2022
Энд Мормоны Ном байна!
2022 оны 1 ба 2-р сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Энд Мормоны Ном байна!

Би Мормоны Номыг гартаа барих үедээ миний ачаа Аврагчийн хайраар угаагдан алга болохыг мэдэрсэн

Зураг
hand holding a copy of the Book of Mormon

Гэрэл зургийг Жэйкоб А.Браун

Өвлийн дунд сарын нэгэн бямба гарагт эхнэр бид хоёр нарлаг боловч хүйтэн өдрийг ашиглан орчин тойронтойгоо илүү сайн танилцахаар болов. Бид саяхан АНУ-ын Зүүн эрэг рүү гэрээсээ хол, хэдэн мянган бээрийн зайд боловсрол, ажил мэргэжлийн боломжийг хөөн нүүж ирсэн байлаа.

Бид урьд өмнө очиж байгаагүй их сургууль руу алхахаар шийдлээ. Алхаж байхдаа бид сургуулийн төв номын санг олов. Бид унших дуртай ба магистрын ангийн оюутан эхнэр маань судалгааныхаа ажилд ашиглаж болох ямар эх сурвалж байгааг үзэхийг хүссэн юм. Эхнэр маань шашин судлалаар сурч байсан учраас бид номын сангийн шашны хэсгийн тавиурыг үзэв. Зарим нэг сонирхолтой гарчгуудыг харж байх зуур нэгэн танил цэнхэр хавтастай ном нүдэнд туслаа.

“Энд Мормоны Ном байна!” гэж би догдлон шивнэв.

Би тавиураас номыг авлаа. Энэ нь хуучны хэвлэл байсан ба хэр удаан энд байсан бол гэж би бодлоо. Нүүрэн талын хавтасны дотор наасан жижиг оруулга анхаарлыг маань татав.

Үүн дээр АНУ-ын Айдахогийн Блэкфүтийн нэгэн хосын товчхон гэрчлэл байлаа. Тэд гэрчлэлдээ Мормоны Ном гэж юу болох, энэ нь яагаад үнэн болох талаар тайлбарласан байв. Тэд уг номын талаар товч боловч хүчирхэг гэрчлэл хуваалцаж, үнэн эсэхийг нь мэдэхийн тулд уншигчдаа залбирахад урьсан байлаа.

Тэдний үгс энгийн байсан ч захиас нь шууд зүрх сэтгэлд минь хүрсэн юм. Магадгүй энэ хос гэрчлэлээ өөр итгэл үнэмшилтэй хүмүүст зориулсан байх. Энэ номыг өөрсдийн мэддэг хэн нэгэнд өгсөн ч байж болох юм. Хэдэн хүний гар дамжиж, хэдэн бээр аялж энэ их сургуулийн номын санд ирснийг хэн ч мэдэхгүй.

Энэ номыг гартаа барих үед Сүнс зүрх сэтгэлийг минь дүүргэв. Тэрхэн зуур миний ачаа Аврагчийн хайраар угаагдан алга болохыг би мэдэрсэн.

Номын санд өнгөрөөсөн тэр өдөр Мормоны Номыг олж уншсанаар надад ирдэг адислалуудын талаар болон энэ номын тухай гэрчлэлээ хуваалцах нь чухал болохыг одоо ч сануулсаар байдаг. Бидний гэрчлэл “чулуурхаг газар” эсвэл “сайн хөрсөн дээр” (Матай 13:3–9) унаж болох ч хуваалцах нь чухал юм. Энэ нь зөв цагт, зөв газраа, зөв хүмүүст хүрч байгааг Бурхан бататгах болно.