Судрууд
Мозая 10


Бүлэг 10

Лемен хаан насан эцэслэв—Түүний хүмүүс зэрлэг, догшин ширүүн бөгөөд хуурамч зан заншлуудад итгэдэг болой—Зениф болон түүний хүмүүс тэдний эсрэг давамгайлав. Ойролцоогоор МЭӨ 187–160 он.

1 Мөнхүү улиран тохиох дор бид хаант улсыг дахин төвхнүүлж эхлэн мөн бид уг нутгийг дахин энх амгалан байдалд эзэмшиж эхлэв. Мөн леменчүүд хүмүүсийн маань эсрэг дайтахаар ирэх тэр цагт миний хүмүүс хэрэглэх зэр зэвсгүүд надад байж болохын тулд би дайны төрөл бүрийн зэвсэг хийгдэхээр болгов.

2 Мөн леменчүүд гэнэт бидний дээр дахин ирж мөн биднийг устгаж чадахгүйн тулд би нутгийн эргэн тойронд харуулууд гаргав; мөн би хүмүүсээ мөн мал сүргээ, мөн тэднийг дайснуудынхаа гарт орохоос тийн хамгаалж байв.

3 Мөнхүү улиран тохиох дор эцэг өвгөдийнхөө нутгийг бид олон жил, тийм ээ, хорин хоёр жилийн турш өвлөн суув.

4 Мөн би эрчүүдийг газар боловсруулан, мөн бүх төрлийн тариа мөн янз бүрийн жимсний бүх төрлийг ургуулах болгосон билээ.

5 Мөн бид нүцгэн биеэ хувцаслаж болохын тулд эмэгтэйчүүдийг утас ээрэн, шаргуу ажиллаж мөн хөдөлмөрлөн, мөн бүх төрлийн нарийн нэхээст эд хийн, тийм ээ, мөн төрөл бүрийн даавуу хийхээр болгосон билээ би; мөн ийн бид уг нутагт дэгжив—ийн бид уг нутагт хорин хоёр жилийн турш үргэлжийн энх амгалан байв.

6 Мөнхүү улиран тохиох дор Лемен хаан насан эцэслэв, мөн хүү нь түүний оронд засаглаж эхлэв. Мөн тэрээр өөрийн хүмүүсийг миний хүмүүсийн эсрэг эсэргүүцэлд өдөөн хатгаж эхлэв; тиймийн тул тэд дайнд бэлтгэж, мөн миний хүмүүсийн эсрэг тулалдахаар ирж эхлэв.

7 Гэвч би тэдний бэлтгэлийг олж мэдэж болохын тулд, би тэдний эсрэг хамгаалж болохын тулд, тэд миний хүмүүс дээр ирж мөн тэднийг устгахгүй байж болохын тулд туршуулуудаа Шэмлон нутгийн эргэн тойронд илгээсэн байсан болой.

8 Мөнхүү улиран тохиох дор тэд Шилом нутгийн умардад, эрчүүд нь нум, сум, сэлэм, илд, чулуу мөн дүүгүүрүүдээр зэвсэглэн, олон тооны хүмүүстэйгээ ирэв; мөн тэд үсээ хусуулсан учир толгой халзан байв; мөн тэд хэвлийн тус газартаа ширэн халхавч бүсэлжээ.

9 Мөнхүү улиран тохиох дор би хүмүүсийнхээ эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг аглаг буйдад нуугдахаар болгов; мөн би түүнчлэн зэвсэг хэрэглэж чадах өөрийн бүх настай эрчүүдийг, мөн түүнчлэн зэвсэг хэрэглэж чадахуйц бүх залуу эрчүүдээ, леменчүүдийн эсрэг тулалдахаар нэгтгэн цуглуулав; мөн би тэдний хүн бүрийг насных нь дагуу, эгнээнд нь байрлуулсан бөлгөө.

10 Мөнхүү улиран тохиох дор бид леменчүүдийн эсрэг тулалдахаар явав; мөн би, бүр би хүртэл, өтөл насандаа, леменчүүдийн эсрэг тулалдахаар явав. Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний хүчинд бид тулалдахаар явсан болой.

11 Эдүгээ, леменчүүд Их Эзэний талаар, бас Их Эзэний хүчний талаар юу ч эс мэддэг байлаа, тиймийн тул тэд өөрсдийн хүчинд тулгуурлаж байв. Гэсэн ч тэд хүмүүсийн хүч чадлын хувьд хүчирхэг хүмүүс байлаа.

12 Тэд зэрлэг, догшин ширүүн, мөн цусанд шунасан хүмүүс байсан бөгөөд эцэг өвгөдийнхөө уламжлалд итгэдэг—тэд эцэг өвгөдийнхөө алдсуудын учир Иерусалим нутгаас хөөгдөн гарсан гэдэгт, мөн тэд аглаг буйдад өөрсдийн ах дүүсээр шударга бусаар буруутгагдсан гэдэгт, мөн тэд түүнчлэн далай гатлах үедээ шударга бусаар буруутгагдсан гэдэгт итгэдэг байсан бөлгөө;

13 Мөн түүнчлэн, тэд далайг гаталсны дараа анхны өвийн нутагтаа байхдаа буруутгагдсан гэдэгт итгэдэг байсан бөлгөө—мөн энэ бүгд Нифай Их Эзэний зарлигуудыг сахихдаа илүү итгэлтэй байсны учир буюу, тиймийн тул тэрээр Их Эзэний тааллыг хүртсэн аж, учир нь Их Эзэн түүний залбирлуудыг сонсож мөн тэдгээрт хариулсан байв, мөн тэрээр аглаг буйд дахь аяныг удирдсан болой.

14 Мөн түүний ах нар Их Эзэний үйл хэргүүдийг үл ойлгосон учир түүнд хилэгнэж байсан ажээ; тэд түүнчлэн Их Эзэний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан байсны учир их усан дээр түүнд тэд хилэгнэсэн бөлгөө.

15 Мөн түүнчлэн, тэд амлагдсан нутагт хүрч ирэхдээ хүмүүсийг удирдах эрхийг өөрсдийнх нь гараас тэрээр булаан авсан хэмээсний учир тэд түүнд хилэгнэсэн аж; мөн тэд түүнийг алахыг оролдсон болой.

16 Мөн түүнчлэн, тэрээр Их Эзэн өөрт нь зарлигласны дагуу аглаг буйдад одож мөн гуулин ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн цэдгүүдийг авч явсан учир тэд түүнд хилэгнэсэн аж, учир нь тэрээр өөрсдийг нь дээрэмдсэн хэмээн тэд хэлсэн бөлгөө.

17 Мөн тийн тэд хүүхдүүддээ тэднийг үзэн ядахыг, мөн тэднийг алан хядаж, мөн тэднийг дээрэмдэн мөн тэднийг тонохыг, мөн тэднийг устгахын тулд чадах бүхнээ хийвэл зохино хэмээн сургасаар ирсэн ажээ; тиймийн тул тэд Нифайн хүүхдүүдийн зүг мөнхийн үзэн ядалтыг агуулдаг байв.

18 Чухам энэхүү шалтгааны учир Лемен хаан өөрийн заль мэх, мөн хуурамч башир арга, мөн сайхан амлалтуудаараа намайг залилсан юм, иймээс би өөрийн энэ хүмүүсийг энэ нутагт авчирсан, тэгснээр тэд хүмүүсийг минь устгаж болохын тулд буюу; тийм ээ, мөн бид энэ олон жилийг уг нутагт зовж өнгөрөөв.

19 Мөн эдүгээ Зениф би, леменчүүдийн талаар эдгээр бүх зүйлийг өөрийн хүмүүст хэлсний дараа, би тэднийг Их Эзэнд найдлагаа тавин, бүх хүчээрээ тулалдахаар явахыг тэдэнд уриалав; тиймийн тул, бид тэдэнтэй нүүр тулан тэмцэлдсэн бөлгөө.

20 Мөнхүү улиран тохиох дор бид тэднийг нутгаасаа дахин хөөн гаргав; мөн бид тэдний асар олныг алан хядав, маш олон байснаас бид тэдгээрийг тоолоогүй буюу.

21 Мөнхүү улиран тохиох дор бид нутагтаа эргэж ирэв, мөн миний хүмүүс дахин мал сүргээ маллан, мөн газраа боловсруулж эхлэв.

22 Мөн эдүгээ би өтөлсөн учир хөвгүүдийнхээ нэгэнд хаант улсыг шилжүүлэн өгөв; тиймийн тул, би өөрийг үл хэлнэ, мөн Их Эзэн миний хүмүүсийг адислах болтугай. Амен.