Семинар
4. Сэргээлт


“4. Сэргээлт,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)

4. Сэргээлт

Зураг
Алтан ялтаснууд

Урвалт

4.1. Уналтын улмаас Бурханы үнэн, санваарын эрх мэдэл болон Сүм хожмын үед сэргээгдэх хэрэгтэй болсон. Нэг эсвэл түүнээс олон хүн сайн мэдээний үнэнээс нүүр буруулах үед урвалт тохиодог.

4.2. Аврагч цовдлогдож, төлөөлөгчид нь нас барсны дараа олон хүн Аврагчийн тохинуулсан үнэнээс татгалзсан. Хүмүүс сайн мэдээний зарчим, ариун судрын зарим хэсгийг гажуудуулан, үгүй хийжээ. Түүнчлэн Сүмийн зохион байгуулалт, санваарын ёслолуудыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн байна. Энэхүү өргөн цар хүрээтэй ёс бус үйлдлийн улмаас Их Эзэн санваарын эрх мэдэл, түлхүүрийг дэлхийгээс татан авсан юм. Хэдийгээр Бурханыг өөрт байгаа гэрлийн дагуу шүтэн биширч, залбирлынхаа хариултыг авдаг олон сайн, зөв шударга хүн байсан ч дэлхий ертөнц амьд бошиглогчдоор дамжуулан өгөгддөг тэнгэрлэг илчлэлтгүйгээр орхигдсон юм. Энэ цаг үеийг Их урвалт гэдэг.

4.3. Дэлхийн түүхэнд өөр олон урвалтын үе тохиосоор ирсэн.

Холбогдох сэдвүүд: Бошиглогчид ба илчлэлт; Санваар ба санваарын түлхүүрүүд; Ёслолууд ба гэрээнүүд

Сэргээлт

4.4. Бурхан Өөрийн үнэн, санваарын эрх мэдэл, Сүмийг дэлхийд дахин байгуулж, сайн мэдээг сэргээсэн. Эртний бошиглогчид хожмын үед болох сайн мэдээний Сэргээлтийг зөгнөн хэлсэн.

4.5. Сэргээлт 1820 оноос эхэлсэн. Иосеф Смитийн залбирлын хариуд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Иосефт үзэгдсэн юм.

4.6. Хожим нь Бурхан Иосеф Смитийг Сэргээлтийн бошиглогч, амьд Христийн хожмын үеийн гэрч болгохоор дуудсан билээ. Иосеф Смит Сэргээлтийн бошиглогчийн хувьд Мормоны Номыг Бурханы бэлэг болон хүчээр орчуулсан. Мормоны Ном нь Библитэй хамт Есүс Христийг гэрчилдэг бөгөөд сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг. Түүнчлэн Мормоны Ном нь Иосеф Смитийн бошиглолын дуудлага, Сэргээлтийн үнэнийг гэрчилдэг.

4.7. Сэргээлтийн нэгэн хэсэг болгон Бурхан Аароны болон Мелкизедек санваарыг сэргээлгэхээр тэнгэр элчүүдийг илгээсэн. Дараа нь Тэрээр 1830 оны 4-р сарын 6-нд Өөрийн Сүмийг шинээр зохион байгуулах удирдамжийг өгсөн. “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол ‘цорын ганц үнэн бөгөөд амьд сүм’ (Сургаал ба Гэрээ 1:30) хэмээн Бурхан тунхагласан байдаг.

Холбогдох эшлэлүүд: Амос 3:7; Ефес 2:19–20; Ефес 4:11–14; Сургаал ба Гэрээ 13:1; Сургаал ба Гэрээ 76:22–24; Сургаал ба Гэрээ 107:8

Холбогдох сэдвүүд: Бурхан Тэргүүтэн; Бошиглогчид ба илчлэлт

Сайн мэдээний эрин үеүд

4.8. Бурханы хүүхдүүд уналтын байдалд ороход Тэрээр бошиглогчдыг дуудан, бошиглогчдоороо дамжуулан сайн мэдээний адислалуудыг хүмүүст дахин шинээр өгч, хайрлаж, тусламжийн гараа сунгасан. Их Эзэн Өөрийн үнэн, санваарын эрх мэдэл, ёслолуудыг илчилдэг цаг үеийг эрин үе гэдэг. Энэ бол Их Эзэн дэлхий дээр ариун санваартай, сайн мэдээг түгээх бурханлаг итгэмжлэл хүлээсэн, ёслолуудыг гүйцэтгэх дор хаяж нэг үйлчлэгч газар дэлхий дээр байх цаг үе юм.

4.9. Эрин үеүдийг Адам, Енох, Ноа, Абрахам, Мосе, Есүс Христ болон бусад хүнээр тодорхойлдог. Их Эзэний бошиглогч Иосеф Смитээр дамжуулан эхлүүлсэн сайн мэдээний хожмын үеийн Сэргээлт нь эрин үеийн энэхүү загварын нэгэн хэсэг юм.

4.10. Эрин үе болгонд Их Эзэн болон Түүний бошиглогчид Сионыг байгуулахыг эрэлхийлдэг байсан. Сион гэж зүрх сэтгэлээрээ ариун, зөв шударга байдлаараа нэгдмэл, нэг нэгнээ халамжлан хайрладаг, Их Эзэний гэрээт хүмүүсийг хэлнэ. Түүнчлэн Сион гэж цэвэр ариун зүрх сэтгэлтэй хүмүүс амьдардаг газрыг хэлнэ.

4.11. Өнөөдөр бид сүүлийн эрин үед буюу цаг хугацааны бүрэн байдлын үед амьдарч байна. Энэ нь урвалтаар төгсгөл болохгүй цорын ганц эрин үе юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм эцэст нь бүх дэлхийг дүүргэн, мөнхөд орших болно.

Холбогдох сэдвүүд: Бошиглогчид ба илчлэлт; Санваар ба санваарын түлхүүрүүд; Ёслолууд ба гэрээнүүд