Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 3

Хаан Бенжамин айлтгалаа үргэлжлүүлэв—Төгс хүчит Их Эзэн бие махбодийн асарт хүмүүний дунд тохинуулах болно—Тэрээр дэлхийн нүглүүдийг цагаатгахад арьсны сүв бүрээс нь цус шүүрэх болно—Түүнийх бол аврал эрэх цорын ганц нэр—Хүмүүн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, Гэгээнтнүүд болж чаддаг—Ёс бусын тарчлал нь галан мөн хүхэрт чулуун нуур лугаа байх болно. Ойролцоогоор мэө 124 он.

1Мөн түүнчлэн ах дүүс минь, би та нарын анхаарлыг хандуулъя, учир нь та нарт ярих өөр зарим зүйл надад байна; учир нь болгоогтун, ирэх түүний талаар та нарт хэлэх зүйлүүд надад байна.

2Мөн та нарт миний хэлэх зүйлүүд Бурханы тэнгэр элчээр надад мэдүүлэгдсэн билээ. Мөн тэрээр надад: Сэрэгтүн хэмээв; мөн би сэрсэн, мөн болгоогтун тэрбээр миний өмнө зогсов.

3Мөн тэрээр надад хэлэв: Сэрэгтүн, тэгээд танд миний хэлэх үгсийг сонс; учир нь болгоогтун, би чамд агуу их баясгалангийн баярт мэдээг зарлахаар ирлээ.

4Учир нь Их Эзэн таны залбирлуудыг анхааран сонссон, мөн зөв шударга тань шүүгдэн тунгаагдсан билээ, мөн та баясаж болно; мөн тэд түүнчлэн баяслаар дүүргэгдэж болохын тулд та өөрийн хүмүүст зарлаж болно хэмээн танд зарлан мэдүүлэхээр намайг танд илгээсэн бөлгөө.

5Учир нь болгоогтун, тэр цаг ирнэ, мөн энэ нь хол зайтай бус, засаглах тэр, байсан, мөн үүрд мөнхөөс үүрд мөнхөд байдаг тэр, Төгс Хүчит Их Эзэн хүмүүний үрсийн дунд тэнгэрээс хүчтэйгээр бууж ирэх болно, мөн махбодийн асарт орших болно, мөн өвчтөнийг эдгээж, үхсэнийг босгон, хазгарыг алхуулж, сохрыг хараатай болгож, мөн дүлийг сонсгож, мөн зүйл бүрийн эмгэгийг анагаах зэрэг хүчит гайхамшгуудыг үйлдэн, хүмүүний дунд урагшлан явах болно.

6Мөн тэрээр хүмүүний үрсийн зүрх сэтгэлд орших ёс бусын сүнснүүд, өөрөөр хэлбэл чөтгөрүүдийг зайлуулах болно.

7Мөн үз, тэрээр уруу таталтыг, мөн биеийн өвчин, өлсгөлөн, цангаа, мөн зүдрэлийг, энэ нь үхэлд хүргэхээс бусдаар бол, бүр хүмүүний тэвчиж чадахаас илүүг тэвчих болно; учир нь болгоогтун, арьсных нь сүв бүрээс цус шүүрэх болно, өөрийнхөө хүмүүсийн ёс бус мөн жигшүүрт хэргүүдийн төлөөх түүний тарчлал ийм агуу байх болно.

8Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба газрын Эцэг, эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч хэмээн нэрлэгдэх болно; мөн түүний эх Мариа гэгдэх болно.

9Мөн үз, тэрээр өөрийнхөндөө ирнэ, аврал нь мөн түүний нэрэнд итгэх итгэлээр хүмүүний үрсэд ирж болохын тулд буюу; мөн бүр энэ бүгдийн дараа ч тэд түүнийг хүн хэмээн бодож, мөн түүнд чөтгөр шүглэсэн хэмээн хэлж, мөн түүнийг ташуурдаж, мөн түүнийг цовдлох болно.

10Мөн тэр гурав дахь өдөр нь нас барагсдаас босох болно; мөн болгоогтун, тэрээр дэлхийг шүүхээр зогсоно; мөн болгоогтун, хүмүүний үрсийн дээр зөв шударга шүүлт ирж болохын тулд эдгээр бүх зүйл үйлдэгдэх болно.

11Учир нь болгоогтун, мөн түүнчлэн түүний цус, Адамын зөрчлөөр унагаагдсан тэд, өөрсдийн талаарх Бурханы тааллыг мэдэлгүйгээр нас барсан тэд, өөрөөр хэлбэл үл мэдэн нүгэл үйлдсэн тэдний нүглүүдийг цагаатгах болно.

12Гэвч Бурханы эсрэг тэмцэж буйгаа мэдэх түүнд халаг, халаг! Учир нь наманчлал мөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжихаас бусдаар бол эдний хэний нь ч дээр аврал ирэх нь үгүй.

13Мөн түүгээр хэн боловч Христ ирэх ёстой гэдэгт итгэж, мөнхүү тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, мөн бүр тэрээр аль хэдийн тэдний дунд ирсэн мэт тийм үлэмж агуу баяслаар баярлаж болохын тул эдгээр зүйлийг үндэстэн, ястан, мөн хэлтэн бүрд зарлуулахаар Их Эзэн Бурхан ариун бошиглогчдоо хүмүүний үрсийн дунд илгээсэн бөлгөө.

14Гэвч Их Эзэн Бурхан түүний хүмүүс хөшүүн хүзүүтэй хүмүүс байсныг харсан, мөн тэрээр тэдний дээр нэгэн хуулийг, бүр Мосегийн хуулийг тогтоосон билээ.

15Мөн олон тэмдэг, мөн гайхамшгууд, мөн бэлэгдлүүд, мөн дүрслэлүүдийг тэрээр тэдэнд үзүүлсэн, өөрийн ирэлтийн талаар буюу; мөн түүнчлэн ариун бошиглогчид түүний ирэлтийн талаар тэдэнд ярьсан бөлгөө; тийм хэдий ч тэд зүрх сэтгэлээ хатууруулж, мөн Мосегийн хууль түүний цусны цагаатгалаар бус аваас огтхон ч тус болохгүйг ойлгосонгүй.

16Мөн бяцхан хүүхдүүд нүгэл үйлдэх боломжтой байсан бол, тэд аврагдаж чадахгүй байхсан; гэвч тэд адислагдсаныг би та нарт хэлье; учир нь болгоогтун, Адамаар, өөрөөр хэлбэл төрөлх чанараараа, тэд унасан шиг, тэрчлэн Христийн цус тэдний нүглүүдийг цагаатгасан бөлгөө.

17Мөн үүнээс гадна, би та нарт хэлнэ, түүгээр хүмүүний үрсэд аврал ирж чадах тэр нэгээхэн ч өөр нэр өгөгдөхгүй, басхүү нэгээхэн ч өөр зам, мөн нэгээхэн ч арга үгүй бөгөөд зөвхөн Төгс Хүчит Их Эзэн, Христийн нэрээр мөн энэ нэр дээр буюу.

18Учир нь болгоогтун тэрээр шүүнэ, мөн түүний шүүлт шударга; мөн нялхдаа нас барах тэрхүү нялхас мөхөхгүй; гэвч тэд өөрсдийгөө даруусган мөн бяцхан хүүхдүүд лугаа адил болж, мөн Төгс Хүчит Их Эзэн, Христийн цагаатгалын цусаар мөн энэ цусанд аврал байсан, мөн байгаа, мөн байх болно гэдэгт итгэхгүй аваас хүмүүн өөрсдийн бодгалиудад зүхлийг уух болно.

19Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно.

20Мөн үүнээс гадна, би та нарт хэлнэ, нэгэн Аврагчийн талаарх мэдлэг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс бүрийн дунд тархах тэр цаг ирэх болно.

21Мөн болгоогтун, тэр цаг ирэхэд бяцхан хүүхдүүдээс бусад нь, зөвхөн Төгс Хүчит Их Эзэний нэрэнд итгэх итгэл мөн наманчлалаар бус аваас хэн ч Бурханы өмнө буруугүй нь тогтоогдохгүй.

22Мөн бүр та өөрийн хүмүүст Их Эзэн Бурхан чинь танд зарлигласан зүйлийг заасан байх бүр энэ цагт ч, тэр үед ч Бурханы мэлмийд тэдний буруугүй нь дахин тогтоогдохгүй, зөвхөн танд ярьсан миний үгсийн дагуу буюу.

23Мөн эдүгээ Их Эзэн Бурхан надад зарлигласан үгсийг би ярилаа.

24Мөн Их Эзэн ийн хэлдэг: Тэдгээр нь энэ хүмүүсийн эсрэг илэрхий гэрчлэл болон шүүлтийн өдөр зогсох болно; ингэснээр тэд, хүн бүр өөр өөрийн үйлүүдийн дагуу, тэд сайнаараа эс бөгөөс хилэнцэтээрээ шүүгдэх болно.

25Мөн хэрэв тэд хилэнцэт аваас тэд Их Эзэний дэргэдээс зайлан, тэд дахин хэзээ ч буцаж ирж үл чадах зовлонгийн мөн төгсгөлгүй тарчлалын байдалд ороход хүргэх, өөрсдийнхөө гэм болоод жигшүүрт хэргүүдийн аймшигт төсөөлөлд оногдох болно; тиймийн тул тэд бодгалиуддаа зүхлийг уух бөлгөө.

26Тиймийн тул, тэр хориглогдсон жимснээс хүртсэн учир Адам унах ёстойг шударга ёс цуцалж чадаагүйн адил, тэрчлэн шударга ёс нь тэдний уух ёстойг хэлтрүүлж үл чадах, Бурханы хилэнгийн аяганаас тэд уусан байна; тиймийн тул, тэдний дээр нигүүлсэл дахин байх эрхтэй байж чадахгүй бөлгөө.

27Мөн тэдний тарчлал дөл унтраагдашгүй, мөн утаа нь үргэлж мөн үүрд уугих тэрхүү галан мөн хүхэрт чулуун нуур лугаа адил байх болно. Тийн Их Эзэн надад зарлигласан билээ. Амен.