Семинар
1. Бурхан Тэргүүтэн


“1. Бурхан Тэргүүтэн,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)

1. Бурхан Тэргүүтэн

Зураг
Анхны үзэгдэл

1.1. Бурхан Тэргүүтэн бол Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ, Ариун Сүнс гэсэн тусдаа гурван биес юм. Эцэг, Хүү хоёр алдар суут махан биетэй, харин Ариун Сүнс бол Сүнсэн хүн юм. Тэд нэг зорилготой бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг тохиолгон авчрах нэг зорилгын төлөө төгс эв нэгдэлтэй ажилладаг.

Холбогдох эшлэлүүд: Эхлэл 1:26–27; Лук 24:36–39; Иосеф Смит—Түүх 1:15–20

Бурхан Эцэг

1.2. Бурхан Эцэг бол бидний шүтэн биширдэг Аугаа Нэгэн мөн. Тэр бол бидний сүнсэн Эцэг. Тэрбээр төгс бөгөөд бүхнийг чаддаг мөн мэддэг. Түүнчлэн Тэрээр шударга, энэрэнгүй, нинжин сэтгэлтэй. Бурхан бүх хүүхдээ төгс хайрладаг бөгөөд бид Түүнтэй адил юм. Түүний ажил ба алдар суу нь үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах явдал билээ.

Холбогдох эшлэлүүд: Иохан 17:3; Мозая 4:9; Мосе 1:39

Есүс Христ

1.3. Есүс Христ бол сүнсээр төрсөн Эцэгийн Ууган Хүү, махан биеэр төрсөн Эцэгийн Төрсөн Ганц билээ. Есүс Христ Эцэгийн удирдлаган доор тэнгэр болон газрыг бүтээсэн. Тэр бол Хуучин Гэрээний Иехова, Шинэ Гэрээний Мессиа мөн.

1.4. Есүс Христ бүх зүйлийг Эцэгийн тааллаар хийдэг. Тэрбээр нүгэлгүй амьдарч байсан бөгөөд бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгасан. Түүний амьдрал хэрхэн амьдрах ёстойг бидэнд харуулсан төгс жишээ мөн. Тэр бол Тэнгэрлэг Эцэгийн амилсан хүүхдүүдийн анхных нь байсан. Тэрээр өнөө цагт ч эрт дээр үеийн адил энэ Сүмийг тэргүүлдэг. Есүс Христ хүч, алдар суундаа дахин ирж, мянган жилийн турш дэлхий дээр хаанчлах болно. Тэр бүх хүн төрөлхтнийг шүүх болно.

1.5. Есүс Христ бидний Аврагч, Эцэгт биднийг зуучилдаг учраас бүх залбирал, адислал, санваарын ёслол Түүний нэр дээр хийгдэх ёстой.

Холбогдох эшлэлүүд: Исаиа 53:3–5; Лук 24:36–39; 1 Коринт 15:20–22; Илчлэлт 20:12; Алма 7:11–13; Алма 34:9–10; Хиламан 5:12; Моронай 7:45, 47–48; Сургаал ба Гэрээ 1:30; Сургаал ба Гэрээ 6:36; Сургаал ба Гэрээ 18:10–11; Сургаал ба Гэрээ 19:16–19; Сургаал ба Гэрээ 76:22–24

Холбогдох сэдэв: Есүс Христийн Цагаатгал

Ариун Сүнс

1.6. Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн юм. Тэр сүнсэн биетэй учраас яс, махан биегүй. Түүнийг ихэвчлэн Сүнс, Ариун Сүнс, Бурханы Сүнс, Их Эзэний Сүнс эсвэл Тайтгаруулагч гэж нэрлэдэг.

1.7. Ариун Сүнс Эцэг, Хүү хоёрыг гэрчилж, бүх зүйлийн үнэнийг илчилдэг ба наманчилж, баптисм хүртсэн хүмүүсийг ариусгадаг. Бид Ариун Сүнсний хүчээр дамжуулан бидний сайн сайхны төлөө төдийгүй бусдад үйлчлэн, адислахад туслах адислал, чадваруудыг буюу сүнсний бэлгүүдийг хүлээн авах боломжтой.

Холбогдох эшлэлүүд: Иохан 3:5; 1 Коринт 2:5, 9–11; 2 Нифай 32:3; 2 Нифай 32:8–9; Мозая 3:19; Мозая 18:8–10; 3 Нифай 27:20; Моронай 7:45, 47–48; Моронай 10:4–5; Сургаал ба Гэрээ 8:2–3; Сургаал ба Гэрээ 130:22–23

Холбогдох сэдвүүд: Сүнслэг мэдлэг олж авах нь; Ёслолууд ба гэрээнүүд