Семинар
2. Авралын төлөвлөгөө


“2. Авралын төлөвлөгөө,” Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2018)

2. Авралын төлөвлөгөө

Зураг
Есүс Христ дэлхийг бүтээсэн нь

2.1. Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөртэй нь адил болж, үхэшгүй байдал, мөнх амьдралтай болох боломжийг олгох төлөвлөгөөг танилцуулсан. Бид энэ төлөвлөгөөг биелүүлэн, Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болохын тулд Түүнийг болон Түүний Хүү Есүс Христийг таньж мэдэн, Тэдний зан байдал, шинж чанарын талаар зөв ойлголттой байх ёстой.

2.2. Судрууд Тэнгэрлэг Эцэгийн энэ төлөвлөгөөг “авралын төлөвлөгөө,” “аз жаргалын агуу төлөвлөгөө,” “нигүүлслийн төлөвлөгөө” гэж нэрлэдэг. Энэ төлөвлөгөөнд Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал, сайн мэдээний бүх хууль, ёслол, сургаал багтдаг. Ёс суртахууны сонгох эрх буюу өөрсдөө сонгож, үйлдэх чадвар нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний бас нэгэн чухал хэсэг юм. Бидний мөнхийн өсөлт хөгжил энэхүү бэлгээ хэрхэн ашиглахаас шалтгаалдаг.

2.3. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний төвд байдаг. Авралын төлөвлөгөө нь бидэнд төгс төгөлдөр болж, бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авч, гэр бүлийн харилцаа холбоогоо мөнхөд авч үлдэн, Бурхантай үүрд хамт амьдрах боломж олгодог.

Холбогдох эшлэлүүд: Малахи 4:5–6; 3 Нифай 12:48; Сургаал ба Гэрээ 131:1–4

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

2.4. Бид дэлхий дээр төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд Түүний сүнсэн хүүхдүүдийн хувиар амьдарч байсан билээ. Бид энэхүү мөнх бус байдлын өмнөх оршихуйд Тэнгэрлэг Эцэгийн бусад сүнсэн хүүхэдтэй хамт тэнгэрт болсон зөвлөгөөнд оролцсон юм. Уг зөвлөгөөн дээр Тэнгэрлэг Эцэг Өөрийн төлөвлөгөөг танилцуулсан ба мөнх бус байдлын өмнөх амьдралд байсан Есүс Христ Аврагч болохоор гэрээ байгуулсан билээ.

2.5. Бид сонгох эрхээ ашиглан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахаар болсон. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагасан хүмүүст дэлхий дээр ирж, мөнх бус амьдралдаа туршлага хуримтлуулан, өсөж хөгжих, улмаар мөнх амьдралд хүрэх боломжийг олгосон юм. Бурханы өөр нэгэн сүнсэн хүү Люсифер авралын төлөвлөгөөг эсэргүүцэн, бослого гаргасан. Тэрээр Сатан болж, дагалдагчдынхаа хамт тэнгэрээс хөөгдсөнөөр бие махбодтой болох, мөнх бус амьдралаар амьдрах онцгой эрхээ алджээ.

Холбогдох эшлэлүүд: Иеремиа 1:4–5; Еврей 12:9; 2 Нифай 2:27; 3 Нифай 11:10–11

Бүтээлт

2.6. Есүс Христ Эцэгийн удирдлагаар тэнгэр, газрыг бүтээсэн. Дэлхийг бүтээх нь Бурханы төлөвлөгөөнд зайлшгүй чухал байв. Дэлхий бол бие махбодтой болж, соригдон, бурханлаг зан төлөвийг хөгжүүлэх газар юм.

2.7. Адам бол дэлхий дээр бүтээгдсэн анхны хүн. Бурхан Адам, Ева хоёрыг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүйс бол хувь хүн бүрийн мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдрал дахь мөн чанар, зорилгын онцлог шинж нь юм.

Уналт

2.8. Едений цэцэрлэгт Бурхан Адам, Ева хоёрыг гэрлэлтээр холбосон. Адам, Ева хоёр цэцэрлэгт байхдаа Бурханы хажууд тэр хэвээрээ, мөнхөд амьдрах боломжтой байв. Тэд цэвэр ариун байсан бөгөөд Бурхан тэдний хэрэгцээг хангаж байлаа.

2.9. Адам, Ева хоёрыг Едений цэцэрлэгт байхад Бурхан тэдэнд сонгох боломж олгосон. Тэр тэдэнд сайн, муугийн мэдлэгийн модны жимс болох хориглогдсон жимснээс бүү ид хэмээн зарлигласан билээ. Энэ зарлигийг дагавал тэд цэцэрлэгт үлдэх байв. Гэхдээ Адам, Ева хоёр цэцэрлэгт үлдэх юм бол мөнх бус амьдрал дахь эсрэг тэсрэг байдлыг биеэрээ туулж, өсөж хөгжихгүй гэдгээ хараахан мэдэхгүй байлаа. Тэд уй гашуу, өвчин шаналлыг үзэхгүй учраас баяр баясгалан гэж юу болохыг ч мэдэх боломжгүй байв. Цаашилбал, тэд хүүхдүүдтэй болж чадахгүй байх байсан.

2.10. Сатан Адам, Ева хоёрыг хориглосон жимсийг ид хэмээн уруу татахад тэд идэх сонголтыг хийсэн. Тэд ийм сонголт хийсэн учраас Бурханы оршихуйгаас хөөгдөж, унасан бөгөөд мөнх бус болсон юм. Адам, Ева хоёрын зөрчил болон үүнээс үүдэн гарсан өөрчлөлтүүд, тухайлбал сүнсний болон биеийн үхлийг Уналт хэмээн нэрлэдэг. Сүнсний үхэл гэж Бурханаас тусгаарлагдахыг хэлнэ. Биеийн үхэл нь мөнх бус биеэс сүнс салах үйл явц мөн.

2.11. Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний амин чухал хэсэг. Уналтын үр дүнд Адам, Ева хоёр үр хүүхэдтэй болох боломжтой болсон. Уналтын үр дүнд тэд болон тэдний үр удам баяр баясгалан, уй гашууг биеэрээ туулж, муугаас сайныг ялган таньдаг болж, өсөж хөгжих боломжтой болсон.

2.12. Бид Адам, Ева хоёрын үр удмын хувьд мөнх бус амьдралдаа уналтын нөхцөл байдлыг өвлөн авсан. Бид Бурханаас тусгаарлагдан, биеийн үхэлд захирагддаг болсон. Түүнээс гадна, бид мөнх бус амьдралын хүнд хэцүү зүйлс болон дайсны уруу таталтаар соригддог. Хэдийгээр бид Адам, Ева хоёрын зөрчлийн үр дагаврыг үүрэхгүй ч өөрсдийн нүглийн үр дагаврыг хариуцах ёстой. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Уналтын сөрөг үр дагаврыг ялан дийлж, нүглийнхээ өршөөлийг хүлээн авч, эцэст нь баяр баясгалангийн бүрэн байдлыг мэдрэх боломжтой.

Холбогдох эшлэлүүд: Эхлэл 1:28; Мозая 3:19; Алма 34:9–10

Холбогдох сэдэв: Есүс Христийн Цагаатгал

Мөнх бус амьдрал

2.13. Мөнх бус амьдрал нь сонгох эрхээ ашиглан Их Эзэний зарлигласан бүх зүйлийг хийнэ гэдгээ нотолж, бурханлаг зан чанарыг хөгжүүлснээр өөрсдийгөө мөнх амьдралд бэлтгэх мөн суралцах хугацаа юм. Бид үүнийг Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэн, наманчлал, баптисм, гишүүний баталгаа гэх мэт авралын ёслол ба гэрээнүүдийг хүлээн авч, Есүс Христийн үлгэр жишээг мөнх бус амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл итгэлтэй дагаснаар хийдэг.

2.14. Мөнх бус байдалд бидний сүнс бие махбодтой нэгдэн нийлж, бидэнд мөнх бус байдлын өмнөх дэлхийд боломжгүй байсан арга замаар өсөж хөгжих боломжийг олгодог. Тэнгэр дэх Эцэг яс махан, бодит биетэй учраас бидэнд өсөж хөгжин, Түүнтэй адил болоход бие махбод хэрэгтэй. Бидний бие махбод ариун бөгөөд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өгсөн энэ бэлэгт хүндэтгэлтэй хандах ёстой.

Холбогдох эшлэлүүд: Иошуа 24:15; Матай 22:36–39; Иохан 14:15; 2 Нифай 2:27; 3 Нифай 12:48; Моронай 7:45, 47–48; Сургаал ба Гэрээ 130:22–23

Холбогдох сэдвүүд: Бурхан Тэргүүтэн; Есүс Христийн Цагаатгал; Ёслолууд ба гэрээнүүд; Зарлигууд

Үхлийн дараах амьдрал

2.15. Нас барсны дараа бидний сүнс сүнсний дэлхийд очиж, Амилуулалтыг хүлээнэ. Зөв шударга хүмүүсийн сүнсийг диваажин хэмээн нэрлэдэг аз жаргалын байдалд хүлээн авна. Үнэний талаарх мэдлэггүй нас барсан болон мөнх бус байдалдаа дуулгаваргүй байсан хүмүүс сүнсний дэлхий гэгдэх мөнх бус байдлын дараах түр зуурын байдалд очно.

2.16. Эцсийн эцэст хүн бүрд сайн мэдээний зарчмуудаас суралцан, ёслол ба гэрээнүүдийг хүлээн авах боломж олдох болно. Итгэлтэй олон хүн сүнсний шоронд байгаа хүмүүст сайн мэдээг номлоно. Сайн мэдээг хүлээн авч, наманчилж, өөрсдийнх нь өмнөөс ариун сүмд хийсэн авралын ёслолуудыг хүлээн авсан хүмүүс Амилалт хүртэл диваажинд амьдрах юм.

2.17. Амилалт гэж бидний сүнс төгс төгөлдөр мах, ясан биетэйгээ дахин нэгдэхийг хэлнэ. Амилалтын дараа бид үхэшгүй мөнх болсон байх бөгөөд бидний сүнс, бие махбод дахин хэзээ ч салахгүй. Есүс Христ биеийн үхлийг ялан дийлсэн учраас дэлхий дээр төрсөн хүн бүр амилуулагдана. Зөв шударга хүмүүс ёс бусчуудаас өмнө амилуулагдаж, Анхны амилалтаар босож ирнэ.

2.18. Амилалтын дараа Эцсийн шүүлт болно. Есүс Христ хүн бүрийн хүлээн авах мөнхийн алдар сууг тодорхойлохын тулд тэднийг шүүнэ. Энэхүү шүүлт хүн нэг бүрийн хүсэл, Бурханы зарлигуудад хэр зэрэг дуулгавартай байсан зэрэгт үндэслэх юм.

2.19. Алдар суугийн селестиел, террестриел, телестиел гэсэн гурван хаант улс байдаг. Есүсийг гэрчлэхдээ зоригтой, сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байсан хүмүүс селестиел хаант улсад Бурхан Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн оршихуйд, гэр бүлийнхээ зөв шударга гишүүдтэй хамт амьдрах болно.

Холбогдох эшлэлүүд: Лук 24:36–39; Иохан 17:3; Сургаал ба Гэрээ 131:1–4

Холбогдох сэдвүүд: Есүс Христийн Цагаатгал; Ёслолууд ба гэрээнүүд