Судрууд
Мозая 24


Бүлэг 24

Амюлон Алмаг болон түүний хүмүүсийг хавчин дарлав—Хэрэв тэд залбирвал тэд үхэлд хүргэгдэх байв—Их Эзэн тэдний ачааг хөнгөн мэт санагдуулав—Тэрээр тэднийг боолчлолоос чөлөөлж, мөн тэд Зарахемлад эргэж ирэв. Ойролцоогоор МЭӨ 145–120 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Амюлон леменчүүдийн хааны мэлмийд тааллыг олов; тиймийн тул, леменчүүдийн хаан түүнд болон түүний ах дүүст, хүмүүсийнхээ дээр, тийм ээ, бүр Шэмлон нутагт, Шилом нутагт, мөн Амюлон нутагт байсан тэр хүмүүсийн дээр багшаар томилогдсон байхыг зөвшөөрчээ.

2 Учир нь леменчүүд эдгээр бүх нутгийг эзэмшилдээ авсан байв; тиймийн тул, леменчүүдийн хаан эдгээр бүх нутгийн дээр хаадыг томилсон байсан бөлгөө.

3 Мөн эдүгээ леменчүүдийн хааны нэр нь Лемен хэмээн, эцгийнхээ нэрээр нэрлэгдсэн байв; мөн тиймийн тул тэрээр Лемен хаан гэж нэрлэгдсэн ажгуу. Мөн тэр олон тооны хүмүүсийн хаан байв.

4 Мөн тэрээр өөрийн хүмүүсээр эзэмшигдсэн нутаг бүрд Амюлоны ах дүүсээс багш нарыг томилов; мөн тийн Нифайн хэл леменчүүдийн бүх хүний дунд заагдаж эхлэв.

5 Мөн тэд нэг нь нөгөөдөө найрсаг хүмүүс байв; гэсэн хэдий ч тэд Бурханыг мэддэггүй байлаа; бас Амюлоны ах дүүс, Их Эзэн тэдний Бурханы талаар юуг ч, бас Мосегийн хуулийг ч тэдэнд заасангүй; Абинадайн үгсийг ч тэдэнд заасан нь үгүй бөлгөө;

6 Гэвч тэд өөрсдийн цэдгийг хадгалбал зохихыг мөн тэд нэг нь нөгөөдөө бичиж болохыг заав.

7 Мөн тийн леменчүүд баялгаар арвижиж эхлэв, мөн бие биетэйгээ худалдаа хийж мөн хүчирхэгжиж эхлэв, мөн дэлхийн ухааны хувьд зальтай мөн мэргэн, тийм ээ, маш их зальтай, ах дүүсийнхээ дунд л биш бол ёс бус муу бүхэнд мөн дээрэм тонуулд баяссан хүмүүс болж эхлэв.

8 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний ах дүүсийн дээр Амюлон эрх дархыг үзүүлэн, мөн түүнийг хавчиж эхлэн, мөн хүүхдүүдээрээ тэдний хүүхдүүдийг хавчин дарлуулж байв.

9 Учир нь Алмаг, тэрээр хааны пристүүдийн нэг байсныг мөн Абинадайн үгсэд итгэсэн нь, бас хааны өмнөөс хөөгдсөн нь тэр байсныг Амюлон мэдэж байв, мөн тиймийн тул тэр түүнд хилэгнэж байлаа; учир нь тэр Лемен хааны харьяат байв, гэсэн хэдий ч тэр тэдний дээр эрх дархаа үзүүлж, мөн тэдэнд үүрэг ажил өгч, мөн тэднийг харгалзах хянагчдыг томилсон болой.

10 Мөнхүү улиран тохиох дор тэдний зүдгүүр агуу их байсан тул тэд Бурханд хүчтэйгээр залбиран гуйж эхэлсэн ажээ.

11 Мөн тэд өөрсдийн залбирлуудыг зогсоох ёстой хэмээн Амюлон тэдэнд зарлиг болов; мөн тэрээр Бурханыг дуудсан хэнийг боловч үхэлд хүргэхээр, тэднийг харгалзах харуулуудыг тэдний дээр тавилаа.

12 Мөн Алма болон түүний хүмүүс Их Эзэн Бурхандаа дуу хоолойгоо өргөсөнгүй, гэвч зүрх сэтгэлээ түүнд юүлж байсан болой; мөн тэрээр тэдний зүрх сэтгэл дэх бодлуудыг мэдэж байв.

13 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой тэдний зүдгүүрт үед ирж, өгүүлсэн нь: Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надтай хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ; мөн би өөрийн хүмүүстэй гэрээ хийж мөн тэднийг боолчлолоос чөлөөлөх болно.

14 Мөн бүр та нарыг боолчлолд байх үед та нарын мөрөн дээр тавигдсан ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол би түүнчлэн хөнгөлнө; мөн та нар цаашид миний гэрчлэгчид болон зогсож болохын тулд, мөн Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын тулд, би үүнийг хийх болно.

15 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний ах дүүсийн дээр тавигдаж асан ачаанууд хөнгөлөгдөж байв; тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх таалалд захирагдсан болой.

16 Мөнхүү улиран тохиох дор тэдний итгэл мөн тэдний тэвчээр тийм агуу байсан учир Их Эзэний дуу хоолой тэдэнд дахин ирж, өгүүлсэн нь: Тайтгарагтун, учир нь маргааш би та нарыг боолчлолоос чөлөөлөх болно.

17 Мөн тэрээр Алмад хэлэв: Чи энэ хүмүүсийн өмнө явах болно, мөн би чамтай хамт явж мөн энэ хүмүүсийг боолчлолоос чөлөөлөх болно.

18 Эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний хүмүүс шөнийн цагаар мал сүргээ, мөн түүнчлэн үр тарианаасаа нэгтгэн цуглуулжээ; тийм ээ, бүр бүх шөнийн турш тэд мал сүргээ нэгтгэн цуглуулав.

19 Мөн өглөө нь Их Эзэн леменчүүдийн дээр гүн нойр ирүүлэв, тийм ээ, мөн тэдний бүх хянагч гүн нойронд автагдсан байв.

20 Мөн Алма болон түүний хүмүүс аглаг буйд тийш одов; мөн тэд өдөржингөө аялаад, нэгэн хөндийд майхнуудаа босгов, мөн тэд уг хөндийг Алма гэж нэрлэв, тэрээр аглаг буйдад тэдний замыг удирдсаны учир болой.

21 Тийм ээ, мөн тэр тэдэнд нигүүлсэнгүй байж мөн тэдний ачаануудыг хөнгөлж, мөн тэднийг боолчлолоос чөлөөлсөн учир тэд Алмагийн хөндийд Бурханд талархлаа уудлан илэрхийлэв; учир нь тэд боолчлолд байсан, мөн Их Эзэн Бурханаас нь өөр хэн ч тэднийг чөлөөлж чадахгүй байв.

22 Мөн тэд Бурханд талархал илэрхийлж, тийм ээ, тэдний бүх эрчүүд мөн тэдний бүх эмэгтэйчүүд мөн ярьж чадах тэдний бүх хүүхдүүд Бурханаа магтахад дуу хоолойгоо өргөсөн ажээ.

23 Мөн эдүгээ Их Эзэн Алмад хэлэв: Чи яарагтун мөн өөрийгөө бас энэ хүмүүсийг энэ нутгаас авч гар, учир нь леменчүүд сэрсэн мөн чамайг мөшгөж байна; тиймийн тул энэ нутгаас гарцгаа, мөн би леменчүүдийг энэ хөндийд зогсоох болно, тэгснээр тэд энэ хүмүүсийг мөшгөхөөр цааш явахгүй.

24 Мөнхүү улиран тохиох дор тэд уг хөндийгөөс одож, мөн аглаг буйдад аянаа хөөв.

25 Мөн тэд аглаг буйдад арван хоёр хоног байсны дараа тэд Зарахемла нутагт хүрч ирэв; мөн Мозая хаан тэднийг түүнчлэн баяр хөөртэй угтаж авчээ.