Судрууд
Мозая 13


Бүлэг 13

Абинадай тэнгэрлэг хүчээр хамгаалагдав—Тэрээр Арван Зарлигийг заав—Аврал зөвхөн Мосегийн хуулиар ирдэггүй—Бурхан Өөрөө цагаатгал хийж мөн Өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно. Ойролцоогоор МЭӨ 148 он.

1 Мөн эдүгээ хаан эдгээр үгийг сонсоод, тэрээр пристүүддээ хэлэв: Энэ хүнийг зайлуул, мөн түүнийг хөнөө; учир нь бид түүгээр юу хийх вэ, учир нь тэр галзуу юм.

2 Мөн тэд урагш босож мөн түүнд гараа хүрэхийг оролдов; гэвч тэрээр тэднийг эсрэг сөрөн, мөн тэдэнд хэлэв:

3 Надад бүү хүр, учир нь хэрэв та нар надад гар хүрвэл Бурхан та нарыг цохих болно, учир нь Их Эзэний надаар дамжуулахын тулд намайг илгээсэн тэрхүү захиасыг би дамжуулаагүй байна; бас та нарын надаар хэлүүлэхийг хүссэнийг ч би хэлээгүй байна; тиймийн тул, Бурхан намайг энэ цагт устгагдахыг зөвшөөрөхгүй.

4 Харин Бурханы надад зарлигласан тэрхүү зарлигуудыг би гүйцэлдүүлэх ёстой; мөн би та нарт үнэнийг хэлсэн учир та нар надад уурлах бөлгөө. Мөн түүнчлэн, би Бурханы үгийг ярьсан учир та нар намайг галзуу хэмээн буруутгасан болой.

5 Эдүгээ улиран тохиох дор Абинадай эдгээр үгийг ярьсны дараа Ноа хааны хүмүүс түүнд гараа хүргэж зүрхэлсэнгүй, учир нь Их Эзэний Сүнс түүний дээр байв; мөн түүний царай үлэмж гэрлээр, бүр Синай ууланд Их Эзэнтэй ярьж байхдаа Мосегийн байсан адилаар туяаран байв.

6 Мөн тэрээр Бурханаас ирсэн хүч мөн эрх мэдэлтэйгээр ярьж байв; мөн тэрээр өөрийн үгсийг үргэлжлүүлж, хэлсэн нь:

7 Намайг алах хүч та нарт үгүй гэдгийг та нар харж байна, тиймийн тул би өөрийн хэлэхийг дуусгая. Тийм ээ, мөн та нарын алдсуудын талаар би та нарт үнэнийг хэлж буй учраас энэ нь та нарыг зүрхэнд чинь хүртэл зүсэж буйг би ухаарч байна.

8 Тийм ээ, мөн миний үгс та нарыг гайхширал мөн хачирхлаар, мөн уур хилэнгээр дүүргэх бөлгөө.

9 Гэвч би захиасаа дуусгая; мөн тэгээд, хэрэв би аврагдах аваас хаашаа явах нь хамаагүй бөлгөө.

10 Харин би энэ зэргийг та нарт хэлнэ, үүний дараа та нар намайг яах нь ирэх тэрхүү зүйлсийн бэлгэдэл мөн адилтгал байх болно.

11 Мөн эдүгээ би та нарт Бурханы зарлигуудын үлдсэнийг нь уншиж өгье, учир нь тэдгээр нь та нарын зүрх сэтгэлд бичигдсэн нь үгүй гэдгийг би ухаарлаа; та нар амьдралынхаа ихэнх хэсэгт алдаст суралцаж мөн сургасныг би ухаарч байна.

12 Мөн эдүгээ би та нарт ийн хэлснийг та нар санаж байгаа: Чи өөртөө нэгээхэн ч зормол дүрсийг, өөрөөр хэлбэл дээд тэнгэрт буй эсвээс доор газарт буй, эсвээс газар доор усанд буй ямар ч зүйлийг дуурайлган хийх ёсгүй.

13 Мөн түүнчлэн: Чи өөрийгөө тэдэнд бөхөлзүүлж, мөн тэдэнд үйлчлэх ч ёсгүй; учир нь Их Эзэн чиний Бурхан би бол омголон Бурхан, намайг үзэн ядах тэдний гурав мөн дөрөв дэх үед нь хүртэл, эцэг өвгөдийнх нь алдсуудыг хүүхдүүдийнх нь дээр авчирна;

14 Мөн намайг хайрладаг мөн миний зарлигуудыг сахидаг тэдний мянга мянгад нь нигүүлслийг үзүүлэх болно.

15 Чи Их Эзэн мөн Бурханыхаа нэрийг хоосон бүү дурд; учир нь Их Эзэн өөрийнх нь нэрийг хоосноор дурдах түүнийг гэмгүй хэмээн эс тооцох болно.

16 Хүндэтгэлийн өдрийг, үүнийг ариунаар сахихыг сана.

17 Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, мөн бүх ажлаа хийх болно;

18 Харин долоо дахь өдөр, Их Эзэн Бурханыхаа хүндэтгэлийн өдөр, чи ямар ч ажил хийх ёсгүй, чи, мөн чиний хүү ч, чиний охин ч, чиний зарц ч, чиний шивэгчин ч, чиний мал сүрэг ч, мөн танайд байгаа харийн хүн ч нэгэн адил;

19 Учир нь Их Эзэн зургаан өдөрт тэнгэр ба дэлхийг, мөн далайг, мөн тэдгээрийн дээрх бүхнийг хийсэн юм; иймийн тул Их Эзэн хүндэтгэлийн өдрийг адисалсан, мөн үүнийг ариулсан болой.

20 Их Эзэн Бурхан тань чамд өгсөн тэр нутаг дээр чиний өдрүүд урт байж болохын тулд эцэг, эхээ хүндэл.

21 Чи хүн бүү ал.

22 Чи садар самууныг бүү үйлд. Чи бүү хулгайл.

23 Чи хөршийнхөө эсрэг хуурамчаар бүү гэрчил.

24 Чи хөршийнхөө байшинд бүү шуна, чи хөршийнхөө эхнэрт, бас түүний зарцад, түүний шивэгчинд ч, түүний шар, түүний илжигт, хөршийнх чинь болох юунд ч бүү шуна.

25 Мөнхүү улиран тохиох дор Абинадай эдгээр үгээ төгсгөл болгосны дараа тэрээр тэдэнд хэлэв: Эдгээр зарлигийг сахихын тулд тэд эдгээр бүх зүйлийг хийхээр мэрийх ёстойг та нар энэ ард түмэнд заасан гэж үү?

26 Би та нарт хэлнэ, Үгүй; учир нь хэрэв та нар тэгсэн бол, Их Эзэн намайг энд ирүүлж мөн энэ ард түмний талаар хилэнцтийг бошиглуулахгүй байх байсан.

27 Мөн эдүгээ та нар Мосегийн хуулиар аврал ирнэ хэмээн хэллээ. Одоогоор та нар Мосегийн хуулийг дагах ёстой нь шаардлагатайг би та нарт хэлье; гэвч би та нарт хэлнэ, Мосегийн хуулийг дагах нь цаашид шаардлагатай байхаа болих тэр цаг ирэх болно.

28 Мөн түүнчлэн, би та нарт хэлнэ, аврал зөвхөн уг хуулиар ирэх нь үгүй; мөн өөрийн хүмүүсийн нүглүүд болон алдсуудын төлөө Бурханы өөрөө хийх тэрхүү цагаатгал үгүй аваас Мосегийн хууль байлаа ч, тэд зайлшгүйгээр мөхөх ёстой.

29 Мөн эдүгээ би та нарт хэлнэ, Израилын хүүхдүүдэд хууль, тийм ээ, бүр маш хатуу хууль өгөгдөх шаардлагатай байв; учир нь тэд гөжүүд хүмүүс, алдсыг үйлдэхдээ хурдан, мөн Их Эзэн Бурханаа санахдаа удаан байсан болой;

30 Тиймийн тул тэдэнд хууль өгөгдсөн, тийм ээ, гүйцэтгэлүүдийн болон ёслолуудын хууль, Бурханыг мөн түүний өмнө хүлээсэн өөрсдийн үүргийг өөрсдөө санаж байхын тулд, тэд өдрөөс өдөрт чанд мөрдөх ёстой тэрхүү хууль болой.

31 Гэвч болгоогтун, би та нарт хэлнэ, эдгээр бүх зүйл ирэх зүйлсийн бэлгэдлүүд байв.

32 Мөн эдүгээ, тэд хуулийг ойлгосон уу? Би та нарт хэлнэ, Үгүй, тэд бүгдээрээ хуулийг ойлгоогүй; мөн энэ нь тэдний зүрх сэтгэлийн хатуугийн улмаас болой; учир нь тэд Бурханы гэтэлгэлээр дамжуулахаас бусдаар хэн боловч аврагдаж чадахгүйг ойлгосонгүй.

33 Учир нь болгоогтун, Мессиагийн ирэлтийн талаар, мөн Бурхан өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно гэдгийг Мосе тэдэнд бошиглоогүй гэж үү? Тийм ээ, мөн дэлхий эхэлснээс хойш бошиглож асан бүр бүх бошиглогч—тэд эдгээр зүйлийн талаар их, бага хэмжээгээр яриагүй гэж үү?

34 Тэд Бурхан өөрөө хүмүүсийн үрсийн дунд доош ирж, мөн хүний хэлбэрийг өөртөө авч, мөн дэлхийн гадаргуу дээр их хүчтэйгээр урагшлан явахыг тэд хэлээгүй гэж үү?

35 Тийм ээ, мөн түүнчлэн тэрээр нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгож, мөн тэр өөрөө хавчигдан мөн зовоогдох болно хэмээн тэд хэлээгүй гэж үү?