2021
Өөрийнхөө сайн талыг олж харах
2021 оны 9, 10-р сар


Залуучуудад зориулав

Өөрийнхөө сайн талыг олж харах

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Та нар ялган таних бэлгийг хэрхэн тодорхойлох вэ? Саяхныг хүртэл би энэ бэлгийн үндсэн зорилгуудын нэгийг ойлгоогүй явсан.

Зураг
woman looking away against background of sea and sky

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Амьдралынхаа ихэнх хугацаанд би ялган таних бэлгийг зөвийг буруугаас, үнэнийг буруу ташаагаас ялгаж таних чадвар гэж ойлгож ирсэн. Энэ нь уг бэлгийн чухал хэсэг мөн боловч би саяхан энэ талаар илүү ихийг мэдэж авсан.

Би 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн нэг үгийн зүүлт тайлбараас эрдэнэ мэт зүйл олсон юм. Үг хэлсэн хүн Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Стивэн Л.Ричардсын хэлсэн үгээс эш татсан ба тэрээр “Ялган таних бэлгийн хамгийн дээд төрөл бол бусдад байгаа өвлөгдөн ирсэн сайн зүйлсийг ухаарч, тэдний илүү дээр төрхийг тэдэнд нээж өгөх явдал юм”1 хэмээн хэлсэн.

Энэ яруу найраг шиг сонсогдохгүй байна гэж үү?

Ариун Сүнс бидэнд бусдад байгаа, өвлөгдөн ирсэн сайн зүйлсийг нээж өгөхөд тусалж чадна. Энэ мэдэгдлийн үнэн надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн учир би илүү ихийг мэдэж авахыг хүсэж билээ. Мөн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ялган таних бэлэг нь “бидний дотор нуугдсан байж магадгүй сайн сайхныг олж, ил болгоход”2 тусалдаг хэмээн заажээ.

Үүнийг олж мэдсэнийхээ дараа ялган таних бэлгийн энэ хэсэг хэчнээн чухал болохыг ойлгосон юм. Бид өөрсдийн сайн зан чанаруудыг хөгжүүлэхийн тулд тэдгээрийг олж мэдэх хэрэгтэй. Бид ийн мэдэж авснаар өөрсдийгөө Бурханы хүүхдүүд шиг мэдэрч, мөн үүнчлэн үйлдэх болно (Дуулал 82:6; Мозая 5:7; Моронай 7:19-ийг үзнэ үү).

Тэгвэл бид өөрсдийнхөө сайн талыг хэрхэн олж эхлэх вэ? Эхлэхэд тань туслах хэдэн аргыг энд оруулав.

Бусдыг адислахын тулд хүчтэй талаа ашиглахад анхаар

Хүн бүрд Бурханаас тодорхой бэлэг өгөгдсөн байдаг нь сургаалын үнэн бөгөөд (Сургаал ба Гэрээ 46:11-ийг үзнэ үү) эдгээрийн тухай бодож үзэх нь дэмий хоосон зүйл биш юм. Үнэндээ Их Эзэн биднийг үүнийг бодож үзээсэй хэмээн хүсдэг. Судрууд бидэнд “юуны төлөө тэдгээр нь өгөгдсөнийг ямагт санан, хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл” (Сургаал ба Гэрээ 46:8; тодотгол нэмэгдсэн) хэмээн заадаг.

Бид өөрсдийн авьяас, бэлгийн талаар улам сайн мэддэг болсноор бусдад үйлчлэхэд ашиглах арга замаа олох хэрэгтэй.

Өөрийн бэлгийг олж тогтоох нэг арга бол итгэл хүлээсэн хүнээс асуух явдал юм. Өөрийн хүчтэй тал юу болохыг тэднээс асуу. Хэрэв та над шиг бол энэ эвгүй сонсогдож байж магадгүй. Гэвч энэ бүхэн хоосон зүйл биш гэдгийг санаарай. Энэ бол та дэлхийн ах дүүстээ тусалж болох ямар зан чанар, хувь нэмэртэйгээ олж мэдэх алхам юм (Мозая 8:18-ыг үзнэ үү).

Жишээ нь, сайхан сэтгэлтэй хөрш маань нэг удаа намайг хүмүүст тайвшрахад нь туслах бэлэгтэй гэж хэлж байсан. Түүний энэ сэтгэгдлийг зүгээр нэг эелдэг магтаал гээд орхихын оронд би энэ бэлгийг амьдралдаа анзаарч эхэлсэн. Ингэснээр Тэнгэрлэг Эцэг харилцах ур чадвараар минь дамжуулан бусадтай нөхөрлөж, өөрийнхөөсөө гадна бусдын амьдралыг адислахад тусалж байсныг би ойлгосон.

Өөрийн бэлгүүдийг таньж мэдсэнээр та бусдыг адислахын тулд тэдгээрийг ашиглах эсэхээ ухамсартайгаар сонгож болно (Сургаал ба Гэрээ 82:18-ыг үзнэ үү).

Патриархын адислалаа судал

Зураг
a young woman reading her patriarchal blessing

Гэрэл зургийг Жудит Анн Бэк

Патриархын адислалууд бол өөрсдийн онцгой, Бурханаас өгөгдсөн бэлгийг олж харах гайхалтай эх сурвалж юм. Далын чөлөөндөө гарсан гишүүн ахлагч Ларри Р.Лорэнс “Сүнс бидэнд сул талыг маань үзүүлж чадах ч, хүч чадлыг маань ч бас харуулж чадна. … Патриархын адислалаа унших нь Тэнгэрлэг Эцэг маань бидний бурханлаг чадавхыг мэддэг болохыг бидэнд сануулдаг”3 гэж хэлсэн.

Патриархын адислалаа судлах нь чадавхдаа хүрэхэд туслах шинж чанаруудыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахад тань тусална.

Миний хувьд хэзээ нэг өдөр ямар эх хүн болохыг хүсэж байгаа тийм дүр төрхийг оюун санаандаа байнга төсөөлөн боддог. Би өөрөө ч анзааралгүй, сайн ээж бол гоё биетэй, сайн зохион байгуулалттай, үзэсгэлэнтэй бөгөөд синнамонтой ороомог нь тойргийнхоо Халамжийн нийгэмлэгийнхний хүслийг татсан байх ёстой гэж боддог байв. Энэ бүхэн муу зүйл биш ч патриархын адислалуудаа судлах нь Их Эзэн намайг эелдэг, энэрэнгүй ээж байхад илүү анхаардаг болохыг надад харуулсан юм. Миний хувьд Христийнхтэй адил эдгээр шинж чанар нь хөгжүүлэхийг хамгийн их хүсэх ёстой чанарууд юм.

Ариун ёслолын үеэр дурсан санаж, эргэцүүлэн бод

Зураг
bread being broken for sacrament

Гэрэл зургийг Жэрри Гарнс

Ариун ёслол бол Аврагчийн тухай бодох цаг хугацаа. Түүнчлэн энэ нь Түүнтэй адил болох үйл явцаа эргэцүүлэн бодох цаг хугацаа юм. Өвлөж авсан сайн зан чанараа олж мэдэх гэж оролдохдоо долоо хоног бүрийн амжилт, туршлага, бусадтай уулзаж, ярилцсан үйл явдлуудаа эргэн харвал, бэлгүүд тань яг ямар үед илэрч байгааг мэдэхэд тусална.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Ариун ёслолын үеэр та өөрийн амьдралыг үнэлж цэгнэхдээ бодол санаагаа зөвхөн үйлдсэн буруу зүйлс дээрээ биш, Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр өөрөөр тань бахархаж, сэтгэл хангалуун байгааг мэдэрч байсан тэр цаг үе болон зөв үйлдлүүд дээрээ төвлөрүүлдэг байх гэж би найдаж байна. Мөн та ариун ёслолын үеэр эдгээр зүйлийг олж харахад туслахыг Бурханаас гуйхад цаг гаргасан ч болно”4 гэж хэлсэн байдаг.

Ариун ёслол дээр өөрөөсөө болон Бурханаас асууж болох асуултууд:

  • Би энэ долоо хоногт Христийн жишээг хэрхэн дагасан бэ?

  • Би хэнд үйлчилсэн бэ?

  • Энэ долоо хоногт би хэзээ Сүнсийг мэдэрсэн бэ? Яагаад?

  • Би Христийнхтэй адил ямар шинж чанарыг хөгжүүлэх гэж хичээж байгаа вэ? Би хэр байгаа вэ?

  • Миний амьдралд тусламж хүсэж залбирах зүйл байна уу?

  • Би хэн нэгнийг уучлах хэрэгтэй байгаа юу?

  • Энэ долоо хоногт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр надад том, жижиг ямар асуудал дээр тусалсан бэ?

Ариун ёслол дээр зөвхөн алдаа дутагдал, бүтэлгүйтэл дээр төвлөрөхөөс илүүтэй Бурханы сайн сайхныг тунгаан бодож, амьдралаа цэгнэх нь Түүн дээр итгэлээ тавихад тусалдаг.

Дуудлагаа эрхэмлэн биелүүл

Эхлээд учир шалтгааныг нь мэдэхгүй ч бидэнд ямар нэг шалтгаанаар дуудлага өгдөг.

Би нэг удаа ганц бие залуучуудын тойрогтоо Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд дуудагдаж байсан. Эхэндээ догдолж байсан ч хэдэн сарын дараа сэтгэлээр унав. Би тохинуулахыг хичээж байсан хүмүүсээсээ ямар ч сүнслэг өсөлт олж харсангүй. Миний айлчилж очин, нөхөрлөх гэсэн хүчин чармайлт дэмий хоосон зүйл мэт санагдаж байв.

Нэгэн ням гарагт надад хэн нэгэнд сайнаар тохинуулахад тусалдаг сүнслэг бэлгүүдээ алдаж байгаа юм шиг санагдсан. Тэр өдөр ариун ёслол дээр би дуудлагадаа үйлчилж чадаж байгаа гэсэн баталгаа хүсэн залбирч билээ. Надад санваарын адислал авах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрөв.

Би бишоптойгоо уулзсан ба тэр миний толгой дээр гараа тавихдаа хамгийн эхэнд “Тэнгэрлэг Эцэг таны бусдад үзүүлдэг сайхан сэтгэлд талархалтай байдаг” хэмээн хэлсэн юм.

Сүнс намайг нөмрөн авч, Их Эзэн миний хүчин чармайлтад сэтгэл хангалуун байгааг би мэдэрсэн. Хайраар тохинуулахад хэрэгтэй бэлгүүдийн нэг хэсэг надад байсныг би мэдрэв. Би амжилтаасаа илүүтэй бүтэлгүйтэлдээ анхаарал хандуулж байжээ.

Таны дуудлага сүнслэг бэлгүүдээ олж нээн, ашиглах гайхалтай боломжийг олгодог.

Та одооноос эхэлж болно.

Бид өөрсдийнхөө сайн сайхныг аяндаа гараад ирнэ гэж хүлээж болохгүй.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх асан, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Заримдаа бид ‘илүү’ сүнслэг, хүндэтгэл хүлээсэн, ухаалаг, эрүүл, баян, нөхөрсөг, чадвартай байж чадахгүй байгаа учраас сэтгэлээр унадаг. …

Энэ амьдралд надад тусалдаг нэгэн чухал үнэн байдаг, тухайлбал бид Бурханы биднийг болоосой гэж хүсэж байгаа хүн болж эхлэхийн тулд юугаараа ч ‘илүү’ байх шаардлагагүй”5 хэмээн хэлжээ.

Бид залбирлаар эхэлж болно. Одоо юу мэдэрч байгаагаа мөн өөрийнхөө талаар юу мэдэрмээр байгаагаа Тэнгэрлэг Эцэгтээ хэл. Өвлөгдөн ирсэн сайн талаа олж харахын тулд ялган таних бэлгийг онцгойлон хүс. Эдгээр залбирлыг хэлснээр амьдралын минь хамгийн сайхан мөчүүд тохиож байсан. Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийн хардаг бүхнээ харахад туслахыг хүсдэг гэдэгт би итгэдэг.

Бид Бурханы хүүхдүүд учраас агуу адислалууд биднийг хүлээж байна (Сургаал ба Гэрээ 78:17-г үзнэ үү). Ялган таних бэлгээр дамжуулан энэ үнэнийг бид өөрсдөө мэдэж авч чадна.

Эх сурвалж

  1. Стивэн Л.Ричардс Даглас Д.Холмсын “Зүрхнийхээ гүнд” үгсээс эш татсан, 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28.

  2. David A. Bednar, “Quick to Observe” (Brigham Young University devotional, May 10, 2005), 5, speeches.byu.edu; emphasis added.

  3. Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17.

  4. Хэнри Б.Айринг, “Түүнийг үргэлж дурсан сана,” Лиахона, 2018 оны 2-р сар, 5.

  5. Дийтр Ф.Угдорф, “Сайн мэдээ ашиг тусаа өгдөг!” 2015 оны Ерөнхий чуулган, 5.