Судрууд
Мозая 16


Бүлэг 16

Бурхан хүмүүсийг алдагдсан болон унасан байдлаас нь гэтэлгэдэг—Биеийн таашаалыг эрхэмлэх тэд гэтэлгэл үгүй мэтээр үлдэх болно—Христ төгсгөлгүй амьдралд орох эсвээс төгсгөлгүй ялд орох амилуулалтыг улируулан тохиолгодог. Ойролцоогоор МЭӨ 148 он.

1 Мөн эдүгээ, улиран тохиох дор Абинадай эдгээр үгийг ярьсныхаа дараа тэр гараа урагш сунган мөн хэлэв: Бүгд Их Эзэний авралыг харах; үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэн бүгд нүдээрээ үзэх, мөн Бурханы өмнө түүний шүүлтүүд шударга гэдгийг хүлээн зөвшөөрөх тэр цаг ирэх болно.

2 Мөн тэгээд ёс бусыг үйлдэгчид зайлуулагдаж, мөн тэдэнд гаслах, уйлах, орилох, мөн шүдээ хавирах шалтгаан байх болно; мөн үүний учир нь тэд Их Эзэний дуу хоолойг анхаарахгүй байснаас болой; тиймийн тул Их Эзэн тэднийг гэтэлгэх нь үгүй.

3 Учир нь тэд таашаалыг эрхэмлэдэг мөн чөтгөр мэт, мөн чөтгөр тэднийг захирах хүчтэй; тийм ээ, бүр бидний анхны эцэг эхийг мэхэлсэн, тэднийг уналтад хүргэсэн тэр хөгшин хорт могой буюу; уг уналтаас болж бүх хүн төрөлхтөн таашаалыг эрхэмлэдэг, тачаангуй, чөтгөр мэт, сайнаас хилэнцтийг ялгаж мэддэг, өөрсдийгөө чөтгөрт харьяалуулдаг болсон буюу.

4 Тийн бүх хүн төрөлхтөн алдагдсан бөлгөө; мөн болгоогтун, Бурхан өөрийнхөө хүмүүсийг алдагдсан мөн унасан байдлаас нь гэтэлгээгүйсэн бол тэд төгсгөлгүйгээр алдагдах байсан буйза.

5 Гэвч өөрийн зуурдын биеийн чанартаа хэвээр үлдэж мөн нүглийн бас Бурханыг эсэргүүцэх замуудаар явсаар байдаг тэрээр, унасан байдалдаа үлдэж мөн чөтгөр түүнийг захирах бүхий л хүчтэй байна. Тиймийн тул тэрээр Бурханы дайсан учраас гэтэлгэл хийгдээгүй мэт байх болно; мөн түүнчлэн чөтгөр бол Бурханы дайсан бөлгөө.

6 Мөн эдүгээ тохиох зүйлсийг аль хэдийн тохиосон мэт яривал, хэрэв Христ дэлхийд ирээгүйсэн бол, гэтэлгэл байж чадахгүй байхсан билээ.

7 Мөнхүү хэрэв Христ үхэгсдийн дундаас босоогүйсэн бол, өөрөөр хэлбэл булш нь ялалт үгүй байж мөн үхэл нь гашуун бус байхын төлөө үхлийн хүлээсийг тасчаагүйсэн бол, амилуулалт гэж байхгүй байхсан.

8 Харин амилуулалт гэж буй, тиймийн тул булш ялахгүй, мөн үхлийн гашууныг Христ ялан дийлсэн юм.

9 Тэр бол дэлхийн гэрэл ба амь болой; тийм ээ, хэзээ ч харанхуйлагдахгүй, төгсгөлгүй тэрхүү гэрэл; тийм ээ, мөн түүнчлэн үхэл гэж цаашид байж үл болох, төгсгөлгүй амь амьдрал болой.

10 Бүр энэ зуурдын бие үхэшгүй байдлыг өмсөж, мөн энэ ялзрал ялзаршгүй байдлыг өмсөх болно, мөн Бурханы индрийн өмнө зогсон үйлүүдийнхээ дагуу, тэдгээр нь сайн ч бай, эсвэл тэдгээр нь хилэнцэт ч бай, түүгээр шүүгдэхээр авчрагдах болно—

11 Хэрэв тэдгээр нь сайн байх аваас, төгсгөлгүй амьдралын мөн аз жаргалын амилуулалтыг; мөн хэрэв тэдгээр нь хилэнцэт байх аваас төгсгөлгүй ялын амилуулалтыг хүлээж авах юм, тэднийг өөрийн харьяат болгосон тэр чөтгөрт тэд хүргэгдэн, ялаа эдлэх буюу—

12 Тэд өөрсдийн зуурдын биеийн тааллууд мөн хүслүүдийн дагуу явсан болой; нигүүлслийн мутар нь тэдний зүг сунгагдсан үед Их Эзэнийг хэзээ ч дуудаагүй болой; учир нь нигүүлслийн мутар тэдний зүг сунгаастай байсан, мөн тэд хүссэнгүй; тэд алдсуудынхаа талаар сэрэмжлүүлэгдсэн ч, тэдгээрээс хагацсан нь үгүй бөлгөө; мөн тэд наманчлахаар зарлигдуулсан боловч наманчлахаас татгалзав.

13 Мөн эдүгээ, зөвхөн Христийн улмаас мөн түүгээр дамжуулан аврагдаж чадна гэдгийг санан, та нар чичирч мөн нүглээ наманчлах нь зохистой бус уу?

14 Тиймийн тул, хэрэв та нар Мосегийн хуулийг заана гэвэл, түүнчлэн энэ нь ирэх зүйлсийн адилтгал гэдгийг заагтун—

15 Чухам Мөнхийн Эцэг болох Христ Их Эзэнээр дамжин гэтэлгэл боломжтой болдог гэдгийг тэдэнд заагтун. Амен.