2022
Их Эзэн Иосефтой хамт байв
2022 оны 3-р сар


“Их Эзэн Иосефтой хамт байв,” Лиахона, 2022 оны3/4-р сар.

Ирээд, Намайг дага

Эхлэл 37–41

Их Эзэн Иосефтой хамт байв

Амьдралын өгсөх, уруудах мөчүүдийн аль алинд бид эртний бошиглогч Иосефын жишээнээс олон зүйлийг сурч болно.

Зураг
Египетийн Иосеф Фараоны зүүдийг тайлбарлаж байгаа нь

Joseph Explaining Pharoah’s Dreams [Иосеф Фараоны зүүдийг тайлбарлаж байгаа нь], зураач Жийн Адриан Гигнэт, Musée des Beaux-Arts, Руан, Франц / Bridgeman Images

Хэдэн жилийн өмнө, эхнэр Тэрри маань дөрөв дэх хүүхдийг маань тээж байгааг мэдээд манай гэр бүлийнхэн ихэд баярлав. Гэвч жирэмсний хэдэн сарын дараа Тэрри эрүүл мэндийн хувьд аюултай нөхцөлд байж болзошгүйг илрүүлэв. Түүнийг байнгын асаргаатай байлгах үүднээс эмнэлэгт хэвтүүлэх нь хамгийн аюулгүй сонголт байлаа. Жирэмслэлтийг аль болох урт үргэлжлүүлэхийн тулд Тэрри хэвтрийн дэглэмд байв.

Энэ бол манай гэр бүлийн хувьд, ялангуяа Тэрригийн хувьд сэтгэл зовоосон, хүнд үе байсан. Тэр их ганцаардаж байлаа. Би ажлаа хийх, бишопоор үйлчлэхийнхээ хажуугаар бага насны гурван хүүхдээ асрах асуудалтай тулгарав. Амьдрал эмх замбараагүй, хэцүү бэрх санагдаж байлаа.

Ганцаардсан үедээ Тэрри дараах дууллын үгсээс тайвшралыг мэдэрдэг байсан юм.

Та үргэлж хэрэгтэй.

Таны ач ивээлээс өөр юу чөтгөрийн хүчнээс хамгаалах билээ?

Танаас өөр хэн надтай хамт байж, намайг чиглүүлэх билээ?

Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч! 1

Их Эзэн бидэнтэй хамт байв

Эцэст нь яаралтай мэс засал болж, хүү Жэйс маань төрөв. Тэрри эмнэлэгт хэвтээд удаж байсан тул ээж, хүү хоёр аюулгүй амаржлаа. Бид амьдралдаа Их Эзэний хамгаалалтыг мэдэрсэн.

Жэйс хугацаанаасаа дөрвөн долоо хоногийн өмнө мэндэлж, нярайн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн юм. Тиймээс бид түүнгүйгээр гэртээ ирцгээв. Дараагийн сард нь бид өдөр бүр эмнэлэг рүү очиж байлаа. Тэр үед бид амьдралын хамгийн доод цэгтээ очсон мэт санагдаж билээ.

Гэсэн хэдий ч бид дахиад Их Эзэний мутрыг харсан юм. Жэйсийн бие сайжирсаар эмнэлгээс гарч, бид гэр бүлээрээ нэгдэхдээ баяслын дээд цэгийг мэдрэв.

Гэтэл удалгүй бид Жэйсийг sagittal synostosis буюу гавал дахь яснууд нь хэт эрт хоорондоо нийлсэн болохыг олж мэдэв. Түүний толгой өсөхгүй гэсэн дүгнэлт гарах нь тэр. Гуравхан сартай Жэйсийн гавлын ясны нэлээд хэсгийг мэс заслаар авах нь цорын ганц эмчилгээ байв. Бид залбирал, санваарын адислалуудаар дамжуулан энэ сорилтыг даван туулсан. Дахин бид Их Эзэний мутрыг амьдралдаа харсан юм. Залбирлууд маань хариулагдаж, адислалууд биелэв. Мэс засал амжилттай болж, амьдрал эргээд өгсөх цэгтээ хүрлээ.

Үнэхээр төсөөлөхийн аргагүй зүйлс болж өнгөрсөн! Гэвч Их Эзэн энэхүү аяллаар дамжуулан бидэнд чухал хичээлүүдийг заасан юм. Тэр бүхий л цаг үед бидэнтэй хамт байсан гэдгийг бид мэднэ.

Иосефын амьдралд өгсөх, уруудах үе байсан

Зураг
Иосеф Египет рүү худалдагдсан нь

Joseph Sold into Egypt [Иосеф Египет рүү худалдагдсан нь], зураач Виллиам Брасси Хоул, © Look And Learn / Bridgeman Images

Хуучин Гэрээнээс Иосефын амьдралыг судлахдаа бид түүний амьдралд ч мөн адил өгсөж уруудан, эргээд өгсөх үе байсныг олж хардаг. Их Эзэн сайн, муу үеүдийн алинд ч үргэлж түүнтэй хамт байсан талаар бид уншдаг.

Иосефт өгсөн дээл бол Иаковын түүнийг хайрлах хайрын гайхалтай бэлгэдэл байсан. Гэхдээ нөгөө талд энэ нь Иосефын ах нарт тэдний харилцааг сануулах уур хүрмээр сануулга болсон юм.

Ах нар нь хонин сүргээ хариулахаар явсан хойно Иаков Иосефоос ах нарыгаа мэнд эсэхийг үзэхээр явахыг хүсэв. Иосеф хүссэн ёсоор нь тийш явсан ч замдаа төөрч орхив. Тиймээс Их Эзэн Иосефт ах нараа олоход нь туслахын тулд зам заах хүн илгээсэн (Эхлэл 37:15–17-г үзнэ үү).

Иосефын ах нар түүнийг алахаар хуйвалдах үед Египет рүү явж байсан жингийн цуваа хажуугаар нь өнгөрсөн нь зүгээр ч нэг санамсаргүй тохиолдол биш гэж санагддаг. Тэд Иосефыг алах эсвэл нүхэнд орхин үхүүлэхийн оронд худалдаачдад худалдсан. (Эхлэл 37:25-28-ыг үзнэ үү.)

Худалдаачид Иосефыг Фараоны хамгаалагчдын захирагч Потифарт худалдсанаар Их Эзэний чиглүүлэг дахин тодорхой болсон. Хэдий Иосеф боол байсан ч гэлээ түүний хийсэн бүхэн сайн болов. Потифар Иосефыг гэрийнхээ даамал болгож, эзэмшиж байсан бүхнээ түүний гарт өгчээ. (Эхлэл 39:4-ийг үзнэ үү.) Иосефын амьдрал доод цэгээс дээшлэв. Түүнд Потифарын гэр дэх боломж, давуу байдлууд сайхан санагдаж байлаа.

Гэвч амьдралынх нь энэхүү дээд цэг удаан үргэлжилсэнгүй. Иосеф Потифарын эхнэрийн зохисгүй үйлдлээс зугтсан тул ёс суртахуунгүй байдал гаргасан гэж гүтгэгдэв. Уг гүтгэлэг хуурамч байсан ч Иосеф цаазаар авхуулж болох байлаа. Үүний оронд тэр зөвхөн шоронд хоригдсон нь гайхалтай юм. Их Эзэний мутар Иосефыг дахин хамгаалсан.

Гайхамшигт итгэл

Хэрэв та шударга бусаар шоронд хоригдвол яах байсан бэ? Иосефт гутарч гунин, уурлаж бухимдах шалтгаан байсан. Амьдралын дээд цэгээс доош унасан нь Иосефт “Бурханд үйлчлэх гэж хичээсний үр дүн хаана байна вэ? Тэр зөвхөн намайг цээрлүүлэхээс өөр юу хийж байгаа юм бэ?” гэж бодол төрүүлж болох байсан. Гэвч Иосеф уурлаж Их Эзэнийг буруутгаагүй бөгөөд бууж өгөөгүй юм. Түүний гайхалтай итгэл хэзээ ч бөхөөгүй.

Шоронд байсан харанхуй өдрүүдэд ч Их Эзэн Иосефыг орхиогүй юм. Нэгдүгээрт, Их Эзэн Иосефт сөнч, талхчин хоёрын зүүдийг тайлбарлах боломжийг олгосон (Эхлэл 40-ийг үзнэ үү). Хэдэн жилийн дараа, энэ нь түүнд Фараоны зүүдийг тайлбарлах боломжийг авчрахад, Иосеф уг чадвар нь Бурханаас өгөгдсөн гэдгийг гэрчилдэг (Эхлэл 41:16-г үзнэ үү). Фараон Иосефыг чөлөөлөөд зогсохгүй “түүнийг Египетийн бүх нутагт захирагч болгов” (Эхлэл 41:43). Иосеф олон жилийн турш зовж шаналсны эцэст тус нутагт Фараоны дараа орохуйц нөлөө бүхий хүн болох боломжийг Бурхан түүнд олгосон нь Иосефын амьдралын маш чухал үйл явдал байв.

Бурхан бидний сайн сайхны төлөө байдаг

Сүүлд нь Иосеф өөрийнх нь эсрэг хуйвалдаж, боолчлолд худалдсан ах нартайгаа дахин уулздаг. Тэр уурлаж бухимдан, өөрт нь учруулсан “уур хүрмээр шударга бус байдал” 2 -д тэднийг буруутгаж болох байсан.

Гэвч Иосеф амьдралынх нь өгсөх, уруудах мөч бүхнийг Их Эзэн харсаар байдгийг ухаарсан байжээ. Түүний ах нартаа хэлсэн дараах үгсээс үүнийг ойлгож болохоор байна.

“Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.

Та нар одоо битгий ай. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэнэ гэж хэлээд, тэднийг тайвшруулж, сэтгэл зүрхэнд нь өгүүлэв” (Эхлэл 50:20–21).

Амьдралын өгсөх уруудах мөчүүдийн алинд ч Бурхан бидний сайн сайхны төлөө байдаг гэдгийг санах нь ямар гайхалтай вэ! Их Эзэн ижил зарчмыг хожмын үеийн бошиглогч Иосефт тайлбарласан юм.

“Хэрэв чи гай зовлон дундуур туулахаар дуудагдсан аваас; …

“Хэрэв чи бүхий л төрлийн хуурмаг ялуудаар яллагдаж байгаа аваас; хэрэв дайснууд чинь чам дээр унах аваас; хэрэв тэд чамайг эцэг болон эх мөн ах болон эгч дүүсээс чинь салгах аваас; … мөн чи шоронд хүчээр чирэгдэн очих аваас, …

“… аваас, эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь” (Сургаал ба Гэрээ 122:5–7).

Зовлон бэрхшээл үргэлж байсаар ирсэн

Тэрри бид хоёр сорилтуудыг даван туулж байхдаа Бурханы бошиглогчийн хэлсэн дараах захиаснаас тайвшралыг олсон юм.

“Би та нарыг мөнх бус амьдралд үргэлж бэрхшээл тулгарсаар ирсэн, цаашид ч тулгарсаар байх болно гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Гэхдээ мэддэг зүйлээ ойлгож, амьдрах ёстой замаараа амьдрах үед гутрал, цөхрөлд байх газар, шалтгаан гэж үгүй. …

“… Дэлхийн бүх бэрхшээл таны амьдралд тулгарсан эсвэл хэзээ ч байгаагүй муугаараа эргэсэн, эсвэл хэзээ ч сайжрахгүй гэсэн бодлуудад та нар бүү итгээсэй гэж найдаж байна. Юмс үүнээс ч доор байсан, харин цаашид үргэлж сайжрах болно гэдгийг би та нарт батлан хэлье. Ялангуяа бид Есүс Христийн сайн мэдээг хайрлаж, түүний дагуу амьдран, сайн мэдээ амьдралд маань цэцэглэн хөгжих боломжийг олгох үед юмс үргэлж сайжирдаг.” 3

Иосефын түүхээс болон бидний нийгэмд тохиолдож буй золгүй үйл явдлуудаас бид сайн хүмүүст муу зүйл тохиолддогийг хялбархан харж болно. Зөв шударга амьдарснаар бид амьдралдаа бэрхшээл, уйтгар гунигтай тулгарахгүй гэсэн үг биш юм. Харин Их Эзэн Иосефын зовлон зүдүүртэй үед түүнтэй хамт байсан шиг бидэнтэй хамт байх болно. Сорилт бэрхшээл ирэх нь гарцаагүй. Гэхдээ хэрэв бид сорилт бэрхшээл дундаа ч Түүнийг сонсохоор шийдэх юм бол, Их Эзэн Иосефт хандсаны адилаар биднийг удирдан чиглүүлж, урам зориг өгөх болно.