Судрууд
Мозая 21


Бүлэг 21

Лимхайн хүмүүс леменчүүдэд цохигдож мөн ялагдав—Лимхайн хүмүүс Аммонтой уулзаж мөн хөрвүүлэгдэв—Тэд жаредчуудын хорин дөрвөн ялтасны тухай Аммонд хэлэв. Ойролцоогоор МЭӨ 122–121 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Лимхай мөн түүний хүмүүс Нифайн хотод эргэж ирээд, мөн нутагтаа дахин амар амгалан амьдарч эхлэв.

2 Мөнхүү улиран тохиох дор олон хоногийн дараа леменчүүд нифайчуудын эсрэг уурандаа дахин өдөөгдөж эхлээд мөн тэд нутгийн эргэн тойрны хилийг даван ирж эхлэв.

3 Эдүгээ Лимхайд өгсөн өөрсдийн хааны тангаргийн учир тэд тэднийг хөнөөж зүрхэлсэнгүй; гэвч тэд хацар дээр нь тэднийг алгадаж, мөн тэдний дээр эрх дархаа үзүүлэв; мөн тэдний нуруунд хүнд ачаануудыг тавьж мөн тэднийг хэлгүй илжиг адил тууж эхлэв—

4 Тийм ээ, энэ бүгд Их Эзэний үг биелэгдэж болохын тулд хийгдсэн ажгуу.

5 Мөн эдүгээ нифайчуудын зүдгүүрүүд агуу байж, мөн тэдний гараас тэд өөрсдийгөө чөлөөлж чадах зам үгүй байв, учир нь леменчүүд тэдний тал бүрээс бүсэлсэн байсан болой.

6 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс өөрсдийн зүдгүүрүүдийн учир хаанд хандан бувтналдаж эхлэв; мөн тэдний эсрэг тулалдахаар явахыг тэд хүсэж эхлэв. Мөн тэд өөрсдийн гомдоллох үгсээрээ хааныг ихэд шаналгаж байв; тиймийн тул тэрээр тэд хүслийнхээ дагуу үйлдэж болно хэмээн тэдэнд зөвшөөрөв.

7 Мөн тэд дахин өөрсдөө цугларцгааж, мөн хуяг дуулгаа өмсөж, мөн леменчүүдийн эсрэг тэднийг нутгаасаа хөөн гаргахаар явцгаалаа.

8 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд тэднийг дийлж, мөн тэднийг ухраан, мөн тэдний олныг нь хөнөөв.

9 Мөн эдүгээ Лимхайн хүмүүсийн дунд агуу гашуудал мөн гаслан байв, бэлэвсэн эхнэр нөхрийнхөө төлөө гашуудан, хүү болон охин нь эцгийнхээ төлөө, мөн ах дүүс нь ах дүүсийнхээ төлөө гашуудаж байв.

10 Эдүгээ уг нутагт тун олон бэлэвсэн эхнэр байв, мөн тэд өдрөөс өдөрт чин зүрхнээсээ гаслан уйлж байв, учир нь леменчүүдээс айх их айдас тэдний дээр ирсэн бөлгөө.

11 Мөнхүү улиран тохиох дор тэдний үргэлжийн уйлаан нь Лимхайн хүмүүсийн үлдсэнийг леменчүүдийн эсрэг уурлахад өдөөн хатгав; мөн тэд дахин тулалдахаар явав, гэвч тэд дахин ухраагдаж, их хохирол амсав.

12 Тийм ээ, тэд бүр гурав дахь удаагаа дахин явж, мөн урьдын адил хохирол амсав; мөн алагдаагүй тэд Нифайн хотод дахин эргэж ирэв.

13 Мөн тэд өөрсдийгөө боолчлолын буулганд харьяалуулан, өөрсдийгөө цохигдохыг, мөн нааш цааш туугдахыг, мөн дайснуудынхаа хүслийн дагуу хүнд ачаа үүрэхийг хүлцэн, тэд өөрсдийгөө бүр тоос шороонд хүртэл даруусгав.

14 Мөн тэд өөрсдийгөө бүр даруу байдлын гүнд хүргэн даруусгав; мөн тэд Бурханаас хүчтэйгээр залбиран гуйв; тийм ээ, бүр бүх өдрийн турш Бурхандаа залбиран, тэрбээр өөрсдийг нь зүдгүүрүүдээс чөлөөлөөсэй хэмээн гуйсан бөлгөө.

15 Мөн эдүгээ Их Эзэн алдсуудынх нь учир тэдний гуйлтыг сонсохдоо удаан байв; гэсэн хэдий ч Их Эзэн тэдний гуйлтуудыг сонсож, мөн леменчүүдийн зүрх сэтгэлийг уярааж эхэлсэн учир тэд тэдний ачааг хөнгөлж эхлэв; гэсэн ч Их Эзэн тэднийг боолчлолоос чөлөөлөх нь зохистой гэж үзсэнгүй.

16 Мөнхүү улиран тохиох дор тэд нутагтаа бага багаар дэгжиж эхлэв, мөн үр тариаг илүү ихээр ургуулж, мөн бог мал, мөн бод малыг өсгөж эхэлсэн тул тэд өлсгөлөнгөөр зовсонгүй.

17 Эдүгээ эмэгтэйчүүдийн тоо нь маш их, эрчүүдээс олон байв; тиймийн тул Лимхай хаан эр хүн болгон бэлэвсэн эхнэрүүд мөн тэдний хүүхдүүдийг, тэднийг өлсгөлөнгөөр үхүүлэхгүй байж болохын тулд тэтгэхийг зарлиг болгов; мөн тэдний алагдагсдын тоо олон байсан учир тэд үүнийг хийсэн ажээ.

18 Эдүгээ Лимхайн хүмүүс аль болох хамтдаа бөөнөөр байж, мөн үр тариагаа мөн мал сүргээ хамгаалав;

19 Мөн хаан өөрөө харуулуудтайгаа бус аваас хотын хэрэмнээс гадагш гарч зүрхэлдэггүй байв, тэрээр ямар нэгэн байдлаар леменчүүдийн гарт орох вий хэмээн айсны учир бөлгөө.

20 Мөн тэрээр леменчүүдийн охидыг хулгайлж, тэгээд өөрийнх нь хүмүүс дээр тийм агуу устгалыг ирүүлсэн, аглаг буйдад зугтсан мөнөөх пристүүдийг барьж болохын тулд нутгийнхаа эргэн тойрныг өөрийн хүмүүсээр тандуулав.

21 Учир нь тэд шийтгэж болохын тулд тэднийг баривчлах хүсэлтэй байв; учир нь тэд шөнөөр Нифайн нутагт ирж, мөн тэдний үр тариа бас үнэт зүйлээс нь олныг авч одсон ажээ; тиймийн тул тэд нуугдан тэднийг хүлээдэг байв.

22 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд болон Лимхайн хүмүүсийн дунд, бүр Аммон болон түүний ах дүүсийг уг нутагт ирсэн тэр цагийг хүртэл дахин зөрчил гарсангүй.

23 Мөн хаан харуултайгаа хамт хотын хаалганы гадна байхдаа Аммон болон түүний ах дүүсийг олжээ; мөн тэднийг Ноагийн пристүүд хэмээн бодсон учир, тиймийн тул тэрээр тэднийг баривчлуулж, мөн хүлүүлж, мөн шоронд хориулсан ажгуу. Мөн хэрэв тэд Ноагийн пристүүд байсан аваас тэр тэднийг үхэлд хүргүүлэх байсан болой.

24 Гэвч тэрбээр тэднийг биш гэдгийг, харин тэд Зарахемла нутгаас ирсэн өөрийнх нь ах дүүс болохыг олж мэдээд, тэр үлэмж агуу баяраар дүүрэв.

25 Эдүгээ Лимхай хаан Аммоныг ирэхээс өмнө цөөн тооны эрчүүдийг Зарахемла нутгийг хайлгахаар илгээсэн байв; гэвч тэд үүнийг олж чадсангүй, мөн тэд аглаг буйдад төөрсөн бөлгөө.

26 Гэсэн хэдий ч, тэд хүмүүс суурьшсан байсан нэгэн нутгийг олжээ; тийм ээ, өгөр ясаар хучигдсан нэгэн нутгийг; тийм ээ, хүмүүс суурьшдаг байсан мөн устгагдсан нэгэн нутгийг буюу; мөн тэд, энэ нь Зарахемла нутаг хэмээн бодсон учир, Нифайн нутагт эргэж ирсэн болой, Аммоны ирэхээс цөөн өдрийн өмнө нутгийн хилд хүрч ирсэн бөлгөө.

27 Мөн тэд өөрсөдтэйгөө нэгэн цэдгийг, бүр ясыг нь олсон тэр хүмүүсийн талаарх цэдгийг авчирчээ; мөн энэ нь хүдэр ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн байв.

28 Мөн эдүгээ Аммоны амнаас, ийм сийлбэрүүдийг хөрвүүлж чадах Бурханаас өгөгдсөн бэлэг Мозая хаанд байдгийг олж мэдээд Лимхай дахин баяслаар дүүрэв; тийм ээ, мөн түүнчлэн Аммон ч баясав.

29 Гэсэн ч Аммон болон түүний ах дүүс харамслаар дүүрэн байлаа, тэдний ах дүүсээс ийм олон нь алагдсаны учир болой;

30 Мөн түүнчлэн Ноа хаан болон түүний пристүүд хүмүүсийг Бурханы эсрэг ийм олон нүгэл мөн алдсуудыг үйлдэхэд хүргэсэн учир буюу; мөн тэд түүнчлэн Абинадайн үхлийн төлөө гашуудав; мөн түүнчлэн Бурханы хүч болон чадлаар, мөн Абинадайгаар яригдсан үгсэд итгэсэн итгэлээр Бурханы сүмийг байгуулсан Алма мөн түүнтэй хамт одсон хүмүүс дайжин одсоны төлөө болой.

31 Тийм ээ, тэднийг дайжсаны төлөө тэд гашуудаж байлаа, учир нь тэд хааш зугтсаныг тэд мэдэхгүй байв. Эдүгээ тэд баяртайгаар тэдэнтэй нэгдэх байсансан, учир нь тэд өөрсдөө Бурханд үйлчилж мөн зарлигуудыг нь дагахаар түүнтэй гэрээнд орсон байсан болой.

32 Мөн эдүгээ Аммоныг ирснээс хойш түүнчлэн Лимхай хаан, мөн түүнчлэн түүний ард түмний олон нь Бурханд үйлчилж мөн түүний зарлигуудыг сахихаар түүнтэй гэрээнд орсон болой.

33 Мөнхүү улиран тохиох дор Лимхай хаан болон түүний ард түмний олон нь баптисм хүртэх хүсэлтэй байв; гэвч уг нутагт Бурханаас эрх мэдэлтэй нь нэг ч байсангүй. Мөн Аммон өөрийгөө зохист бус үйлчлэгч хэмээн үзсэн учир, энэ зүйлийг хийхээс татгалзав.

34 Тиймийн тул, тэд тэр цагт өөрсдийгөө сүм болгон зохион байгуулсангүй, харин Их Эзэний Сүнсийг хүлээж байв. Эдүгээ тэд бүр аглаг буйдад зугтсан Алма болон түүний ах дүүс адил болох хүсэлтэй байв.

35 Тэд бүх зүрх сэтгэлээрээ Бурханд үйлчлэхэд бэлэн байгаагийн баталгаа бас гэрч болгон баптисм хүртэх хүсэлтэй байв; гэсэн хэдий ч тэд уг цагийг хойш тавив; мөн тэдний баптисмын шастир хожим өгөгдөх болно.

36 Мөн эдүгээ Аммоны мөн түүний хүмүүсийн, мөн Лимхай хаан болон түүний ард түмний бүхий л бодол санаа нь өөрсдийгөө леменчүүдийн гараас мөн боолчлолоос чөлөөлөхөд зориулагдаж байв.