Судрууд
Мозая 23


Ноа хааны хүмүүсээр аглаг буйд тийш туугдсан Их Эзэний тэр хүмүүсийн мөн Алмагийн шастир оршвой.

23 болон 24-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 23

Алма хаан байхаас татгалзав—Тэрээр дээд пристээр үйлчлэв—Их Эзэн Өөрийн хүмүүсийг шийтгэж, мөн леменчүүд Хилам нутгийг эзлэв—Ноа хааны ёс бус пристүүдийн удирдагч Амюлон Лемений хаант засагт харьяалагдан захирах болов. Ойролцоогоор МЭӨ 145–121 он.

1 Эдүгээ Алма, Ноа хааны их цэрэг өөрсөд дээр нь ирнэ хэмээн Их Эзэнээс урьдаас сэрэмжлүүлэгдсэн учир, мөн тэрээр өөрийн хүмүүст үүнийг мэдүүлсэн тул, тиймийн тул тэд мал сүргээ цуглуулж, мөн үр тарианаасаа аваад, мөн Ноа хааны их цэргээс өмнө аглаг буйд тийш дайжив.

2 Мөн Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн тул Ноа хааны хүмүүс тэднийг устгахаар тэднийг гүйцэж чадаагүй болой.

3 Мөн тэд найм хоногийн турш аглаг буйдаар зугтав.

4 Мөн тэд нэгэн нутагт ирэв, тийм ээ, бүр маш үзэсгэлэнтэй мөн сайхан нутагт, цэвэр устай нэгэн нутагт иржээ.

5 Мөн тэд майхнуудаа босгож, мөн газар боловсруулж эхлэв, мөн барилгууд барьж эхлэв; тийм ээ, тэд ажилсаг байж, мөн үлэмж шаргуу хөдөлмөрлөсөн болой.

6 Мөн хүмүүс Алмаг өөрсдийн хаан байгаасай хэмээн хүсэж байв, учир нь тэр өөрийн хүмүүсээр хайрлагдсан бөлгөө.

7 Гэвч тэрээр тэдэнд хэлэв: Болгоогтун, бидэнд хаан байх нь зохистой бус юм; учир нь Их Эзэн ийн хэлдэг: Та нар нэгэн биеийг нөгөөгөөс илүүд үзэх ёсгүй, өөрөөр хэлбэл хэн нэг нь өөрийгөө нөгөөгөөс дээгүүрт бодох ёсгүй; тиймийн тул би та нарт хэлье, та нар хаантай байх нь зохистой бус.

8 Гэсэн хэдий ч, хэрэв та нар үргэлж шударга эрчүүдийг хаадаа байлгах боломжтой байсан бол хаантай байх нь та нарт сайн юм.

9 Гэвч Ноа хааны мөн түүний пристүүдийн алдсыг санагтун; мөн би өөрөө ч урхинд орж, мөн намайг зовлонт наманчлалд хүргэсэн, Их Эзэний мэлмийд жигшүүрт болох тэр олон зүйлийг үйлдсэн билээ;

10 Гэсэн хэдий ч, их зовлонгийн эцэст, Их Эзэн миний гуйлтуудыг сонссон, мөн миний залбирлуудад хариулсан, мөн намайг та нараас ийм олныг нь түүний үнэн мэдлэгт авчрах өөрийн мутар дахь зэмсэг болгосон бөлгөө.

11 Гэсэн хэдий ч, үүгээр би онгирохгүй, учир нь би бол өөрөөрөө онгирохоор зохистой нь биш.

12 Мөн эдүгээ би та нарт хэлье, та нар Ноа хаанд дарамтлуулж байсан, мөн түүний бас пристүүдийнх нь боолчлолд байсан, мөн тэднээр алдаст хүргэгдсэн; тиймийн тул та нар алдсын хүлээст хүлэгдсэн байсан бөлгөө.

13 Мөн эдүгээ та нар Бурханы хүчээр эдгээр хүлээснээс, тийм ээ, бүр Ноа хааны мөн түүний хүмүүсийн гараас, мөн түүнчлэн алдсын хүлээснээс чөлөөлөгдсөн шиг; тэрчлэн та нар чөлөөлөгдсөн энэ эрх чөлөөндөө бат зогсож, мөн ямар ч хүнийг өөрсдийн дээр хаан болгохоор итгэхгүй байгаасай хэмээн хүснэ би.

14 Мөн түүнчлэн Бурханы замуудаар замнан мөн зарлигуудыг нь дагадаг, Бурханы хүн байхаас бусдаар бол та нар өөрсдийн багш мөн тохинуулагч болгохоор хэнд ч бүү итгэ.

15 Тийн Алма өөрсдийн дунд зөрчилдөөнгүй байхыг, хүн бүр хөршөө өөрийн адил хайрлах ёстойг хүмүүстээ заав.

16 Мөн эдүгээ, Алма тэдний дээд прист байв, тэрээр тэдний сүмийг үндэслэгч байсны учир буюу.

17 Мөнхүү улиран тохиох дор түүгээр дамжуулан Бурханаас аваагүй л бол, номлох эсвэл багшлах эрх мэдлийг хэн ч хүлээн авдаггүй байв. Тиймийн тул тэр тэдний бүх пристийг мөн бүх багш нарыг нь томилон адислав; мөн тэд шударга байсан бус аваас нэг нь ч томилогдон адислагдаагүй бөлгөө.

18 Тиймийн тул тэд өөрсдийн хүмүүсийг харж хандан, мөн тэднийг зөв шударгад хамаарах зүйлс дээр дэмжин асарсан болой.

19 Мөнхүү улиран тохиох дор тэд уг нутагт үлэмж дэгжиж эхлэв; мөн тэд уг нутгийг Хилам гэж нэрлэв.

20 Мөнхүү улиран тохиох дор тэд Хилам нутагт өнөржин мөн үлэмж дэгжив; мөн тэд нэгэн хот барьж, мөн үүнийг Хилам хот хэмээн нэрлэв.

21 Гэсэн хэдий ч Их Эзэн өөрийн хүмүүсийг зэмлэх нь зохистой гэж үздэг бөлгөө; тийм ээ, тэрээр тэдний тэвчээрийг мөн тэдний итгэлийг сорьдог билээ.

22 Гэсэн хэдий ч—түүнд найдлагаа тавих хэн боловч мөнхүү тэр нь эцсийн өдөр өргөмжлөгдөх болно. Тийм ээ, мөн энэ хүмүүсийн хувьд тийн байв.

23 Учир нь болгоогтун, тэд боолчлолд оруулагдсан байсныг, мөн Их Эзэн тэдний Бурхан, тийм ээ, бүр Абрахамын, Исаакийн мөн Иаковын Бурханаас өөр хэн ч тэднийг чөлөөлж чадахгүй байсныг би та нарт үзүүлэх болно.

24 Мөнхүү улиран тохиох дор тэрээр тэднийг чөлөөлсөн, мөн өөрийн их хүчийг тэрээр тэдэнд үзүүлсэн билээ, мөн тэдний баясал агуу их байв.

25 Учир нь болгоогтун, улиран тохиох дор тэд Хилам нутагт байхад, тийм ээ, Хилам хотод, эргэн тойрных нь газрыг боловсруулж байх үед, болгоогтун леменчүүдийн их цэрэг нутгийн хил дотор орж ирэв.

26 Эдүгээ улиран тохиох дор Алмагийн ах дүүс талбайгаасаа зугтаж, мөн Хилам хотод нэгдэн цугларцгаав; мөн тэд леменчүүд үзэгдсэний улмаас маш их цочирдон айсан ажээ.

27 Гэвч Алма урагшлан мөн тэдний дунд зогсоод, мөн тэд айх ёсгүй, харин тэд Их Эзэн Бурханаа санах ёстой мөн тэрээр тэднийг чөлөөлөх болно хэмээн ухуулав.

28 Тиймийн тул тэд айдсаа дарж, мөн Их Эзэнээс леменчүүдийн зүрхийг зөөлрүүлэхийг, тэгснээр тэд өөрсдийг нь, мөн эхнэр, хүүхдүүдийг нь хэлтрүүлэх болоосой хэмээн гуйн залбирч эхлэв.

29 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн леменчүүдийн зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн болой. Мөн Алма мөн түүний ах дүүс урагшлан мөн өөрсдийгөө тэдний гарт өгөв; мөн леменчүүд Хилам нутгийг эзэмшилдээ авав.

30 Эдүгээ Лимхай хааны хүмүүсийн араас мөрдсөн леменчүүдийн их цэрэг олон хоногийн турш аглаг буйдад төөрсөн аж.

31 Мөн болгоогтун, тэд Ноа хааны мөнөөх пристүүдийг, Амюлон гэж тэдний нэрлэсэн тэр нутагт олжээ; мөн тэд Амюлоны нутгийг эзэмшиж эхлэн мөн газар боловсруулж эхэлсэн байв.

32 Эдүгээ тэдгээр пристийн удирдагчийн нэр нь Амюлон байв.

33 Мөнхүү улиран тохиох дор Амюлон леменчүүдээс гуйв; мөн тэрээр түүнчлэн леменчүүдийн охид болох эхнэрүүдээ, эр нөхрүүдийг нь устгахгүй байхыг ах дүүсээс нь гуйлгахаар урагш илгээв.

34 Мөн леменчүүд Амюлоны болон түүний ах дүүсийн эхнэрүүдийн учир тэднийг өрөвдөж, мөн тэднийг устгасангүй.

35 Мөн Амюлон мөн түүний ах дүүс леменчүүдтэй нэгдэв, мөн тэд Нифайн нутгийг хайн аглаг буйдад аялж байх үедээ Алма болон түүний ах дүүсийн эзэмшиж байсан Хилам нутгийг олж мэдсэн ажээ.

36 Мөнхүү улиран тохиох дор хэрэв Алма болон түүний ах дүүс Нифайн нутагт очих замыг өөрсдөд нь зааж өгвөл тэд амийг нь хэлтрүүлж мөн тэдний эрх чөлөөг өгөх болно хэмээн леменчүүд тэдэнд амласан буюу.

37 Гэвч Алма тэдэнд Нифайн нутагт хүрэх замыг зааж өгсний дараа леменчүүд амлалтаа биелүүлсэнгүй; харин тэд Алмаг болон түүний ах дүүсийг харгалзуулан Хилам нутгийн эргэн тойронд харуулууд суулгав.

38 Мөн тэдний үлдсэн нь Нифайн нутгийн зүг одов; мөн тэдний нэг хэсэг нь Хилам нутагт буцаж ирсэн аж, мөн түүнчлэн өөрсөдтэйгөө уг нутагт үлдээгдсэн харуулуудын эхнэр мөн хүүхдүүдийг авчирсан бөлгөө.

39 Мөн леменчүүдийн хаан, Хилам нутагт байсан өөрийн хүмүүсийн хаан бас захирагч байхыг Амюлонд зөвшөөрөв; гэсэн хэдий ч тэрээр леменчүүдийн хааны таалалд үл нийцэх ямар ч зүйлийг хийх хүч үгүй байв.