгэлүүд шударга—

18 Гэвч би та нарт хэлнэ, ай хүмүүн, үүнийг хийх хэн боловч, мөнхүү тэр нь наманчлах агуу шалтгаантай; мөн тэр хийсэн зүйлээ наманчлахгүй бол тэрээр үүрд мөхөж мөн Бурханы хаант улсад байргүй байх болно.

19 Учир нь болгоогтун, бид бүгд гуйлгачид бус уу? Бид бүгдээрээ өөрсдөд байгаа бүх хөрөнгө, хоол хүнс мөн хувцас хунар, мөн алт, мөнгө, мөн бидэнд байгаа төрөл бүрийн бүх баялгийн төлөө тэрхүү нэгэн Биет, бүр Бурханд түшдэг биш гэж үү?

20 Мөн болгоогтун, бүр энэ цагт, та нар түүний нэрийг дуудаж, мөн нүглүүддээ ангижралыг гуйлаа. Мөн тэрээр хоосон гуйхыг та нарт зөвшөөрсөн үү? Үгүй; тэр өөрийн Сүнсийг та нарын дээр цутгаж, мөн та нарын зүрх сэтгэлийг баяраар дүүрэхээр болгож, мөн хэлэх үгээ олж чадахгүйд хүргэн та нарын амыг хамхисан байхаар болгосон буюу, та нарын баясал ийм үлэмж агуу байв.

21 Мөн эдүгээ, хэрэв Бурхан, та нарыг бүтээсэн тэрбээр, та нар амьдралаа мөн өөрсдөд байгаа бүхнээ мөн өөрсдийгөө түшиж тулдаг тэрбээр, та нарын итгэлтэйгээр хүлээн авах болно гэдэгт итгэн гуйсан зөв болох юуг ч та нарт хайрладаг бол, ай тэгвэл, та нар өөрсдөдөө байгаа хөрөнгөөс нэг нэгэнтэйгээ хуваалцах нь хэчнээн их зохистой билээ.

22 Мөн мөхөхгүйн тул чамд хандан хөрөнгөөс чинь гуйх тэр хүнийг та нар шүүн, мөн түүнийг буруушаах аваас, та нарт бус, харин та нарын амьдрал ч түүнчлэн түүнд хамаарагдах тэр Бурханд харьяалагдах эд хөрөнгөө харамласны улмаас хүртэх та нарын буруутгал хэр зэрэг илүү шударга байх билээ; гэсэн хэдий ч, та нар гуйх нь, бас хийсэн тэр зүйлээ наманчлах нь үгүй бөлгөө.

23 Би та нарт хэлнэ, тэр хүнд халаг, учир нь түүний хөрөнгө түүнтэй хамт мөхөх болно; мөн эдүгээ, би эдгээр зүйлийг энэ дэлхийн зүйлсэд хамаарагдах зүйлээр баян тэдэнд хэлж байна.

24 Мөн үүнчлэн, би ядууст, эд хөрөнгөгүй боловч өдрөөс өдрийг хоолтой өнгөрөөх та нарт хэлнэ; та нарт байхгүйн учир гуйлгачныг буцаадаг та нарыг бүгдийг чинь би хэлж байна; та нарыг зүрх сэтгэлдээ: Надад байхгүй учраас би өгөөгүй, харин хэрэв надад байсан бол би өгөх байсан гэж хэлээсэй хэмээнэ би.

25 Мөн эдүгээ, хэрэв та нар зүрх сэтгэлдээ ийн хэлбэл та нар гэмгүй үлдэнэ, эс тэгвэл та нар буруутгагдана; мөн та нар хүлээн аваагүй тэр юманд шунасны учир та нарын авах буруутгал шударга байх буюу.

26 Мөн эдүгээ, та нарт миний ярьсан эдгээр зүйлийн төлөө—та нар Бурханы өмнө гэмгүйгээр алхаж болохын тулд нүглүүдийнхээ ангижралыг хадгалан өдрөөс өдөрт үлдэхийн төлөө—та нар өлссөнийг хооллох, нүцгэнийг хувцаслах, өвчтөнийг эргэн мөн сүнслэг байдлын мөн эд зүйлсийн аль алинд нь, хүссэнийх нь дагуу тэднийг асрах зэргээр, хүн бүр байгаагийнхаа хэрээр ядуустай хөрөнгөө хуваалцаасай хэмээнэ би.

27 Мөн эдгээр бүх зүйл мэргэн ухаанд мөн эмх журамтай хийгддэг байхыг мэдэгтүн; учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй. Мөн үүнчлэн, тэр шагналыг хожиж болохын тулд, тэрээр хичээнгүй байх шаардлагатай; тиймийн тул бүх зүйл эмх журамд хийгдэх ёстой.

28 Мөн та нарын дунд хөршөөсөө зээлсэн хэн боловч, тохирсны дагуу зээлсэн тэр зүйлээ эргүүлж өгөх ёстой, эсвээс та нүгэл үйлдэх болно; мөн та өөрийн хөршийг түүнчлэн нүгэл үйлдэхэд хүргэж магад гэдгийг та нар санаасай хэмээнэ би.

29 Мөн эцэст нь, та нар нүгэл үйлдэж болох бүх зүйлийг би та нарт хэлж чадахгүй; учир нь маш олон янзын зам мөн аргууд бий, бүр тэдгээрийг би тоолж чадахааргүй тийм олон бөлгөө.

30 Гэвч өдий зэргийг би та нарт хэлж чадна, хэрэв та нар бүр амьдралынхаа эцсийг хүртэл өөрсдийгөө, бодол, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж, бас Их Эзэний маань ирэлтийн талаар сонссон түүндээ үргэлж итгэлтэй байхгүй аваас, та нар мөхөх ёстой болно. Мөн эдүгээ, ай хүмүүн, санагтун, мөн бүү мөхөгтүн.