2022
Их Эзэний мутар дахь зэмсэг
2022 оны 7, 8-р сар


“Их Эзэний мутар дахь зэмсэг,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар.

Ирээд, Намайг дага

Естер

Их Эзэний мутар дахь зэмсэг

Хэрэв бид Сүнсийг дагаж, үйлдэх хүсэлтэй байх аваас Их Эзэн биднийг хийх хэрэгтэй зүйл рүү маань чиглүүлэх болно.

Зураг
Естер

Зургийг Диллийн Марш

Их Эзэний мутар дахь зэмсэг байна гэдэг нь үнэндээ амархан зүйл. Бид зүгээр л Сүнсээр удирдан чиглүүлэгдэхэд бэлэн байж, Түүний өдөөлтийг дагах зоригтой байх хэрэгтэй. 1968 онд эхнэрийн маань эцэг эх Сүмд нэгдэх үед яг ийм зүйл тохиолдсон юм. Их Эзэний мутар дахь зэмсэг болохыг хүссэн нэгэн залуу номлогч тэдний гэр бүлийг Сүмд ирэхэд тусалжээ.

Манай хадмууд номлогчидтой нэг удаа уулзсан боловч үүний дараа хадам аав маань үргэлжлүүлэн уулзахыг хүсээгүй юм. Дараа нь шинэ номлогч, ахлагч Фэтцэр уг бүсэд шилжин ирсэн ба тэр хамтрагчтайгаа хадам аавын минь гэрт зочлон очиж тохинуулах өдөөлтийг мэдэрчээ. Ахлагч Фэтцэр бусад номлогчийн үйлдээгүй тийм арга замаар тэдний зүрх сэтгэлд хүрч чадсан.

Дараагийн зургаан сарын турш уг номлогчид тэдний хэрэгцээг хангахаар тохинуулжээ. Эцэст нь эхнэрийн маань эцэг эх Сүнсээр нөлөөлөгдөж, улмаар Сүмд нэгдсэн юм. Бидний хувьд гэрээнүүдийг байгуулж, сахих үед ирдэг адислалуудыг тэд хүлээн авсан. Тэднээр дамжуулан олон гэр бүл Сүмд нэгдэж, сайн мэдээний адислалыг хүртсэн.

Энэ нь зарим талаараа Ютагийн нэгэн залуу амьдралдаа “Бурханыг ялуулах”-ыг хүсэж байсантай холбоотой юм. Тэрээр тав тухтай гэр орноо орхиж, шинэ хэл сурч, Бразилд очин Их Эзэнд үйлчлэх зоригтой байсан.

Энгийн яриа

Нэг жилийн өмнө миний эхнэр Алэссандрагийн утсанд Бразил дахь тойргийн маань нэгэн эгчээс зурвас ирсэн юм. Тэд хамгийн сүүлд уулзсанаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байв. Тэр эгч зурвастаа: “Амьдралынхаа хамгийн муухай өдрүүдийн нэгэнд би яаж гэдгээ мэдэхгүй ч сүмд очсон юм. Намайг очих үед та намайг олж харсан. Та гарыг минь атгаад, хажуудаа суухыг урьсан. Би тантай ярилцсан. Та намайг сонсож, надад зөвлөсөн” гэсэн байлаа.

Энэ нь тухайн үед энгийн л нэг яриа мэт санагдаж байв. Гэхдээ энэ энгийн яриа миний эхнэрт Их Эзэний мутарт зэмсэг байх боломж болон хувирсан юм. Тэрээр хүнд хэцүү үеийг туулж байсан эрхэм эгчид тохинуулсан. Алэссандра энэ талаар огт бодоогүй. Тэр зүгээр л түүнийг сонсож, тайтгаруулахыг санал болгох өдөөлтийг мэдэрч, уг өдөөлтийн дагуу үйлдсэн. Ингээд хоёр жил гаруйн дараа тэр өнөөх эгчээс талархлаа илэрхийлсэн уг зурвасыг хүлээн авсан юм.

Эдгээр үйл явдлаар дамжуулан би Их Эзэний мутарт зэмсэг байхын тулд бидэнд дуудлага хэрэггүй гэдгийг мэдсэн. Гагцхүү бид хүсэлтэй байх хэрэгтэй. “Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой” (Сургаал ба Гэрээ 4:3).

“Үүн шиг цаг үед”

Хуучин Гэрээнээс бид Бурханы мутарт зэмсэг болж үйлчилсэн өөр нэг хүний тухай уншдаг. Естер бол багадаа эцэг эхээ алдсан залуу эмэгтэй юм. Түүнийг үеэл ах Мордехаи нь өсгөжээ.

Ахашверош хаан өөрийн хатан Ваштиг хатныг суудлаас нь буулгасныхаа дараа Естерийг шинэ хатнаар сонгов. “Хаан, Естерийг бүх эхнэрүүдээсээ илүү хайрлаж, Естер түүний нүдэнд таалал хийгээд энэрлийг бүх онгон охидоос илүү олсон” (Естер 2:17). Естер иудей хүн бөгөөд хаан үүнийг мэдээгүй байв.

Хааны зөвлөхүүдийн нэг Хаман өөртэй нь хамт байсан бүх түшмэдээс дээгүүр дэвшжээ (Естер 3:1-ийг үзнэ үү). Тэр “хөгшин залуу бүх иудей хүнийг устгаж, алж, хүйс тэмтрэх” (Естер 3:13)-ийн тулд хуйвалдаан зохиов.

Естерийг Хаманы хуйвалдааны талаар мэдэх үед Мордехаи түүнийг хаантай ярихыг ятгав. Ингэх нь түүний хувьд маш их эрсдэлтэй байсан ч Мордехаигийн үг түүнийг зоригжуулсан байна. Мордехаи түүнд “Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?” (Естер 4:14) гэж хэлжээ.

Естер “Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” (Естер 4:16) гээд, дуудагдаагүй атлаа хаантай уулзахаар явав. Энэ нь цаазын ял авах хэмжээний гэмт хэрэг байв. Эр зоригийнхоо ачаар Естер хаанд нөлөөлж чадсан юм. Үүний үр дүнд хаан иудейчүүдийн амийг хэлтрүүлэх зарлиг гаргажээ. Зарлигтаа тэрээр “хот бүрд байсан иудейчүүдэд хамтдаа цугларч, амийнхаа төлөө зогсох боломжийг олгосон” (Естер 8:11).

Үүрэг хариуцлага бүр чухал

Естер Их Эзэний мутарт зэмсэг байхыг хүсэж байсан. Түүний дуулгавартай, үнэнч амьдрал түүнийг бэлтгэсэн. Түүнийг хааны дотоод ордонд урилгагүйгээр орж байгаа тухай бодохдоо би түүний зоригийг гайхширдаг. Энэ нь бошиглогч Рассэлл М.Нэлсоны хүн бүрд өгсөн Бурханыг амьдралдаа ялуулах урилгыг сануулдаг.1 Естер Бурханыг ялуулахыг хүсэж байсан.

Естерийн үеэл ах Мордехаи ч бас Их Эзэний мутарт зэмсэг болж байсан. Тэр Естерийг сайн өсгөж хүмүүжүүлсэн юм. Тэр түүнийг дэмжиж, зоригжуулж, урамшуулдаг байсан. Бид бүгд өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай ба үүрэг бүр адилхан чухал төдийгүй онцгой юм.

Их Эзэн иудейчүүдийг аврах зорилгоор Естерийг хааны ордонд байрлуулсан. Их Эзэн Естерт хандсан шигээ Түүний зорилгыг биелүүлэхэд тусалж чадах газарт биднийг тавьдаг. Ийм учраас Түүний өгөх боломжтой нүүр тулах үедээ бид бэлэн бөгөөд зохистой байх ёстой.

Эргэн тойрон дахь боломжууд

Их Эзэний мутарт зэмсэг байх боломжууд бид бүгдийн эргэн тойронд байдаг. Бидний үүрэг бол үйлдэхэд бэлэн байх явдал юм. Эдгээр боломж хэзээ, хэрхэн гарч ирэхийг бид ихэнхдээ мэддэггүй. Бид Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авахуйц зохистой амьдарч, үйлдэх хүсэлтэй байх хэрэгтэй. Ингэснээр Их Эзэн биднийг хийх хэрэгтэй зүйл рүү маань чиглүүлэх болно.

Сургаал ба Гэрээ 35:3-т Их Эзэн Сидней Ригдонд хандан “би чамайг хийгээд чиний ажлуудыг харлаа. Би залбирлуудыг чинь сонслоо, мөн чамайг илүү агуу ажилд бэлтгэсэн юм” хэмээн хэлдэг.

Их Эзэн биднийг мэддэг бөгөөд бидний хүн нэг бүрээр хийлгэх ажил Түүнд бий. Заримдаа зөвхөн бидний хийж чадах ажил гэж байдаг. Энэ нь гэр орондоо эцэг эхчүүд зовж шаналж буй хүү эсвэл охиндоо туслах байдлаар гүйцэлдэж болно. Эсвэл энэ нь бидний Сүмийн дуудлагын хүрээнд байж болно. Үнэндээ энэ ажлыг хэзээ ч, хаана ч, хэнтэй ч гүйцэтгэж болно.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байхдаа “Их Эзэн энэ үүрэгт ажлыг ямар нэгэн шалтгаанаар өгсөн юм. Гагцхүү та тэдэнд хүрч, зүрх сэтгэлд нь нөлөөлж чадах хүн нь байх. Танаас өөр хэн ч үүнийг таны хийдэг арга замаар хийж чадахгүй байж мэднэ”2 гэж хэлсэн.

Мөн тэрээр “Бид [Аврагчийн] төгс жишээг дагаж амьдарснаар бидний гар Түүний гар, бидний нүд Түүний нүд, бидний зүрх сэтгэл Түүний зүрх сэтгэл болж чадна”3 гэж заасан билээ.

Естер, Мордехаи, ахлагч Фэтцэр, миний эхнэр мөн бусад олон хүний адил бид бүгд Их Эзэний мутарт зэмсэг байж чадна.