2022
Үйлчлэлийн номлогчид: Үйлчлэл, хайраар хаант улсыг байгуулах нь
2022 оны 7, 8-р сар


“Үйлчлэлийн номлогчид: Үйлчлэл, хайраар хаант улсыг байгуулах нь,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар

Залуучуудад зориулав

Үйлчлэлийн номлогчид: Үйлчлэл, хайраар хаант улсыг байгуулах нь

Үйлчлэлийн номлолд үйлчилнэ гэдэг нь би “хангалттай сайн” биш болохоор тэр үү гэж би бодсон.

Зураг
Зураг зурж буй залуу эмэгтэй

Гадасны ерөнхийлөгч маань намайг үйлчлэлийн номлолд үйлчлэх хүсэлтэй эсэхийг анх асуухад хамгийн түрүүнд “Тэгье!” гэсэн бодол төрсөн.

Их Эзэнд надаар хийлгэх ажил байгаа гэдэгт би итгэсэн ба Тэр намайг хайрлаж, хамгийн сайн сайхныг хүсдэг учраас Түүний надаар хийлгэхийг хүссэн бүхэн өсөлт хөгжил, аз жаргал авчирна гэдэгт би итгэж байлаа.

Дараа нь “Үйлчлэлийн номлол гэж юу вэ?” гэсэн бодол төрөв.

Намайг гадасны ерөнхийлөгчтэйгөө тэр ням гарагт өрөөнд нь уулзах үед тэрээр надад үйлчлэлийн номлол гэж юу болох талаар тайлбарлаж өгсөн ч би үүнийг болон үүний ач холбогдлыг удтал бүрэн ойлгоогүй юм. Тухайн үед би үйлчлэлийн номлолын цаад том зорилгыг олж хараагүй байсан учраас энэ дуудлага надад ямар нэгэн асуудал байгаа гэсэн үг юм болов уу гэж хүртэл бодож байлаа.

Миний хэрэгцээ байсан уу?

Номлол маань бодитоор эхлэхээс нэг сарын өмнө би үйлчлэх дуудлагаа хүлээн авав. Бодитоор гэдэг нь би дуудлагадаа онцгойлон адислагдахынхаа өмнө үйлчлэлийн номлолын удирдагчидтайгаа уулзан, бүсийн чуулганд оролцож, тэр ч байтугай надаас манай бүсийн өөр хоёр эгчийн хамтын сургалтыг удирдахыг хүссэн юм.

Би тэр сарыг дуудлагаа хүлээн авахаас эхлээд “үдэлтийн” үгээ хэлэх (би хаашаа ч яваагүй ч гэлээ), үйлчлэлийн номлолууд болон эргэн тойрныхоо номлогчдын талаар мэдэж авахад зарцуулав.

Миний оролцсон үйлчлэлийн номлолын чуулган дээр би үйлчлэлийн олон номлогч анх дуудагдах үедээ өөрсдийгөө сургаалын номлогчоор үйлчлэхэд хангалтгүй гэж мэдэрдгийг мэдсэн. Би өөрийнхөө дуудлагад анх ямар хариу үйлдэл үзүүлснээ санахаас ч ичиж байлаа.

Эцэст нь, би хангалтгүй байсан учраас биш, харин энэ нь Тэнгэрлэг Эцэгийн чиглүүлж өгсөн чиглүүлэг байсан учраас үйлчлэлийн номлолд дуудагдсанаа ойлгосон. Би сургаалын номлогчдоос “дор” байгаагүй; харин Тэр намайг үйлчлэлийн бусад хэлбэрээр Түүний хаант улсыг байгуулахад туслалцуулах хэрэгтэй байсан. Бүх номлогч Түүнд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхийг хүсдэг учраас номлол бүр Тэнгэрлэг Эцэгт чухал бөгөөд Түүний ажлын чухал хэсэг гэсэн хүчтэй гэрчлэлийг би хүлээн авсан юм.

Бүсийнхээ бусад үйлчлэлийн номлогчтой танилцаж, уулзаж, түүхийг нь сонссоныхоо дараа би тэднийг Их Эзэний гайхамшигтай, зөвт үйлчлэгчид гэдгийг мэдсэн. Номлолынхоо эхэнд бидний зарим нь өөрсдийгөө бага зэрэг өрөвдөж байсан ч бид бүгдээрээ “Их Эзэн үйлчлэлийн номлогчдод хайртай, бид Түүний хүссэн газарт байж, дэлхий дээрх Түүний мутар болж, Түүнд үйлчилж байхдаа суралцаж, өсөж хөгжиж байгаа” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрцгээсэн билээ.

Үйлчлэлийн номлогчид Сионыг хэрхэн байгуулдаг тухай

Ямар ч төрлөөр үйлчлэх чадвартай бай, номлогч бүр нэн чухал юм. Дэлхий дахинд сайн мэдээг зааж, номлохын тулд хоёр жил хүртэлх хугацаагаар гэр бүл, гэр орноо орхин явж чадах номлогчид бидэнд хэрэгтэй. Гэхдээ бид бас бусдыг хайрлах хайраар дүүрэн, тэдний дундаас хамгийн өчүүхэнд нь үйлчлэх, өргөх хүслээр дүүрэн Сионы нийгэмлэгүүдийг байгуулах хэрэгтэй. Энэ бол үйлчлэлийн номлогчдын хийдэг ажил юм. Бид хайрлах, үйлчлэх соёлыг бий болгох замаар Сионыг байгуулдаг. Энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх гишүүнд буюу үе уламжилсан гишүүд, шинэ хөрвөгчид, бүх хүнд зориулан найрсаг, зөв шударга, урам зориг бүхий нийгэмлэгийг бий болгодог.

Сүмийн сэтгүүлүүдэд үйлчилсэн үйлчлэлийн номлол маань намайг хэчнээн их адислагдсанаа харахад тусалсан. Би өөрийн сорилт бэрхшээлийн талаар амьдралынхаа туршид олж мэдсэн зүйлээ ашиглан, зовж шаналж буй бусад хүнд туслах боломжтой байв. Би туршлагаа бусадтай хуваалцахыг хичээснээр бусдыг түүхээ хуваалцахад урамшуулсан. Бурханы бүх хүүхэд чухал. Миний үйлчлэлийн номлол намайг бусдад нигүүлсэнгүй хандахад туслахын зэрэгцээ Христэд хамтдаа ирэхээр хичээх явцдаа тэднийг байгаагаар нь хайрлах чадвартай болгосон.

Үйлчлэлийн номлогчид Сионыг байгуулах ажилд цаг зав, хүч чадлаа олон янзын ач тустай арга замаар зарцуулдаг. Зарим нь Сүмийн халамжийн төв эсвэл орон нутгийн хоолны агуулах зэрэг газарт биечлэн үйлчилж тусалдаг. Харин зарим нь ариун сүмийн талбайг чимэглэж, ариун сүмд ёслолын ажилтнаар үйлчилдэг. Зарим нь сургууль амрах үеэр хоол хүнс байхгүй хүүхдүүдэд хоол хүнс тарааж, тэднийг хүчирхэгжүүлэн үйлчилдэг. Бусад нь сайн мэдээг түгээж, үүнийг аль хэдийн хүлээн авсан гишүүдийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг. Сүмийн олон янзын ажилтнуудын машиныг засварлахад тусалдаг номлогчид хүртэл байдаг.

Зураг
Машин засаж буй эрэгтэй

Мөн үйлчлэлийн номлогчид бишопуудад туслан, Сүмийн барилгад тэмдэг тавих, Сүмийн кино бичлэгийн студитэй хамтран ажиллах, КОВИД-19 цар тахал дундуур хүн бүрийг аюулгүй байлгахын тулд олон тооны эд зүйлсийг цэвэрлэх зэрэг олон өөр арга замаар үйлчилдэг. Бидэнд ямар ч төрлийн даалгавар өгсөн бай бид хайрлах, үйлчлэх хандлагыг хөгжүүлэх замаар Сионыг байгуулахад тусалдаг.

Үйлчлэлийн номлогчид бид өдөр бүр судар судлах, хичээл заах, бусдын хичээлд болон дүүргийн зөвлөлийн хуралд оролцох зэргээр өгөгдсөн үүрэгт маань багтсан эсэхээс үл хамааран бие биеэ болон бидний эргэн тойронд байгаа бүх хүнийг хүчирхэгжүүлж, өргөн дэмждэг.

Сүмийн сэтгүүлийн залуучуудад зориулсан буланг хариуцсан багтай ажиллах албан ёсны үүрэгтэй маань нэг их холбоогүй ч, миний хийдэг хамгийн чухал ажил бол Ариун сүмийн талбайн байрууд дахь бүлгийнхээ бусад номлогчид үйлчлэх явдал юм. Би тэднийг харагдаж, сонсогдож, харьяалагдаж байгаагаа мэдэрч байгаа эсэхийг нь нягтлах мөн өөрийгөө тэдэнд санаа тавьдаг гэдгийг мэдрүүлэх замаар үйлчилдэг.

Үүнийг бүх номлогч хийдэг биш гэж үү? Энд, Бурханы хаант улсад Түүний бүх хүүхдэд зориулсан чухал, тус тусын байр байгаа гэдгийг бүх номлогч дэлхий даяарх хүн бүрд баталдаггүй гэж үү? Сургаалын номлогчид Бурханы хаант улс дэлхий дээр байгаа гэдгийг дэлхийд заахад тусалдаг бол үйлчлэлийн номлогчид Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлдэх үедээ энэ хаант улс ямар байх ёстойг, чухамдаа бидний зүрх сэтгэл нэг нэг рүүгээ ханддаг, ямар ч эргэлзээгүйгээр үйлчилдэг мөн бусдад харьяалагддаг гэдгээ мэдэхэд тусалдаг тийм газар байх ёстойг ойлгоход нь тусалдаг.

Аврагчийн үйлчилсний адил нэг нэгээр нь тохинуулах

Хэрхэн үйлчлэх, хаана үйлчлэхээс үл хамааран бүх номлогчийн хийдэг нэг зүйл нь нэг нэгээр нь тохинуулах замаар Есүс Христийн адил үйлчлэх явдал юм.

Хувийн үүрэг даалгавраа биелүүлэхээс илүүтэй “бидний зорилго бол Аврагчийн адил үйлчилснээр бусдыг Христэд ирэхэд нь туслах явдал юм. Бид энэрлийн байгууллага, Сүмийн бүтэц дэх нэгж болон нийгэмлэгүүдэд сайн дурын үндсэн дээр үйлчилдэг. Бид Аврагчийн нэрээр хэн нэгэнд, яг Түүнтэй адилаар хайр, нинжин сэтгэлээр тохинуулах болно.1

Аврагч бидний хувь хүн нэг бүрд тохинуулдаг гэдгийг үйлчлэлийн номлогчид бид мэддэг ба Түүний хайр нинжин сэтгэлийг мэдэрсэн учраас бид өөрсдийн зорилгыг ч бас эрхэмлэдэг. Би Аврагчийг илүү сайн таньж мэдсэнээр болон сорилт бэрхшээлүүд маань хөнгөрч, гэрчлэл маань хүчирхэгжин, эргэн тойрны номлогчид маань намайг хайрлаж, өргөснөөр номлолдоо Түүний хайр нинжин сэтгэлийг мэдэрсэн.

Үйлчлэлийн номлогчид эргэн тойрныхоо бүх хүнд Христийн хайр нинжин сэтгэлийг хуваалцахыг эрэлхийлдэг. Бид номлолынхоо туршид болон амьдралынхаа үлдсэн хугацаанд яг үүнийг хийхийн тулд амьдралаа зориулдаг.