Судрууд
Мозая 12


Бүлэг 12

Абинадай хүмүүсийн устгал мөн Ноа хааны үхлийг бошиглосон учир шоронд хоригдов—Хуурамч пристүүд судраас эш татан мөн Мосегийн хуулийг дагаж буй дүр үзүүлдэг—Абинадай тэдэнд Арван Зарлигийг зааж эхлэв. Ойролцоогоор МЭӨ 148 он.

1 Мөнхүү улиран тохиох дор хоёр жилийн дараа нөгөөх Абинадай, тэд өөрийг нь танихгүйн тул тэдний дунд зүсээ хувирган ирж, мөн тэдний дунд бошиглож эхлэн, өгүүлсэн нь: Тийн Их Эзэн надад зарлигласан буюу, хэлрүүн—Абинадай, явагтун мөн миний энэ хүмүүст бошигло, учир нь тэд миний үгсийн эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан; тэд хилэнцэт үйлүүдээ наманчилсан нь үгүй; тиймийн тул, тэдэнд би өөрийн хилэнд айлчилна, тийм ээ, тэдний алдсууд болон жигшүүрт хэргүүдэд би догшин хилэнгээр айлчлах болно.

2 Тийм ээ, энэ үеийнхэнд халаг! Мөн Их Эзэн надад хэлэв: Гараа урагш сунгагтун мөн бошигло, хэлрүүн: Их Эзэн ийн хэлнэм, улиран тохиох дор энэ үеийнхэн өөрсдийн алдсуудын учир боолчлолд оруулагдах болно, мөн хацар дээрээ цохиулах болно; тийм ээ, хүмүүсээр туугдах болно, мөн алагдах болно; мөн тэдний маханбодыг агаарын тас шувууд, мөн ноход, тийм ээ, мөн зэрлэг араатнууд цөлмөх болно.

3 Мөнхүү улиран тохиох дор Ноа хааны амьдрал бүр халуун зуухан дахь хувцас адил үнэлэгдэх болно; учир нь тэрээр намайг Их Эзэн гэдгийг мэдэх болно.

4 Мөнхүү улиран тохиох дор би өөрийн энэ хүмүүсийг зовлонт зүдгүүрүүдээр, тийм ээ, өлсгөлөн мөн тахлаар цохих болно; мөн би тэднийг бүх өдрийн турш гаслан уйлахад хүргэнэ.

5 Тийм ээ, мөн ачаанууд нуруунд нь хүлэгдэхээр болгоно би; мөн тэд хэлгүй илжиг мэт туугдах болно.

6 Мөнхүү улиран тохиох дор би тэдний дунд мөндөр илгээнэ, мөн энэ нь тэднийг цохих болно; мөн тэд түүнчлэн дорно зүгийн салхинд цохигдох болно; мөн түүнчлэн шавьжнууд тэдний нутагт тархаж, мөн тэдний үр тариаг цөлмөх болно.

7 Мөн тэд аймшигт тахлаар цохигдох болно—мөн би энэ бүгдийг тэдний алдсууд мөн жигшүүрт хэргүүдийн улмаас хийх болно.

8 Мөнхүү улиран тохиох дор тэд наманчлахаас бусдаар би тэднийг дэлхийн гадаргуу дээрээс бүрмөсөн устгах болно; гэсэн хэдий ч тэд нэгэн цэдгийг ардаа үлдээх болно, мөн би тэдгээрийг уг нутгийг эзэмших тэр бусад үндэстний тул хадгалах болно; тийм ээ, энэ хүмүүсийн жигшүүрт хэргүүдийг бусад үндэстэнд мэдүүлж болохын тулд бүр би үүнийг хийх болно. Мөн энэ ард түмний эсрэг олон зүйлийг Абинадай бошиглов.

9 Мөнхүү улиран тохиох дор тэд түүнд уурлав; мөн тэд түүнийг барьж мөн хааны өмнө хүлээстэй нь аваачаад, мөн хаанд: Болгоогтун, бид таны өмнө таны хүмүүсийн талаар хилэнцтийг бошиглосон мөн Бурхан тэднийг устгах болно хэмээн яригч нэгэн хүнийг авчирлаа.

10 Мөн тэрээр түүнчлэн таны амьдралын талаар хилэнцтийг бошиглож, мөн таны амьдрал халуун зуухан дахь хувцас адил байх болно хэмээн хэлсэн бөлгөө.

11 Мөн түүнчлэн тэрээр таныг сүрэл шиг, бүр дээгүүр нь зэрлэг араатнууд гүйлдэж, мөн хөл дор дэвслэгдсэн, талбайд хатсан сүрэл адил байх болно хэмээв.

12 Мөн түүнчлэн, тэрээр таныг боловсорч гүйцмэгц, хэрэв салхи үлээвэл, энэ нь нутгийн гадаргуугаар тархах, азаргана цэцэг адил байх болно гэж хэллээ. Мөн тэрээр Их Эзэн үүнийг ярьсан мэт дүр эсгэх ажгуу. Мөн та наманчлахаас бусдаар энэ бүгд таны дээр ирэх бөгөөд энэ нь таны алдсуудын учир болой хэмээн тэрээр хэлэв.

13 Мөн эдүгээ, ай хаантан, энэ хүнээр шүүлгэх эсвээс бид Бурханаар буруутгагдах ямар агуу хилэнцийг та хийсэн билээ, эсвээс таны ард түмэн ямар их нүглүүдийг үйлдсэн билээ?

14 Мөн эдүгээ, ай хаантан, болгоогтун, бид гэмгүй, мөн та, ай хаантан, нүгэл үйлдээгүй; тиймийн тул, энэ хүн таны талаар худлаа ярьсан, мөн тэрээр үр дүнгүй бошиглосон бөлгөө.

15 Мөн болгоогтун, бид хүчирхэг, бид боолчлолд орохгүй, эсвээс дайснуудаараа олзлогдон аваачигдахгүй; тийм ээ, мөн та энэ нутагт дэгжсэн, мөн та түүнчлэн дэгжих болно.

16 Болгоогтун, тэр хүн энд байна, бид түүнийг таны гарт өглөө; та өөрийн сайн гэж үзсэнийг түүнд үйлдэж болох буюу.

17 Мөнхүү улиран тохиох дор Ноа хаан Абинадайг шоронд хорихоор болгов; мөн тэрээр түүнийг яавал зохих талаар тэдэнтэй зөвлөгөөн хийж болохын тулд пристүүдийг цугларахыг тушаав.

18 Мөнхүү улиран тохиох дор тэд хаанд: Бид түүнийг байцааж болохын тулд түүнийг нааш авчир гэж хэлэв; мөн хаан түүнийг тэдний өмнө авчрагдах ёстой хэмээн зарлиг болов.

19 Мөн тэд түүний үгсийг авцалдахгүй болгож, тэгснээр үүний төлөө буруутгаж болохын тулд тэд түүнийг байцааж эхлэв; гэвч тэрээр тэдэнд зоригтойгоор хариулж, мөн тэдний бүх асуултыг сөрөн няцааж, тийм ээ, тэдний гайхлыг төрүүлэв; учир нь тэрээр тэдний бүх асуултыг сөрөн няцааж, мөн өөрсдийнх нь бүх үгэнд тэднийг мадалсан аж.

20 Мөнхүү улиран тохиох дор тэдний нэг нь түүнд хэлэв: Бичигдсэн буй, мөн бидний эцэг өвгөдөөр сургагдсан энэхүү үгс ямар утгатай билээ, өгүүлсэн нь:

21 Баярт мэдээг авчирдаг; амар амгаланг зарладаг; сайны тухай баярт мэдээг авчирдаг; авралыг зарладаг; Сионд, Таны Бурхан хаанчлан буй хэмээн хэлдэг түүний хөл уулсын дээр хэчнээн үзэсгэлэнтэй билээ;

22 Таны харуулууд дуу хоолойгоо өргөх болно; тэд нэг дуу хоолойгоор хамтдаа дуулна; учир нь Их Эзэн Сионыг дахин авчрахыг тэд нүдээр үзэх болно;

23 Баясацгаа; Иерусалимын зэлүүд газрууд та нар хамтдаа дуулцгаа; учир нь Их Эзэн өөрийн хүмүүсийг тайтгаруулсан, тэрээр Иерусалимыг гэтэлгэсэн болой;

24 Их Эзэн өөрийн ариун мутрыг бүх үндэстний нүдэнд харуулсан, мөн газар дэлхийн бүх хязгаар Бурханы минь авралыг үзэх болно гэдэг нь ямар утгатай билээ?

25 Мөн эдүгээ Абинадай тэдэнд хэлэв: Та нар пристүүд, мөн энэ хүмүүст сургаж байгаа мэт, мөн бошиглолын суу билгийг ойлгодог мэт дүр эсгэдэг, мөн тэгсэн хэдий ч эдгээр зүйл ямар утгатайг надаас мэдэхийг хүснэ гэж үү?

26 Би та нарт хэлнэ, Их Эзэний замуудыг гажуудуулсны улмаас та нарт халаг ирэг! Учир нь, хэрэв та нар эдгээр зүйлийг ойлгодог бол та нар эдгээрийг сургасан нь үгүй; тиймийн тул, та нар Их Эзэний замуудыг гажуудуулжээ.

27 Та нар ойлгохын тул зүрх сэтгэлээ зориулсангүй; тиймийн тул, та нар ухаалаг байсангүй. Тиймийн тул, та нар энэ хүмүүст юу заадаг билээ?

28 Мөн тэд хэлэв: Бид Мосегийн хуулийг заадаг.

29 Мөн түүнчлэн тэрээр тэдэнд хэлэв: Хэрэв та нар Мосегийн хуулийг заадаг юм бол яагаад та нар үүнийг сахидаггүй билээ? Яагаад та нар зүрх сэтгэлээ баялгуудын дээр тавьдаг юм бэ? Та нар яагаад садар самууныг үйлдэж, мөн өөрсдийн хүчийг садар эмстэй бардаг билээ? Тийм ээ, мөн Их Эзэн намайг энэ ард түмний эсрэг, тийм ээ, бүр агуу хилэнцийг энэ ард түмний эсрэг бошиглуулахаар илгээхэд хүргэн, яагаад та нар энэ хүмүүсийг нүгэл үйлдэхэд хүргэдэг юм бэ?

30 Үнэнийг ярьж буйг минь та нар эс мэднэ гэж үү? Тийм ээ, би үнэнийг ярьж буйг та нар мэднэ; мөн та нар Бурханы өмнө айн чичирвэл зохилтой.

31 Мөнхүү улиран тохиох дор та нар алдсынхаа учир цохигдох болно, учир нь та нар Мосегийн хуулийг заадаг хэмээн хэлэв. Мөн та нар Мосегийн хуулийн талаар юу мэдэх вэ? Аврал нь Мосегийн хуулиар ирдэг үү? Та нар юу хэлэх вэ?

32 Мөн тэд хариулж, аврал Мосегийн хуулиар ирдэг гэв.

33 Харин эдүгээ Абинадай тэдэнд хэлсэн нь: Хэрэв та нар Бурханы зарлигуудыг сахивал аврагдах болно гэдгийг би мэднэ; тийм ээ, хэрэв та нар Их Эзэн Синайн ууланд Мосед өгсөн энэхүү зарлигуудыг сахивал буюу, хэлрүүн:

34 Би бол Их Эзэн чиний Бурхан, чамайг Египетийн нутгаас, боолчлолын үүрнээс авчирсан тэр буюу.

35 Чамд надаас гадна өөр Бурхан байх ёсгүй.

36 Чи өөртөө нэгээхэн ч зормол дүрсийг, өөрөөр хэлбэл дээр тэнгэрт буй эсвээс доор газарт буй ямар ч зүйлийг дуурайлган хийх ёсгүй.

37 Эдүгээ Абинадай тэдэнд хэлэв, Та нар энэ бүгдийг сахисан уу? Би та нарт хэлнэм, Үгүй, та нар тэгсэнгүй. Мөн та нар энэ хүмүүст эдгээр зүйлийг хийх ёсгүйг сургасан уу? Би та нарт хэлнэ, Үгүй, та нар тэгээгүй.