Семинар
Сүнслэг мэдлэг олж авах нь


“Сүнслэг мэдлэг олж авах нь,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)

Сүнслэг мэдлэг олж авах нь

Зураг
Судар уншиж буй залуу эрэгтэй

Бурхан бүх үнэний эх сурвалж мөн

1. Бурхан бүхнийг мэддэг бөгөөд бүх үнэний эх сурвалж юм. Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд Өөртэй нь адил болж өсөж хөгжөөсэй гэж хүсдэг учраас биднийг “судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэхэд” (Сургаал ба Гэрээ 88:118) урамшуулан дэмждэг. Бид үнэнийг эрэлхийлэхдээ бидэнд зааж, адислах Түүний мэргэн ухаан, хайр, хүч чадалд найдсанаар Түүнд бүрэн дүүрэн итгэж болно. Хэрэв бид Бурханыг хичээнгүйлэн эрэлхийлэх юм бол Тэрээр үнэнийг бидний оюун санаа, зүрх сэтгэлд Ариун Сүнсээр дамжуулан илчилнэ хэмээн амласан байдаг.

2. Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахын тулд сүнслэг мэдлэг хэрхэн олж авахыг заасан. Тэрээр уг мэдлэгийг олж авахын тулд бидний дагах ёстой нөхцөлийг өгсөн. Түүний бурханлаг загвар нь биднээс үнэнийг мэдэх гэсэн чин сэтгэлтэй мөн Бурханы илчилсэн зүйлийн дагуу амьдрах хүсэлтэй байхыг шаарддаг. Чин сэтгэлийн хүсэл нь биднийг залбирлаар дамжуулан үнэнийг эрэлхийлэхэд мөн Бурханы үгийг нухацтай судлахад хөтлөх болно.

Асуулт тавьж, хариулт эрэлхийлэх

3. Зарим үед бидэнд Сүмийн сургаал, зан үйл эсвэл түүхийн талаар ойлгоход бэрх шинэ мэдээлэл, асуулт гарч ирж болно. Асуулт тавьж, хариулт эрэлхийлэх нь үнэнийг мэдэхийн тулд гаргах бидний хүчин чармайлтын амин чухал хэсэг юм. Бидний оюун ухаанд орж ирдэг зарим асуулт Ариун Сүнсээр өдөөгдсөн байж болно. Сүнсээр өдөөгдсөн асуултыг бидний ойлголтыг өсгөн нэмэгдүүлдэг мөн Их Эзэн бидэнд заах хүсэлтэй гэсэн итгэлийг хүчирхэгжүүлэх боломжийг олгодог Бурханы бэлэг хэмээн үзэх нь зүйтэй. Асуулт ямар эх сурвалжаас гарсан эсэхээс үл хамааран бид бодох, эргэцүүлэх, оюун ухаан тэлэх, ойлголтыг маань гүнзгийрүүлэх Их Эзэний нөлөөллийг хүлээн авах чадвараар адислагдсан. Асуулт тавьж, хариулт эрэлхийлж буй хандлага, зорилго нь Ариун Сүнсээр дамжуулан суралцах бидний чадварт ихээхэн нөлөөлнө.

4. Биднийг мөнхийн үнэнийг олж мэдэж, ойлгон, асуулт эсвэл асуудал шийдвэрлэхээр эрэлхийлэх үед дараах гурван зарчим биднийг удирдан чиглүүлэх болно. Тухайлбал:

  • Итгэлээр үйлд.

  • Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.

  • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийл.

1-р зарчим: Итгэлээр үйлд

5. Бид Бурханд итгэхийг сонгож мөн эхлээд Түүнд хандан чин сэтгэлээсээ залбирч, сургаалаас суралцан, зарлигуудад нь дуулгавартай байснаар итгэлийнхээ дагуу үйлддэг.

6. Бид ойлголтоо хөгжүүлж, асуудлыг шийдвэрлэхээр эрэлхийлж байхдаа Есүс Христ, Түүний сайн мэдээний сэргээлт болон томилогдсон бошиглогчдынх нь сургаалын талаар аль хэдийн бий болсон гэрчлэл дээрээ тулгуурлах нь зүйтэй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд: “Ийм зүйл тохиолдон, асуудал үүсэж, яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг олж автал тэвчээртэй байцгаа” гэж заасан (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign, May 2013, 94 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109). Их Эзэн биднийг “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (Сургаал ба Гэрээ 6:36) хэмээн урьсан.

7. Тэр даруй асуултынхаа хариултыг олох боломжгүй үед Тэнгэрлэг Эцэг бидний авралд шаардагдах бүх зүйлийг илчилсэн ч бүх үнэнийг хараахан илчлээгүй байгаа гэдгийг санаж байх нь тустай. Бид үргэлжлүүлэн хариулт эрэлхийлэхдээ хэзээ нэгэн цагт хариултаа олно гэдэгт найдан, итгэлтэй амьдрах ёстой. Бид аль хэдийн хүлээн авсан үнэн болон гэрэлд итгэлтэй байх юм бол илүү ихийг хүлээн авна. Бидний асуулт болон залбирлын хариулт ихэвчлэн “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) өгөгддөг.

2-р зарчим: Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал

8. Бид сургаалын утга санаа, асуулт, нийгмийн асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судлахдаа тэдгээрийг авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хам сэдэв дотор авч үзэх хэрэгтэй. Бид аливаа зүйлийг Их Эзэний мэлмийгээр харахын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлдэг. Энэ нь бидэнд дэлхийн таамаглал, ойлголтыг хүлээн авахын оронд асуултыг дахин боловсруулж (асуултыг өөр өнцгөөс харж), үзэл санааг Их Эзэний үнэний жишигт тулгуурлан харах боломжийг олгодог. Бид “Би Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөө болон хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцдаг талаар юуг аль хэдийн мэдэж байгаа вэ?,” “Сайн мэдээний ямар сургаал энэ утга санаа, асуудалтай холбоотой эсвэл тэдгээрийг тодорхойлдог вэ?” гэх мэт асуултыг тавьж болно.

9. Түүхэн үйл явдалтай холбоотой асуултыг ч гэсэн мөнхийн талаас нь шинжлэн судлах хэрэгтэй байж болно. Бид Тэнгэрлэг Эцэг, Түүний авралын төлөвлөгөөнд итгэх итгэл дээр зангуугаа тавьсан хэвээр байж чадвал асуудлыг илүү тодорхой харах боломжтой. Түүнээс гадна, түүхтэй холбоотой асуултыг орчин үеийн үзэл бодол, хандлагыг тулгалгүйгээр тухайн үеийн соёл, жишгийг харгалзаж үзэн, зохих түүхэн хүрээнд нь шинжлэн судлах нь тустай байж болно.

10. Түүхэн баримтууд нь ёслол, гэрээ, сургаалын аврах хүч чадлын талаар өгүүлдэггүй гэдгийг санах нь чухал. Сэргээлтийн гайхамшгийг нээж илрүүлэхийн оронд ач холбогдолгүй зүйлд анхаарлаа хандуулах нь хайрцган доторх гайхалтай бэлгийг үзэлгүй зөвхөн хайрцгийг нь сонирхохтой адил юм.

3-р зарчим: Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийл

11. Их Эзэнээс тогтоосон сүнслэг мэдлэг олж авах үйл явцын нэг хэсэг болгон, Тэрээр үнэн ба удирдамжийг Өөрийн хүүхдүүдэд илчлэх эх сурвалжийг бий болгосон. Эдгээр эх сурвалж бол Христийн гэрэл, Ариун Сүнс, судар, эх эцэг болон Сүмийн удирдагчид юм. Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга нь өнөө үеийн дэлхий дээрх Их Эзэний бошиглогчид бөгөөд үнэний амин чухал эх сурвалж мөн. Их Эзэн тэднийг Өөртэйгөө ярилцуулах зорилгоор сонгон, томилсон.

12. Түүнээс гадна, бид үнэнийг бусад найдвартай эх сурвалжаас судлах боломжтой. Гэхдээ үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид найдваргүй эх сурвалжаас болгоомжилбол зохино. Бид олон хүн “Мууг сайн, сайныг муу гэж” (Исаиа 5:20) нэрлэж буй цаг үед амьдарч байна. Сатан бол худал хуурмагийн эцэг бөгөөд үнэнийг мушгин гуйвуулж, биднийг Их Эзэн, Түүний томилсон үйлчлэгчдээс нүүр буруулахад ятгахыг эрэлхийлдэг. Бид Их Эзэний тэнгэрээс томилогдсон эх сурвалжид хариулт, удирдамж авахаар хандвал үнэн, бурууг ялган таних чадвараар адислагдана. Найдваргүй эх сурвалжийг таньж мэдэн, зайлсхийж сурах нь биднийг буруу ташаа мэдээллээс болон итгэлийг устгахыг эрэлхийлэгчдээс хамгаална.

Бусдад сүнслэг мэдлэг олж авахад туслах

13. Хүмүүс Сүмийн сургаал, зан үйл, түүхийн талаар асууж, сонирхон ирэх үед бид тэдний үнэнийг эрэлхийлж буй эрэл хайгуулд хэрхэн хамгийн сайнаараа тусалж болох вэ? Бид дараах арга замаар тэдэнд туслах боломжтой. Тухайлбал:

14. Анхааралтай бөгөөд залбирч сонс. Тэдний жинхэнэ асуултад хариулахын өмнө анхааралтай сонсож, тодруулж, ойлгохын тулд эрэлхийл. Асуултынх нь үнэн зорилго, мэдрэмж, итгэл үнэмшлийг ойлгохын тулд нухацтай эрж хай. Тэдний асуултад хэрхэн илүү сайн туслах удирдамжийн төлөө залбир.

15. Сайн мэдээний үнэнийг зааж, гэрчил. Судрын болон орчин үеийн бошиглогчдын тохирох сургаалаас мөн уг сургаал таны амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар хуваалц. Ярьж байгаа хүндээ асуултаа сайн мэдээний болон авралын төлөвлөгөөний агуулгын хүрээнд шинжлэн судалж эсвэл өөрчлөн боловсруулахад тусал.

16. Тэднийг итгэлийнхээ дагуу үйлдэхэд урь. Их Эзэн биднээс сүнслэг мэдлэгийг өөрсдөө эрэлхийлэхийг шаарддаг гэдгийг сана. Тиймээс бид бусдыг залбирч, зарлигуудад дуулгавартай байхыг болон Бурханы үгийг тууштай судалж, тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг, ялангуяа Мормоны Номыг ашиглах замаар итгэлээр үйлдэхэд урих ёстой. Шаардлагатай бол тэднийг нэмэлт мэдлэг олж авах хүртлээ Ариун Сүнс мэдэрч байсан үеийнхээ туршлагыг эргэн санаж, сурч мэдсэн үнэндээ үнэнч хэвээр үлдэхэд урамшуулан дэмж.

17. Эхэлсэн ажлаа дуусга. Хариулт хайж олно гэж амлан, дараа нь сурч мэдсэн зүйлээ хуваалцах замаар эхэлсэн ажлаа дуусга. Түүнээс гадна хариултыг хамтдаа хайж болно. Хувийн илчлэлт өгнө гэсэн Их Эзэний амлалтад итгэдэг гэдгээ илэрхийл.

Холбогдох эшлэлүүд: Иеремиа 1:4–5; Амос 3:7; Матай 5:14–16; Матай 16:15–19; Иохан 15:16; Иохан 17:3; Ефес 2:19–20; Ефес 4:11–14; 2 Нифай 2:27; Мозая 18:8–10; 3 Нифай 18:15, 20–21; Сургаал ба Гэрээ 1:37–38; Сургаал ба Гэрээ 18:15–16; Сургаал ба Гэрээ 21:4–6; Сургаал ба Гэрээ 88:118

Холбогдох сургаалын сэдвүүд: Бурхан Тэргүүтэн: Ариун Сүнс; Есүс Христийн Цагаатгал: Есүс Христэд итгэх итгэл; Бошиглогчид ба илчлэлт; Зарлигууд