Ур чадварын дадлага 5
Судруудыг цээжлэхийг хичээ
“Судруудыг цээжлэх нь агуу хүчийг авчирдаг” (Миний сайн мэдээг номло [2023], 27). Судрын хэсгүүдийг цээжлэх нь Аврагчийн сайн мэдээний талаарх ойлголтыг маань гүнзгийрүүлж, бусдад заах чадварыг маань сайжруулдаг.
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад дадлага хийх хангалттай цаг гаргахын тулд “Тодорхойлох”, Биечлэн үзүүл” хэсгүүд дээр удахгүй байхыг хичээ.
Тодорхойлох
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн “Цээжлэхийн үүрэг” (27-р хуудас) гарчигтай хэсгийг олоход тусал. Дараа нь дараах зааврыг хуваалц.
“Цээжлэхийн үүрэг” (Миний сайн мэдээг номло, 27) хэсгийн гурав дахь догол мөрийг уншина уу. Судрын хэсгүүдийг цээжлэх нь таныг болон бусдыг хэрхэн адисалж болохыг олж мэд.
-
Цээжлэх нь номлогчийн хувьд танд хэрхэн тусалж чадах вэ?
-
Судрын хэсгийг цээжлэх нь танд ямар ач тустай байсан бэ?
Хэлэлцүүлгийн удирдагч: Судруудыг цээжлэхэд туслах олон арга барил байдгийг тайлбарла. Та дараах зүйлсээс заримыг нь жишээ болгон хуваалцаж болно. Та мөн суралцагчдыг нэмэлт санаануудыг хуваалцахыг урьж болно.
-
Үгнүүдийг хэдэн удаа давтаж уншаад, дараа нь үгнүүдээ дарж, тэднийг харалгүйгээр давтана.
-
Судраа богино хэлцүүд болгон хуваана. Ийн цээжилсэн хэсгүүдийг давтангаа хэлцүүдээ нэг нэгээр нь цээжилнэ.
-
Шүлгээ уншиж байхдаа үгнүүдээ нэгээс дээш удаа давтан бичнэ. Дараа нь шүлэг рүүгээ харалгүйгээр судраа бичнэ.
-
Шүлгийн үг болгоны эхний үсгүүдийг бичээд, дараа нь эдгээр үгийг шүлгээ хэлэх удирдамжаа болго.
-
Судар цээжлэхэд тань туслах энгийн зургууд зур.
Биечлэн үзүүл
Хэлэлцүүлгийн удирдагч: Номлогчдын цээжлэх ёстой судрын чухал хэсэг бол Иосеф Смит—Түүх 1:16–17-д цэдэглэгдсэн Иосеф Смитийн Анхны үзэгдлийн түүх гэдгийг тайлбарла.
Суралцагчдад Иосеф Смитийн түүхийг цээжлэхэд туслахын тулд өмнөх хэсгийн жагсаалтаас хоёр дахь санааг ашиглаж болох нэг арга замыг доор харуулав. Суралцагчдад дараах хэлцүүдийг цээжлүүлэхийн тулд нэг нэгээр нь ангиараа чанга уншуулж давтуул.
“Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана байхыг харсан ба энэ нь над руу алгуурхан доош бууж ирэв. …
Мөнөөх гэрэл над дээр тогтоход, гэрэл гэгээ болон сүр жавхланг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав.
Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх рүүгээ зааж—Энэ бол Миний Хайртай Хүү, Түүнийг сонс! хэмээв” (Иосеф Смит—Түүх 1:16–17).
Дадлага хий
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг хамтрал болж Иосеф Смитийн Анхны үзэгдлийн түүхийн энэ хэсгийг цээжээр хэлэх дадлага хийхийг хүс. Тэд та нарын ангиараа дадлага хийсэн аргыг ашиглаж болно эсвэл өөр арга сонгож болно.
Хэрэгжүүлэх
Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад судар цээжлэх чадварыг хэрэгжүүлэхэд нь туслах дараах зааврыг хуваалцана уу:
Судар цээжлэх чадвараа цаашид хэрхэн ашиглахаа шийдээрэй. Санаа авч болох зарим жишээг өгье. Үүнд:
-
Иосеф Смитийн Анхны үзэгдлийг үргэлжлүүлэн цээжил. Үүнийг дотны хүмүүстээ цээжээр уншиж өгч давт.
-
Цээжлэхийг хүсэж байгаа өөр нэг юм уу хэдэн судрыг сонгоод, тэдгээрийг цээжлэх хичээл зүтгэл гарга.