Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 27

Мозая хавчлагыг хориглож мөн тэгш эрхийг дэмжив—Залуу Алма мөн Мозаягийн дөрвөн хүү Сүмийг устгахаар эрэлхийлэв—Тэнгэр элч үзэгдэж мөн хилэнцэт замаасаа гарахыг тэдэнд зарлиг болгов—Алма цочирдон хэлгүй мэт болгогдов—Бүх хүн төрөлхтөн авралыг олохын тулд дахин төрөх ёстой—Алма мөн Мозаягийн хөвгүүд баярт мэдээг тунхаглав. Ойролцоогоор мэө 100–92 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор үл итгэгчдээс сүмд учруулах хавчлагууд үлэмж их болсон учир сүмийнхэн уг хэргийн талаар удирдагчиддаа бувтналдан, мөн гомдоллож эхлэв; мөн тэд Алмад гомдоллов. Мөн Алма өөрсдийн хаан, Мозаяд байдлыг танилцуулав. Мөн Мозая санваартнуудтайгаа зөвлөв.

2Мөнхүү улиран тохиох дор хаан Мозая үл итгэгчдийн хэн нь ч Бурханы сүмд харъяалагдсан тэднээс хэнийг ч хавчих ёсгүй хэмээх тунхаг бичгийг эргэн тойрны нутаг даяар илгээв.

3Мөн бүх сүмд тэдний дунд хавчлага байх ёсгүй, бүх хүмүүний дунд эрх тэгш байдал байх ёстой гэсэн чанд зарлиг байв.

4Ямар ч бардамнал бас ямар ч ихэмсэглэл тэдний амар амгаланд саад учруулахыг тэд зөвшөөрөх ёсгүй; хүн бүр хөршөө өөрийнхөө адил хүндэтгэж, өөрсдийгөө тэтгэхийн тулд өөрийн гараар хөдөлмөрлөх ёстой байв.

5Тийм ээ, мөн тэдний бүх санваартнууд мөн багш нар өвчний, эсвээс их гачигдлын байдлаас өөр ямар ч нөхцөлд тэд өөрсдийгөө тэжээхээр өөрсдийн гараар хөдөлмөрлөх ёстой; мөн эдгээр зүйлийг хийснээр Бурханы ач ивээлд умбасан болой.

6Мөн уг нутагт дахин их амгалан байж эхлэв; мөн хүмүүс маш олон тоотой болж эхлэв, мөн газрын гадаргуу дээр тархаж эхлэв, тийм ээ, өмнөдөд мөн умардад, дорнодод бас өрнөдөд, уг нутгийн бүх хэсгүүдэд том хотууд мөн тосгод барьсан бөлгөө.

7Мөн Их Эзэн тэдэнд зочилж мөн тэднийг дэгжүүлэн, мөн тэд өнөр өтгөн хийгээд чинээлэг хүмүүс болов.

8Эдүгээ Мозаягийн хөвгүүд үл итгэгчдийн дунд тоологдож байв; мөн түүнчлэн Алмагийн хөвгүүдийн нэг нь тэдний дунд тоологдож байлаа, тэр эцгийнхээ адилаар Алма гэж нэрлэгдсэн байв; гэсэн хэдий ч, тэр маш ёс бус мөн хиймлийг шүтэгч хүн болов. Мөн тэрээр олон үгтэй хүн байж, мөн хүмүүст ихээхэн зусрыг ярьдаг байв; тиймийн тул тэрээр хүмүүсээс олныг нь өөрийн алдсуудын маягаар хийхийг удирдсан ажгуу.

9Мөн тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлийг хулгайлан; хүмүүсийн дунд их зөрөлдөөнийг үүсгэж; тэдний дээр өөрийн хүчийг үзүүлэх боломжийг Бурханы дайсанд олгож байсан учир тэрээр Бурханы сүмийн хөгжилд үлэмж том саад болов.

10Мөн эдүгээ улиран тохиох дор тэрээр Бурханы сүмийг устгахаар явж байхад нь, тодруулбал тэр Мозаягийн хөвгүүдтэй сүмийг устгахыг, мөн Их Эзэний хүмүүсийг буруу замд удирдахыг эрэлхийлэн, Бурханы, эсвээс бүр хааны зарлигуудын эсрэг нууцаар явдаг байлаа—

11Мөн та нарт миний хэлсэнчлэн, тэд Бурханыг эсэргүүцэн явах зуур, болгоогтун, Их Эзэний тэнгэр элч тэдэнд үзэгдэв; мөн тэрээр үүлэнд байсан мэтээр доошлон ирэв; мөн тэрээр тэдний дээр нь зогсож байсан газрыг доргиход хүргэсэн аянгын дуу лугаа адил дуу хоолойгоор ярив;

12Мөн тэдний сүрдэн гайхсан нь маш их байснаас, тэд газарт унаж, тэгээд өөрсдөд нь ярьсан түүний үгсийг ойлгосонгүй.

13Гэсэн хэдий ч тэр дахин хашгирч, хэлрүүн: Алма, бос мөн урагш зогс, та яагаад Бурханы сүмийг хавчих болов? Учир нь: Энэ бол миний сүм, мөн би үүнийг төвхнүүлэх болно; мөн миний хүмүүсийн зөрчлөөс өөр юу ч үүнийг буулгахгүй хэмээн Их Эзэн хэлж байна.

14Мөн түүнчлэн, тэнгэр элч хэлэв: Болгоогтун, Их Эзэн өөрийн хүмүүсийн залбирлуудыг, мөн түүнчлэн өөрийн үйлчлэгч, таны эцэг болох Алмагийн залбирлуудыг сонссон; учир нь та үнэний мэдлэгт авчрагдаж болохын тулд таны талаар их итгэлтэйгээр тэрээр залбирсан бөлгөө; тиймийн тул, энэ зорилгоор түүний үйлчлэгчдийн залбирлууд тэдний итгэлийнх нь дагуу хариулагдаж болохын тулд Бурханы хүч болон эрх мэдлийг танд итгүүлэхийн тулд ирлээ, би.

15Мөн эдүгээ болгоогтун, та Бурханы хүчийг сөрж чадах уу? Учир нь болгоогтун, миний дуу хоолой газрыг доргиохгүй байна гэж үү? Мөн түүнчлэн та намайг өөрийнхөө өмнө харж чадаж байгаа бус уу? Мөн Бурханаас илгээгдсэн билээ, би.

16Эдүгээ би танд хэлье: Явагтун, мөн Хеламын нутагт, мөн Нифайн нутагт эцэг өвгөд тань боолчлолд байсныг санагтун; мөн тэдний төлөө тэрээр ямар агуу зүйлүүдийг хийснийг сана; учир нь тэд боолчлолд байсан тэгээд тэрээр тэднийг чөлөөлсөн юм. Мөн эдүгээ би танд хэлнэ, Алма, өөрийн замаар яв, мөн тэдний залбирал хариулагдаж болохын тулд сүмийг устгахыг дахин бүү эрэлхийл, мөн та өөрөө зайлуулагдахыг хүссэн ч, үүнийг бүү хийгтүн.

17Мөн эдүгээ улиран тохиох дор эдгээр нь Алмад ярьсан тэнгэр элчийн сүүлчийн үгс байв, мөн тэрээр одов.

18Мөн эдүгээ Алма болон түүнтэй хамт байсан тэд газарт унав, учир нь тэдний сүрдэн гайхсан нь асар их байв; учир нь Их Эзэний тэнгэр элчийг тэд нүдээрээ харсан болой; мөн түүний дуу газрыг доргиох аянга лугаа адил байв; мөн Бурханы хүчнээс өөр юу ч газрыг доргион мөн хоёр тийш болон хуваагдах мэт чичиргэж чадахгүйг тэд мэдсэн бөлгөө.

19Мөн эдүгээ Алмагийн сүрдэн гайхширсан нь маш их байсан учир тэрээр хэлгүй болов, амаа ч нээж чадахгүй байлаа; тийм ээ, тэрээр доройтон бүр гараа ч хөдөлгөж чадахгүй болжээ; тиймийн тул тэрээр түүн лугаа адил байсан тэднээр өргөгдөж, мөн арчаагүйгээр зөөгдөн, бүр эцгийнхээ өмнө хэвтүүлэгдэх хүртлээ буюу.

20Мөн тэд түүний эцэгт өөрсдөд нь тохиолдсон бүгдийг тоочин хэлэв; мөн түүний эцэг баясав, учир нь энэ бол Бурханы хүч байсныг тэрээр мэдэж байлаа.

21Мөн тэрээр хүүд нь, мөн түүнчлэн түүнтэй байсан тэдэнд Их Эзэн юу хийснийг тэд гэрчилж болно хэмээн олон хүмүүнийг цуглуулав.

22Мөн тэрээр санваартнуудыг нэгдэн чуулахаар болгов; тэрээр Алмагийн ам ярьж болохын тулд нээгдэж, мөн түүнчлэн түүний үе мөч хүчээ сэргээн авч болохын тулд—Бурханы сайн сайхан хийгээд алдар сууг мэдэж мөн харахаар хүмүүсийн нүд нээгдэж болохын тулд тэд мацаг барин, мөн Их Эзэн Бурхандаа хандан залбирч эхлэв.

23Мөнхүү улиран тохиох дор тэд хоёр өдөр мөн хоёр шөнийн турш мацаг барьж, залбирсны дараа, Алмагийн үе мөчний хүч тамир сэргэж, мөн тэрээр дээш босоод, мөн тэднийг тайвшрахыг хүсэн тэдэнд ярьж эхлэв:

24Учир нь, хэмээн тэрээр хэлж, би нүглүүдээ наманчилсан, мөн Их Эзэнээр гэтэлгэгдсэн; болгоогтун би Сүнсээр төрлөө гэв.

25Мөн Их Эзэн надад хэлэв: Бүх хүн төрөлхтөн, тийм ээ, эрчүүд мөн эмэгтэйчүүд, бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс дахин төрөх ёстойд бүү гайх; тийм ээ, Бурханаар төрж, эгэл хийгээд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурханаар гэтэлгэгдэн, түүний хөвгүүд мөн охид болдог;

26Мөн тийн тэд шинэ бүтээлүүд болдог; мөн үүнийг хийхгүйгээр, тэд Бурханы хаант улсыг өвлөж чадах аргагүй бөлгөө.

27Би та нарт хэлнэ, энэ нөхцөлд бус аваас, тэд зайлуулагдах ёстой; мөн үүнийг би мэднэ, учир нь би зайлуулагдах дөхлөө.

28Гэсэн хэдий ч, их бэрхшээлийг туулж үхэх дөхөн наманчилсны дараа, Их Эзэн намайг нигүүлсэлдээ үүрдийн шаталтаас шүүрч авах нь зохистой хэмээн үзжээ, мөн би Бурханаар төрлөө.

29Миний бодгаль шаналлын гүн болон алдсын хүлээснээс гэтэлгэгдлээ. Би хамгийн харанхуй ангалд байсан; харин эдүгээ би Бурханы гайхамшигт гэрлийг харнам. Бодгаль минь мөнхийн зовлонд тарчилж байв; гэвч би шүүрэгдлээ, мөн бодгаль минь цаашид дахин өвдөх нь үгүй.

30Би өөрийн Гэтэлгэгчийг эсэргүүцсэн, мөн бидний эцэг өвгөдөөр яригдсаныг үгүйсгэсэн; харин эдүгээ тэр ирэх болно, мөн тэрээр өөрийн бүтээсэн бүтээл бүрийг санана гэдгийг тэд урьдаас харж болохын тулд тэр өөрийгөө бүгдэд үзүүлэх болно.

31Тийм ээ, түүний өмнө өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно. Тийм ээ, бүх хүмүүн түүгээр шүүгдэхээр зогсох бүр тэрхүү эцсийн өдөр, тэгээд тэр бол Бурхан гэдгийг тэд хүлээн зөвшөөрнө; тэгээд Бурхангүйгээр дэлхийд амьдрах тэд, тэдний дээрх үүрдийн шийтгэлийн шүүлт шударга болохыг хүлээн зөвшөөрнө; мөн тэд дагжин, мөн чичирч, мөн бүхнийг ухаарах түүний мэлмийн харцнаас навтайх болно.

32Мөн эдүгээ улиран тохиох дор Алма болон Алмагийн хамт байсан тэд тэнгэр элч тэдэнд үзэгдсэн тэр цагт, энэ цагаас хойш хүмүүст сургаж эхлэв, мөн, бүх нутаг даяар аялан явж, үл итгэгчдэд ихээр хавчигдаж, тэдний олноор нь цохигдон, өөрсдийн сонссон мөн үзсэн тэр зүйлүүдээ бүх хүмүүнд тунхаглаж, мөн Бурханы үгийг их бэрхшээлийн дунд номлон байв.

33Харин энэ бүгд байсан хэдий ч тэд сүмд их тайтгарлыг хайрласан болой, тэдний итгэлийг нь батлан, мөн тэсвэртэйгээр мөн ихэд шаргуугаар Бурханы зарлигуудыг дагахыг тэдэнд ухуулж байв.

34Мөн тэдний дөрөв нь Мозаягийн хөвгүүд байв; мөн тэдний нэрс нь Аммон, мөн Аарон, мөн Омнер, мөн Химнай байв; эдгээр нь Мозаягийн хөвгүүдийн нэрс байв.

35Мөн тэд Зарахемлагийн бүх нутгаар аялж, мөн хаан Мозаягийн засаглал дор байх бүх хүмүүсийн дунд, бүх нүглүүдээ хүлээж, мөн үзсэн тэр бүх зүйлүүдээ тунхаглан, мөн өөрсдийг нь сонсохыг хүссэн бүхэнд бошиглолууд хийгээд судруудыг тайлбарлаж, сүмд учруулсан тэр бүх хор хөнөөлөө залруулахаар хичээж байв.

36Мөн тийн тэд олныг үнэний мэдлэгт, тийм ээ, Гэтэлгэгчийнхээ мэдлэгт авчрахад Бурханы мутар дахь зэмсгүүд болов.

37Мөн эдүгээ хичнээн их адислагдсан билээ тэд! Учир нь амар амгаланг тэд тунхагласан болой; баярт мэдээг тэд тунхагласан болой; мөн Их Эзэн хаанчилдгийг тэд хүмүүст зарлан мэдэгдсэн билээ.