Судрууд
Мозая 19


Бүлэг 19

Гидеон Ноа хааныг хөнөөхөөр эрэлхийлэв—Леменчүүд уг нутагт халдав—Ноа хаан галд шатаж үхэв—Лимхай алба төлөгч хааны хувьд захирав. Ойролцоогоор МЭӨ 145–121 он.

1 Мөнхүү улиран тохиох дор хааны их цэрэг Их Эзэний хүмүүсийг үр дүнгүй хайсны эцэст эргэж ирэв.

2 Мөн эдүгээ болгоогтун, дайнд цөөрсний учир хааны цэргийн хүчин сул байв, мөн үлдсэн хүмүүсийн дунд хагарал гарч эхлэв.

3 Мөн бага хэсэг нь хааны эсрэг сүрдүүлэх үг хэлж эхлээд, мөн тэдний дунд агуу зөрчилдөөн бий болж эхэллээ.

4 Мөн эдүгээ тэдний дунд Гидеон гэгч эр байв, мөн тэр хүчтэй мөн хааны дайсан байсан учир, тиймийн тул тэр илдээ сугалж, мөн хааныг хөнөөнө хэмээн уурандаа андгайлав.

5 Мөнхүү улиран тохиох дор тэр хаантай тулалдав; мөн тэрээр өөрийг нь хүчээр давамгайлах гэж буйг хаан хараад, тэрээр зугтаж мөн ариун сүмийн дэргэдэх цамхаг өөд гүйж гарав.

6 Мөн Гидеон түүний араас хөөж мөн хааныг хөнөөхөөр цамхагт гарах гэж байв, мөн хаан Шэмлон нутгийн зүг хараа бэлчээсэнд, мөн болгоогтун, леменчүүдийн их цэрэг нутгийн хил даван ирсэн байлаа.

7 Мөн эдүгээ хаан сэтгэлийн тарчлалдаа бахардан хашхирч, өгүүлсэн нь: Гидеон, намайг хэлтрүүлээч, учир нь леменчүүд бидний дээр байна, мөн тэд биднийг устгах болно; тийм ээ, тэд хүмүүсийг минь устгах болно.

8 Мөн эдүгээ хаан өөрийн аминд санаа зовсон шигээ ард түмнийхээ төлөө тэгж их зовж байсангүй; гэсэн хэдий ч, Гидеон түүний амийг хэлтрүүлэв.

9 Мөн тэд леменчүүдийн өмнө зугтах ёстой хэмээн хаан ард түмэнд зарлиглаж, мөн тэр өөрөө тэдний өмнө явав, мөн тэд эмэгтэйчүүд мөн хүүхдүүдтэйгээ хамт аглаг буйд тийш зугтав.

10 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд тэднийг мөрдөн, мөн тэднийг гүйцэж, мөн тэднийг хөнөөж эхлэв.

11 Эдүгээ улиран тохиох дор хаан бүх эрсийг эхнэр, хүүхдүүдээ орхиж, мөн леменчүүдийн өмнө зугтахыг тэдэнд зарлиг болгов.

12 Эдүгээ тэднийг орхихгүй харин үлдэж мөн тэдэнтэй хамт мөхөх нь дээр хэмээсэн нь олон байв. Мөн бусад нь эхнэр, хүүхдүүдээ орхиж мөн зугтав.

13 Мөнхүү улиран тохиох дор эхнэр мөн хүүхдүүдийнхээ хамт үлдсэн тэд үзэсгэлэнт охидоо урагшлан, леменчүүдээс өөрсдийг нь алахгүй байхыг гуйхаар болгов.

14 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд тэднийг өрөвдөв, учир нь тэд эмэгтэйчүүдийнх нь гоо үзэсгэлэнд сэтгэл татагдсан бөлгөө.

15 Тиймийн тул леменчүүд тэдний амийг хэлтрүүлж, мөн тэднийг олзлон мөн Нифайн нутагт буцааж авчрав, мөн тэд Ноа хааныг леменчүүдийн гарт өгч, мөн өөрсдийн хөрөнгийг, бүр тэд эзэмшсэн бүгдийнхээ тэн хагасыг, алтныхаа мөн мөнгөнийхөө, мөн бүх үнэт зүйлийнхээ хагасыг өгөх нөхцөл дор тэд уг нутгийг эзэмшиж болохыг тэдэнд зөвшөөрөв, мөн тэд леменчүүдийн хаанд жилээс жилд ийм алба гувчуур төлөх ёстой байв.

16 Мөн эдүгээ олзлогдсон тэдний дунд хааны хөвгүүдийн нэг болох нэр нь Лимхай гэгч нэгэн байв.

17 Мөн эдүгээ Лимхай эцгээ устгуулахгүй байх хүсэлтэй байв; гэсэн хэдий ч, Лимхай өөрөө шударга хүн байсан учир эцгийнхээ алдсуудын талаар мэдэж байв.

18 Мөнхүү улиран тохиох дор Гидеон, хааныг мөн түүнтэй хамт буй тэднийг хайлгахаар аглаг буйд тийш хүмүүсийг нууцаар илгээв. Мөнхүү улиран тохиох дор тэд аглаг буйдад хүмүүстэй, хаан мөн пристүүдээс бусад бүгдтэй нь дайралдав.

19 Эдүгээ тэд Нифайн нутагт эргэж очно, мөн хэрэв тэдний эхнэр мөн хүүхдүүд нь мөн түүнчлэн тэдгээртэй үлдсэн тэд алагдсан бол тэд өшөөгөө авахаар эрэлхийлнэ, мөн түүнчлэн тэдгээртэй хамт мөхөх болно хэмээн тэд зүрх сэтгэлдээ андгайлсан байв.

20 Мөн хаан тэднийг буцах ёсгүй хэмээн тэдэнд зарлиг болгосон болой; мөн тэд хаанд уурлаж, мөн түүнийг бүр галд шатаж үхэх үхлээр зовох болгов.

21 Мөн тэд пристүүдийг ч түүнчлэн барьж мөн тэднийг үхэлд хүргэхээр завдаж байв, мөн тэд тэднээс зугтан одов.

22 Мөнхүү улиран тохиох дор тэд Нифайн нутаг тийш буцахаар зэхэж байв, мөн тэд Гидеоны эрчүүдтэй дайралдсан болой. Мөн Гидеоны эрчүүд тэдэнд, тэдний эхнэр хүүхдүүдэд тохиолдсон бүгдийг; мөн тэд леменчүүдэд өөрсдийн бүх эзэмшлийн тэн хагасыг алба гувчуур болгон төлж байвал уг нутгийг эзэмшиж болно хэмээн леменчүүд тэдэнд зөвшөөрснийг ярьсан буюу.

23 Мөн уг хүмүүс Гидеоны эрчүүдэд тэд хааныг алснаа, мөн түүний пристүүд тэднээс аглаг буйдын илүү алслагдсан хэсэг рүү зугтсаныг хэлэв.

24 Мөнхүү улиран тохиох дор тэд уг ёслолыг төгсгөсний дараа тэд Нифайн нутагт баясан эргэж ирэв, учир нь тэдний эхнэр мөн хүүхдүүд алагдаагүй байв; мөн тэд хааныг яаснаа Гидеонд хэлсэн болой.

25 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн хаан өөрийнх нь хүмүүс тэднийг алахгүй хэмээн тэдэнд тангарагласан болой.

26 Мөн түүнчлэн Лимхай, хааны хүү байсан учир, хаант улсыг удирдахаар хүмүүсээр тохоогдсон учир, леменчүүдийн хаанд өөрийнх нь хүмүүс түүнд алба, бүр бүх эзэмшлийнхээ тэн хагасыг төлнө хэмээн тангараглав.

27 Мөнхүү улиран тохиох дор Лимхай хаант улсыг байгуулж мөн өөрийн хүмүүсийн дунд энх амгаланг тогтоож эхлэв.

28 Мөн леменчүүдийн хаан Лимхайн хүмүүсийг нутагт нь байлгаж, тэднийг аглаг буйд тийш одуулахгүйн тулд нутгийн эргэн тойронд харуулууд гаргав; мөн тэрээр харуулуудаа нифайчуудаас хүлээн авсан алба гувчуураар тэтгэж байв.

29 Мөн эдүгээ леменчүүд тэднийг дарамталсангүй бас устгахыг эрэлхийлсэн нь үгүй тул Лимхай хаан хаант улсдаа хоёр жилийн турш үргэлжийн энх амгаланг эдлэв.