“Өсөж хөгжих орон зай,” Лиахона, 2022 оны 7, 8-р сар
Нас ахисан ч итгэлтэй хэвээр
Өсөж хөгжих орон зай
Их Эзэн намайг дахин ургаж, цэцэглэнэ гэдгийг мэдэж байсан.
Нөхөр Жэролд минь нас бараад нэлээд хэдэн жил өнгөрсөн байлаа. Түүний биед хорт хавдар маш хурдтай, хүчтэй тархсан байсан тул тэр 3 сар болоод нас барсан юм. Би хашаандаа юм хийж байхдаа түүнийхээ тухай бодож байлаа.
Нэгэн ургамлыг шилжүүлэн суулгаж байтал, нэг бодол санаанд орж ирэв. Намайг анзаарч харах хүртэл тэр ургамал хэвийн байсан. Уг ургамал анхнаасаа л гэрт вааран дотор ургаж байсан боловч огт томроогүй байв. Хэрэв үүнийг өөр газарт шилжүүлэн суулгахгүй л бол цэцэглэхгүй, магадгүй бүр ургахаа болино гэдгийг би мэдэж байлаа. Тэр ургаж чадах хэмжээндээ хүрч чадахгүй болоод байв.
Тиймээс би ургамлыг том вааранд шилжүүлэн суулгах замаар түүнд ургаж өсөх орон зай гаргаж өгөхөөр шийдэв. Тэгээд аварга том биш, харин өмнөхөөс нь ердөө 5 сантиметрээр том диаметртэй вааранд шилжүүлэн суулгалаа. Хэрэв хэт том саванд суулгавал ус нь ихдэж, үндэс нь ялзарч, үхэж магадгүй юм.
Дасан зохицохын тулд уг ургамлыг тэмцэх болно гэж би төсөөлж байлаа. Ургамал маань шинэ ваарандаа дасан зохицож, тааламжтай байх шиг байв. Өөрчлөлт нь түүнийг үргэлжлүүлэн өсөхөд тусална гэдгийг тэр мэдээгүй юм. Би зохих гэрэл, ус, дасан зохицоход шаардлагатай нэмэлт тэжээлээр хангах шаардлагатай болсон. Эцэст нь уг ургамал ургаж, дахин цэцэглэнэ гэдгийг би мэдэж байлаа.
Би бэлэвсэн эхнэрийн амьдралаа эргэцүүлэн бодоод, өөрийгөө яг тэр ургамал шиг гэдгийг ойлгосон. Би тав тухтай амьдарсаар ирсэн. Би дажгүй сайн байсан. Харин нөхөр маань нас барахад, намайг өсөлтийн шинэ шатанд орж байна хэмээн Сүнс шивнэхийг би сонссон юм. Надад энэ амьдралд суралцах, хийх зүйл үлдсэн байж.
Дараагийн хоёр жилийн хугацаанд манай тойргийн өөр долоон эрэгтэй бас нас барсан. Би дөнгөж саяхан бэлэвсэрсэн найзуудаа хамтдаа цугларч, ярилцаж, бие биедээ зочилж, бусдад үйлчлэхэд урьж эхэлсэн бөгөөд ингэснээр бидний хүн нэг бүрийн ганцаардал бага ч атугай нимгэрнэ гэж бодов. Бидний хэн нь ч “шилжин суух”-ыг сонгохгүй байх байсан. Гэвч нөхөргүйгээр мөнх бус амьдралд дасан зохицож байхдаа би үүнтэй төстэй бэрхшээлтэй тулгарсан хүмүүст дэмжлэг үзүүлж чадна гэдгээ олж мэдсэн билээ. Мөн би хүүхдүүд, ач зээ нартайгаа цагийг өнгөрөөж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний гэр бүл дараагийн амьдралд дахин хамтдаа байж чадна гэдгийг тэдэнд итгүүлэх олон боломж байгааг олж мэдсэн.
Ханиа алдсанаас болж надад ирэх өсөлтийг би хэзээ ч төсөөлж байгаагүй. Гэвч Тэнгэрлэг Эцэг ирээд, намайг “дахин суулгаж,” шинэ сорилттой учруулах буюу арай том саванд шилжүүлж суулгаснаар өсөж хөгжих орон зай болон боломжийг олгосон юм.
Би өдөр бүр Жэролдыг санадаг. Олон жил өнгөрсөн ч би түүнгүйгээр амьдрах өөрчлөлтдөө дасан зохицохыг хичээж, тэмцсээр байгаа. Гэхдээ энэ замд Их Эзэн намайг дэмжиж байгааг би мэднэ. Цаг хугацаа өнгөрөх тусам мөн Түүнд итгэх итгэлээр би дахин ургаж, цэцэглэх болно.
Зохиогч нь АНУ-ын Айдаход амьдардаг.