2021
Гэнэтийн хэрэгцээнд бэлтгэлтэй байхад нь бусдад туслах
2021 оны 9, 10-р сар


Тохинууллын зарчмууд

Гэнэтийн хэрэгцээнд бэлтгэлтэй байхад нь бусдад туслах

Бид тохинуулагч ах, эгч нарын хувьд, тодорхой бус дэлхийд бэлтгэлтэй байхад нь ах, эгч нартаа тусалж чадна.

Зураг
a mother and her toddler son planting an indoor garden

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Цар тахал, байгалийн гамшиг, эдийн засгийн уналт, улс төрийн эргэлт, хүчирхийллийн мөргөлдөөн зэргийг өнгөрсөн жил дэлхий нийтээр хангалттай харлаа. Эдгээр томоохон үйл явдлаас гадна бид хувь хувьдаа өвдөж зовох, орлогогүй болох, салж хагацах гэх мэт гэнэтийн сорилт бэрхшээлүүдтэй учирдаг.

Гэнэтийн зүйлд бэлтгэлтэй байх хүчин чармайлт маань өөрийгөө болон өрөөл бусдыг аюулгүй байдлаар хангаж чадна. Бид тохинуулагч ах, эгч нарын хувьд хайртай хүмүүсийнхээ амьдралд дэгдсэн гэнэтийн салхи шуургыг даван туулахад туслахын тулд тэдэнд юу хийж өгч чадах вэ?

Филиппинийн Анжелес хотын иргэн Карломагно Агилар нэгэн жишээ хуваалцсан юм. Амьдардаг хэсэгт нь Ковид-19 цар тахлын улмаас хөл хорих гэж байгааг сонсоод, тэр өөрийнх нь хэрэгцээт зүйлсийн жагсаалт ойр хавийнхнаас нь өөр байсан ч нөөцлөх зүйлсээ худалдаж авахаар яаравчлав. Тэр бэлтгэлээ базаахын тулд гэрийнхээ гаднах талбайд зориулан үр, бордоо худалдан авахаар төлөвлөсөн байлаа.

Зураг
video still of man teaching about growing food

Карломагно Агилар хотын газар тариалангийн талаар заах онлайн суваг нээв.

Карломагно бие даах чадвараа хөгжүүлэхийн тулд олон жилийн турш хотод тариалан эрхэлж байгаа. Тэрээр мөн хөршүүддээ талбайдаа ургуулсан ургацаасаа өгөх, хоол хүнсээ хэрхэн тарьж ургуулахыг заах зэрэг арга замаар тохинуулдаг. Мөн тэрээр өөрийн заавар, зөвлөгөөг хүн бүрд боломжтой болгох үүднээс онлайн суваг нээсэн төдийгүй ах эгч нартаа ирээдүйд илүү бие даасан, бэлтгэлтэй болоход нь тусалж байна.

Тэргүүлэх Бишопын зөвлөлийн нэгдүгээр зөвлөх бишоп В.Кристофэр Ваддэлл “Бид сүнслэг зарчмуудыг хэрэгжүүлэн, Их Эзэнээс удирдамж эрэлхийлбэл хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан Их Эзэний хүслийг болон материаллаг байдлаар бэлтгэлтэй байхын чухал зарчмуудыг хэрхэн хамгийн сайн хэрэгжүүлэхийг мэдэхээр удирдагдах болно. Бүхнээс хамгийн чухал алхам бол эхний алхам юм” гэж заасан (“Талх тариатай байжээ,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).

Ийм тодорхойгүй дэлхийд нэг нэгэндээ бэлтгэлтэй байхад туслах нь Христийнхтэй адил хайрыг үзүүлэх үндсэн, суурь арга зам юм. Бие биедээ “хамгийн чухал алхмаа” эхлүүлэхэд нь тусалцгаая.

Бусдад туслах зөвлөмж

Тохинуулал нь үргэлж залбирч байгаад бодож үзэх, хамтдаа зөвлөлдөхөөс эхэлдэг. Дараах зөвлөмжүүд та болон таны тохинуулдаг хүмүүс гэнэтийн сорилт бэрхшээлийг даван туулах бэлтгэлээ хэрхэн эхлэх талаар эргэцүүлэн бодоход тань тусална.

  1. Том дүр зургаар нь бод. Бид амьдралынхаа янз бүрийн нөхцөлд олон арга замаар бэлтгэж чадна. Хоол хүнсээ боломжийнхоо хэрээр нөөцлөх, үйлдвэрлэх, санхүүгийн хувьд бэлтгэлтэй байх, сэтгэл хөдлөлийн тэсвэр тэвчээрийг хөгжүүлэх, онцгой байдлын төлөвлөгөө гаргах зэрэг нь чухал.

  2. Өөрийн амьдарч буй газарт тохиолдож болзошгүй бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилц. Дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр бэрхшээл тулгардаг. Хэрэв та газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг бол хүнд тавилгаа хананд бэхлэх зэргээр аюулгүй байдлаа хангахын тулд гэр орноо хэрхэн бэлдэж болох талаар ярилц. Эсвэл та далайн хар салхи элбэг тохиолддог газарт амьдардаг бол мэдээ сонсож байх зорилгоор радиогоо асаалттай байлгах эсвэл өндөрлөг газар руу дүрвэн гарах гэх мэтээр иймэрхүү нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар ярилцаарай.

  3. Яаралтай тусламжийн сан хэрхэн бүрдүүлэх тухай ярилц. Мөнгө хуримтлуулах нь ажилгүй болох эсвэл гэнэт нэмэлт зардал гарах тохиолдолд танд тус болно. Бага хэмжээгээр хуримтлуулж эхлээд, зорилгодоо хүрэн хүртэл орлого олох болгондоо бага багаар нэмэх зэргээр хуримтлал хэрхэн үүсгэх талаар ярилц.

  4. Онцгой байдлын багцаа нэг дор байлга. Онцгой байдлын багцтай байх нь гэрээсээ түр хугацаагаар гарах шаардлагатай үед бэлтгэлтэй байхад тань туслах болно. Шаардлагатай зүйлсийг сайтар бодож, цуглуулахын тулд хамтдаа ажилла. Үүнийг тодорхой хугацаанд хийж болох бөгөөд нэг дор хийх шаардлагагүй. Орогнох байр, хоол хүнс, ус, эмнэлгийн хэрэгсэл, гэрэл, харилцаа холбоо, чухал баримт бичиг, мөнгө, солих хувцас, үзвэр үйлчилгээ, тайтгаруулах зүйлс (хүүхдийн тоглоом, ном, хүүхэлдэй гэх мэт) болон бусад хэрэгцээг анхаарч үзээрэй.

  5. Үйлчилж буй хүнтэйгээ нөхөрлө. Хүнд хэцүү зүйлсээс улбаалж үүссэн сэтгэл хөдлөлийг даван туулах чадвартай байх нь чухал. Эдгээр чадварын нэг нь эрүүл харилцаатай байх явдал юм. Та тухайн хүнтэй сайхан нөхөрлөснөөр тэдэнд дэмжлэг үзүүлэх боломжтой байх болно.

  6. Хүнсний нөөцийн тухай ярилц. Онцгой байдлын үед бэлэн нэмэлт хоол хүнстэй байх нь тустай байдаг. Өдөр тутам хоол хийхдээ ашиглаж, сэлгэдэг ойр зуурын хоол хүнсээ нөөцөлж эхлэхэд бие биенээ урамшуул. Дараа нь урт хугацааны хүнсний бүтээгдэхүүнийг цуглуулах ажлыг эхлүүл. Хэрэв та хоол хүнс хадгалах зай талбай багатай юм уу хуулиар их хэмжээний хүнс хадгалахыг хориглосон бол нөхцөл байдалдаа тохирсон хэмжээгээр хадгалаарай.