2022
Тохинууллыг утга учиртай болгох
2022 оны 1 ба 2-р сар


Тохинууллын зарчим

Тохинууллыг утга учиртай болгох

Тохинуулал тань утга учиртай байгаа эсэхэд эргэлзэж байгаа бол эдгээр санааг авч үзээрэй.

Зураг
woman hugging a young woman in a wheelchair

Ялангуяа бид өөрсдөө бэрхшээлтэй тулгарч байгаа үед тохинуулал маань өөрчлөлт авчирч байгаа эсэхэд эргэлзэх нь хялбар байдаг.

Би тэргэнцэр дээр суудаг болохоосоо өмнө Халамжийн нийгэмлэгийн ангид хавтас дамжуулан үзэхдээ дуртай байсан. Би ихэвчлэн үйлчлэл хийхээр нэрээ бичдэг байлаа. Энэ нь “нэг нэгнийхээ ачааг хөнгөлж, үүрэлцэхэд” (Мозая 18:8-ыг үзнэ үү) бэлэн байгаагаа илэрхийлэх нэг арга маань байсан.

Үйлчлэл хийхээр нэрээ бичих боломжгүй болсон маань хавтаснаас болоогүй. Үнэндээ би дахиж нэрээ ч бичиж чадахгүй болсон юм. Тахир дутуу болсноосоо болж, хавтсыг барьж чадахгүй болсон. Хэн ч надаас нэрээ бичихийг хүлээдэггүй байсан. Гэвч би үүнийг хэчнээн их хүсдэг байсан гээч! Үйлчлэл биднийг Бурханы хайраар хүрээлүүлж, бусадтай холбож өгдөг. Бусадтай холбогдох тэр мэдрэмжийг би үнэхээр хүсэж байлаа.

Надад бусдын тусламж хэрэгтэй байдаг тул би бусдад үйлчилнэ гэвэл үүндээ бусдаар туслуулах шаардлага гарах учраас үйлчлэл маань тустай гэж би бодохгүй байлаа. Тохинуулагч эгч маань миний хүсэл эрмэлзлийг харах хүртэл тэр хавтас миний хийж чадахгүй болсон зүйлийг сануулсаар байдаг байв.

Тэр надаас зөвхөн юу хэрэгтэй байгааг төдийгүй, үйлчлэхийн тулд юу хийхийг хүсэж байгааг асуув. Тэгээд нэрийг минь хавтсанд бичлээ. Би бусдад хоол хийж өгч үйлчлэх болсон ба тэр гэрт маань ирэн надад тусалсан юм. Өөрт чинь тусламж их хэрэгтэй тул бусдад туслахыг хичээх хэрэггүй гэж тэр хэзээ ч хэлээгүй. Тэр надтай хамт байхдаа дуртай байсан.

Эцэст нь би миний хүч чармайлт ч гэсэн хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Тохинуулагч эгчийнхээ тусламжтайгаар би ямар нэгэн зүйл хийх боломжтой байсан. Энэ нь бусдад хэрэг болсон эсэхийг мэдэхгүй ч энэ нь надад өөрчлөлт авчирсан билээ. Хэдийгээр би гэр бүлийнхэндээ шууд нөлөөлж эсвэл бие маань шууд эдгэрээгүй ч, энэ нь зүрх сэтгэлийг маань эдгээхэд тусалсан.

Эмри Пагмайр

АНУ-ын Юта муж

Түүний тусламжтайгаар та хангалттайгаас ч илүү

Зураг
the Old Testament prophet Enoch and people from the city of Zion

City of Zion Translated, Дэл Парсон; Getty Images-с томруулдаг шилний гэрэл зураг

Их Эзэний ажлыг хийхэд тэнцэхгүй гэдгээ мэдрэх нь нийтлэг байдаг зүйл билээ. Бошиглогч Енох мөн ийн мэдэрсэн. Их Эзэн түүнийг хүмүүсийг наманчлахад урихыг зарлиглахад тэрээр “гэтэл мөн би залуу, мөн бүх хүмүүс намайг үзэн яддаг буюу; учир нь би ярихдаа удаан бөлгөө“ (Мосе 6:31) хэмээн санаа зовж байсан.

Гэвч Их Эзэн Енохтой хамт байж, Өөрийнх нь Сүнс Енохтой хамт байна хэмээн амлаж, “чиний бүх үгсийг бибээр зөвтгөх болно; … Тиймийн тул надтай хамт алхагтун” (Мосе 6:34) хэмээн Тэр урьсан.

Енох Их Эзэний зарлигласан зүйлд дуулгавартай байсан ба өөрийн чадлын улмаас биш харин “мөн түүнд Бурханы өгсөн хэлний хүч[ний]” (Мосе 7:13) улмаас тэр хүмүүст том нөлөө үзүүлсэн.

Анхаарч үзэх зарчмууд

Хэрэв таны тохинуулал тань утга учиртай байгаа эсэх дээр эргэлзэж байгаа бол эдгээр зарчмыг бодож үзээрэй:

  1. Тохинуулал ба үүний утга учрыг ойлгох нь өөрсдийн хүчин зүтгэлээ илүү зөвөөр тодорхойлоход тусална.

    • Тохинуулал нь бат бөх харилцаа тогтоохоос илүү зүйл бөгөөд энэ нь Аврагчтай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд нь бусдад туслах явдал юм. 1

    • Тохинуулал нь зүгээр л үүрэг даалгавар биш. Энэ нь Түүнд үйлчлэхийн тулд нэг нэгнээ халамжилснаар хэрхэн гэрээнийхээ дагуу амьдарч байгаа тухай билээ.

    • Тохинуулал нь урьдчилан тогтоосон хэв загварыг мөрдлөг болгодоггүй. Бид нөхцөл байдалдаа дасан зохицож, Аврагчийн адил үйлчлэхийн тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийлэх үед энэ нь биднийг хөгжүүлж байдаг.

  2. Бурхан бидний тохинууллыг хэрхэн хардаг гэдгийг ойлгох нь бидний харах өнцгийг өөрчилж чадна.

    • Бурхан тохинууллыг маань нүсэр үр дүнгээр эсвэл бидний хүчин чармайлтыг талархан хүлээж авсан эсэхээр хэмждэггүй (Сургаал ба Гэрээ 117:12–13 дээр гардаг Оливер Гранжерийн жишээг үзнэ үү).2

    • Бидний хүсэл нь сайн байж, бид жинхэнэ хүчин чармайлт гаргах үед, тохинуулал маань Түүнд утга учиртай байдаг (Сургаал ба Гэрээ 4:2, 5-ыг үзнэ үү).

    • Бурхан бидний “жижиг эсвэл үл мэдэгдэх үйлчлэл”3 (Сургаал ба Гэрээ 123:17-г үзнэ үү)-ийг өсгөн томруулахад бэлэн байдаг.

Бид юу хийж чадах вэ?

Чадахгүй гэж бодож байгаа зүйлдээ санаа зовохын оронд юу хийж чадахаа залбирч бод. Тэгээд үйлд. Их Эзэний нэрээр үйлдэх үед, Тэр хүчин чармайлтыг тань өсгөн томруулж, таныг болон бусдыг адислахын тулд үүнийг ашиглах болно (2 Нифай 32:9-ийг үзнэ үү).

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87.

  2. Оливер Гранжерийн талаар мөн Бурхан хэрхэн бидний амжилтыг хэмждэг талаар сурахыг хүсвэл Боид К.Пакэрын “Эдгээрээс хамгийн дорд нь,” яриаг уншина уу Liahona, Nov. 2004, 86–88.

  3. Хэнри Б.Айринг, “Rise to Your Call,” Liahona, Nov. 2002, 77.