Семинар
6. Санваар ба санваарын түлхүүрүүд


“6. Санваар ба санваарын түлхүүрүүд,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)

6. Санваар ба санваарын түлхүүрүүд

Зураг
Иосеф Смит Аароны санваар хүртсэн

6.1. Санваар бол Бурханы мөнхийн хүч ба эрх мэдэл юм. Санваараар дамжуулан Есүс Христ Эцэгийн удирдлаган доор тэнгэр, газрыг бүтээж, удирддаг. Тэр энэ хүчээр дамжуулан Өөрийн хүүхдүүдийг гэтэлгэж мөн өргөмжилдөг. Санваарыг Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд олгодог. Сайн мэдээний ёслол, гэрээнүүдээр дамжуулан санваарын адислалуудыг Бурханы бүх хүүхэд хүртэх боломжтой.

6.2. Санваарын түлхүүр нь ерөнхийлөгчийн зөвлөлийн эрх мэдэл буюу дэлхий дээр Бурханы хаант улсыг удирдан, чиглүүлэхийн тулд Бурханы хүмүүнд өгсөн хүч юм. Санваарын түлхүүр нь сайн мэдээний номлолыг удирдан залж, авралын ёслолуудыг хийхэд зайлшгүй шаардлагатай.

6.3. Есүс Христ Өөрийнхөө Сүмд хамааралтай санваарын бүх түлхүүрийг эзэмшдэг. Тэрээр Өөрийн төлөөлөгч бүрд дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарах бүх түлхүүрийг олгосон. Сүмийн ерөнхийлөгч бол энэ бүх санваарын түлхүүрийг ашиглах зөвшөөрөлтэй цорын ганц хүн болно. Ариун сүмийн болон номлолын ерөнхийлөгчид мөн гадас, чуулгын ерөнхийлөгч, бишопууд томилогдсон тус тусын ажлаа тэргүүлэн, удирдах боломжийг олгогч санваарын түлхүүрүүдийг атгадаг.

6.4. Сүмд үйлчилдэг, эрэгтэй, эмэгтэй хүн бүр санваарын түлхүүрийг атгасан хэн нэгний удирдлаган доор дуудагддаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Даллин Х. Өүкс: “Аливаа хүн алба юм уу дуудлагыг санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс хүлээн авснаар томилогдсон үүргүүдээ биелүүлэхэд санваарын эрх мэдлийг ашигладаг” гэж заасан (“Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign, May 2014, 51 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68). Санваарын хүч нь зөв шударга байдалд л хэрэгжих боломжтой.

6.5. Аароны болон Мелкизедек санваарт томилогдсон хүмүүс санваарын тангараг өргөж, гэрээ байгуулдаг. Хэрэв тэд дуудлагаа хичээнгүйлэн гүйцэтгэж, Их Эзэнийг болон Түүний үйлчлэгчдийг итгэлтэйгээр хүлээн авбал өргөмжлөлийн адислалыг хүлээн авна. Эмэгтэйчүүд Их Эзэнтэй байгуулсан гэрээндээ итгэлтэй байж чадвал өргөмжлөлийн амлагдсан адислалаас мөн адил хүртэж чадна.

Холбогдох эшлэлүүд: Иохан 15:16; Ефес 2:19–20

Холбогдох сэдвүүд: Сэргээлт; Бошиглогчид ба илчлэлт; Ёслолууд ба гэрээнүүд

Аароны санваар

6.6. Аароны санваарыг ихэвчлэн бэлтгэл санваар гэж нэрлэдэг. Аароны санваар нь “тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн баптисмын түлхүүрүүдийг атга[даг]” (Сургаал ба Гэрээ 13:1). Энэхүү санваарыг ашиглан ариун ёслолыг бэлтгэж, адисалж, түгээдэг билээ. Аароны санваарын албан тушаалууд нь дикон, багш, прист, бишоп юм.

Мелкизедек санваар

6.7. Мелкизедек санваар нь илүү дээд буюу илүү том санваар ба “ерөнхийлөн удирдах эрхийг атгадаг бөгөөд мөн дэлхийн бүх үед сүм дэх бүх албан тушаалд сүнсний зүйлүүдэд үйлчлэх хүч болон эрх мэдэлтэй байдаг” (Сургаал ба Гэрээ 107:8). Мелкизедек санваарын ерөнхийлөгч болох Сүмийн ерөнхийлөгч нь Сүмийн бүх адислал, ёслол, гэрээ болон байгууллагыг эрх мэдлийн хүрээнд удирддаг. Энэхүү санваарыг Адамд өгсөн бөгөөд Их Эзэн Өөрийн сайн мэдээг илчлэх бүрд дэлхий дээр байсан билээ. Мелкизедек санваарын албанд ахлагч, дээд прист, патриарх, дал, төлөөлөгч орно.

Холбогдох эшлэл: Eфес 4:11–14