Судрууд
Мозая 27


Бүлэг 27

Мозая хавчлагыг хориглож мөн тэгш эрхийг зарлиг болгов—Залуу Алма мөн Мозаягийн дөрвөн хүү Сүмийг устгахаар эрэлхийлэв—Тэнгэр элч үзэгдэж мөн хилэнцэт замаасаа гарахыг тэдэнд зарлиг болгов—Алма цочирдон хэлгүй болгогдов—Бүх хүн төрөлхтөн авралыг хүлээн авахын тулд дахин төрөх ёстой—Алма мөн Мозаягийн хөвгүүд баярт мэдээг тунхаглав. Ойролцоогоор МЭӨ 100–92 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор үл итгэгчдээс сүмд учруулах хавчлагууд үлэмж их болсон учир сүмийнхэн уг хэргийн талаар удирдагчиддаа бувтналдан, мөн гомдоллож эхлэв; мөн тэд Алмад гомдоллов. Мөн Алма тэдний хаан Мозаяд байдлыг танилцуулав. Мөн Мозая пристүүдтэйгээ зөвлөв.

2 Мөнхүү улиран тохиох дор Мозая хаан, үл итгэгчдийн хэн нь ч Бурханы сүмд харьяалагдсан тэднээс хэнийг ч хавчих ёсгүй хэмээх тунхаг бичгийг эргэн тойрны нутаг даяар илгээв.

3 Мөн бүх сүм даяар тэдний дунд хавчлага байх ёсгүй, бүх хүмүүний дунд эрх тэгш байдал байх ёстой гэсэн чанд зарлиг гаргав;

4 Ямар ч бардамнал бас ямар ч ихэмсэглэл тэдний амар амгаланд саад учруулахыг тэд зөвшөөрөх ёсгүй; хүн бүр хөршөө өөрийнхөө адил хүндэтгэж, өөрийгөө тэтгэхийн тулд өөрийн гараар хөдөлмөрлөх ёстой байв.

5 Тийм ээ, мөн тэдний бүх прист мөн багш нар өвчний, эсвээс их гачигдлын байдлаас бусад ямар ч нөхцөлд өөрсдийгөө тэтгэхээр өөрсдийн гараар хөдөлмөрлөх ёстой байв; мөн тэд эдгээр зүйлийг хийснээр Бурханы ач ивээлд умбасан болой.

6 Мөн уг нутагт дахин их амгалан байж эхлэв; мөн хүмүүс маш олон тоотой болж эхлэв, мөн уг газрын гадаргуу дээр, тийм ээ, умардад мөн өмнөдөд, дорнодод бас өрнөдөд тархаж эхлэв, уг нутгийн бүх хэсэгт том хотууд мөн тосгод барьсан бөлгөө.

7 Мөн Их Эзэн тэдэнд зочилж мөн тэднийг дэгжүүлэн, мөн тэд өнөр өтгөн бас чинээлэг хүмүүс болцгоов.

8 Эдүгээ Мозаягийн хөвгүүд үл итгэгчдийн дунд тоологдож байв; мөн түүнчлэн Алмагийн хөвгүүдийн нэг нь тэдний дунд тоологдож байлаа, тэр эцгийнхээ адилаар Алма гэж нэрлэгдсэн байв; гэсэн хэдий ч, тэр маш ёс бус мөн хиймлийг шүтэгч хүн болов. Мөн тэрээр олон үгтэй хүн байж, мөн хүмүүст ихээхэн зусрыг ярьдаг байв; тиймийн тул тэрээр хүмүүсээс олныг нь өөрийн алдсуудын адилыг хийхэд удирдсан ажгуу.

9 Мөн тэрээр Бурханы сүмийн хөгжилд үлэмж том саад болов; тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлийг хулгайлан; хүмүүсийн дунд их зөрөлдөөнийг үүсгэж; мөн тэдний дээр өөрийн хүчийг үзүүлэх боломжийг Бурханы дайсанд олгосон болой.

10 Мөн эдүгээ улиран тохиох дор тэрээр Бурханы сүмийг устгахаар явж байхад нь, тодруулбал тэр Мозаягийн хөвгүүдтэй хамт сүмийг устгахыг, мөн Их Эзэний хүмүүсийг буруу замд удирдахыг эрэлхийлэн, Бурханы, эсвээс бүр хааны зарлигуудын эсрэг нууцаар явдаг байсан болой—

11 Мөн та нарт миний хэлсэнчлэн, тэд Бурханыг эсэргүүцэн явж байхад нь, болгоогтун, Их Эзэний тэнгэр элч тэдэнд үзэгдэв; мөн тэрээр үүлэнд байсан мэтээр доошлон ирэв; мөн тэрээр тэдний дээр нь зогсож байсан газрыг доргиход хүргэсэн аянгын дууны адил дуу хоолойгоор ярив;

12 Мөн тэдний сүрдэн гайхсан нь маш их байснаас, тэд газарт унаж, мөн өөрсдөд нь ярьсан түүний үгсийг ойлгосонгүй.

13 Гэсэн хэдий ч тэр дахин хашхирч, хэлрүүн: Алма, бос мөн урагш зогс, чи яагаад Бурханы сүмийг хавчина вэ? Учир нь Их Эзэн ийн хэлдэг: Энэ бол миний сүм, мөн би үүнийг байгуулах болно; мөн миний хүмүүсийн зөрчлөөс өөр юу ч үүнийг нураахгүй.

14 Мөн түүнчлэн, уг тэнгэр элч хэлэв: Болгоогтун, Их Эзэн өөрийн хүмүүсийн залбирлуудыг, мөн түүнчлэн өөрийн үйлчлэгч, чиний эцэг болох Алмагийн залбирлуудыг сонссон; учир нь тэрээр, чи үнэний мэдлэгт авчрагдаж болохын тулд, чиний талаар их итгэлтэйгээр залбирсан бөлгөө; тиймийн тул, Бурханы үйлчлэгчдийн залбирлууд тэдний итгэлийнх нь дагуу хариулагдаж болохын тулд, түүний хүч болон эрх мэдлийн талаар чамд ятгах зорилгоор би ирлээ.

15 Мөн эдүгээ болгоогтун, та нар Бурханы хүчинд эргэлзэж чадах уу? Учир нь болгоогтун, миний дуу хоолой газрыг доргиохгүй байна гэж үү? Мөн түүнчлэн та нар намайг өөрсдийнхөө өмнө харж чадаж байгаа бус уу? Мөн бибээр Бурханаас илгээгдсэн билээ.

16 Эдүгээ би чамд хэлье: Яв, мөн Хилам нутагт бас Нифайн нутагт эцэг өвгөд тань дарангуйлалд байсныг санагтун; мөн тэдний төлөө тэрээр ямар агуу зүйлсийг хийснийг сана; учир нь тэд боолчлолд байсан мөн тэрээр тэднийг чөлөөлсөн юм. Мөн эдүгээ би чамд хэлнэ, Алма, өөрийн замаар яв, мөн тэдний залбирал хариулагдаж болохын тулд сүмийг устгахыг дахин бүү эрэлхийл, мөн чи өөрөө хаягдахыг хүссэн ч, үүнийг бүү хийгтүн.

17 Мөн эдүгээ улиран тохиох дор эдгээр нь Алмад ярьсан тэнгэр элчийн сүүлчийн үгс байв, мөн тэрээр одов.

18 Мөн эдүгээ Алма болон түүнтэй хамт байсан тэд газарт унав, учир нь тэдний сүрдэн гайхсан нь асар их байв; учир нь Их Эзэний тэнгэр элчийг тэд өөрсдийн нүдээр харсан болой; мөн түүний дуу газрыг доргиосон аянга адил байв; мөн Бурханы хүчнээс өөр юу ч газрыг доргион мөн хоёр тийш болон хуваагдах гэж буй мэт чичиргэж чадахгүйг тэд мэдэж байсан бөлгөө.

19 Мөн эдүгээ Алмагийн сүрдэн гайхширсан нь маш их байсан учир тэрээр хэлгүй болж, амаа ч нээж чадахгүй байлаа; тийм ээ, тэрээр сульдан, бүр гараа ч хөдөлгөж чадахгүй байв; тиймийн тул тэрээр түүнтэй хамт байсан тэднээр өргөгдөж, мөн эцгийнхээ өмнө хэвтүүлэгдэх хүртлээ хүчгүй байж, зөөгдсөн буюу.

20 Мөн тэд түүний эцэгт өөрсдөд нь тохиолдсон бүгдийг тоочин хэлэв; мөн түүний эцэг баясав, учир нь энэ бол Бурханы хүч байсныг тэрээр мэдэж байлаа.

21 Мөн тэрээр хүүд нь, мөн түүнчлэн түүнтэй байсан тэдэнд Их Эзэн юу хийснийг тэд гэрчилж болохын тулд олон хүмүүсийг цуглуулав.

22 Мөн тэрээр пристүүдийг нэгдэн чуулахаар болгов; Их Эзэн тэдний Бурхан Алмагийн амыг ярьж болохын тулд нээж, мөн түүнчлэн түүний үе мөч хүчээ сэргээн авч болохын тулд—Бурханы сайн сайхан болон сүр жавхланг мэдэж мөн харахаар хүмүүсийн нүд нээгдэж болохын тулд тэд мацаг барин, мөн түүнд хандан залбирч эхлэв.

23 Мөнхүү улиран тохиох дор тэд хоёр өдөр мөн хоёр шөнийн турш мацаг барьж, залбирсны дараа, Алмагийн үе мөчний хүч тамир сэргэж, мөн тэрээр босож зогсоод, мөн тэднийг тайвшрахыг хүсэн, тэдэнд ярьж эхлэв:

24 Тэрээр ийн хэлэв, учир нь, би нүглүүдээ наманчилсан, мөн Их Эзэнээр гэтэлгэгдлээ; болгоогтун би Сүнсээр төрлөө.

25 Мөн Их Эзэн надад хэлэв: Бүх хүн төрөлхтөн, тийм ээ, эрчүүд мөн эмэгтэйчүүд, бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэн дахин төрөх ёстойд бүү гайх; тийм ээ, Бурханаас төрж, зуурдын бөгөөд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурханаар гэтэлгэгдэн, түүний хөвгүүд мөн охид болдог;

26 Мөн тийн тэд шинэ бүтээлүүд болдог; мөн тэд үүнийг хийхгүй аваас, тэд яасан ч Бурханы хаант улсыг өвлөж чадахгүй бөлгөө.

27 Би та нарт хэлнэ, байдал нь ийм бус аваас, тэд хаягдах ёстой; мөн үүнийг би мэднэ, учир нь би хаягдах дөхсөн бөлгөө.

28 Гэсэн хэдий ч, их бэрхшээлийг туулж, үхэх дөхөн наманчилсны дараа, Их Эзэн намайг үүрдийн шаталтаас шүүрч авах нь зохистой хэмээн нигүүлсэлдээ үзжээ, мөн би Бурханаас төрлөө.

29 Миний сүнс шаналлын гүн болон алдсын хүлээснээс гэтэлгэгдлээ. Би хамгийн харанхуй ангалд байсан; харин эдүгээ би Бурханы гайхамшигт гэрлийг харнам. Сүнс минь мөнхийн шаналалд тарчилж байв; гэвч намайг шүүрэн аварсан, мөн сүнс минь өвдөх нь үгүй болов.

30 Би өөрийн Гэтэлгэгчийг эсэргүүцсэн, мөн бидний эцэг өвгөдөөр яригдсаныг үгүйсгэсэн; гэвч эдүгээ, тэр ирэх болно, мөн тэрээр өөрийн бүтээсэн бүтээл бүрийг санана гэдгийг тэд урьдаас харж болохын тулд тэр өөрийгөө бүгдэд үзүүлэх болно.

31 Тийм ээ, түүний өмнө өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно. Тийм ээ, бүх хүн түүгээр шүүгдэхээр зогсох бүр тэрхүү эцсийн өдөр, тэгэхэд тэр бол Бурхан гэдгийг тэд хүлээн зөвшөөрнө; тэгэхэд Бурхангүйгээр дэлхийд амьдардаг тэд, өөрсдийнх нь дээрх үүрдийн шийтгэлийн шүүлт шударга болохыг хүлээн зөвшөөрнө; мөн бүхнийг харах түүний мэлмийн харцнаас тэд дагжин, чичирч мөн нугдайх болно.

32 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма болон тэнгэр элч тэдэнд үзэгдсэн тэр цагт Алматай хамт байсан тэд, энэ цагаас хойш хүмүүст сургаж эхлэв, бүх нутаг даяар аялан явж, өөрсдийн сонссон мөн үзсэн тэр зүйлсээ бүх хүнд тунхаглаж, мөн Бурханы үгийг их бэрхшээлийн дунд номлов, мөн үл итгэгчдэд ихээр хавчигдаж, тэдний олноор нь дарамтлуулсан болой.

33 Гэвч энэ бүгд байсан хэдий ч тэд сүмд их тайтгарлыг авчирсан болой, тэдний итгэлийг нь батжуулж, мөн тэсвэр тэвчээртэйгээр мөн ихэд шаргуугаар Бурханы зарлигуудыг сахихыг тэдэнд ухуулж байв.

34 Мөн тэдний дөрөв нь Мозаягийн хөвгүүд байв; мөн тэдний нэрс нь Аммон, Аарон, Омнер, мөн Химнай байв; эдгээр нь Мозаягийн хөвгүүдийн нэрс байв.

35 Мөн тэд Зарахемлагийн бүх нутгаар аялж, мөн Мозая хааны засаглал дор байсан бүх хүний дунд, бүх нүглээ тоочиж, мөн үзсэн тэр бүх зүйлээ тунхаглан, мөн өөрсдийг нь сонсохыг хүссэн бүхэнд бошиглолууд болон судруудыг тайлбарлаж, сүмд учруулсан тэр бүх хор хөнөөлөө залруулахаар чармайн хичээж байв.

36 Мөн тийн тэд олныг үнэний мэдлэгт, тийм ээ, Гэтэлгэгчийнх нь мэдлэгт авчрахад Бурханы мутар дахь зэмсгүүд болов.

37 Мөн хэчнээн их адислагдсан билээ тэд! Учир нь тэд амар амгаланг зарласан болой; тэд сайны тухай баярт мэдээг зарласан болой; мөн Их Эзэн хаанчлан буйг тэд хүмүүст тунхагласан билээ.